Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Б.Амартүвшин, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 201721000194 дугаартай, 178/2017/00109/Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-09 тоотод оршин суух, 1979 оны 03 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхийн хамт амьдрах, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 284000 төгрөг, 2002 онд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 02 сарын 09-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 09 сарын 20-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 05-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж биечлэн эдэлж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.******* нь

-2016 оны 09 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 01-28 тоот хашаанд оршин суух Б.Болдбаатарын байшингийн цонхыг хагалж, нэвтрэн орж эрэпгэй хүний савхин хүрэм, ноолууран цамц хулгайлан 412000 төгрөгний хохирол учруулсан.

  • Давтан үйлдлээр 2016 оны 09 сарын 28- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-35 Б тоотод оршин суух Б.Амартүвшингийн байшингийн цоожийг эвдэж нэвтрэн орж 390000 төгрөгний үнэ бүхий 32 инчийн зурагт
  • Давтан үйлдлээр 2017 оны 05 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-13 тоотод оршин суух, С.Тунгалагийн гэрт нэвтэрч 350000 төгрөгний үнэ бүхийн 32 инчийн зурагт тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газар үзлэг хийсэн ... Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 дүгээр гудамж 28 тоот хашаанд нэг давхар улаан өнгийн тоосгон шувуун нуруутай байшин байх ба уг байшин нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан 1.25x1.50 см хэмжээтэй вакум цонхтой, салхивч нь 60-50 см хэмжээтэй, 2 давхар шил нь хагарсан байдалтай байв. Цонхны тавцан дээрээс хоёр ширхэг гарын мөр, цонхны гадна талын салхивчны доод сууринаас 1 ширхэг гарын мөр, цонхны гадна талын шороон дээрээс нэг ширхэг гутлын мөр зэргийг бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл / хэргийн 12 дугаар хуудас/

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 13-14 дүгээр хуудас/

Хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-28 тоотод оршин суух / Батлагийн Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн... 2016 оны 09 сарын 29-ний өглөө гэрээсээ гараад ажил руугаа явсан. Орой эхнэр 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд цонх хагалаад хулгай ороод савхин куртик, ноолууран цамц авсан байна гэсэн. Куртикийг 230000 төгрөг, цамцыг 468000 төгрөгөөр үнэлж байна ... гэх мэдүүлэг / хэргийн 29-30 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ ... эрэгтэй савхин куртик-150000 төгрөг, нолууран цамц- 262000 төгрөг нийт 412000 төгрөг / хэргийн 42 дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-35 Б тоот хашаанд байрлах байшин байх ба хэрэг учрал болсон гэх өрөөнд ороход зүүн талд ороож босгож хана түшүүлж тавьсан хивс, түүний хажууд ягаан өнгийн тавцантай зурагтын суурь байв. Уг суурин дээр хулгайлагдсан зураг байсан гэх бөгөөд А цэгээр тэмдэглэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хашааны зүүн өнцөгийн гадна хэсгээс дотогш давж орсон гутлын улны мөр 2 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч Л цэгээр тэмдэглэв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 69-70 дугаар хуудас/

Хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-35-Б тоотод оршин суух/ П385111812 дугаарын регистртэй, Мянгад овогт Буянтогтохын Амартүвшин / мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 09 сарын 28- ны өдөр манай байшингийн цоожийг нь нээгээд дүүжлээд хаячихсан байхаар нь дотогш орж үзэхэд 32 инчийн ТС1_ брэндийн 1_СО зурагт алга болсон байсан. Зурагтаа 390000 төгрөгөөр үнэлсэн. Шүүгдэгч Ч.*******гийн ээж нь 100000 төгрөгийг төлсөн, 10 сарын 10-нд 150000 төгрөг, 11 сарын 10-нд 140000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Хохирол төлсөн гэж үзэж болно... гэх мэдүүлэг / хэргийн 74 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн... 2016 оны 09 сарын 28- ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирээд хоолоо хийж байхад гаднаас хажуу байшингийн эзэн Б.Амартүвшин орж ирээд манай байшингийн цоожийг эвдэж ороод зурагт хулгайлаад аваад явчихсан байна гэхээр нь мэдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 76 дугаар хуудас /

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар... ТС1_ брэндийн 1_СЭ зурагт - 390000 төгрөг / хэргийн 78 дугаар хуудас /

Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Батархайрхан багийн 14-13 тоот хашаанд ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан ногоон өнгийн даматай хашаагаар ороход зүүн талд баруун зүг рүү харсан байшин байх ба уг байшингийн цонхыг түлхэж түгжээг нь хугалж, дотогш орсон байдалтай байв. Хэрэг учрал болсон гэх өрөөнд үзлэг хийхэд зүүн гар талд шаргал өнгийн стенк, түүний дээр хулгайлагдсан зурагт байсан гэх ба уг газрыг А цэгээр тэмдэглэв. Цонхны дотор талын бариулаас дээш 5 см зайнд 2 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл / хэргийн 93 дугаар хуудас/

Хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-13 тоотод оршин суух/ Сүхбаатарын Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн... 2017 оны 05 сарын 29-ний өглөө хүүхүүдээ аваад ажилдаа яваад орой ирэхэд манай байшингийн цонхны салхивч онгорхой байсан. Өглөө гарахдаа бүх зүйлээ хааж түгжсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Байшингийн цонхоор хулгай орсон байсан. 2015 онд Номин худалдааны төвөөс 500000 төгрөгөөр худалдаж авсан ... гэх мэдүүлэг / хэргийн 98-99 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...Дэлгэцийн доод хэсэгт голлуулан бичсэн МОНЕЬ гэх бичигтэй, хар өнгийн 32 инчийн зурагт бөгөөд гаднаа ил харагдах гэмтэлгүй, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй,дэлгэцийн зүүн доод буланд байрлах товчлууруудын асаах, унтраах товч нь хагарсан байсныг тэмдэглэл үйлдэж, хохирогч С.Тунгалагт хүлээлгэж өгөв ... гэх тэмдэглэл / хэргийн 100 дугаар хуудас /

Яллагдагч Ч.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр...

Ч.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-28 дугаартай хашаанд орж, байшинд нэвтэрсэн гэх цонхыг гална талаас нь зааж байв. Мөн цааш үргэлжлүүлэн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-13 тоотын үүдэнд ирж 32 инчийн зурагт хулгайлсан гэх хашааг заалган хашаан дотор орж орон байранд нэвтэрсэн цонхыг гаднаас зааж, зурагт байсан гэх газрыг зааж байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 102- 104 дүгээр хуудас/

Эд зүйлийн үнэлгээний тайлангаар ...Монел брендийн 32 инчийн зурагт - 350000 төгрөг / хэргийн 113 дугаар хуудас/

Ч.******* мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн... 2017 оны 05 сарын 29-нд гэрээсээ гараад Шинэ дулааны тийшээ алхаж яваад дааман онгорхой хашаа руу харсан дотор нь байшин цоожтой байхаар нь Баатархайрхан харсан цонхыг нь түлхэн онгойлгож ороод баруун талд байсан зурагтыг аваад зам даган явсаар гэртээ авчирч амбаартаа хийсэн. 2016 оны 09 сарын сүүлчээр Бичигт баг болон Баатархайрхан багаас хоёр айлаас зурагт савхин хүрэм, ноолууран цамц зэргийг хулгайлж авсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийгээд хаашдаа баригдсан юм чинь надад нуугаад байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/хэргийн 117-118, 122-123 дугаар хуудас/зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2016 оны 09 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 01-28 тоот хашаанд оршин суух Б.Болдбаатарын байшингийн цонхыг хагалж, нэвтрэн орж эрэгтэй хүний савхин хүрэм, ноолууран цамц хулгайлан 412000 төгрөгний хохирол учруулсан.

  • Давтан үйлдлээр 2016 оны 09 сарын 28- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 08-35 Б тоотод оршин суух Б.Амартүвшийнгийн байшингийн цоожийг эвдэж нэвтрэн орж 390000 төгрөгний үнэ бүхий 32 инчийн зурагт
  • Давтан үйлдлээр 2017 оны 05 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14-13 тоотод оршин суух, С.Тунгалагийн гэрт нэвтэрч 350000 төгрөгний үнэ бүхийн 32 инчийн зурагт тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Амартүвшингийн манай байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод 32 инчийн хар өнгийн зурагтыг 2016 оны 09 сарын 28-ны өдөр авсан байсан. Хохиролд 100000 төгрөг төлсөн. Одоо 10 сарын 10-нд 150000 төгрөгийг, 11 сарын 10-нд 140000 төгрөгийг тус тус төлнө гэсэн. Иймд хохирол төлсөн гэж үзэж болно ... гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Болдбаатарын....манай байшингийн цонхоор орж савхин куртик, ноолууран цамц зэргийг хулгайлан авсан. Хохирол төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг болон шүүхэд гаргасан...Миний бие Ч.*******гоос хохирлоо бүрэн авсан. Ямар нэгэн санал гомдол хүсэлт байхгүй ... гэх хүсэлт, хохирогч С.Тунгалагийн... 2017 оны 05 сарын 29- ний өдөр манай байшингийн салхивчаар орж, 32 инчийн зурагтыг хулгайлан авсан байсан. Зурагтаа буцаан авсан... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд , сэжигтэн Ч.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээний баримтууд, эд хөрөнгөд үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн... хүүхдээ цэцэрлэгээс аваад ирэхэд манай гэрийн цонх хагарчихсан байсан. Гэртээ орж үзэхэд манай нөхрийн савхин куртик, ноолууран цамц зэрэг алга болсон байсан...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.*******гийн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.*******г орон байранд нэвтэрч давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******гийн хохирогч Б.Болдбаатар, С.Тунгалаг нарт учирсан хохиролыг төлсөн, хохирогч Б.Амартүвшинд учирсан хохирлоос 100000 төгрөгийг төлсөн, 10 дугаар сарын 10-нд 150000 төгрөг, 11 сарын 10-нд 140000 төгрөг төлөхөө илэрхийлсэнийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн 201621000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 2017 оны 06 сарын 07-ны өдөр “сэжигтэнийг хойшлуулашгүйгээр баривчлах тогтоол”- оор баривчилж, 2017 оны 06 сарын 21- ний өдөр “ яллагдагчаар цагдан хорисон”,2017 оны 07 сарын 20- ны өдөр “ хорьж мөрдөн хугацааг 1 дүгээр удаа сунгасан, 2017 оны 08 сарын 21- ний өдөр хорьж мөрдөх хугацааг 2 дугаар удаа сунгасан ба 2017 оны 09 сарын 20- ны өдөр хүртэл нийт 104 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.Болдбаатар, С.Тунгалаг нарт учирсан хохиролыг төлсөн, хохирогч Б.Амартүвшинд 100000 төгрөгний хохирол төлсөн, 10 дугаар сарын 10-нд 150000 төгрөг, 11 сарын 10-нд 140000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.*******г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гийн цагдан хоригдсон 104 / нэг зуун дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн 201621000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Болдбаатар, С.Тунгалаг нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч Б.Амартүвшинд учирсан хохирлоос 100000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгч Ч.******* нь 10 дугаар сарын 10-нд 150000 төгрөг, 11 сарын 10-нд 140000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Э.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, шүүхийн шийдвэрт Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцлээ бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ         Т.ЦЭЦЭГМАА