Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1368

 

2022         09          21                                           2022/ШЦТ/1368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Аод холбогдох 2206 03354 2467 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.А нь 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод хохирогч М.Бийн гэрт түүнтэй  маргалдаж улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохисон, мөн хорооны Баатархайрханы задгай тоотод өөрийн гэртээ гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж баруун тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн нимгэн ялтаслаг цусан хураа, тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн чамархай, данз, зулай, дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аын өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ажлаа тараад Улиастайн эцэс дээр явж байсан чинь М.Б намайг хүрээд ир гээд байсан. Би очиж чадахгүй гэсэн чинь өөрөө ирсэн. Ирэхдээ архи уусан байсан. Бид хоёр 0.75 архи аваад М.Бтой гэрт нь очоод хамт уусан. М.Бийн хүргэн гээд бас нэг залуу байсан. Дүү рүүгээ дайрахаар нь би М.Бийг цохисон. Гэтэл М.Б намайг архины шилээр цохиод утсыг нь булаагаад зугтаасан гэж цагдаа дуудсан байсан. Би гэртээ хариад унтаж байсан. Гэтэл эхнэр дуудахаар  нь сэрсэн чинь М.Б зогсож байсан. Би чирээд амбаарт гаргаад 2, 3 цохисон. Тэгээд манай дүү М.Бийг аваад гарсан. Хэд хоногийн дараа цагдаагаас дуудаад би мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ Болорцэцэг, дүү Наранчимэг нарын хамт байж байтал найз болох М.Б манай гэрт архи уучихсан ирсэн. Тэгтэл найз М.Б намайг 1 шил архи аваад өгөөч гээд надаас гуйсан. Би байсан мөнгөөрөө нэг шил архи аваад М.Бийн гэр рүү би эхнэр, дүүгээ аваад очоод бид хэд авсан архиа хувааж уусан. Архиа уучихаад дүү эхнэрээ аваад гэр рүүгээ явсан. Тэгтэл шөнө бид хэдийг унтаж байтал М.Б манай гэрт орж ирээд агсам тавих гээд байхаар нь манай эхнэр М.Бийг гэрээс гаргаад үүдээ түгжээд унтацгаасан. Би М.Бийг 2-3 удаа шанаа хэсэг рүү нь цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед найз Ж.Атой уулзаад юм ярьж байгаад архи уухаар болж хамтдаа дэлгүүр орж 0,75 литрийн Хараа архи авч манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн 2-р хэсэг задгай тоотод ирж уусан. Бид 2 архи ууж сууж байхдаа Ж.А намайг чи миний дүүг муулсан гээд над руу дайраад бид 2 хэрэлдээд тэгсэн Ж.А миний толгой дээр архины шил хагалчихаад манай гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ залгаад болсон асуудлыг хэлэх гээд гар утсаа хайтал миний утас байхгүй байхаар нь Ж.Аын гэрт очтол Ж.А үгийн зөрүүгүй миний толгой хэсэгт, зүүн хөмсөг хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Гэрч А.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ах Ж.А, бэр эгч Болорцэцэг нарын хамт Шар хаданд барилгын ажил хийж байгаад орой ажлаа тараад 21 цагийн орчимд ах Ж.Аын гэрт очсон. Бид гурав унтах гээд байж байтал Ж.А ах руу найз нь залгаад ахын маань гэрт архи уучихсан ирсэн. Тэгээд манай гэрт М.Б гэх залуу ирээд ахаар маань архи авахуулах гээд байхаар нь бид гурав дэлгүүр ород М.Бийн гэрт очиж бид хэд тухайн архинаас хувааж ууж байтал М.Б намайг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй ах Ж.А, бэр эгч Болорчимэг бид гурав 23 цагийн орчимд гэртээ харихаар явсан. Бид гурав гэртээ ирээд унтаад өгсөн. Бид гурвыг унтаж байтал шөнө дундад М.Б орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь ах Ж.А М.Б гэх залууг аваад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10074 дугаартай:

“1. М.Бийн биед баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн нимгэн ялтаслаг цусан хураа, тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн чамархай, дагз, зулай, дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022.06.29-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 30-34 дүгээр хуудас,

Хохирогч М.Бийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ж.Аод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.А нь 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 2 дугаар хэсэг задгай тоотод хохирогч М.Бийн гэрт түүнтэй  маргалдаж улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохисон, мөн хорооны Баатархайрханы задгай тоотод өөрийн гэртээ М.Бийг гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж баруун тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн нимгэн ялтаслаг цусан хураа, тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн чамархай, данз, зулай, дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аын өгсөн: “Би чирээд амбаарт гаргаад 2, 3 цохисон.” гэх,

Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.А миний толгой дээр архины шил хагалчихаад манай гэрээс гараад явсан. ...Ж.Аын гэрт очтол Ж.А үгийн зөрүүгүй миний толгой хэсэгт, зүүн хөмсөг хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон.” гэх, /хх-ийн 6-7/

Гэрч А.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.Б орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь ах Ж.А М.Б гэх залууг аваад гараад явсан.” гэх мэдүүлгүүд, /хх-ийн 12-13/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10074 дугаартай “М.Бийн биед баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн нимгэн ялтаслаг цусан хураа, тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн чамархай, дагз, зулай, дух, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, /хх-ийн 14-15/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Аын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Аын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Аын хохирогчийн толгой дээр архины шил хагалсан, толгой хэсэг рүү нь цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ж.А нь хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар гаргаж өгсөн хохирол 203,100 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирлын дансанд байршуулсан байх тул уг хохирлыг тус данснаас гаргуулан хохирогч М.Бт олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.Аоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Ж.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.А нь оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Аод оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 дугаартай данснаас 203,100 төгрөгийг гаргуулан хохирогч М.Бт олгосугай.

 

8. Хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ж.Аоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА