| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00772/И |
| Дугаар | 782 |
| Огноо | 2018-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 782
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А овогт О-ийн М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт Г-ын А-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М, хариуцагч Г.А, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Г.А-тай 2012 оноос хойш үерхэж, 2016 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Улмаар 2015 оны 5 дугаар сарын 08-нд хүү А.Ү төрсөн. Манай нөхөр гэрлэхээс ч өмнө намайг байнга хардаж, дарамталж, зоддог байсан. Гэрлэсний дараа ч энэ үйл явдал нь давтагдаж 2016 оны 3 дугаар сараас хойш бид тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү А.Ү нь эх миний асрамжид өсөж торниж байна. Нөхөр Г.А-тай байх хугацаанд миний бие болон сэтгэл санааны хувьд хүчирхийлэлд өртдөг байсан. Хоёр ч удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Миний хувьд Г.А-тай цаашид амьдарч чадахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид 2016 онд гэр бүл болсон бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Ийнхүү тусдаа амьдрах болсон шалтгаан нь бидний гэр бүлийн амьдралд эхнэрийн ар гэрийнхний оролцоо их байдаг байсан. Мөн эхнэр маань гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан ба миний зүгээс энэхүү байдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй шаардлага тавьдаг байсан. Миний энэ байдлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч мэтээр тайлбарлаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний гэрлэлт цуцлагдах болсон шалтгааныг дан ганц миний буруу байсан мэтээр тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна. Тухайн үед гэр бүлээс гадуур харилцаатай болсон гэдгээ эхнэр маань миний фэйсбүүк чат руу бичиж байсан бөгөөд миний зүгээс бид албан ёсны гэр бүл байгаа тохиолдолд чиний энэ байдлыг хүлээн зэвшөөрч чадахгүй гэдэг байдлаар хандаж байсан. Үүнийг өөрийг нь хардсан мэтээр тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. О.М гэр бүлээс гадуур харилцаатай болсон талаараа бичиж байсан баримтууд нь надад байгаа болно. Шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаар гаргаж өгөх болно. Гэхдээ хүү А.Ү-ийн овгийг өөрчлөхгүй байх, хүүхэдтэйгээ уулзах цагийг хамгийн боломжит хэмжээнд буюу аль болох их байхаар шийдвэрлэж шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Учир нь би хүссэн үедээ хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа, намайг уулзуулахгүй гэдгээс болж бидний дунд маргаан гардаг. Үүнийг мөн л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэж тайлбарлаж цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авахуулдаг асуудал байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Г.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
О.М, Г.А нар 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү А.Ү төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул О.М, Г.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн хүү А.Ү-ийг эх О.М-ийн асрамжид үлдээхийг хэн хэн нь зөвшөөрсөн, мөн хүүхдийн насыг харгалзан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү А.Ү-ийг эх О.М-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү А.Ү-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Г.А-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдийг эх О.М-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас 170.582 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А овогт О-ийн М, Т овогт Г-ын А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү А.Ү-ийг эх О.М-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Ү-ийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-аас 170.582 /нэг зуун далан мянга таван зуун наян хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ