Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 802

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

                Нэхэмжлэгч:  З овогт А-ын Б-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: М овогт Х-ийн М-т холбогдох,

           Гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгийн үнэ 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Х.М, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.М-тай 2005 онд танилцаад, 2006 онд гэр бүл болсон. Бид гэр бүл болоход Х.М нь 2 хүүхэдтэй байсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийг миний нэрээр овоглосон. Бид амьдарч эхэлсэн эхний хоёр сар эвтэй найртай байсан. Улмаар 3 дахь сараас надаас нууцаар хэн нэгэнтэй утсаар ярих зэрэг тогтворгүй байдал гаргаж үүнээс болж бидний дунд маргаан гарах болсон. Одоо надаас нууцаар харьцаа тогтоосон хүнтэйгээ амьдарч байгаа, тэр хүн урд нь Х.М-ын нөхөр байсан гэдгийг би сүүлд мэдсэн. Бидний таарамжгүй харьцаа даамжирсаар 2009 онд Х.М 2 хүүхдээ аваад яваад өгсөн. Тэр үеэс хойш бид тусдаа амьдарч байгаа ба Х.М нь надаас салаад одоогийн нөхөртэйгээ амьдарч эхэлсэн байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Х.М-ын нэхэмжилж байгаа 500.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлнө” гэжээ.   

        Хариуцагч Х.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х.М-тай 2005 онд танилцаад, 2006 онд гэр бүл болсон. Бид гэр бүл болоход би 2 хүүхэдтэй байсан бөгөөд  хүү М.Г, охин М.Г нарыг А.Б-ын нэрээр овоглосон. Улмаар бид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2009 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд А.Б-ын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд бидний дунд эд хөрөнгийн маргаан байгаа. А.Б-аас гэр бүл болоход ах дүү нар өгсөн ор, авдар, хоолны  шкаф, хивсээ авах хүсэлтэй байгаа бөгөөд эдгээр эд зүйлс байхгүй тохиолдолд 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хүү М.Г, охин М.Г нараа өөрийн асрамжид авах хүсэлтэй байна” гэв.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Х.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгийн үнэ 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. 

         А.Б, Х.М нар нь 2006 онд гэрлэлтээ батлуулсан гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараас үзэхэд 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байна.

        Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2009 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул А.Б, Х.М нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

       Зохигчдын дундаас хүүхэд төрөөгүй байх ба Х.Мын хүү Б.Галбаяр, охин Б.Ганзаяа нарыг эх Х.Мын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

      Хариуцагч нь гэр бүл болоход ах дүү нар өгсөн ор, авдар, хоолны  шкаф, хивсний үнэ 500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул эд хөрөнгийн үнэ 500.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Б-аас гаргуулан хариуцагч Х.М-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Х.М-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч А.Б-аас 15.650 төгрөг гаргуулан хариуцагч Х.М-т тус тус олгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:             

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар З овогт А-ын Б, М овогт Х-ийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Г, 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Г нарыг эх Х.М-ын асрамжид үлдээсүгэй.

     3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч А.Б-аас эд хөрөнгийн үнэ 500.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.М-т олгосугай.

      4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.  

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бд,  нэхэмжлэгч А.Баас 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан хариуцагч Х.Мт тус тус олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ