| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01012/И |
| Дугаар | 102/ШШ2018/02836 |
| Огноо | 2018-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2018/02836
| 2018 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2018/02836
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Н нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49.704.387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Н-ийн шаардлагатай,
Бие даасан шаардлага: 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Отгонбаяр, хариуцагч С.Н, Л.Г, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТБС ББСБ нь хариуцагч С.Н, Л.Г нартай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 51 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар 00241230 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-220507680 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45 дугаар байрны 16 тоотод байрлах 72 м/к 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон. Гэтэл зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлд 10.300.000 төгрөг, зээлийн хүүд 37.744.307 төгрөг, нийт 48.044.307 төгрөг төлсөн бөгөөд жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлт хийгдээгүй. Иймд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх үндсэн зээл 39.700.000 төгрөг, зээлийн хүү 16.636.250, нэмэгдүүлсэн хүү 3.327.250, нотариатын төлбөр 22.500 нийт 59.686.004 төгрөгийг хариуцагч С.Н, Л.Г нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагч нарын хүсэлтийг харгалзан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус 50 хувиар багасгаж, нийт 49.704.387 төгрөг болгон багасгаж байгааг гаргаж өгнө үү. Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ББСБ ХХК-аас 2014 онд 50.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж байсан. Тухайн үед бид бэлэн 14.000.000 төгрөг барьж очоод үндсэн зээлээс хасуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Зээлдэгч нарын төлсөн төлбөрөөс ББСБ эхлээд үндсэн зээл, дараа нь хүү, хамгийн сүүлд нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасдаг юм байна. Гэтэл А ББСБ ХХК бидэнд тэгж хандаагүй. Бид жил гарангийн хугацаанд графикийн дагуу зээлийн төлбөр төлж байсан. Зээлийн төлбөрөөс болоод би дүүтэйгээ ямар ч холбогдоогүй. Энэ асуудлыг цагдаа дээр эрүүгийн журмаар шалгаж байсан. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан зүйл байхгүй. Бид үндсэн зээл 39.700.000 төгрөг төлнө. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 39.700.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлнө. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасуулах хүсэлттэй байна гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нбарьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Уг барьцааны гэрээгээр С.Нгийн үл хөдлөх хөрөнгөнд үүрэг үүсгэж болохгүй. Яагаад гэвэл С.Нхүсэл зоригоо илэрхийлж, барьцааны гэрээ байгуулаагүй. Хэн нэгэн хүнд итгэмжлэл өгөөгүй. Иймд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэл буюу зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан С.Нгаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгсөн С.Нгийн тайлбар байдаг. Уг тайлбарт С.Нгаас итгэмжлэл аваагүй, ээжээсээ гуйж итгэмжлэл авсан гэдгээ тайлбарласан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн нөхцөл байдлыг мэдэж байгаа хэн боловч гэрчийн үүрэг гүйцэтгэж болох учраас С.Нгийн хариу тайлбарыг гэрчийн мэдүүлэг гэж үзэж байна. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр С.Нгаас н.Солонгод итгэмжлэл олгогдсон гэх өдөр С.НМонгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байна. Нотариат ажлын байр дээрээ гэрчлээгүй нь нотариатын хууль зөрчсөн. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт нотариатаар батлуулсан гэхэд С.НМонгол улсад байхгүй байсан. Нотариат нэг этгээд нөгөөдөө өгч байгаа итгэмжлэлийг батлахдаа талуудад эрх, үүрэг тайлбарлаж өгөх ёстой. Итгэмжлэлийн хүрээнд ямар үр дагавар үүсэхийг талуудад хэлж өгөх ёстой. Гэтэл тухайн үед ийм үйл явдал огт болоогүй. Итгэмжлэл өгч байгаа хүн заавал өөрийн биеэр байх ёстой гэдэг хуулийн шаардлагыг нотариат зөрчсөн. Монгол улсад байхгүй байгаа С.Нн.Солонгод итгэмжлэл өгөх боломжгүй. Иймд итгэмжлэлд зурагдсан гарын үсэг болон холбогдох бүх баримтууд хуурамчаар үйлдэгдсэн байна. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Прокурорын тогтоолд н.Дашцэдэн нотариатчийг цагдаагийн байгууллагаас дуудаж, итгэмжлэлтэй холбоотой асуудлаар шалгалт хийж, тайлбар мэдүүлэг авсан. н.Солонго, С.Н нарт хууль сануулж, гэрчийн мэдүүлэг, тайлбар авсан. Талуудын хооронд Иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой маргаан үүссэн байна. Залингийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй гэж үзсэн. Р.Солонгыг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн үйлдэл байгааг шалгаж, уг гэмт хэргийн шинж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг хууль бус аргаар, хуурамчаар үйлдэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон. Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар. Нэгэнт 3 жилийн хугацаа өнгөрсөн учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Дээрх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс харахад С.Нгаас н.Солонгод өөрийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, итгэмжлэл өгөөгүй. Талуудын хооронд тийм хүсэл зориг байгаагүй болох нь харагдаж байна. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: А ББСБ ХХК нь хариуцагч С.Н, Л.Г нартай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээл олгохдоо Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж болно. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасан төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасны дагуу н.Солонготой барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар барьцааны гэрээ бусдын өмчлөлийн зүйл байж болохоор заасан. Хариуцагч талаас гэрээний хугацаанд зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлснийг манай тал хүлээн авч, зээлийн гэрээ цуцлахгүй өнөөдрийг хүртэл явсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.
Хариуцагч нар гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Ээж С.Нгаас авсан итгэмжлэлээ 3 жилээр сунгаж байр түрээсэлдэг байсан. Тухайн үед ээжид итгэмжлэл байсан учраас би үл хөдлөх хөрөнгө барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн төлбөр төлж явсан хүмүүс хэзээ ч залилан хийхгүй гэв.
Нэхэмжлэл, бие даасан шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХКнь хариуцагч С.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49.704.354 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд С.Ннь нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А ББСБ ХХКХХК нь хариуцагч С.Н, Л.Г нартай 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 51 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр С.Нгийн өмчлөлийн Ү-2205047680 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 16 тоотын 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан, 50.0000.000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39.700.000 төгрөг, зээлийн хүү 8.318.025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.663.625 төгрөг, нотариатын зардал 22.500 төгрөг, нийт 49.704.354 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зээлдүүлэгч А ББСБ ХХКнь зээлдэгчид гэрээгээр тохирсон 50.000.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон ба, өгсөн нь кассын зарлагын баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, зээлдэгч нь үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нэмэлт зардлын талаар маргаагүй, зээлийн гэрээний 4.3-т үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцож, улмаар шүүх хуралдаан дээр хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагч С.Н, Л.Г нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 39.700.000 төгрөг, зээлийн хүү 8.318.025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.663.625 төгрөг, нотариатын зардал 22.500 төгрөг, нийт 49.704.354 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХКХХК-д олгох нь зүйтэй байна.
Харин барьцааны гэрээний талаар гуравдагч этгээдээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.
2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 51 тоот барьцааны гэрээнд С.Нг төлөөлж, түүний ээж Л.Снь С.Нгаас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаанд тавьж, гарын үсэг зуржээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь итгэмжлэл олгох үед Монгол Улсад байгаагүй гэж хилийн лавлагаа гарган өгч, улмаар итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож итгэмжлэлийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж, гуравдагч этгээд С.Нгийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.
Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 51 тоот барьцааны гэрээний зүйл болох С.Нгийн өмчлөлийн Ү-2205047680 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 16 тоотын 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579.191 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 476.672 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Н, Л.Г нараас 49.704.387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХКХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан А ББСБ ХХКХХК, С.Н, Л.Г нарт холбогдох 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 51 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд С.Нгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Н, Л.Г нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ..Нарангийн өмчлөлийн Ү-2205047680 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 45 дугаар байрны 16 тоотын 72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579.191 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н, Л.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 476.672 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ