| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00730/И |
| Дугаар | 813 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 813
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Я-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УАССЭМТ-д холбогдох,
Тус төвийн даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас хассан 113.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч УАССЭМТ-ийн дарга Г.Ч, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний 1984 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригчийн ангийг төгсөөд Увс аймгийн Сагил сумын Хүн эмнэлэгт багийн эмч, эх баригчаар ажилласан юм. Би ажилд орсон цагаасаа хамт олонтойгоо эв найрамдалтай, цалин хөлсөө тогтмол авч, ажил мэргэжлээрээ тасралтгүй ажилладаг сэхээтний нэг байсан. Улмаар 2018 оны 7 дугаар сарын цалингаа авахад надад сахилгын арга хэмжээ авч, цалин хассан гэж манай эмнэлгийн нягтлан бодогч хэлсэн. Би сахилгын арга хэмжээ авсан тухай ямар нэгэн тушаал аваагүй, сумын эмч намайг дуудаж уулзаагүй, би цалингаа авахдаа миний цалинг хассан талаар мэдсэн. Дараа нь тушаал аваад харахад “Багаас ирсэн дуудлагад удаа дараа очоогүй, багийн нэг жирэмсэн эхийг хожуу хяналтад оруулсан, мэдээлсэн багийн айл өрхүүдэд гэрийн эргэлтийн үйлчилгээг хангалтгүй хүргэж ажлын хариуцлага, гүйцэтгэл хангалтгүй” гэж үзээд арга хэмжээ авсан байсан. Багаас дуудлага өгсөн гэх хүмүүс надад дуудлага өгөөгүй, би дуудлага өгсөн л бол дуудлага бүрт очиж үзлэг хийдэг, миний утас байнга холбогдож байсан. Б.Ундармааг 2 сартай байхад нь жирэмсэн эхийн хяналтад оруулсан ба сумын эмчид мэдээлэх гэхэд эмч байхгүй байсан тул эх баригчид бичгээр мэдээ өгсөн. Мөн өөр багт зусаж байгаа хүмүүст би эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй, байгаа газрынхаа багийн эмчээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ёстой. Иймд Сагил сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар даргын тушаалыг хүчингүй болгож, миний хассан цалин 113.000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сагил сумын Эрүүл мэндийн төвд багийн эмч ажилтай Я.Н-д 2018 оны 7 дугаар сард Эрүүл мэндийн төвд Баянзүрх багаас ирсэн Түнсээ овогтой Батаа 48 настай, эрэгтэй, Батсүх овогтой Ундармаа 26 настай, эмэгтэй, Аюуш овогтой Бат-Амгалан 7 сартай, эр, Ганзори овогтой Ганцэцэг 1 настай, эмэгтэй гэх нийт 4 удаагийн дуудлага өгсөнд ирээгүйн иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэж үйлчлээгүйгээс болж иргэний биеийн байдал хүндэрсэн нь багийн эмчийн хариуцлагагүй байдлаас болсон. Дээрх иргэд тухайн асуудлаар Эрүүл мэндийн төвийн удирдлагад багийн эмч дуудлага дуудаад ирэхгүй байна гэсэн гомдол хэлж байсан болно. Багийн эмч Я.Н нь нэг жирэмсэн эхийг эрт үед өөр дээрээ жирэмсэн гэж бүртгэж авсан боловч Эрүүл мэндийн төвд мэдээ өгөөгүй учир тухайн жирэмсэн эх нь эх баригч эмчийн хожуу хяналтад орж эмнэлгийн статистик үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж тухайн жирэмсэн эх шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчинтэй байсан нь хожуу хяналтад орж, хожуу оношлогдож эх, урагт хүндрэл үүсэх шалтгаан болсон. Багийн эмчийн 7 дугаар сард өгсөн сарын мэдээгээр нийт 90 иргэнд буюу багийн нийт хүн амын 25 хувьд гэрийн эргэлт хийсэн нь гэрийн эргэлт маш хангалтгүй байсан, тухайн сарын мэдээний үзлэгийн бүртгэлд дүгнэлт хийхэд Боршоо багт зусаж байсан Эрхэмбаяр гэгч Баянзүрх багийн харьяат өрхийн нийт 4 иргэн, Хар мод багт зусаж байсан Батаасүрэн гэгч Баянзүрх багийн харьяат өрхийн 5 иргэнд, Өндөрмод багт зусаж байсан Баянзүрх багийн харьяат Баасантогтох гэгч өрхийн 1 иргэнд, Баянзүрх багийн нутаг дэвсгэрт байдаг 3-р заставын Хүрэлсайханы Төгсбуян, Батсайханы Уранчимэг, жирэмсэн эх Өсөхжаргалын Энхцэцэг, Улаангом суманд ажиллаж, амьдардаг Батболдын Уранчимэг зэрэг нийт 18 иргэнд эргэлтээр очиж үзлэг хийгдсэнээр мэдээ өгснийг дээрх иргэдээс асууж тодруулахад багийн эмч 7 дугаар сард ирээгүй, зарим хүмүүс багийн эмч огт ирдэггүй, багийн эмчээ танихгүй ямар хүн байдаг талаар мэдэхгүй гэж өгүүлэг тавьж байсан. Тухайн багийн эмчийн үзлэгт бичигдсэн архаг, хууч өвчтэй иргэдийн оношийг тавихдаа өвчний зовиургүй, оношгүй гэж бичсэн нь тухайн сард үзсэн бүх хүнээ оношилж чадаагүй гэж дүгнэгдэж байна. Мөн сар бүрийн мэдээгээ өөрийн биеэр Эрүүл мэндийн төвд авчирч өгдөггүй, өөрийн охин Нарангэрэлээр дамжуулж өгдөг ба ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн төвөөр ирдэггүй, удирдлага болоод бусад мэргэжилтнээс үүрэг даалгавар авах, хамтран ажиллах, хурал, хэлэлцүүлэг, сургалтад огт хамрагддаггүй болно. Тухайн сахилгын арга хэмжээ авах талаар гарсан алдаа зөрчлийг тодруулан асуухаар утас руу нь залгасан боловч холбогдоогүй сарын мэдээгээ өөрийн биеэр өгөөгүй, ирээгүй. Багийн эмч Я.Нгийн дээрх алдаа, зөрчил нь багийн эмчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8.1, 2.1.8.3, 2.1.8.4, 2.1.8.7, 2.1.8.9 заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.3.2 заалтыг тус тус зөрчсөн нь багийн эмч Я.Н-д сахилгын шийтгэл ногдуулах шалтгаан болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч УАССЭМТ-д холбогдуулан тус төвийн даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас хассан 113.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
УАССЭМТ-ийн даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар “Я.Н-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Байгууллагын дотоод журмын 12.3.2 дахь заалтыг баримтлан Я.Н-г “Багаас ирсэн дуудлагад удаа дараа очоогүй, багийн нэг жирэмсэн эхийг хожуу хяналтад оруулсан, мэдээлсэн багийн айл өрхүүдэд гэрийн эргэлтийн үйлчилгээг хангалтгүй хүргэж ажлын хариуцлага, гүйцэтгэл хангалтгүй” гэх үндэслэлээр 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сагил сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг хөдөлмөрийн дотоод журамд 12.3.2 дахь заалтгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сагил сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 12.3.2-т “Цалин хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заажээ.
Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.3.2 дахь заалтыг баримталж байгаа тохиолдолд тус журмын 12.3-т “Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн захиргааны шийдвэрээр шийтгэл ногдуулна” гэх заалтыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг баримталж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэх заалтыг давхар баримталбал зохино.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Я.Н-д сахилгын шийтгэл ногдуулахдаа хэзээ гаргасан зөрчилд шийтгэл ногдуулж байгаа талаараа тушаалд дурдаагүй байх ба хариуцагч нь “Багаас ирсэн дуудлагад удаа дараа очоогүй, багийн нэг жирэмсэн эхийг хожуу хяналтад оруулсан, мэдээлсэн багийн айл өрхүүдэд гэрийн эргэлтийн үйлчилгээг хангалтгүй хүргэж ажлын хариуцлага, гүйцэтгэл хангалтгүй” гэж үзэж байгаа тохиолдолд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний дээрх зөрчлүүдтэй холбоотой заалтыг баримтлах ёстой.
Түүнчлэн гэрч Т.Батаа, Н.Баасантогтох, Б.Эрхэмбаяр, Ц.Цэцэгсүрэн нарын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Я.Н нь багаас ирсэн дуудлагад удаа дараа очоогүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба гэрч Б.Ундармаа “Багийн эмч Я.Н нь 2018 оны 4 дүгээр сард намайг жирэмсэн эхийн хяналтад оруулсан. Тэгэхэд би 2 сартай жирэмсэн байсан. Гэхдээ сумын эмч рүү ярьж намайг жирэмсэн гэдгийг мэдээлээгүй байсан” гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн бөгөөд ажил олгогч УАССЭМТийн дарга Г.Ч, ажилтан Я.Н нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8.9-т “жирэмсэн эхчүүдийг эрт үед нь илрүүлэн хяналтад оруулах, үзлэг, шинжилгээнд хамруулан хожуу хяналт жилийн турш гаргахгүй байх”-аар заасан байх боловч уг хөдөлмөрийн гэрээнд ажилтан Я.Н нь багийн жирэмсэн эхийг сумын эмчид мэдээлж, хяналтад оруулах талаар нарийвчлан тусгаагүй байна.
Хариуцагч нь “Боршоо багт зусаж байсан Эрхэмбаяр гэгч Баянзүрх багийн харьяат өрхийн нийт 4 иргэн, Хар мод багт зусаж байсан Батаасүрэн гэгч Баянзүрх багийн харьяат өрхийн 5 иргэнд, Өндөрмод багт зусаж байсан Баянзүрх багийн харьяат Баасантогтох гэгч өрхийн 1 иргэнд, Баянзүрх багийн нутаг дэвсгэрт байдаг 3-р заставын Хүрэлсайханы Төгсбуян, Батсайханы Уранчимэг, жирэмсэн эх Өсөхжаргалын Энхцэцэг, Улаангом суманд ажиллаж, амьдардаг Батболдын Уранчимэг зэрэг нийт 18 иргэнд эргэлтээр очиж үзлэг хийгдсэнээр мэдээ өгснийг дээрх иргэдээс асууж тодруулахад багийн эмч 7 дугаар сард эргэлтээр ирээгүй” гэж тайлбарладаг боловч энэхүү 18 иргэний гомдлыг хариуцагч нь шүүхэд нөхөн бүрдүүлэх бус, ажилтныг тухайн үед нь гаргасан зөрчилд арга хэмжээ ногдуулахдаа бүрдүүлж, сахилгын шийтгэл ногдуулбал хуульд нийцнэ.
Түүнчлэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд зөрчлийг хамт олны хурлаар хэлэлцэж, зөрчил гаргагчид танилцуулж тайлбар авсан байхыг шаарддаг бөгөөд энэхүү ажиллагаа хийгдээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар УАССЭМТ-ийн даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар “Я.Н-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагч УАССЭМТөөс 113.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн цалингаас хассан 113.000 төгрөг гаргуулах тухай шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УАССЭМТ-өөс сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод, цалингаас хассан 113.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Н-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар УАССЭМТийн даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар “Я.Н-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагч УАССЭМТ-өөс 113.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАССЭМТ-өөс 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод, 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Н-д тус тус олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ