| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/1059/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1152 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1152
2022 09 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Б.Чинзориг,
хохирогч: Б.Б түүний өмгөөлөгч Н.Э,
иргэний нэхэмжлэгч: Г.Б,
шүүгдэгч: Ө.С, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.С-т холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ө-гийн С /РД:0000000000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, механикч мэргэжилтэй, “Г х т” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Зээлийн 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд
-2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдсэн,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.С нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Тахилтын замд “Нуundai Grace” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дэх заалт “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Приус” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус тээврийн хэрэгслийн зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Х.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.С нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Тахилтын замд “Нуundai Grace” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4 дэх заалт “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Приус” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар тус тээврийн хэрэгслийн зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Х.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11-р хуудас/,
-хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5-н шараас Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 0-0 тоотод байрлах гэр рүүгээ харих гээд дүү Б “Тоёота Приус” маркийн 00-00 ААА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би урд талын суудалд суугаад Тахилтын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад айлаас юм авах гээд машин ордог гарц руу зүүн тал руугаа дохиогоо өгөөд эргэтэл манай машины араас явж байсан тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ирээд машины зүүн талын хаалга хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд би ухаан санаа орж гараад байж байгаад биеэ хөдөлгөх гэтэл хөдөлж чадахгүй байж байсан. Тэгээд түргэн ирээд намайг эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
-Гэрч Г.Б-ийнн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авто сургуулиас эгч Б-нг аваад “Тоёота Приүс” маркийн 00-00 ААА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Тахилтад айлд очих гээд Тахилтын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зорчих хэсгээр зүүн гар тийш эргэх дохио өгөөд зүүн талынхаа тольруугаа хартал машин харагдаагүй. Тэгээд би зүүн гар тийш гарц руу эргэтэл миний араас нэг машин ирээд машины зүүн талын хаалга руу эсрэг урсгалд хүчтэй мөргөөд зогссон. Тэгээд зогсоод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийнх 36-р хуудас/,
-Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч И.Э-рын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ө.С нь манай компанид жолооч хийдэг юм аа.../...“Нуundai Сгасе” маркийн 00-00 АААулсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “В т" ХХК-ийн тээврийн хэрэгсэл. Манай “Г хн т” ХХК тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ байгуулж, түрээслэн авч ажиллуулж байгаа учир манай компанийн эзэмшлийнх юмаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-р хуудас/,
-Гэрч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Нуundai Gгасе” маркийн автомашиныг С жолоодоод би урд талын суудалд суугаад бид 2 борлуулалт хийгээд явж байсан. Тухайн өдөр Тахилтын “А” нэртэй дэлгүүр рүү ус хүргэж өгөх гээд Тахилтын замаар явж байтал урд талд нэг “Приүс” маркийн машин явж байгаад баруун дохио өгөхөөр нь С зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд явж байтал гэнэт тухайн машин зүүн тал руугаа дараад эргэх гээд ороод ирэхээр нь С тоормос гишгээд машинаа зогсоож чадалгүй мөргөсөн. Тэгээд машинаа С унтраагаад бид 2 машинаас буугаад очтол зорчигчийн суудалд суучихсан байсан нэг хүн гэмтчихлээ гэхээр нь түргэн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Г-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
- “… 1.Б.Б-ийн биед зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91-92-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Ө.С-лийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“....1 Х.У-ын биед баруун шуу сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн үед үүсссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-104-р хуудас/,
- “А-Э” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт дэх “...Нуundai Gгасе” маркийн 00-00 АААулсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 660.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 121-р хуудас/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт дэх “...“Тоёота Приүс” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 2.435.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 126-132-р хуудас/,
- Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 151-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Ө.С ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Г х дээрээс түгээлтээ хийх гээд “Нуundai Gгасе” маркийн 0-0 ААА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ажлынхаа газрын Ууганбаяртай хамт тахилтад байдаг дэлгүүрлүү ус хүргэж өгөх гээд тахилтынн замаар ертөнцийн зүгээс урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал миний урд талд явж байсан ногоон өнгийн приус маркийн баруун талруугаа дохио өгөөд баруун талруугаа шахаад явахаар би эсрэг урсгалд машин байхгүй болохоор нь зүүн талруугаа үйлдэл хийхээр би шууд тоормос гишгээд машин ачаатай байсан тул гулгаад тухайн машины зүүн тал руу мөргөсөн. Тэгээд цагдаа түргэнд дуудлага өгсөн...” гэж /хавтаст хэргийн 164-р хуудас/ мэдүүлж байсан.
Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар: “Г х” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 173-р хуудас/, “Г х” ХХК-ийн гэрээ 174-181-р хуудас/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр /хавтаст хэргийн 182-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 183-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 184-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 185-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 186-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 187-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 188-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 189-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 169-171-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 167-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр буюу 1 дэх өдөр дүү болох Г.Б бид хоёр Тахилтад айлаас юм авах гээд Хонгор дэлгүүрийн урд талд зүүн гар тал руу эргэх гэж байсан. Яг осол болсон тухайн цаг хугацааны зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Толгой үе үе өвдөөд байгаа болохоор бүгдийг нь яс сайн санахгүй байна. Зүүн гар тал руу эргэж байтал хажуу талаас Ө.С гэнэт гишгээд ороод ирсэн юм. Тэр үед би 5-10 минут ухаан алдаад болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт өдөр 13 цагт очсон. Намайг анх хүлээн аваад үзсэн эмч эмнэлэгт хэвтэх заалттай гэж хэлж байсан. Бас намайг томографикт харуул гээд би 250.000 төгрөгөөр харуулсан. Томографик авахуулаад гарсан дүгнэлтээр 3 хавирга хугаралтай, уушиг руу орсон гэж гарсан. Өдөр 17 цаг 30 минутаас хойш хариугаа авахад эмч нь солигдоод сиди уншаад миний хавиргыг хугаралгүй байна гэж хэлсэн. Тэр асуудал дээр 2-3 цаг зөрөлдсөн. Хариугаа Шүүх эмнэлэг рүү явуулаад хүндэвтэр гэсэн хариу гарсан. Одоогоор 2-3 сар болж байгаа ч гэсэн бие маань бүрэн эдгэрээгүй байна. Эхний 1 сар толгой өвддөггүй байсан чинь толгой өвддөг болсон, үе үе хавирганы доод талд хатгадаг болсон. Ажилдаа ороогүй, гэртээ байгаа. Цаашид эмчийн хяналтад бай гэсэн бичиг байгаа. Бие маань бүрэн эдгэрээгүй байгаа. Цаашид эмчийн хяналтад байх ёстой гэж хэлсэн. Яг тэр болсон процессийг сайн санахгүй байгаа. Би нийт 2.872.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ төлбөрөөс 2.400.000 төгрөг нөхрийн ажилгүй байсан хугацааны цалин, 22.500 төгрөг эм авсан төлбөр, 450.000 төгрөг бариа хийлгэсэн төлбөр байгаа. Энэ төлбөрөөс хасагдах төлбөр байхгүй. Мөн би ажилгүй байсан хугацааны зардал 1.050.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд 500.000 төгрөгийг өгсөн, энэ төлбөрөөс 600.000 төгрөг үлдэж байна. Энэ төлбөрийг бас нэхэмжилнэ. Нийт 3.472.000 төгрөг нэхэмжилж байна. Би одоо болтол ажилд ороогүй байгаа гэв.
Иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед сургуулиасаа тараад эгчтэйгээ уулзаад гэрт нь очих гээд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын замд урдаас хойш чиглэлтэй явж байсан. Тэгээд явж байтал айлд очих хэрэгтэй болоод зүүн эргэх гарц руу чиглээд толиндоо харахад гүйцэт түрүүлж байгаа ямар ч машин харагдаагүй. Тэгээд би зүүн дохиогоо өгөөд эргэх хөдөлгөөн хийх үед эсрэг урсгалд ААА 0-0 улсын дугаартай микро автомашин намайг эсрэг урсгалд мөргөөд машины багана мөргөөд 3-4 орчим метр түрсэн байдалтай зогссон. Би зогсоод цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөд эгчийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэгт эгчтэйгээ ирж харуулаад байцаагчтайгаа очиж уулзсан. Миний нэхэмжлэл 2.880.000 төгрөг болсон. Би Шүүх эмнэлэг болон рентгэнд харуулахад миний биед учирсан хохирол байгаагүй. Миний нэхэмжилж байгаа төлбөр бол автомашинд учирсан хохирол байгаа. Машин ачуулаад сар гаран болсон бөгөөд тэнд бас төлбөр гарсан. Тэр төлбөр нь 200.000 төгрөг болсон. Нийт 2.880.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ төлбөрөөс даатгал хэдэн төгрөг олгохыг мэдэхгүй байна...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Г-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Ө.С-ийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Х.У-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч Ө.С нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.4 дараах газруудад гүйцэж түрүүлэхийн хориглоно: а/ уулзвар болон гарч дээр гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь 687 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 151-р хуудас/-аар тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ө.С ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.С-т “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Б нь эмчилгээний зардал, нөхрийн цалингийн хамт нийт 2.872.000 төгрөг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч Б.Б-нд учирсан хохирол буюу эрүүл мэндэд учирсан хохирлын бодит зардал болох бариа засал хийлгэсэн 450,000 төгрөгийг шүүгдэгч Ө.С аас гаргуулан хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.С нь хохирогч Б.Б-нд 450,000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Ө.С ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Мөн хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Иргэний нэхэмжлэгч Х.Ууганбаяр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлжээ.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар иргэний хариуцагч “Гранд хатантуул” ХХК тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй нь “урд тэнхлэгийн хажуу гулгалтын хазайтлын хэмжээ 18.7 мм байгаа нь замын гадаргаа тээврийн хэрэгслийн хурднаас хамаарч осолд нөлөөлж болзошгүй байна.” гэсэн шинжээчийн /хх145-р тал/ дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан тус компаниас иргэний нэхэмжлэгч Г.Б-нд учирсан хохирол болох 2,280,000 төгрөгийг гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч Ө.С ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэдийгээр санамсаргүйгээр үйлдэгддэг боловч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхгүйгээр хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.С ын хохирол төлбөр төлсөн байдал болон хувийн байдлыг харгалзан үзээд түүнд торгуулийн ял санал болгож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох саналтай байна. Уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримт байхгүй болохыг дурдаж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Улсын яллагчийн саналтай адилхан байна. Нийгэмд хохирлоо төлчихлөө, авто замын осол бол санаатай биш, хэнд ч тохиолдож болох асуудал л даа. Тийм учраас санаатай үйлдсэн юм шиг асуудалд хандмааргүй байна. Гол нь ял өгөхдөө биш, хохирогчид учирсан хохирол төлбөрийг баримтгүй гэж татгалзахгүйгээр боломжийн хэмжээгээр анхаарах байх гэж бодож байна. Бусдаар ялын санал дээр хэлээд байх зүйл алга байна. Нөгөө талаар хохирогчийн 3-4 хавирга хугарсан байна. Тэгэхээр боломжийн хэмжээгээр хохирол төлбөрт анхаарах байх гэж бодож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Ө.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ө.С ын хувьд бага насны буюу 6 сартай хүүхэдтэй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох саналтай байна. Дээрх төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгч: Гэм буруугаа ухаарч, ойлгож байна. Ял аваад явна гэхээр хэцүү байна. Би эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Ө.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин түүний цалин орлого, ам бүлийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.С-т оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ө-гийн С ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ө.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгүүдэд зааснаар “Г х” ХХК-иас 2,280,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Б ид олгосугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА