| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00258/И |
| Дугаар | 102/ШШ2018/02908 |
| Огноо | 2018-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2018/02908
| 2018 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2018/02908
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ВФ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЮПМ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 476.650 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ВФ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЮПМ ХХК нь 2014 оноос эхлэн манай компанитай хамтран ажиллаж, хүнсний бараа бүтээгдэхүүнийг борлуулж ирсэн. Тус бараа бүтээгдэхүүнийг өөрийн Зооз /Zooz/ супермаркет хүнсний дэлгүүртээ зээлээр авч, худалдан борлуулж, төлбөрийг дараа тооцоогоор төлж байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан үлдэгдэл барааныхаа төлбөр болох 576.650 төгрөгийн төлбөрөөс 100.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлсөн. Үлдэгдэл 476.650 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЮПМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай супер маркетын нэрийг “Зооз” гэж буруу бичсэн байсан. “Зоос” гэдэг нэртэй 8 нэрийн барааны супермаркет. Дэлгүүр ажиллуулахын тулд компани байгуулах ёстой болохоор ЮПМ ХХК гэдэг нэр авсан. Бодит амьдрал дээр “Зоос” гэдэг нэртэй жижиг супермаркет. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 476.650 төгрөгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэлээ тайлбарлая. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан зарлагын баримтуудын 3 нь тухайн байгууллагын өөрийнх нь тамгатай, бусад нь огт тамгагүй. Манай байгууллагын хувьд тамгатай зарлагын падааныг хүлээн зөвшөөрч байна. Эхний шүүх хурал дээр хариуцагч талаас дэлгүүрийн кассын орлого, зарлагын дэвтрээс нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 төгрөг төлсөн гэсэн баримтыг түүж өгсөн. Дараагийн шүүх хурал дээр тамгатай баримтаар авсан барааныхаа төлбөрийг хувааж төлсөн гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хариуцагч мобайлаар шилжүүлсэн. Дээрх баримтуудаас харахад “Зоос” супермаркет ВФ ХХК-д ямар нэгэн төлбөргүй болох нь харагдаж байна. “Зоос” супермаркетын кассын орлого, зарлагын дэвтрээс харахад нэхэмжлэгч талын борлуулагч нар бэлэн мөнгө барааны төлбөрт авдаг байсан нь харагдаж байна. Борлуулагчийн авсан уг бэлэн мөнгө хариуцагчийн дансанд ордог эсэхэд нэхэмжлэгч тал хяналт тавих ёстой байсан. ВФ ХХК-ийн борлуулагч бүр нэг нэг данс өгдөг. Нэхэмжлэгч тал борлуулагчийнхаа хариуцагч байгууллагаас бэлэн мөнгө авсан эсэхийг нарийн сайн шалгахгүйгээр харилцагч байгууллагаа барааны үлдэгдэлтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ВФ ХХКнь хариуцагч ЮПМ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 476.650 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь худалдан авсан барааны төлбөрийг төлсөн бөгөөд зарим барааг хүлээн аваагүй гэж эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ВФ ХХКнь хариуцагч компанийн Зоос 8 нэрийн дэлгүүрт 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 92.960 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн бараа, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 69.160 төгрөгийн үнэ бүхий 2 нэр төрлийн бараа, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 92.910 төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн бараа, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 32.160 төгрөгийн үнэ бүхий 1 төрлийн бараа, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 131.160 төгрөгийн үнэ бүхий 3 нэг төрлийн бараа, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 62.400 төгрөгийн үнэ бүхий нэр төрлийн бараа, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 95.900 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн нийт 576.650 төгрөгийн үнэ бүхий барааг дараа тооцоогоор нийлүүлсэнээс хариуцагч нь 100.000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сард төлж, үлдэх төлбөр болох 476.650 төгрөгийг төлөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Хариуцагч нь дээрх 7 удаагийн нийлүүлэлтээс нэхэмжлэгчийн санхүүгийн тэмдэгтэй 3 баримтаар бараа хүлээн авсан бөгөөд үүнийхээ төлбөрийг төлж барагдуулсан гэж маргаж байна. Хариуцагчийн хүлээн авсан гэж зөвшөөрсөн 3 баримтын нийлүүлэлт нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 92.960 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн бараа, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 131.160 төгрөгийн үнэ бүхий 3 нэг төрлийн бараа, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 95.900 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн нийт 320.020 төгрөгийн үнэ бүхий бараа байна.
Төлбөр төлснөө нотолж хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 32.000 төгрөгийг Витсамо фрутсд төлсөн гэж тэмдэглэсэн, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 32.000 төгрөгийг Витсамо фрутсд төлсөн гэж тэмдэглэл, 2016 оны 7 дугаар сарын 06, 07 аль нь болох нь тодорхойгүй засвартай баримтад 96.000 төгрөгийг Витсамо 5084025862 данс руу шилжүүлсэн гэж тэмдэглэсэн байх бөгөөд эх хувиар нь гаргаж өгсөн Зоос мини маркет дэлгүүрийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх тэмдэглэлтэй кассын дэвтэрт энэ талаар тэмдэглэл байхгүй, харилцах данс нь нэхэмжлэгчийн данс биш, харин 2016 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн гүйлгээнд Витсамо фүүдс 131.160 төгрөг гэж орлого авсан тэмдэглэл байгаа нь энэхүү барааг хүлээн авсан болохыг нотолж байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэж, холбогдох зохицуулалтыг баримтлан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 69.160 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 92.910 төгрөгийн, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 32.160 төгрөгийн, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 62.400 төгрөгийн зарлагын баримтууд, хариуцагч талаас гаргаж өгсөн Кассын дэвтрийн хуулбар, түүний тэмдэглэл нь Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот өмнө үйлдэгдсэн санхүүгийн анхан шатны баримт байх тул хуучин мөрдөж байсан Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалын хавсралтаар баталсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын Ерөнхий нөхцөлд заасан “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэсэн шаардлага хангаагүй, тэмдэг дарж баталгаажаагүй байх тул хүчин төгөлдөр баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг 7 удаагийн нийлүүлэлт хийсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа болон санхүүгийн анхан шатны шаардлага хангаж байгаа зарлагын баримтаар 320.020 төгрөгийн барааг нийлүүлсэн байна гэж дүгнэлээ.
Үүнээс нэхэмжлэгч нь 100.000 төгрөг хүлээн авсан гэж хасч тооцсон ба хариуцагч талын баримтаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 64.000 төгрөг Витсамо гэснийг төлбөрт төлөгдсөн гэж дүгнэж, хариуцагчаас 156.020 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
“Витсамо фрутс” ХХК-д төлсөн төлбөр нь тусдаа худалдан авалттай байх тул үүнийг төлбөрт тооцох үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 156.020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320.630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ЮПМ ХХК-иас 156.020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВФ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320.630 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЮПМ ХХК-иас 5.331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ