Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 196

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Б.Чинбилиг, иргэдийн төлөөлөгч О.Сүхбаатар, хохирогч Ч.Зоригт, шүүгдэгч З.Бадамсүрэн, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хоргон овогт Зоригтын Бадамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1799 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хоргон овогт Зоригтын Бадамсүрэн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33-114 тоотод оршин суудаг, ЧТ78012176 регистрийн дугаартай, урьд 5 удаа ял шийтгүүлсэн,

1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4. дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2. дахь хэсэгт зааснаар 60.000 (жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 131 дүгээр зүйлийн 131.2. дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар:  (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь урьд танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны 114 тоотод биеэ хамгаалж чадахгүй буюу өндөр настай төрсөн эцэг Ч.Зоригтыг үл ялих зүйлээр шалтаглан цамцыг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч З.Бадамсүрэн: 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би хамт ажил хийж байсан гурван хүнтэй дөрвүүлээ 4 лонх архи уусан. Би гэртээ ирээд хоёр дүүгээ үнсэх гэтэл аав уурласан. Тэгээд аав намайг “чи зайл, архиа дагаад яв, биднийг дандаа зовоодог” гээд хөөсөн. Урьд нь ч бас намайг хөөдөг байсан. Тийм учраас би уурандаа эцгийгээ 2-3 удаа цохисон нь миний буруу. Намайг архи уугаад ирэхээр цагдаад барьж өгдөг байсан. Би ер нь бол архины хамааралтай. Хоёр удаа архины эмчилгээнд явж байсан боловч үр дүн гараагүй. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Мөн эцэг, эхээсээ уучлал гуйсан. Энэ хэргийг шалгах хугацаанд архи ууж байсан нь үнэн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ч.Зоригт: Миний хувьд хүүгээ хөөгөөд гудамжинд хонуулж байсан удаа байхгүй. Харин энд тэнд тасраад унасан байна гэхээр нь хүнээр авахуулдаг, авчруулдаг байсан. Хүүгээ архи их уугаад байхаар нь уурандаа “архиа дагаад яв” гэж бол хэлж байсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал З.Бадамсүрэн гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд хоёр зээг маань үнсэх гэж ноолоод хүүхдүүд айлгаад байхаар нь би “чи цаашаа очиж унт” гэж хэлсэн. Гэтэл З.Бадамсүрэн уурлаж, миний чээж рүү хоёр удаа цохисон. Би тэр үед дөрвөн хөлтэй тулгуураа түшээд зогсож байсан юм. Тэгээд түүнд цохиулаад хойш савж ор руу унахдаа хана мөргөсөн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон байна гэж хэлсэн. Би хэрэг гардаг өдөр хүүдээ “цаад өрөөндөө орж унт” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Би орон дээр унасан байхдаа дээрээс дайраад байхаар нь З.Бадамсүрэнгийн цамцнаас барьтал, тэр цамцаа тайлаад түүгээрээ 2-3 удаа ороолгосон. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр. Талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримт:

Хохирогч Ч.Зоригтын өгсөн: Би 2003 онд осолд орж, гэмтэл аваад арав орчим жил хэвтэрт байгаа. Суганаас доош мэдээгүй тул бусдын асрамжид байдаг. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед З.Бадамсүрэн гэртээ согтуу орж ирчихээд хоёр дүүгээ айлгаад, дарж алчих гээд байхаар нь би “дуугүй цаад өрөөндөө орж унт” гэж хэлэхэд З.Бадамсүрэн над руу хүрч ирээд зүүн гараараа миний чээж рүү нэг удаа цохисон, тухайн үед би орныхоо хажууд тулдаг төмрөө тулаад зогсож байсан бөгөөд намайг цохиход би ор руу унасан. Ийнхүү унахдаа хана мөргөсөн. Намайг орон дээрээ унасан байх үед З.Бадамсүрэн хүрч ирээд миний мөр, чээж рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би болиулах санаатай цамцнаас нь зууртал “чи миний цамцнаас зулгаадаг хэн бэ” гээд цамцаа тайлаад миний толгой руу гурваас дөрвөн удаа ороолгосон. Тэр үед эхнэр Р.Баадай “өвчтэй хүн аллаа ш дээ” гэж орилсон чинь зодохоо болисон. Эхнэр Р.Баадай айгаад хоёр хүүхдээ дагуулаад гэрээс гарч явсан бөгөөд З.Бадамсүрэн “ална, тална” гэж орилж байгаад унтсан. Тэгээд удалгүй цагдаа ирж түүнийг авч явсан. Урьд нь намайг зодож байгаагүй. Харин ээжийнхээ гарыг, мөн хавиргыг нь хугалж байсан. Төрсөн хүүхдээ гуч гартал нь тэжээчихээд зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас),

...2016 оны 6 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр 114 тоотод байсан. Би гэртээ эхнэр Р.Баадай, 3 болон 6 настай ач нарын хамт байж байтал миний төрсөн хүү З.Бадамсүрэн нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд хүү маань орилж чарлаад хоёр ачийг маань айлгаад байсан. Тэр үед би том өрөөний орны урд дөрвөн хөлтэй, тулдаг төмрөө түшээд зогсож байсан бөгөөд З.Бадамсүрэнд хандаж “чи одоо чимээгүй бай, архи ууж чадахгүй байж, мөрөөрөө унт” гэсэн. Гэтэл З.Бадамсүрэн “тахир дутуу гэж таныг тоохгүй шүү, алаад өгнө шүү” гэж хэлээд миний чээж рүү гараараа хоёр удаа цохиж, түлхэх үед би чанх арагшаа орон дээр унасан. Унах үедээ толгойгоороо хана мөргөсөн. Намайг орон дээр унасан байхад З.Бадамсүрэн өөрийн өмсөж явсан биеийн тамирын алаг цамцаа тайлаад, миний толгой руу 2-3 удаа ороолгосон. Энэ үед эхнэр Р.Баадай “чи хүн аллаа, яагаад байгаан” гэж хэлсэн. Харин З.Бадамсүрэн хэсэг “ална, тална” гэж орилж байгаад унтаад өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг (хх-ийн 66 дугаар хуудас),

Гэрч Р.Баадайн өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед би гэртээ нөхөр Ч.Зоригт, хоёр зээгийн хамт байж байсан. Гэтэл З.Бадамсүрэн согтуу орж ирээд 3 настай зээг маань үнсэх гэж дайрсан. Хүүхэд айгаад өвөө рүүгээ гүйж очсон. Тэр үед манай хөгшин З.Бадамсүрэнг “чи очиж унт, битгий хүүхэд айлгаад бай” гэж хэлсэн. Тэгтэл З.Бадамсүрэн аавынхаа зүүн мөр рүү гараараа хоёр удаа цохисон бөгөөд хөгшин маань хана мөргөөд унасан. Тэгээд З.Бадамсүрэн өөрийн өмсөж байсан биеийн тамирын цамцаа тайлж, аавынхаа толгой руу дөрвөөс таван удаа ороолгосон. Тэр үед би очоод салгах гэтэл З.Бадамсүрэн над руу дайрсан. Тэгэхээр нь би гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. Бид айдастай амьдарч байгаа тул түүнд хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг (хх-ийн 70 дугаар хуудас),

Гэрч Э.Энхтуулын өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ байсан. З.Бадамсүрэн ах согтуу орж ирээд эмээ рүү орилж байгаад дараа нь өвөө рүү орилсон. Өвөө “чи битгий давраад байгаарай, архи их ууж байна” гэсэн чинь өвөө рүү уурлаад “та нар цагдаа дуудаж өгдөг, та нарыг ална” гэж орилоод таяган дээрээ тулаад зогсож байсан өвөөг гараараа цохитол өвөө маань ор руу уначихсан. Тэгээд цамцаараа ороолгоод зодоод байх шиг байсан. Хоёр дүү маань орилоод байсан учир би сайн харж чадаагүй. Эмээ “болиочээ, аавыгаа аллаа” гээд орилж очоод цохиод авсан чинь өвөөг тавьчихаад газар хэвтээд өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

Гэрч З.Шинэгэрэлийн өгсөн: З.Бадамсүрэн ах маань согтуу үедээ зан ааш их муутай болчихдог юм. Урьд манай ах З.Бадамсүрэн таван удаа ял шийтгүүлж байсан. Би 2016 оны 4 дүгээр сараас тусдаа гарсан. Намайг байх хугацаанд ах З.Бадамсүрэн өдөр бүр архи ууж, агсам тавьж байсан. Мөн хоёр удаа архины эмчилгээнд явж байсан. Ямар ч үр дүн гараагүй. Сүүлийн үед согтуу үедээ улам ууртай болж аав, ээж хоёрыг айлган сүрдүүлж, зодож цохих байдал их гарч байна. Иймд манай ах З.Бадамсүрэнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... гэх мэдүүлэг (хх-ийн 68 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 9286 дугаартай: “Зоригтын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 25 дугаар хуудас),

Шинжээч эмч Д.Мөнхбатын өгсөн: Тархи доргилт гэмтэл нь хувцсаар ороолгох үед үүсэх боломжгүй. Харин хатуу мохоо зүйлээр цохих, унах, мөргөх зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 72 дугаар хуудас),

З.Бадамсүрэнгийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хамт ажилладаг гурван хүнтэй хамт дөрвөн лонх архи хувааж уучихаад гэртээ харьсан. Гэртээ ирээд аавдаа агсам тавьсан гэсэн. Би тэр үйл явдлыг санахгүй байгаа. Би буруугаа ойлгож байна. Архи их ууснаас ухаанаа алдаж, эцэг, эхээ зовоосон байна. Би ер нь архи уухгүй байя гэж бодож байгаа. Би 2011 онд мөн согтуурсан үедээ ээжийнхээ гарын савхан ясыг хугалсан байсан. 1998 оны үед согтуу байхдаа ээжийнхээ дээрээс дарж унаад, хавиргыг нь хугалж байсан. Би согтуурсан үедээ гэр бүлдээ түгшүүр төрүүлж байгаагаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Эцэг, эхээ гомдоож байсандаа өөртөө маш их гомдож байна. Тэднээс уучлалт гуйсан, дахиад ч гуйна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Түүнийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),

З.Бадамсүрэнгийн яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр хамт ажилладаг гурван хүнтэй дөрвүүлээ дөрвөн лонх архи уучихаад гэртээ харьсан. Гэртээ ирээд аавдаа агсам тавьсан гэсэн. Би үнэндээ түүнийгээ санахгүй байна. Би буруугаа ойлгож байгаа, архи их ууснаас ухаанаа алдаж, эцэг, эхээ зовоосон байна... гэх мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),

З.Бадамсүрэнд ял өөрчлөн сонсгоход өгсөн: Надад өөрчлөн сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.3. дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад ажил руу явсан. Тухайн үед би хувиараа мужаан хийж байсан. Тэгээд өдөр 12 цагийн үед өөрийн найз нартай 0.5 литрийн хэмжээтэй таван лонх архи хувааж уусан. Түүний дараа 16 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд аав, ээж хоёр зээ нарын хамт байсан. Би ямар ч байсан орц руугаа орж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Харин маргааш нь манай ээж Р.Баадай “чи өчигдөр согтуу ирээд агсам согтуу тавиад аавыгаа цамцаараа ороолгоод байсан, бас толгой руу нь гараараа цохисон” гэж хэлсэн. Би тухайн үед их согтуу, өөрийн ухаанаа алдсан байсан. Гэртээ орсноо л санаж байна, өөр зүйл санахгүй байна. Манай аавын биед миний буруутай үйлдлээс хөнгөн гэмтэл учирсан байсан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж, танилцсан. Би 2008 оноос архи уух болсон бөгөөд 8 жил архи ууж байна. Надад гэр бүлтэйгээ хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Би эрүүл үедээ эцэг, эх хоёртойгоо эвтэй, найртай байдаг. Би урьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялаа биеэр эдлээд гарч ирсэн. Тэр хэрэгт би өөрийн төрсөн эхийг зодож ял шийтгүүлсэн. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо архи, дарс уухгүй, эцэг, эхээ зовоохгүйгээр амьдрах сонирхолтой байна. Би өөрийн төрсөн эцгээс уучлал гуйж эвлэрсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 74-76 дугаар хуудас),

З.Бадамсүрэнд дахин ял өөрчлөн сонсгоход өгсөн: Надад өөрчлөн сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас),

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлсэн шүүхийн тогтоол, суллагдсан баримт (хх-ийн 45-59, 81 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол (хх-ийн 77 дугаар хуудас), хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 78-79 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээр нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь үйлдсэн хэргээ санадаггүй боловч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн харьцуулан дүгнэвэл; Шүүгдэгч З.Бадамсүрэн нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй буюу ялтай байхдаа 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны 114 тоот гэртээ биеэ хамгаалах чадваргүй байсан өндөр настан, төрсөн эцэг Ч.Зоригтын зүй ёсны шаардлагыг үл огоорч балмад авирлан түүнийг түлхэж унаган хана мөргүүлж, бие махбодод нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж танхайрсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос З.Бадамсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, цамцыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, зүйлчлэл тохироогүй байна гэж үзэв.

Учир нь танхайрах гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэсэн зэвсгийн чанартай бусад зүйл нь;

- Нэгдүгээрт, эд материалын шинжээрээ хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахуйц байна.

- Хоёрдугаарт, хэрэглэсэн арга нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахуйц байна.

Тодруулбал, Эд материалын шинжээрээ аюултай зүйлд сүх, хөрөө, халив, хайч, хүрз, лоом, өрөм, мод, төмөр, чулуу, шил зэрэг байж болно. Харин эд материалын хувьд аюул багатай ч хэрэглэсэн аргаараа аюултай байхыг үгүйсгэхгүй. Энэ нь ороолгох, шавхуурдах үед төдийлөн аюулгүй хэдий ч хүлэх, боох гэх мэт аюултай аргаар хэрэглэсэн бол түүнийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, зэвсгийн чанартай зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран зүйлчлэх тухай хууль зүйн ойлголтод зэвсгийн чанартай зүйлийн эд материалын шинж болон түүнийг хэрэглэсэн аргын хувьд тулгарсан аюул, бодит эрсдэлийг харгалзан үзэх учиртай.

Хохирогч Ч.Зоригтын бие махбодод тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хувцсаар ороолгох үйлдэлтэй холбоогүй, харин цохих, унах, мөргөх хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж шинжээч эмч Д.Мөнхбат мэдүүлжээ. Мөн шүүгдэгчийн цохисон, түлхсэн үйлдлийн улмаас хохирогч ор руу унах үедээ хана мөргөснийг хохирогч, гэрч нар зөрүүгүй мэдүүлсэн тул хохирогчийн биед учирсан гэмтэл болон түүнийг цамцаар ороолгосон шүүгдэгчийн үйлдэл хоорондоо шалтгаант холбоогүй байна.

Иймд шүүгдэгч З.Бадамсүрэнг танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ өмсөж явсан биеийн тамирын цамцаа зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл алга. Харин эцэг, эхээ асран халамжлах, сургамж, захиасыг нь даган биелүүлдэг монголчуудын уламжлалт зан заншлын хэм хэмжээг зөрчиж, төрсөн эцгийнхээ зүй ёсны шаардлагыг огоорон түүний эсрэг балмад авирлан танхайрахдаа хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирласан гэж үзнэ.  

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр суллагджээ. Энэ өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4. дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй бөгөөд Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. дэх хэсэгт зааснаар түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч З.Бадамсүрэн нь урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралгүй болов.

Шүүхээс тогтоосон үйл баримт болон ялгүй болсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Бадамсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь урьд таван удаа ял шийтгүүлснээс хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан бөгөөд түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, харин өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй хүний эсрэг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй буюу хамт амьдарч буй хүмүүсээ байнгын айдас түгшүүрт автуулсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь өршөөлд хамрагдаж ялгүй болсон, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнд тооцогдсон хэдий ч тэрээр урьд нь хорих ял эдэлж байсан байх тул хуульд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Ч.Зоригт нь мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бадамсүрэнгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй хэмээн мэдүүлсэн тул З.Бадамсүрэнг бусдад төлөх төлбөргүй, Ч.Зоригт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч З.Бадамсүрэн нь энэ хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 21 (хорин нэг) хоног цагдан хоригдсон тул уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх, саарал өнгөтэй эрэгтэй хүний биеийн тамирын нэг ширхэг цамцыг устгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Бадамсүрэнгийн гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч З.Бадамсүрэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч З.Бадамсүрэнгийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас З.Бадамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.2.1. дэх зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3.Шүүгдэгч Хоргон овогт Зоригтын Бадамсүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэм буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч З.Бадамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бадамсүрэнд оногдуулсан 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бадамсүрэнгийн цагдан хоригдсон нийт 21 (хорин нэг) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх, саарал өнгөтэй эрэгтэй хүний биеийн тамирын 1 (нэг) ширхэг цамцыг устгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Бадамсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Ч.Зоригт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч З.Бадамсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Бадамсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТАА

         ШҮҮГЧ                       Т.АЛТАНТУЯА

                                             И.ГАНБАТ