Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00875

 

 

“.......” ХХК, ......., .......

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02593 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 443 дугаар магадлалтай,

“.......” ХХК, ......., ....... нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03230 дугаартай захирамжаар “.......” ХХК, Д.Уранцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 165,286,441 төгрөг гаргуулж, “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлгээний компани нь “.......” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, СБД, 9-р хороо, 78-р байр, зоорины давхрын 07 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаарт бүртгэлтэй, 20 м.кв талбайтай, авто зогсоолыг 25,182,700 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн “.......” ХХК-ийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “.......” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаарт бүртгэлтэй, 20 м.кв талбайтай, авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .......гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ....... нь өөрийн өмчлөлийн орон сууцыг “.......” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан учир дээр дурдсан захирамжаар .......гийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлгээний компани нь нэхэмжлэгч .......гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, БЗД-ийн хороо, 14-р хороолол, 72-р байр, 06 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025466 бүртгэлтэй, 62.27 м.кв талбайтай, орон сууцыг 103,437,000 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн төлбөр төлөгч .......гийн үнэлгээ шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч .......гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025466 бүртгэлтэй, 62.27 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч .......гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ....... нь өөрийн өмчлөлийн орон сууцыг “.......” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан учир дээр дурдсан захирамжаар .......гийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь нэхэмжлэгч .......гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, БЗД-ийн 14-р хороо, 14-р хороолол, 71-р байр, 34 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй, 57.39 м.кв талбайтай, орон сууцыг 95,330,800 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн төлбөр төлөгч .......гийн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээнд жишээлж авсан барилгууд нь байгаа орон сууцтай жишихүйц биш учир үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч .......гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй, 57.39 м.кв талбайтай, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/03230 дугаар захирамжаар “.......” ХХК, Д.Уранцэцэг нараас 165,286,441 төгрөгийг гаргуулж, “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “.......” ХХК, Д.Уранцэцэг нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ......., Д.Дэлгэрсуурь нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 71 дүгээр байрны 34 тоотод байрлах, 57.39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, .......гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025466 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 72-р байрны 6 тоот 62.27 м.кв талбайтай орон сууц, “.......” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-р байрны зоорийн давхрын 7 тоот 20 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02593 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “.......” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024968 дугаартай, 20/хорь/ метр квадрат талбайтай авто зогсоолыг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг, нэхэмжлэгч .......гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204025466 дугаартай 62.27/жаран хоёр зууны хорин долоо/ метр квадрат талбайтай орон сууцыг үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг, нэхэмжлэгч .......гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204025600 дугаарт бүртгэлтэй 57.39/тавин долоо зууны гучин ес/ метр квадрат талбайтай орон сууцыг үнэлсэн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “.......” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч .......гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч .......гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “.......” ХХК, нэхэмжлэгч ......., нэхэмжлэгч ....... нарт тус бүр олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 443 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “.......” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээрх үйлдэл нь ИХШХШТХуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Шүүгч шийдвэрээ гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

“.......” ХХК, ......., ....... нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан 2 орон сууц болон автозогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “шинжээч үнэлгээг хэт багаар тогтоосон, үнэлгээ тогтоосон үндэслэл тодорхой бус” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх “шинжээчээр томилогдсон “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь нэхэмжлэлд дурдсан 3 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, тайлан гаргасан боловч үнэ цэнэ тогтоохдоо ашигласан аргачлалын үнийн мэдээллийн эх сурвалж тодорхой бус байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.2.3. дахь заалтад нийцээгүй” гэсэн үндэслэлээр шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017.12.18-ны өдрийн 03230 дугаар захирамжаар “.......” ХХК болон Д.Уранцэцэг нараас 164,760,465.39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан тухай баримтууд хэрэгт авагджээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид заасан барьцаа хөрөнгө болох “.......“ ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 78 байрны зоорийн давхрын 7 тоотод байрлах 20 м.кв талбайтай автозогсоол, .......гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14 хороолол, 72 дугаар байрны 6 тоотод байрлах 62.27 м.кв талбайтай орон сууц, Д.Дэлгэрсуурь, ....... нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 14 хороо, 14 хороолол, 71 байрны, 34 тоотод байрлах, 57.39 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжлэн, хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул үнийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан байна.

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь “.......” ХХК-ийн өмчлөлийн автозогсоолын зах зээлийн үнийг 25,182,700 төгрөг, .......гийн өмчлөлийн орон сууцыг 103,437,000 төгрөг, Д.Дэлгэрсуурь, ....... нарын өмчлөлийн орон сууцыг 95,330,800 төгрөгөөр тус тус тогтоосон байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.08.30-ны өдрийн 4/19066 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт уг үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Шинжээчийн тогтоосон үнэлгээг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2019.09.06-ны өдөр шүүхэд хандсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцож, хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасантай нийцсэн гэж тайлбарласан боловч эдгээр аргачлалаар үнэлгээ тогтооход баримталсан жишиг, үндэслэл, эх сурвалжийг тодорхой зааж чадаагүйн улмаас шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан “…үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3.-т заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” журамд нийцсэн байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.-д “зохигч, ...энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гээд гомдол гаргах үндэслэлийг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан, хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гомдолдоо “...анхан шатны шүүхийн шүүгч зөвлөлдөх тасалгаанд ...ороогүй... хуралдааны танхимаас хэргийн оролцогчийг ...гаргаж... уг танхимд шийдвэрээ гаргасан...” нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдааны танхимыг зөвлөлдөх тасалгаа хэлбэрээр ашигласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй.

Шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх боломжтой байдлаар шүүх шийдвэр гаргасан гэх нөхцөл тогтоогдоогүй буюу шүүгч шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул хяналтын гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэг мөн 94 дүгээр зүйлд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгч хуралдааны танхимаас хэргийн оролцогчийг гаргаж танхимд шийдвэрээ гаргасан буюу зөвлөлдөх тасалгаанд ороогүй гэх гомдол нь магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй буюу давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1., 167 дугаар зүйлийн 167.1.5., 186 дугаар зүйлийн 168.1. дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “.......” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 443 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “.......” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД