Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 822

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: С овогт Г-ийн Н-ийн нэхэмжлэлтэй

              Хариуцагч: УАУСАДС-д холбогдох,   

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 419.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч УАУСАДС-ийн захирал Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн УАУСАДС-д няраваар ажиллаж эхэлсэн. Улмаар тус сургуульд 3 жил 10 сарын хугацаанд няравын ажлын байранд тасралтгүй ажилласан. 2016 оны 12 дугаар сард намайг эд хөрөнгө дутаасан гэх үндэслэлээр миний ур чадварын нэмэгдлийг хассан байсан бөгөөд үүнийгээ тухайн үедээ надад мэдэгдээгүй, тушаалаа надад танилцуулаагүй. Миний бие тухайн үед ур чадварын нэмэгдлээ авах тухай хүсэлтээ захиралд амаар гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед захирал Н.Т намайг дуудаж уулзаад “чамтай хамтарч ажиллаж чадахгүй юм байна. Маргааш ирж тушаалаа аваарай” гэж хэлсэн. Ахлах 4 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.6-д заасныг үндэслэж гарсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.6 дахь хэсэг гэж байхгүй ба хуулинд байхгүй үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосонд гомдолтой байна. Мөн байгууллагын дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй байна. Энэ нь Үндсэн хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд хандаж байна. Иймд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж намайг Ахлах 4 дүгээр сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 9 дүгээр сарын цалинтай тэнцэх олговор 419.582 төгрөг гаргуулж өгнө үү” гэв. 

         Хариуцагч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УАУСАДС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр тушаалыг тус сургуульд няраваар ажиллаж байсан Г.Н нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзсэн байна. Би бичиг хэргийн ажилтанд гаргаж өгсөн эх хувь дээр Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийн в гэж бичсэн нь тодорхой байгаа. Шүүхэд гар нооргоо гаргаж өгсөн. Үүнийг би бичиг хэргийн ажилтан А.Хулангийн болгоомжгүй үйлдэл, техникийн алдаа гэж үзэж байна. Г.Н нь ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил тасалдаг байсан учир хамт олны хурал дээр алдаа дутагдлыг нь хэлж сануулах арга хэмжээ захирлын тушаалаар авч байсан. Мөн нярав Г.Н нь Сургуулийн дотоод журмын хэд хэдэн заалтуудыг зөрчсөн. Үүнд: сургуулийн дотоод журмын 11.1.3-д зааснаар удаа дараа ажлын хариуцлага алдсан. 12 дугаар сарын тооллогоор хөрөнгө дутаасан боловч одоо болтол тооцоо хийгээгүй. Мөн 11.1.4-д зааснаар ажилдаа хожимдож ирэх, ажлын цагаас урьтаж явж байсан. Түүнчлэн 11.2-д зааснаар хөрөнгө дутаасан. Сурагчдын дүрэмт хувцасны үнэ болох 5.707.818 төгрөгийн тооцоог өнөөдрийг хүртэл хийгээгүй зэрэг зөрчил гаргаж байса нтул түүнийг ажлаас нь халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч УАУСАДС-д холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 419.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

       Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна. 

       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “УАУСАДС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.6-д үндэслэж гарсан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.6 дахь хэсэг гэж байхгүй ба  хуулинд байхгүй үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосонд гомдолтой байна. Мөн намайг байгууллагын дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй байна” гэж тодорхойлжээ.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Би бичиг хэргийн ажилтанд гаргаж өгсөн тушаалын эх хувь дээр Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийн в гэж бичсэн нь тодорхой байна. Г.Н-ийг ажлаас халсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.6 гэж бичсэн нь бичиг хэргийн ажилтан А.Хулангийн болгоомжгүй үйлдэл, техникийн алдаа гэж үзэж байна. Г.Н нь Сургуулийн дотоод журмын хэд хэдэн заалтуудыг зөрчсөн. Үүнд: сургуулийн дотоод журмын 11.1.3-д зааснаар удаа дараа ажлын хариуцлага алдсан. 12 дугаар сарын тооллогоор хөрөнгө дутаасан боловч одоо болтол тооцоо хийгээгүй. Мөн 11.1.4-д зааснаар ажилдаа хожимдож ирэх, ажлын цагаас урьтаж явж байсан. Түүнчлэн 11.2-д зааснаар хөрөнгө дутаасан. Сурагчдын дүрэмт хувцасны үнэ болох 5.707.818 төгрөгийн тооцоог өнөөдрийг хүртэл хийгээгүй зэрэг зөрчил гаргаж байса нтул түүнийг ажлаас нь халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

         Нэхэмжлэгч Г.Н нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс УАУСАДС-д няраваар ажиллаж эхэлсэн болох нь тус сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар “Ажилд авах тухай” тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

        Улмаар УАУСАДС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр “Ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 6, Сургуулийн дотоод журмын 11.1.3, 11.1.4, 11.2 дахь заалтуудыг үндэслэн Г.Нийг няравын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн хэлбэрийг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйл нь 4-н заалттай ба 131 дүгээр зүйлийн 6 гэсэн заалт тусгагдаагүй бөгөөд хариуцагчийн “тушаалын эх хувь дээр Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийн в гэж бичсэн” хэмээн тайлбарлаж байгаа мөн хуулийн 131 дүгээр зүйлийн в гэсэн заалт хуулинд тусгагдаагүй болно.

         Сургуулийн дотоод журмын 11.1.3-д “Ноцтой зөрчил гэдэгт доорх зөрчлүүд орно. Үүнд: Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчих, удаа дараа ажлын хариуцлага алдаж доголдол гаргавал, гэмт хэрэг үйлдсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын цагаар архидан согтуурсан, согтуу байсан, тамхины хяналтын тухай хууль зөрчсөн”, 11.1.4-д “Ажлын цагаас хожимдож ирэх, ажлын цагаас урьтаж явах, ээлжит хичээлийн бэлтгэлгүй хичээл заах, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөсөн зэргээс сарын ажлын өдөрт тасалсан цагийн нийлбэрийг нэгтгэн цагт шилжүүлэн, цагийн гүйцэтгэлээс хасна”, 11.2-д “Эд хөрөнгийн хариуцлага” гэж тус тус заажээ.

         Сургуулийн дотоод журмын 11.1.3-д ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчил орохыг нэрлэсэн, дотоод журмын 11.1.4-д ажил тасалсан цагийг хэрхэн тооцож, хасахыг баталсан, дотоод журмын 11.2-д эд хөрөнгийн хариуцлага гэх 11 дүгээр бүлгийн гарчигийг баримталж нэхэмжлэгч Г.Н-ийг ажлаас халсан нь ойлгомжгүй байна.

         Түүнчлэн хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлохоор Г.Н-ийн цагийн бүртгэлийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтыг хэн үйлдсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл цаг бүртгэгч нь гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, мөн цагийн бүртгэл гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

            Мөн Ахлах 4 дүгээр сургуулийн нярав Г.Н /ажлаас гарсан/, Г.Алтанхуяг /ажилд орж байгаа/ нарын ажил хүлээлцэх үед дутсан эд хөрөнгийн жагсаалт гэх баримтыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэж нийт 1.564.183 төгрөгийн эд хөрөнгө дутагдуулсан хэмээн комиссын дарга, гишүүд гэх 5 хүн гарын үсэг зурсан байх боловч уг комиссыг эрх бүхий ямар этгээд томилсон нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч Г.Н-ийг ажлаас чөлөөлөгдсний дараа үйлдсэн баримт байх тул хариуцагчийн “Сургуулийн дотоод журмын 11.1.3-д зааснаар удаа дараа ажлын хариуцлага алдсан. Мөн 12 дугаар сарын тооллогоор хөрөнгө дутаасан боловч одоо болтол тооцоо хийгээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         Түүнчлэн Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2013 оны Увс аймгийн авлагын тооцоо 2017 оны 1 дүгээр сарын 08-ны байдлаарх /4-р сургууль – 5.707.818/ гэх баримт, Ажлаас халах тухай /Хавсралт – 4/ гэх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй, 2013 оны Увс аймгийн авлагын тооцоог сургууль нэг бүрээр нь гаргасан, ямар авлагын тооцоо болох нь ойлгомжгүй байх тул Г.Н-тэй холбоотой тооцоо гэж үзэх боломжгүй юм.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 23 дугаар зүйлийн 23.2.2-д “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан байх ба энэ тохиолдолд ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч Г.Н-ийн ажлын байр нь байнгын байр байх ба ажил олгогч нь Г.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд ямар үндэслэл, шаардлагын үндсэн дээр хугацаатай байгуулах болсон талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй байна.

              Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж хуульд нийцсэн эрх зүйн акт гаргах ёстойг дурдах нь зүйтэй.

          Иймд УАУСАДС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр “Ажлаас халах тухай” тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Г.Н-ийг тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч Г.Н нь УАУСАДС-ийн няравын ажилд сарын 419.582 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь зохигчдын  тайлбар болон түүний цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаагаар нотлогдож байна.        

       Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын цалин хөлстэй тэнцэх олговор 419.582 төгрөгийг УАУСАДС-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Н-т олгох нь зүйтэй байна.

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С овогт Г-ийн Н-ийг УАУСАДС-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын цалин хөлстэй тэнцэх олговор 419.582 төгрөгийг хариуцагч УАУСАДС-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

         Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УАУСАДС-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 419.582 төгрөг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжид 13.237 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 13.237 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-т олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С овогт Г-ийн Н-ийг УАУСАДС-ийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УАУСАДС-иас ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын цалин хөлстэй тэнцэх олговор 419.582 /дөрвөн зуун арван есөн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-т олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УАУСАДС-иас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.237 /арван гурван мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, УАУСАДС-иас 13.237 /арван гурван мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-т олгосугай.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ