| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00648/И |
| Дугаар | 102/ШШ2018/03042 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2018/03042
| 2018 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2018/03042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ДАС ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Ц-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 59.625.889 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДАС ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДАС ХХК-д Ч.Цмаркетингийн менежерээр 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллаж байх хугацаандаа Герман улсын “Lowa” брэндийн гутал үйлдвэрлэдэг компанитай харилцаж, нийт 342 ширхэг алдаатай, хэт том размерийн 62.417.392 төгрөгийн үнэ бүхий гутлын захиалга өгсөн. Ч.Цыг гутлын захиалга өгөхөд “Lowa” брэндээс гутлын размер хэт том байна, энэ талаар шалгаач гэхэд Ч.Цүүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Байгууллагын маркетингийн менежер хүн гутлын захиалга хийхдээ судалгаа хийсэн байх ёстой. Гэтэл Ч.Цсүүлийн үед манайхаас том размерийн гутал хүн их асуух болсон гээд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр захиалгаа баталгаажуулсан байдаг. Ч.Цын 342 ширхэг гутлын захиалгаас ДАС ХХК-д 59.323.889 төгрөг, орчуулгын зардал бусад зардал 302.000 төгрөг нийт 59.625.889 төгрөгийн хохирол учирсан. Бид анх шүүхэд 342 ширхэг гутлын үнээр төлбөр нэхэмжилсэн ч худалдах борлогдох боломжтой 42.5-43 размерын нийт 66 ширхэг гутлыг худалдан борлогдох боломжтой гэж үзээд хасалт хийж, үлдэгдэл эрэгтэй 44-48 размерын 224 ширхэг гутал, эмэгтэй 43.5-44.5 размер нийт 52 ширхэг гутал өнөөдрийг хүртэл худалдан борлогдохгүй, 276 ширхэг гутал, улавч 118 ширхгээс хасалт хийж, 116 ширхэг нийт 59.625.889 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Цшүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Цнь ДАС ХХК-тай маркетингийн менежерийн албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ч.Цыг гутлын захиалга өгөх эрх бүхий албан тушаалтан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Маркетингийн менежер чиг үүргийн хувьд юу хэрэгжүүлэх ёстойг Монголын маркетингийн холбооны албан бичгээр тодруулсан. Монголын маркетингийн холбооноос маркетингийн менежер гэдэг нь компанийг хэрхэн ашигтай ажиллах талаар судалгаа хийж төлөвлөгөө боловсруулах албан тушаалтан гэж энгийнээр тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ДАС ХХКнь хариуцагч Ч.Цт холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохиролд 59.625.889 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд өөрийнх нь ажил үүрэгт хамаарахгүй, холбоогүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ч.Цнь ДАС ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн маркетингийн менежерийн албан тушаалд томилогдон 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь түүний ажилд орохыг хүссэн өргөдөл, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 160081 тоот хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай ДАС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 563 тоот тушаал, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн Ч.Цын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн өргөдөл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Улмаар ДАС ХХК-д ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ХБНГУ-ын Лова компанид эрэгтэй, эмэгтэй гутал, дагалдах хэрэгслийн захиалга өгөхдөө англи размераар эрэгтэй 10.5-12, эмэгтэй 8.5-9 хэмжээтэй буюу эрэгтэй 44-48, эмэгтэй 39-44 хэмжээтэй гутлын захиалга хийж, тэр захиалгаа баталгаажуулсан болох нь цахим шууданд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт зураг, орчуулсан баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч ДАС ХХКнь хөдөлмөрийн гэрээний 8.1-д “Ажилтан нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх бөгөөд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хөдөлмөрийн гэрээтэй давхар байгуулан баталгаажуулна” гэсэн заалтыг баримтлан эрэгтэй 44-48 размерийн 224 хос, эмэгтэй 41-44.5 размерийн 52 хос, 43.5-46.5 размерийн 116 хос улавчийг худалдан борлогдоогүй, борлогдох боломжгүй гэж үзэн актлагдсан тул худалдан авахдаа төлсөн үнэ, орчуулгын зардлыг хохиролд тооцон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын дагуу гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.
Хариуцагч нь хөдөлмөрлөх явцдаа ажилдаа хайнга хандаж, хэт том размерийн гутал захиалсан, нэхэмжлэгч нь тухайн гутлын үнийг төлсөн байх ба Ч.Цын захиалга хийсэн гуталнаас 276 хос гутал, 118 хос улавч зарагдаагүй, зарагдах эсэх нь тодорхойгүй нэхэмжлэгч компанийн дэлгүүрийн худалдаанд байна. Нэхэмжлэгч нь эдгээр гутал, улавчийг акталсан гэх боловч,
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Мөн хуулийн 132.2-т “Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч нь 274 хос гутал, 118 хос улавчийг худалдан авч Лова компанид төлсөн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гадаад хэл дээрх материалыг орчуулга хийлгэсний төлбөрөөр хохирлын хэмжээгээ тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч том размерийн гутал худалдан борлогдох боломжгүй гэж 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар бараа бүтээгдэхүүнийг данснаас хасч акталсан гэх боловч шүүхийн журмаар үзлэг үлдэгдэл бараанд үзлэг хийхэд дэлгүүртээ худалдан борлуулж байсан, мөн нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргахдаа дээрх актыг үндэслэж хохирлоо тодорхойлоогүй, зарагдаагүй байгаа гутлын үлдэгдлээ 342 хос, улавчаа 123 хос гэж тооцсон бөгөөд шүүхийн үзлэг хийснээс хойш үзлэгээр тоолсон гутал, улавчны тоо хэмжээгээр акт үйлдсэн байх тул энэхүү баримтаар шууд хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байна.
Мөн орчуулгын зардал 302.000 төгрөг нь Ч.Цхөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан хохирол биш, харин нэхэмжлэгч шүүхэд хандахдаа нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт бүрдүүлэхдээ холбогдож гарсан зардал байх тул байгууллагад учирсан эд хөрөнгийн хохиролд оруулж тооцон, хариуцагчаас гаргуулахаар шаардах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь маркетингийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод борлуулалтын захиалга өгөх чиг үүрэг байхгүй тул хариуцахгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь хөдөлмөрлөх явцдаа байгууллагад худалдан борлогдох боломжгүй хэт том размерийн гутал захиалж тодорхой хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заасан ба ДАС ХХК, Ч.Цнарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 8.1-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх талаар заасан байх боловч Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хөдөлмөрийн гэрээтэй давхар байгуулан баталгаажуулна гэж тохиролцсон байх бөгөөд тэдний хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул хөдөлмөрийн гэрээнд тусгасан гэх үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй” зааснаар хариуцагч нь эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээхээр байна.
Ч.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-т нэг сарын үндсэн цалин хөлсийг 800.000 төгрөг байхаар, Ч.Цыг ажилд томилсон тушаалд нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 800.000 төгрөгөөр тогтоосон байх тул түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 800.000 төгрөг гэж дүгнэж, хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтыг баримтлан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, 800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 58.825.889 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Цоос 800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДАС ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58.825.889 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471.547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ