Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Г.Б нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 2.722.275 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын сургуульд жижүүрээр ажиллаж байгаад захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2017/00489 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай магадлалаар ажилгүй байх хугацааны олговорт өөрчлөлт оруулж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноо болгон өөрчлөлт оруулсан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 дугаартай захирлын тушаалаар ажилдаа эргэн томилогдон ажиллаж байгаа тул Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулиас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.722.275 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.Б нь сургуулийн дотуур байранд жижүүрээр ажилладаг. Хариуцагч байгууллага ажилд авахгүй байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуучин ажилд нь томилсон тул тухайн цаг хугацаанаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардсан боловч өгөхгүй байгаа. Мөн өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин олговороо одоо ч гэсэн авч чадаагүй байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч буюу Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.П нь нэхэмжлэгч Г.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 4 сар 22 хоногийн олговор болох 2.722.275 төгрөгийг олгох боломжгүй болно гэх тайлбарыг шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 2.722.275 төгрөгийг гаргуулах, Г.Балгармаагийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.П-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлээ өөрчлөх, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нотлох баримтуудыг гаргаж өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах, давах болон хяналтын шатанд гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг гардаж авах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр Д.А-д 1 жилийн хугацаагаар олгосон байна /хх-3-4/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.П-д 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 80048778 дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан байх тул сумын хэсгийн төлөөлөгчид 88253303 дугаарын утсаар хурлын тов мэдэгдэхийг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 80048778 дугаарын утсаар хариуцагч байгууллагын захиралтай холбогдож хурлын товыг мэдэгдэхэд “...би өөрөө очиж амжихгүй байх, төлөөлөгчөө томилж явуулна...” гэх тайлбарыг утсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хх-35/.

Хариуцагч байгууллагаас оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-42/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 4 сар 22 хоногийн олговор болох 2.722.275 төгрөгийг олгох боломжгүй гэх тайлбарыг гаргасан атлаа татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно /хх-27/.

Нэхэмжлэгч Г.Б-г Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2017/00489 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 6.330.998 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан анхан шатны шүүхийн 133/ШШ2017/00489 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 05 дугаартай магадлал зэргээр тогтоогдож байна /хх-37-41, 6-10, 1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г.Б-г хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дотуур байрны жижүүрийн үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн авсан болох нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 тоот тушаалаар нотлогдож байна /хх-5/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан нэхэмжлэгч Г.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 2.722.275 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, нэхэмжлэгч Г.Б-г ажилд томилогдсон 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны олговороо шаардсан боловч хүлээж аваагүй, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин олговорыг одоо хүртэл хариуцагч байгууллага төлж барагдуулаагүй гэж тайлбарлаж, хариуцагч тал энэ талаар маргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх үзлээ /хх-1 арын хуудас/.

Нэхэмжлэгч ажлаас хэзээ халагдсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, хариуцагч байгууллага дээрх баримтуудыг нотлох баримтаар гаргаж мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын 2.722.275 төгрөгийг олгох боломжгүй гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно /хх-24/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байхад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2017/00489, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай магадлалыг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч Г.Б-г Б/04 тоот тушаалаар дотуур байрны жижүүрийн үүрэгт ажилд нь эгүүлэн авсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна /хх-37-41, 6-10, 5/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 105 өдрийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б-ийн 000251109 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 8 дугаар хуудсанд 2015 оны, 9 дүгээр хуудсанд 2016 оны, 11 дүгээр хуудсанд 2018 оны 5-7 дугаар саруудын цалин авсан талаарх бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил эрхлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 03 дугаар сард тус тус гарсан байна /хх-11-12, 37, 6/.

Нэхэмжлэгч Г.Б-г 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоосон байх тул 2016 оны 12, 11, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 663.762 + 417.591 + 529.567 = 1.610.920 : 3 сар = 536.973 : 21 = 25.570 төгрөг байх тул 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажлын 105 өдрөөр тооцож үзвэл Г.Б-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорын хэмжээ 2.684.850 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.722.275 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.684.850 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт  сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37.425 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй...” гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29, 4.1.4-д заасан шинэ жил 1 дүгээр сарын 1, 4.1.3-т заасан цагаан сар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 4.1.5-д заасан  олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 3 дугаар сарын 8-ны өдөр зэрэг дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуульд даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 57.908 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулиас ажилтаны ажилгүй байсан 105 өдөрт ногдох олговорт 2.684.850 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  37.425 /гучин долоон мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 57.908 /тавин долоон мянга есөн зуун найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ