Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/0092

 

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

      2022         09          20                                     2022/ШЦТ/92 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                      С.Б ,

 Улсын яллагч                                        Э.Б ,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Д.Ц ,

 Шүүгдэгч                                            Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2204001070090 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жоншны үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг, ...хашаанд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ын Б  /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн хэсгийн ойролцоо хохирогч Ч.Л-гийн эзэмшилийн 71-44 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос түүний “Эл жи” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 02-03 цагийн орчимд “Ахиц” дэлгүүрийн хажуу талаас такси бариад Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсэгт гэр лүүгээ хүргүүлсэн. Тэгээд ертөнцийн зүгээр манай гэрээс урагшаа барагцаагаар 100 метрийн эзэнгүй балгасны урд талд таксины жолоочийг зогсоож буухдаа машины голын хайрцган дээр байсан загвар нь тодорхойгүй гар утсыг авч зугтаасан. Тэр шөнөдөө цагдаад баригдаад гар утсыг нь буцаан өгсөн. Тухайн үед би нэлээн согтуу байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ч.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 17-29-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсгийн ойролцоо хохирогч Ч.Л-гийн эзэмшилийн 71-44 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос түүний “Эл жи” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэм буруутай үйлдэл нь:

- Хохирогч Ч.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2022 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ахиц” дэлгүүрийн хажуунаас нэг залуу гар өргөсөн. Тэгэхээр нь зогсоод хаа хүрэх талаар нь асуухад “”Зам зуур” цайны газар орж хоол аваад Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсэг рүү явна” гэсэн. Тэгээд тэр залууг суулгаад “Зам зуур” гэх газарт хүргэж өгөөд хүлээж байтал тэр залуу дотогш ороод гарч ирэхдээ ямар нэгэн зүйл авсан харагдаагүй. Тэгээд буцаж суугаад 3 дугаар хорооны “Гантиг зам” автосургуулийн урд талд зогс гэхээр нь зогстол миний машины голын хайрцаг дээр байсан “Эл Жи” загварын гар утсыг аваад зугтсан. Би араас нь хөөсөн боловч зам бартаатай тул тэр залуу цаашаа зугтаад алга болсон. Миний утсыг авахдаа надад хүч хэрэглээгүй. Тэгээд цагдаад дуудлага өгтөл эрүүлийн 2 цагдаа хүрч ирээд миний гар утсыг олж өгсөн. Би гар утсаа 2 жилийн өмнө 170,000 төгрөгөөр авч байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 58-р хуудас/,

-  Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хуучин ашиглаж байсан, хэрэглээний нэлээд элэгдэлтэй “Эл Жи” загварын гар утас 80,000 төгрөгийн үнэлгээтэй” гэжээ. /хх-ийн 33-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 3-5-р хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 05 цаг 10 минутад хохирогч Ч.Л-д “Эл Жи”  загварын гар утсыг хүлээлгэн өгөв” гэжээ. /хх-ийн 54-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 17-29-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.

- Дээрэмдэх гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдийн бусдын эд хөрөнгийг авахдаа илээр, эд хөрөнгийг эзэмшигч этгээдэд хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж буй идэвхитэй үйлдлээр илэрдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгч Б.Б нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Ч.Л-н машинд байсан “Эл Жи” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор авсан үйлдлээр илэрч байна.

Иймд Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Л-д 80,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б  нь хохирогчид “Эл Жи” загварын гар утсыг нэг бүрийн шинжээр буцааж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хохирогч Ч.Л-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б.Б  нь миний гар утсыг буцааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 58-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Иймд Б.Б-д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч  Б.Б гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид хохиролыг төлж баргадуулсан. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл аль аль нь тогтоогтоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөр, үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/-н сарын хугацаагаар оногдуулж, тус ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, “Гантиг зам дром”-ын хашаанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс гадагш гарахгүй байх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овгийн Б  Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овгийн Б-ын Б-д 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, “Гантиг зам дром”-ын хашаанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс гадагш гарахгүй байх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх 6 /зургаа/-н сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээг авсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Б-д тайлбарласугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Б-д сануулсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б  нь “Эл Жи” загварын гар утсыг биет байдлаар хохирогч Ч.Л-д төлсөн болохыг баталж, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
  8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН