| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2018/00483/и |
| Дугаар | 483 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- О.Ц нэхэмжлэлтэй,
хариуцагч- Б.З холбогдох,
гэрлэлт цуцлуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хүү Ц.Л-д тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц, хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр болох Б.З-тай 2012 оны 09 дүгээр сарын 26-нд гэр бүл болсон. Сүүлийн 2 жилийн хугацаанд Б.Золзаяа нь салж явж тусдаа амьдарч байгаа. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 10 сарын 02-нд хүү Л төрсөн. Ажилгүй хамтын амьдрал эхлүүлсэн хугацаанд үргэлж хэрүүл маргаантай байдаг учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд хүү Л нь миний асрамжид надтай хамт амьдарч байсан. 2017 оны шинэ жилээр ээжтэй нь уулзуулж өгөөд сарын дараа буцаагаад авсан. Хүү надтай хамт байхдаа унаж татдаггүй, ээж нь анхаарал халамж муу тавьдаг буюу оймс, гутлыг нь солихгүй байснаас хоолойг нь өвтгөж халуураад түүнээс болж ганц нэг удаа унаж таталт өгсөн байх. Түүнээс өөрөөр надтай хамт байхдаа ийм зүйл гаргадаггүй. Би өөрийн өндөр настай ээжийн хамт амьдардаг, настай хүн хэр удаав гэж, ганц бие эрэгтэй хүн бага насны хүүхдийг ганцаараа өсгөх боломжгүй байна гээд ээжид нь хүүгээ өгөөд 2 сар гаруй л болж байна. Хүүгээ санаж байгаа ч гэсэн очиж уулзахаас халшираад байдаг юм. Аавыгаа харчихаад санаад уйлаад байж магадгүй гэж боддог юм. Энэ хүн хайртай гэр бүл минь гээд л танихгүй хүнтэй авахуулсан зургаа фэсбүүкээр тавьдаг учраас цаанаа өөр хүнтэй болсон байх гэж бодож байна. Цаашид энэ хүнтэй эвлэрээд хамт амьдрах боломжгүй учраас эвлэрэх бодолгүй байна. Хүүхдийг төрсний дараа нээлгэсэн дансанд байсан мөнгийг Золзаяа дур мэдэн өөртөө авч хэрэглэсэн байсан тул би дахин хүүгийнхээ нэр дээр данс нээлгэж хуримтлал үүсгэж байгаа, улсаас өгч байгаа 20.000 төгрөг нь ч ордог байгаа. Цаашид хүүхдийнхээ нэр дээрх дансанд тэтгэмжийг төлөөд явах саналтай байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Би 2012 оны 09 пүгээр сарын 26-нд нөхөр болох О.Ц-тэй гэр бүл болсон. Хүү Ц.Л нь 2012 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн. Хүү маань одоо болтол хэлд сайн ороогүй, зарим үед унадаг, эмчийн хяналтанд байдаг. Гэр бүл болсон цагаас хэрүүл маргаан ихтэй намайг янз бүрээр доромжилж байнгын дарамтанд байлгаж гар хүрдэг. Өнгөрсөн сонгуулиар намайг зодож гэрээс хөөсөн бөгөөд гэртээ хувцасаа солих гээд ирэхэд гэрийнхээ цоожийг сольсон байсан. Тэгээд би хотод очиж 2 жил тогоочоор ажилласан. Цаашид бид 2 хамтран амьдрах боломжгүй. Би үнэхээр энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй, би өөр бусадтай амьдрал зохиосон зүйл байхгүй. Бид хоёр гаруйн хугацаанд үерхээд гэрлэж байсан. Хүүгээ ганцаараа өсгөөд хүмүүжүүлээд аваад явж чадна. Хүү маань халуурахаараа халуунаа даахгүй унаж татдаг өвчтэй, эмчийн хяналтанд байдаг боловч эмчлэгч эмч нь ээлжийн амралттай гээд бичиг хийж өгөх хүн байхгүй гэсэн. Биднийг тусдаа амьдардсан хугацаанд хүү аавынхаа асрамжинд байсан, би өөрөө дээрээ аваад 2 сар гаруй л болж байна. Одоогоор би хотод хувийн компанид тогоочоор ажиллаж байгаа тул хүүгээ аваад хот руу явах гэж байгаа. Тэр болтол аймгийн хоёрдугаар сургуульд суралцаж байгаа. Хүү маань энэ жил нэгдүгээр ангид орсон. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, эвлэрэх ямар ч боломжгүй. Харин хүү Ц.Л-д тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч Б.З-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, хариуцагч Б.З нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Л-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ /хх-1, 16/.
О.Ц, Б.З нар 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү, Л төрсөн болох нь 0000802776 Г№378 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 05/001849 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 0135595 Г№50 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-17, 2, 5, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Гэрлэгчдийн хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал, гэр бүлийн харилцаандаа хоёр талын төрлийн болон садангийн хүмүүсийг оролцуулдаг, гэрлэгчид гэр бүлийн үнэ цэнээ ойлгож ухаардаггүй, гэр бүлийн бус өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьж бие биедээ хүндэтгэлгүй ханддаг зэрэг шалтгаан нөхцлийн улмаас тусдаа амьдарсан, гэрлэгчид болох О.Ц, Б.З нарын хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй, бие биедээ сэтгэлгүй гэх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон байна /хх-4/.
Гэрлэгчид тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа болж байгаа, Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс хойш тусдаа амьдарсан гэж тайлбарлаж байх тул тэдгээрийн тайлбараар тооцоход 2017 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, энэ хугацаанд хариуцагч Б.З гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх болон үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй, гэрлэгчид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачлага гаргалгүй тодорхой хугацаагаар тусдаа амьдарсан шалтгааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрэхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр удаа дараа гаргасан тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч Б.З нь хүү Л-г унаж татдаг өвчтэй, эмчийн хяналтанд байдаг гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийг тусдаа амьдрах хугацаанд хүү Л нь аавынхаа асрамжид байсан хариуцагчийн хэлээд байгаа шиг унаж татаж байгаагүй гэж нэхэмжлэгч буюу аав нь тайлбарлаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 796 дугаартай тодорхойлолтод “...Б.З нь сутай 8-6 тоотод хүүгийн хамт оршин суудаг” гэж, Говь-Алтай аймгийн Марал-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолтод “...Ц.Л нь 6 настай, тус өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд ээжийн асаргаанд өсөл хөгжил хэвийн” гэж тус тус тодорхойлсон байна.
Тиймээс гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийг тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүү Л аавынхаа асрамжинд байж, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 1А ангид суралцдаг болох нь тухайн сургуулийн сургалтын менежер, ангийн багш нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож, аав О.Ц нь хүү Л-г эхийн асрамжинд өгөөд 2 сар болж байна, цаашид ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Л-г эх Б.З-ийн асрамжид байлгахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг О.Ц-гээс нь тэтгэлэг гаргуулан хүү Ц.Л-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч О.Ц-г эцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг хариуцагч Б.З-д үүрэг болгох нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Ц-ийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.З-ийн төлсөн 30.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 30.200 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан О.Ц, Б.З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү, Ц.Л-г эх Б.З-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү, Ц.Л-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Ц-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч О.Ц-г эцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг хариуцагч Б.З-д үүрэг болгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Ц-ийн төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.З-ийн төлсөн 30.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 30.200 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан О.Ц, Б.З нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ