| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2018/00461/и |
| Дугаар | 485 |
| Огноо | 2018-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Л.С нэхэмжлэлтэй,
хариуцагч- Ш.Б-д холбогдох,
худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 1.170.000 төгрөг, нийт 7.170.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-д ********** зах дотор байрлах 15м2 талбайтай 273 тоот дэлгүүрийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 7.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, урьдчилгаа мөнгө гэж авалгүй 7 дугаар сарын 01-ний өдөр авахаар тохиролцон нотариатаар баталгаажуулан гарын үсэг зурж, нэр дээр нь шилжүүлэн өгсөн. Ингэж өгөхдөө дэлгүүрийн арын хэсгээр хана дагаж дээврээс нь ус ордог, дээврийн хэсгийг янзалж ав гээд тодорхой хэмжээний мөнгийг хасаж өгч байгаа юм шүү гэж хэлээд өгсөн. Тухайн үед авахдаа ********** нь эхнэр, хадам ээжтэйгээ ирж үзээд авсан. Дээврийг нь янзалчихна гээд байсан. Дараа нь дээврийг хуулж хар цаас хагас дэвссэн гээд байгаа ч авснаас хойш Шинэ-Алтай захаас өөрийн дэлгүүр, байнга үйл ажиллагаа явуулдаг гэсэн тодорхойлолт авч, зээл аваад түүнээсээ 1.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дансаар надад өгсөн. Түүнээс хойш эхнэрийнхээ паспортыг хаясан, зээл авч өгнө гээд хүлээлгэсээр 8 сарын 1-н болсон, дараа нь өөрийн паспортын хугацаа дууссан солиулахлаараа өгнө гэсээр өдийг хүрээд одоо болохоор дэлгүүрийг буцааж өгнө үгүй бол шүүхээрээ шийдүүлнэ гээд байгаа. Дэлгүүрийн дээврийг хуулж, янзлах гээд бүр их ус оруулдаг болгочихоод сайн үзэж харж аваагүй тухайн үед түргэдсэн байна лээ гэж яриад байгаа. Тиймээс дэлгүүрийн үнийн үлдэгдэл 6.000.000 төгрөгийг, өдрийн 0,5 хувийн алданги болох 1.170.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Би энэ хүнийг манай дэлгүүрийг худалдан ав гэж шахаж шаардаагүй, өөрөө ирээд танайх дэлгүүрээ зарах гэж байгаа юмуу гэж асуугаад л бид хоорондоо тохиролцсон. Тухайн үед дээврийн засаж янзлах талаар хэлээд тодорхой хэмжээний төлбөр хасагдаж 7 сая төгрөгт зарж байгааг хэлсэн байгаа. Дэлгүүр нь ********** захын эзэмшлийн хашаан дотор байдаг учраас дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ баримт гаргаж авсан зүйл байхгүй, захад газрын түрээсийн төлбөр л төлдөг байгаа. Манай дэлгүүр тэгж газраасаа чийг авч байгаагүй, би өөрөө 7-8 жил сууж наймаа арилжаа хийсэн, түүнээс хойш бусдад түрээслээд хүмүүс ажиллаад болж л байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дээр эвлэрэхгүй гээд эвлэрээгүй, одоо бол алдангийн 1.170.000 төгрөг, төлсөн 1.000.000 төгрөг, түрээсийн төлбөрт авсан 180.000 төгрөг, худалдсан үнээс 500.000 төгрөг зэргийг хасаад үлдэгдэл 5.320.000 төгрөгт эвлэрэх саналтай байна. Түүнээс доош эвлэрэх боломжгүй. Би энэ хүнд 7 сая төгрөгөөр зарна гэдгээ хэлээд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд нотариат дээр очиж гэрээ байгуулсан байгаа. Түүнээс өмнө нь 4 сая төгрөгөөр зарах талаар хэлж ярьж байсан нь Б-д хамааралгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д, С хоёртой тохиролцож ********** захад байрлах дэлгүүрийг нь 7 сарын 1-нд үнийг нь өгнө гээд нотариатаар батлуулж авсан нь үнэн. Арын ханаар бага зэрэг ус ордог өөр асуудалгүй гэх юм ярьсан би борооны улирал эхлэхээс өмнө гээд дээврийн төмрийг хуулж дээврийн дунд хэсгээс хойш хар цаас дэвсэж уснаас хамгаалсан дэлгүүрийн дотор талын хананд замаск, имүс ерөөсөө байгаагүй шавар нь ил байсан учраас тэр болгоныг нь замаск, имүсээр будсан. Ингээд 4 дүгээр сар гараад өгөх мөнгөнөөсөө хагаслаж байя гээд 1.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд дэлгүүрийн дотор талын хананы доод хормой хэсгээс чийг даагаад нороод имүс нь хатахгүй байна гэж бодоод хатаах гэж хаалга үүдийг нь нээгээд байсан чинь улам ихсээд, битүү эргэн тойрон хормойноосоо нороод бүр өөдөө тэлээд имүс нь хуурсан. Учир нь доороо худагтай гүний худган дээр барьсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Манай эхнэр, ээж хоёр очиж хэлээд буцаая нэг бол үнээс нь хас гэж хэлэхэд үгүйгээ нотариатаар батлуулсан гэрээтэй гарын үсэгтэй тийм юм байхгүй, үзэж хараад болно гээд авсан биз дээ гэж хэлсэн байсан. Энэ дэлгүүрийн чанар үнэхээр муу, манайх гоо сайханы бүтээгдэхүүн тавих учир зохицохгүй доороо хөндий худагтай учраас хүйтэн өвөл гал түлээд ч нэмэргүй юм байна лээ. Ус ордог нь зөв араараа биш, 4 хуваасны 3 аас хойш ордог байсныг урьд нь түрээслэж суудаг байсан хүн болон ойр орчины хүмүүс мэддэг юм байна лээ. Бороо орохоор урьд нь түрээслэж суудаг хүнд хавь ойрын хүмүүс усыг нь шавхалцаж өгдөг байсан гэж ярьдаг. Дээврийг нь хуулаад бүр их ус ордог болгосон гэж ярьдаг. Би юу гэж тийм болгохов дээ. Харин ч бүр ус ордгийг нь багасгах гэж тийм юм хийсэн. Би буцаана гэж 2-3 удаа хэлсэн нотариат, шүүх энэ тэр гээд байхаар нь эхнэр бид 2 айгаад зээл аваад ч болсон өгье гэж бодож байсан. Тэгээд яаж ийж аргалаад мөнгийг нь өгөөд ч бид хоёрт ашиглагдахгүй учраас бид үнэнээ хэлэхэд тийм муу юм байна лээ. Шүүхээр шийдүүлье гэж хэлсэн болно. Ер нь бол чанар стандартад нийцэхгүй байгаа тул урьдчилж өгсөн 1 сая төгрөгнөөс 7, 8, 9 сарын түрээсийн мөнгийг хасаж бусад мөнгөө буцаан аваад уг дэлгүүрийг буцааж өгье гэсэн хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 1.170.000 төгрөг, нийт 7.170.000 төгрөгийг хариуцагч Ш.Б-с гаргуулахаар шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 1.170.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ...тухайн үед Б нь эхнэр болон ээжийнхээ хамт ирж үзээд үнээ ярилцаж тохиролцоод 7.000.000 төгрөгөөр авч, үнийг 7 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохирч дэлгүүрийг хүлээн авч Шинэ-Алтай захад 273 тоот дэлгүүрийн өмчлөгчийн нэрийг өөрийнхөө нэрээр солиулж бүртгүүлсэн. Уг дэлгүүр нь ********** захын хашаанд байрладаг учраас үл хөдлөх хөрөнгийн ямар нэгэн гэрчилгээ бичиг баримт гараагүй, захад зөвхөн газрын түрээсийн төлбөр төлж ашигладаг гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн огноотой худалдагч Л.С, худалдан авагч Ш.Б гэж гарын үсэг зурсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувийг гаргасан /хх-1, 7-8, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ нотлохоор ...********** захад байрлах дэлгүүрийн үнийг 7 сарын 1-нд үнийг нь өгье гэж нотариатаар батлуулж худалдаж авсан нь үнэн. Арын ханаар бага зэрэг ус ордог өөр асуудалгүй гэх юм ярьсан би борооны улирал эхлэхээс өмнө гээд дээврийн төмрийг хуулж дээврийн дунд хэсгээс хойш хар цаас дэвсэж уснаас хамгаалсан дэлгүүрийн дотор талын хананд замаск, имүс ерөөсөө байгаагүй шавар нь ил байсан учраас тэр болгоныг нь замаск, имүсээр будсан боловч дэлгүүрийн дотор талын хананы доод хормой хэсгээс чийг авч нороод имүс нь хатахгүй хуурсан. Гэтэл гүний худган дээр тухайн дэлгүүрийн барилгыг барьсан гэдгийг сүүлд мэдсэн. Энэ дэлгүүрийн чанар үнэхээр муу, манайх гоо сайханы бүтээгдэхүүн тавих учир зохицохгүй доороо хөндий худагтай учраас хүйтэн өвөл гал түлээд ч нэмэргүй. Тиймээс шүүхээр шийдүүлье гээд энэ хүнд төлсөн 1 сая төгрөгнөөс дэлгүүрийн 7, 8, 9 сарын түрээсийн мөнгийг хасаж тоосоод бусад мөнгөө авч, дэлгүүрийг нь буцааж өгөх саналтай байна. 5.320.000 төгрөгт эвлэрэхгүй... гэж татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж, 2 нүүр бүхий 4 ширхэг фото зураг хавсаргаж ирүүлсэн байна /хх-19-24, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хэргийн үйл баримт болох 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Л.С-ийн ********** захын хашаан дотор байрлах дэлгүүрийн зориулалттай 15 м2 талбайтай 273 дугаартай обьектыг хариуцагч Ш.Б нь 7.000.000 төгрөгөөр, төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар, тухайн үл хөдлөх хөрөнгө нь Шинэ-Алтай захын эзэмшил газарт баригдсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй, уг гэрчилгээг худалдагч талаас шаардахгүй гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна /хх-7-8/.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байх тул Л.С, Ш.Б нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд энэ талаар маргаагүй болно.
Харин гэрээний 2.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 7.000.000 төгрөгөөр худалдахаар, 2.2-т ...дээрх төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр төлж дуусгахаар, 2.3-т ...хугацаандаа төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсны дагуу нэхэмжлэгч шаардлагаа гаргасан байхад хариуцагч худалдан авсан обьект нь чанарын хувьд муу, ашиглах боломжгүй тул буцаах саналтай байна гэх тайлбарыг гаргаж маргасан.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээг талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ш.Б нь гэрээний зүйл болох дэлгүүрийн зориулалттай обьектыг хүлээн авч, дээвэр болон дотор талбайд засвар үйлчилгээ хийсэн болохоо, 2018 оны 4 дүгээр сард гэрээгээр тохирсон үнэнээс 1 сая төгрөгийг, мөн гэрээгээр тохирсон 7 сая төгрөгийг төлөх хүртэлх хугацаанд сар бүр түрээсийн төлбөрт 60.000 төгрөг нийт 180.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч, талууд маргаагүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтаас үзвэл худалдагч Л.С нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдагч авагч Ш.Б-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гүйцэтгэснээр хэлэлцэн тохирсон үнийг шаардах эрх нь үүснэ. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл гэрээний зүйл болох 15 м2 талбай бүхий дэлгүүрийн зориулалттай обьектыг хариуцагч өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Харин худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсэн атлаа 3 сарын түрээсийн төлбөрт 180.000 төгрөгийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс авсан нь үндэслэлгүй буюу худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд худалдагч талд түрээсийн төлбөр төлөх талаар хуулиар зохицуулаагүй, талууд гэрээндээ түрээсийн төлбөрийн талаар тохиролцоогүй байна /хх-7/.
Талууд гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан ба зохигчдын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн чанарын талаар тохиролцоогүй ч ...эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу ...доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар мөн Иргэний хуулийн 254.6, 254.1-д тус тус заасан.
Өөрөөр хэлбэл худалдан авагч буюу хариуцагч Ш.Б нь эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг арилгуулах, гарсан зардлаа төлүүлэх болон гэрээг цуцлах талаар ямар нэгэн шаардлага гаргах эрхтэй боловч энэ талаар шаардлага гаргасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.
Хариуцагч нь гэрээний зүйл болох дэлгүүрийн зориулалттай обьектыг шилжүүлэн авснаар борооны улирал эхлэхээс өмнө тухайн обьектын дээвэр болон дотор талбайд засвар үйлчилгээ хийсэн, ингэж засвар хийснээс хойш доголдол гарч хананаасаа чийг татах болсон, цаашид ашиглах боломжгүй болсон талаар тайлбарлаж, өгсөн мөнгөө буцааж дэлгүүрийн обьектыг буцаах саналтай гэж тайлбарлаж байх боловч татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа нотлоогүй, түүний худалдан авсан обьектыг дэлгүүрийн зориулалтаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, гэрээний зүйлийн талаар сөрөг шаардлага гаргаагүй, маргааны зүйл болох гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй гэх нөхцөл байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Тиймээс нэхэмжлэгч Л.С нь хариуцагчаар Ш.Б-ийг татаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, худалдан авсан эд хөрөнгийн чанар, доголдлын талаар шаардлага гаргаагүй, түрээсийн 3 сарын төлбөрт 180.000 төгрөгийг авсан болохоо нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, хариуцагч тухайн асуудлаар сөрөг шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээгээр тохирсон алданги шаардсан нийт 7.170.000 төгрөгний шаардлага, хариуцагчийн татгалзсан үндэслэл тайлбарын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн хариуцагчийг тухайн дэлгүүрийн зориулалттай обьектыг худалдан авахад дээврээсээ борооны ус ордог талаар нэхэмжлэгч хэлсэн гэж тайлбарлаж, хариуцагч үгүйсгэж маргаагүй тул худалдах-худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч Ш.Б өөрөө хүлээн зөвшөөрч худалдан авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад хариуцагч байхгүй гэсэн тайлбар өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч буюу хариуцагч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан тул хариуцагчийн гаргасан 4 ширхэг фото зураг нь юуны хана болох нь, худалдан авсан дэлгүүрийн зориулалттай обьектын ханын зураг мөн эсэх нь тодорхойгүй, огноогүй, хаяг нэргүй, нэхэмжлэгчийн гаргасан 5336011641 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтууд нь хуулбар, эрх бүхийн байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй баримтууд байх тул эдгээр баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-5, 23-24/.
Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч ********** нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгөө хүлээн авсан атлаа гэрээгээр харилцан тохирсон үнийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь 3 сарын түрээсийн төлбөрт 180.000 төгрөгийг хариуцагчаас авсан байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт /7.000.000-1.000.000-180.000/=5.820.000 төгрөгийг хариуцагч Ш.Б-оос нэхэмжлэгч Л.С шаардах үндэслэлтэй гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т дэлгүүрийн үнийг дээр дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцон төлөхөөр заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцоход 7.000.000-1.000.000-180.000 = 5.820.000 төгрөгний 0,5 хувь буюу 1 хоногийн алданги 29.100 төгрөг бөгөөд үүнийг 56 хоногоор тооцход алданги 1.629.600 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Л.С алдангид 1.170.000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээр тооцож алдангид 1.170.000 төгрөгийг хариуцагч Ш.Б-оос гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ш.Б-оос /7.000.000–1.000.000–/180.000түрээсийн төлбөрт авсан/ = 5.820.000 төгрөг, алдангид 1.170.000 төгрөг нийт 6.990.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.С шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.700 төгрөгнөөс 129.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30 /гучин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 126.790 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Б-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6.990.000 /зургаан сая есөн зуун ерөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.С олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.700 төгрөгнөөс 129.670 /нэг зуун хорин есөн мянга зургаан зуун далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30 /гучин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 126.790 /нэг зуун хорин зургаан мянга долоон зуун ерөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ