Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/0093

 

2022         09           20                                      2022/ШЦТ/93

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 С.Б,  

Улсын яллагч                                   З.Х,

Шүүгдэгч                                           Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2204000000099 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын ....тоотод оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын .... тоотод түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ийн Б /РД:/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 07.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 6 дугаар гудамжны 04 тоотод хамтран амьдрагч болох хохирогч Т.Б-г бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газарт 7-8 удаа алагдаж, зүүн хөлний шилбэ хэсэгт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн талын шилбэнд цус хуралт, баруун гуяны гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 20:00 цагийн үед багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 6-4 тоот дахь гэртээ иртэл надаар машинаа янзлуулж байсан Т гэх залуу манай эхнэртэй цуг пиво уугаад сууж байхаар нь би Т-тыг “яваарай” гэж хэлээд өөрөө ажилтай болохоор буцаад гэрээсээ гараад явсан. Тэгээд ажлаа дуусгаад 00:00 цаг өнгөрч байхад дахиад гэртээ иртэл Т, манай эхнэртэй нэг оронд байхаар нь уурлаад Т-тыг гэрээсээ хөөгөөд гэрээсээ гарч яваад граш дээр очиж амраад 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн үед гэртээ ирээд уурандаа эхнэр Т.Б-ийг 7-8 удаа алгадаж, зүүн шилбэ хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн түүнийг цохих үед тэр үүдэнд боржур дээр унаж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ хувцсаа сольж өмсөөд гарч явж байгаад Н гэх найзаараа 1 шил архи авахуулаад граш дээр очиж ууж байгаад орой гэртээ ирэхэд хадам ээж Т цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 59-р хуудас/,  

Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 63-73-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 07.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 6 дугаар гудамжны 04 тоотод хамтран амьдрагч болох хохирогч Т.Б-г бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газарт 7-8 удаа алагдаж, зүүн хөлний шилбэ хэсэгт 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн талын шилбэнд цус хуралт, баруун гуяны гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Т.Б-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Б-ын хохирогчийн нүүрэн тус газарт 7-8 удаа алагдаж, зүүн хөлний шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:  

- Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 07:00 цагийн үед хамтран амьдрагч Г.Б гаднаас орж ирээд “Чи Д.Т-тай юу хийж байсан” гэж хардаад намайг 7-8 удаа нүүр рүү алагдаж, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөж, түүнд цохиулаад газарт унахдаа байшингийг үүдэнд байх боржур дээр баруун гуяараа унасан. Г.Б намайг 15-20 минут зодоод хувцасаа сольж өмсөөд “Явлаа” гэж хэлээд гараад явсан. Өдөр манай ээж Ц.Т хөдөөнөөс манай хүүтэй цуг Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 6-04 тоотод байх гэртээ ирээд намайг Г.Б-д зодуулсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 26-ны 19:00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 6-04 тоотод миний машиныг засаж байсан Г.Б-ын гэрт 1 пиво аваад очтол тэр байхгүй, эхнэр нь гэртээ байсан. Тэгээд авч очсон пивийг түүний эхнэр Т.Б-тэй хувааж уугаад дуусаж байхад 20:00 цагийн үед Г.Б гаднаас орж ирээд, буцаад гараад явсан. Тэгээд шөнийн 00:00 цаг өнгөрч байхад Г.Б гаднаас орж ирээд, намайг хөөгөөд гараад явахаар нь би түүний хойноос гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай: “1.Т.Б-ийн биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн талын шилбэнд цус хуралт, баруун гуяны гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Дээрх тархины доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын   2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 49-66-р хуудас/,

- Шүүгдэгч Г.Б-гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р хуудас/ ,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Г.Б-гыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Б нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.    

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б-ыг хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч Г.Б гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Г-н Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Г-ийн Б-д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Г.Б-д  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Б нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Г.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН