| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/03287/и |
| Дугаар | 102/ШШ2018/03093 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2018/03093
| 2018 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/03093 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, энхтайваны өргөн чөлөө гудамж, 304 дүгээр байр, 75тоотод оршин суух, 1950 онд төрсөн, эмэгтэй, Алаг адуу овогтой Ц.Д /РД:/-гийн
Д.Х нь Ц.Д мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Должинсүрэн миний бие Завхан аймгийн Сонгино сумын 4 дүгээр багт 1950 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Р.Дагвын гэр бүлд 4 дэх охин болон мэндэлсэн. Тэгээд надад Дагвын Хулгана гэдэг нэр хайрласан. Ингээд намайг 5 настай байхад буюу 1955 онд манай аавыг малын хэргээр хилсээр баривчлагдаж Завхан аймгийн шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд манай аав шоронд хоригдож байх хугацаанд нас барсан. Тэгээд намайг 9 нас хүрэхэд миний төрсөн эх Цогоо нь өөрийн нэрээр овоглосноор Цогоогийн Должинсүрэн гэдэг нэрээр төрсний гэрчилгээ авч сургуульд орсон. Ингээд Дагвын Хулгана гэдэг нэрийг Цогоогийн Должинсүрэн болгож өөрчилсөн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт ямар ч тодорхой баримт бичиг байхгүй байгаа тул багын нэр болох Дагвын Хулгана нь одоогийн Цогоогийн Должинсүрэн мөн болохыг тодорхойлж өгнө үү. Би цаашдаа өөрийн төрсөн эцэг Рэнцэнсамбуугийн Дагвад олгогдох ёстой цагаатгалын нөхөх олговор авах гэж хөөцөлдөж байгаа юм гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Алаг адуу овогт Цогоогийн Должинсүрэн нь Дагвын Хулгана гэдэг нэртэй болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Тэрээр өөрийн шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ “...Намайг төрөхөд миний эцэг Дагва нь надад Хулгана гэж нэр хайрласан. Намайг 5 настай байхад эцэг маань хилсээр шоронд хоригдож, улмаар нас барсан. Үүний дараа эх Цогоо нь намайг өөрөөрөө овоглож намайг Должинсүрэн гэж бүртгүүлсэн” гэж тайлбарласан ба энэхүү асуудлыг тодруулах болсон шалтгаанаа “...эцэг Дагвын цагаатгалын нөхөх олговор авах” гэж тодорхойлсон.
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03-9/2667 тоот лавлагаанд “...Завхан аймгийн Сонгино сумын 8 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 32 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Жадамбагийн Цогоо эмэгтэй, 48 настай, нөхөр Рэнчинсамбуугийн Дагва 57 настай, охин Дагвагийн Хулгана 6 настай” гэж бүртгэгдсэн талаар тусгагджээ /хх 6 хуудас/.
Дээрх баримтыг гэрч Ж.Орсоо, Ж.Мангал нарын мэдүүлэг, Ц.Должинсүрэн 1950 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн гэж бүртгэгдсэн иргэний үнэмлэхийн хуулбар, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлтийн төв архивын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/013083 дугаар лавлагаанд “...Цогоогийн Должинсүрэн нь Завхан аймаг, Сонгино суманд төрсөн ба эцэг Давга, эх Ядамжавын Цогоо” гэсэн байдлаар тусгагдсан байгаатай харьцуулан судлахад Алаг адуу овогт Цогоогийн Должинсүрэн нь Дагвын Хулгана мөн болох нь тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгтзаасныг баримтлан Алаг адуу овогт Ц.Д /РД:/ нь Д.Х мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ