Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 158/2024/0008/З |
Дугаар | 221/МА2024/0447 |
Огноо | 2024-07-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0447
Б.Д-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Д
Хариуцагч Булган аймгийн Хангал сумын Засаг дарга
Гуравдагч этгээд Д.С, Ж.О
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2015 оны ** дүгээр захирамжийн Д.С-т холбогдох хэсэгт болон нэгж талбарын 630300**** дугаартай 5000 м.кв газрыг Ж.О-т давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2024/0016 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ю
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 158/2024/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь Булган аймгийн Хангал сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2015 оны ** дүгээр захирамжийн Д.С-т холбогдох хэсэгт болон нэгж талбарын 630300**** дугаартай 5000 м.кв газрыг Ж.О-т давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2024/0016 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Д нар давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Б.Д өөрийн эзэмшлийн өвөлжөөний газраа иргэн Д.С-т олгогдсон гэж яагаад маргаад байна вэ гэдгийг анхаарч үзэлгүй зөвхөн энэ 2 хүний одоо байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдагдсан нэгж талбарын дугаартай газрууд давхцаагүй гэж дүгнэлээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Д нь 1999 онд тэтгэвэртээ гараад Хангал сумын 2-р багт хувийн мал аж ахуйгаа эрхлэн суурьшсан. Очсон үеэсээ тухайн орон нутгийн захиргааны байгууллагад хандан газар эзэмших хүсэлтээ илэрхийлж, тэдний зөвшөөрснөөр өвөлжөө хашаа, модон байшин барьж тохижин эргэн тойронд нь зусаж намаржин жилийн 4 улиралд амьдарсаар иржээ.
Түүний өгсөн хүсэлтийн дагуу /захирамжид иргэдийн хүсэлтийн дагуу гэж дурдсан/ өвөлжөөний зориулалтаар 0,5 га газрыг 2-р багийн нутаг “Подьём” гэх газрын нэршлээр 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 67 тоот захирамжаар олгож “олгов” гэсэн тэмдэглэл хийгээд хавсралтад тайлбар хийхдээ ... иргэдийн газар нь өвөлжөө хашааны доорх газар учир харилцан адилгүй хэмжээтэй олгов гэсэн. Энэ захирамжид газар эзэмших хугацааг заагаагүй. Б.Д-г тухайн цаг хугацаанд Д.С-т эзэмшүүлээд өгсөн газар дээр амьдарч байсан, тэр газарт байгаа өвөлжөө хашаа, модон байшин зэрэг түүний өмчлөлийн хөрөнгө гэдэгтэй хэн ч маргадаггүй.
Энэ газар Б.Д-ийн нэр дээр эзэмшлээр олгогдсоныг тухайн үед тус суманд газрын даамлаар ажиллаж байсан гэрч Отгонжаргал гэгч шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ 2003 онд анх Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дагуу Засаг даргын гэрчилгээжүүлэх захирамж гарсан. Захирамжид нэр нь орсон л бол гэрчилгээ гарсан байх ёстой гэсэн нь 2003 оны 67 дугаар захирамжийн хавсралтын 20-д Б.Дд газар олгов гэсэнтэй нийцэж байгаа болно.
Харин Б.Д-ийн хувьд тухайн цаг хугацаанд газар эзэмшүүлэх гэрээг захиргааны байгууллагатай хийж байсан гэх боловч түүнийг нь тухайн үед Дэлхийн Зөн олон улсын байгууллагын ажилтан байсан Ичинхорлоо Дэлхийн Зөн олон улсын байгууллагын төсөлд хамруулна гэж авч яваад буцааж өгөөгүй гэх тул тэр өвөлжөөний газраа өөрийн эзэмшлийн газар гэж итгэсээр байсан ба уг гэрээний нэг хувь Хангал сумын газрын даамалд үлдсэн байх байтал энэ газрын гэрчилгээ ер байдаггүй. Газрын тухай хууль тогтоомж дүрэм журмууд нь жилээс жилд боловсронгуй болж иргэдэд газар олгох асуудал цэгцлэгдэж Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83-р тушаалаар “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам батлагдсан. Энэ журмын 2-т “эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг тогтоосон байхад Хангал сумын Засаг дарга , газрын даамал огт хэрэгжүүлээгүйгээс уг газар олголт эмх цэгцгүй байж, тухайн газрын кадастр зохих журмын дагуу хийгээгүй, өргөдөл гаргагчид газар олгосон асуудлаа мэдэгдээгүй зэргээр хууль тогтоомжоо зөрчсөн үйлдлийн улмаас иргэн Б.Д-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байна. Б.Дг тухайн цаг хугацаанд өвөлжиж байсан газарт нь эзэмших шийдвэр гараад өнөөг хүртэл хүчинтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа Д.С-т олгосон газар илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн. Учир нь Д.С-т олгогдсон газар дээр Б.Д-ийн өмчлөлийн хашаа модон байшин зэрэг хөрөнгө байхад Газрын тухай хуулийн 4.1.7-д “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” гэснийг зөрчин тухайн хашааны өмчлөгч хэн болохыг мэдсээр байж Д.С-т энэ газрыг олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн Б.Д-ийн одоогийн эзэмшиж байгаа гэх газрын гэрчилгээ нь үндэслэл болгосон захирамжийн дугаар өөр, байршил газрын нэр, хэмжээ нь захирамжид заасантай тохирохгүй, гэрээ байгуулсан хугацаагүй, 2007 оны захирамжаар 2021 оны 3 дугаар сарын 9-нд гэрчилгээ гаргасан зэргээс үзэхэд Б.Д-ийн эзэмшил газрын асуудлыг олон жил гэрчилгээжүүлэхгүй явж, эцэст нь ашиг шим сайтай эзэмшил газрыг өөр хүнд шилжүүлсэн байна.
Ингэхдээ Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангалгүй Д.С-аас зөвхөн хүсэлт нэг хуудас баримт авч бусад материалыг бүрдүүлэлгүй, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдаагүй /2003 онд бусдад эзэмшүүлсэн учир төлөвлөх боломжгүй/ газрыг хууль зөрчин олгосон энэ үйлдлийг өнгөц дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн Д.С-т газар олгохдоо олгосон нэгж талбарын дугаараа өөрчлөн Ж.О-т уг газрыг шилжүүлэхдээ нэгж талбарыг дугаарыг өөрчлөн шилжүүлсэн үйлдэл нь нэгж талбарын дугаар олгодог журам дүрмийг мөн зөрчсөн байна. Хангал сумын Засаг дарга түүний ажлын албанд газрын даамлаар ажиллаж байсан Идэр, Амартүвшин нар нь өөрсдийн хариуцлагагүй ажиллаж байсан үйлдлээ зөвтгөх зорилгоор худал мэдүүлэг өгснийг шүүх үнэлсэнд гомдолтой байна. Зөвхөн шүүх хурал дээр өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломжгүй гэж үзэж байна.
Гэрч Идэр Б.Д одоо байгаа газраа 2007 оноос хойш байгаа тул тэр газрыг нь олгосон гэсэн 2007 оны захирамжтай холбон тайлбарласан байх гэтэл тэр захирамжид байгаа Б.Д-ийн нэрээс бусад зүйл гэрчилгээний бичилттэй тохирдоггүй. Гэрч Амартүвшин болохоор дөнгөж ажилд ороод удаагүй байхад Б.Д гуайн эхнэр над руу холбогдож кадастр цахимд бүртгүүлнэ гэснийг сонсоод холбогдож байна гээд газраа зааж оруулж байсан” гэснийг Б.Д-ийн гэр бүл би утас хэрэглэж үзээгүй гэж эрс үгүйсгэж байгаа ба энэ гэрчийн хууль зөрчиж хийсэн бүртгэлийг албан ёсны үйлдэл мэт үнэлснийг зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Д нар нь 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар захирамжаар 2 дугаар багийн нутаг Подьёмд 0.5 га газрыг олгохдоо газар эзэмших хугацаа заагаагүй, уг газрын гэрчилгээ огт байдаггүй, Д.С-т энэ газрыг олгосон нь хууль зөрчсөн үйлдэл, одоогийн эзэмшиж байгаа гэх газрын гэрчилгээ нь үндэслэл болгосон захирамжийн дугаар өөр, байршил газрын нэр, хэмжээ нь захирамжид заасантай тохирохгүй, гэрээ байгуулсан хугацаа байхгүй илт хууль бус захирамж” хэмээн маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Гуравдагч этгээд Д.С-т Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дүгээр “Эзэмшил газар олгох тухай” захирамжаар Булган аймаг, Хангал сум, 2 дугаар баг, Их хөтөлийн /зүүн ар/, өвөлжөөний зориулалтаар 0.5 га газрыг шинээр эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг, Хангал сум, 2 дугаар баг, Их хөтөлд өвөлжөөний зориулалтаар нэгж талбарын 630300**** дугаар бүхий 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 00055**** дугаартай гэрчилгээ олгосон байна.
4. Улмаар гуравдагч этгээд Д.С нь Ж.О-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, тухайн өдрөө Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/106 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Ж.О-т газар эзэмших эрхийг 8 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шилжүүлж, нэгж талбарын 6303003769 дугаар бүхий, 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 8 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0**3000648 дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн 000007****дугаартай гэрчилгээ олгожээ.
5. Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 129 дүгээр “Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтаар Б.Д-д 2 дугаар баг, Цагаан хөтөл гэх газарт өвөлжөөний зориулалтаар 0.3 га газрыг эзэмшүүлэхээр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
6. Мөн Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 125 дугаар “Газар эзэмшүүлэх, гэрчилгээ нөхөн олгох тухай” захирамжийг үндэслэж, Булган аймаг, Хангал сум, 2 дугаар баг, нэгж талбарын 630300**** дугаар бүхий 5000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000100**** дугаартай гэрчилгээ олгож, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/30 дугаартай “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар Б.Д Хангал сум, 2 дугаар баг, Их хөтөл /дөрөлж/-д байршилтай 630300**** нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг 5000 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатай сунгасан болох нь тогтоогдож байна.
7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.
8. Анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр “...нэгж талбарын 630300**** болон 6303003769 дугаартай газрууд нь ертөнцийн зүгээр Булган аймгийн Хангал сумаас Орхон аймаг руу явах чиглэлийн автомашины замын зүүн талд байрладаг өндөрлөг газар буюу уулын модтой ар бүхий хамраар тусгаарлагдсан хоёр талын энгэрт тус тусдаа байрладаг буюу давхцалгүй, өөр өөр газрууд болох нь...” тогтоогдсон, ...мөн Засаг даргын 2003 оны 67 дугаартай захирамжид Хангал сумын 2 дугаар багийн нутаг 4-р подъём гэх хаягт байршилтай 0.5 хэмжээс бүхий газрыг нэхэмжлэгч Б.Д-д эзэмшүүлэхээр тусгасан боловч тухайн шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад тогтоогдоогүй... Б.Д-ийн дээрх 67 дугаартай захирамжаар нэгж талбарын 630300****, 630300****, 630300**** дугаартай газруудын аль алиныг нь 2007 оноос өмнө хуульд зааснаар эзэмших эрхтэй болсон байсан гэдэг нь үгүйсгэгдэв” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.
9. Булган аймгийн Хангал сумын Засаг даргын 2015 оны ** дүгээр захирамжийн Д.С-т холбогдох хэсэг болон мөн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ж.О-т холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдолд хамаарахгүй.
10. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2024/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, түүний өмгөөлөгч М.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА