Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03018

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03018

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 61 дүгээр байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт Ш.А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 68-26 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б /РД:/-д холбогдох,

 

820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ариунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Б.Баярхүүтэй эртний танилууд юм. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч нь өөрийн эгч н.Байгалмаагаар дамжуулан надтай уулзсан. Ингээд энэ өдрөө би түүнд 1,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Ингэж бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Үүнээс хойш тэрээр зээлээ огт төлөхгүй явж байгаад 2018 оны 4, 5, 6 дугаар сард нийт 1,090,000 төгрөгийг буцаан цувруулж өгсөн юм. Би өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн эхнэр рүү ярихад тэрээр надад мөнгийг төлнө гэж баталгаа гаргаж өгсөн байдаг. Ийм байдлаар хариуцагч болон түүний эхнэр надад мөнгө төлөх баталгаа өгсөн. Иймд 2015 оны 9 дүгээр сараас 2017 оныг дуустал хугацааны хүүнд 820,000 төгрөгийг хариуцагч Б.Баярхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ш.Ариунтунгалаг нь хариуцагч Б.Баярхүүд холбогдуулж 820,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...энэ 820,000 төгрөг нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түүнд зээлсэн 1,000,000 төгрөгийн хүү юм” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.Баярхүү нь түүнээс 820,000 төгрөгийг шаардсан дээрх нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байжээ. Гэвч хариуцагч ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн “...зээлийн гэрээний хүү болох 820,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй” гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 820,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-т олгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 24,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Н.ХАНГАЛ