Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/987

 

 

 

 

 

 

 

 

   2022         6         28                                        2022/ШЦТ/987

 

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Энхбаатар

шүүгдэгч Т.Атүүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00097 0158 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд

-  2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялын хугацаа 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан, хэрэг хариуцах чадвартай гэх Т.А.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Т.А нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Шинэ зам” гэх газарт 05-23 УНД улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор нийт цэвэр жин 85.9 гр, мөн өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 01-735 тоотод оршин суух өөрийн гэрийн хашаан дотор байх Хонда Сивик маркийн 86-33 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажин дотор нийт цэвэр жин нь 2,225.2 гр жинтэй “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Яллагдагч Т.А-ын оршин суудаг хашаанд байх тээврийн хэрэгсэл болон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Шинэ зам” гэх газарт байх 05-23 УНД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 5-11/,

- Хар тамхитай тэмцэх газрын 204 тоот өрөө, болон 00 өрөөн дотор Т.А-ын биеэс биологийн дээж буюу /шээс/ авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 12-14/,

- Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол. /хх-ийн 40-41/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 873 дугаартай “...А-ын хаягласан шээсний дээжээс “тетрагидроканнабинол” /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 56-58/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 874 дугаартай “...№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан “Улаанбаатар гурил” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн шуудайтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут болон төмөр савтай өвс, ургамал мэт зүйл тус бүрээс “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “...№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 85.9 гр, №2 гэж дугаарласан “Улаанбаатар гурил” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн шуудайтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1887.8 гр, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут болон төмөр савтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 337.4 гр байсан ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 59-63/,

- Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-наас ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан. /Honda Civic автомашины үнэлгээ 4.199.380 төгрөг/ /хх-ийн 74-79/,

- Яллагдагч Т.А-ын мэдүүлэг. /хх-ийн 196-200/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас Т.А нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Шинэ зам” гэх газарт 05-23 УНД улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор нийт цэвэр жин 85.9 гр, мөн өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 01-735 тоотод оршин суух өөрийн гэрийн хашаан дотор байх Хонда Сивик маркийн 86-33 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажин дотор нийт цэвэр жин нь 2,225.2 гр жинтэй “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Т.А нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Шинэ зам” гэх газарт 05-23 УНД улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор нийт цэвэр жин 85.9 гр, мөн өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 01-735 тоотод оршин суух өөрийн гэрийн хашаан дотор байх Хонда Сивик маркийн 86-33 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажин дотор нийт цэвэр жин нь 2,225.2 гр жинтэй “Өвс” гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

            - гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11/,

            - насанд хүрээгүй гэрч Г.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороонд байдаг Формула авто угаалгын газарт ажил дээрээ байж байтал зүс таних Хүслэн гэх хүүхэд надруу 80.000 төгрөгөнд өвс /мансууруулах, сэтгэцэт нөлөөт өвсний төрөл/ авья гэж чат бичсэн, тэгээд би хүрээд ир гэсэн, тухайн үед надад өвс байгаагүй, учир би таньдаг Агэдэг ахруу “Хүн өвс асуугаад байна, танд зарах өвс байгаа юу” гэсэн чинь “байгаа” гэж хэлсэн , тэгэхээр нь би А ахыг ажил дээр өвсөө аваад хүрээд ирээч гэсэн, тэгээд А ах ажлын газрын замын эсрэг талд машинтай ирчихсэн байсан, цагдаа нартай уулзаж байсан чинь А ахыг саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад цагдаа нар бариад авсан, тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 873 дугаартай

            1.2.3.шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “А 2022.01.19’ “алтансүх 2022.01.19” гэж хаягласан шээсний дээж /2ш/ ту бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад хамаарна.

            4. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэр төрөл, тун хэмжээ, давтамж, тухайн хүний бие физиологийн онцлог зэрэг олон хүчин зүйлээс хамаарч, харилцан адилгүй хугацаанд биеэс бодисын солилцоогоор гадагшилдаг тул хэрэглэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 874 дугаартай “...№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан “Улаанбаатар гурил” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн шуудайтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут болон төмөр савтай өвс, ургамал мэт зүйл тус бүрээс “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “...№1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 85.9 гр, №2 гэж дугаарласан “Улаанбаатар гурил” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн шуудайтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1887.8 гр, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут болон төмөр савтай өвс, ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 337.4 гр байсан ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 59-63/,

            -  шүүх сэтгэц эмгэг судлалын 209 дүгээр дүгнэлт /хх-ийн 92/,

            - яллагдагч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:”.... Би дэлгүүр ороод гарч байхад нэг залуу “гал байна уу” гэхээр нь өөрт байсан галаа өгсөн, Би тамхи татаж зогсож байгаад юм ярьж байснаа надаас “янз бүрийн юм хэрэглэж үзсэн үү” гэхээр нь  ”би огт хэрэглэж “үзээгүй” гэж хэлэхэд “чи хөрхөн ааштай залуу байна” гээд надад нэг шуудайтай зүйл гаргаж ирээд “энийг хэрэглээд үз’ гээд надад өгсөн, би тэрийг нь сонирхоод өөрийн машины багажинд хийсэн, ... Миний Хонда Сивик маркийн машин 2022 оны 01 дүгээр сарын 15-наас эхлээд эвдрээд явахаа больсон, өөрийн хашаандаа оруулаад тавьсан, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байх Формула авто угаалганд ажилладаг гэх Сүхээ буюу Алтансүх “ахаа танд өвс байгаа юу жоохон өвс олоод өгөөч манай найзын төрсөн өдөр болоод найздаа өгөх гэсэн юм” гэхээр нь “ тэр зүйлээр яах юм бэ” гэхэд Алтансүх найзын төрсөн өдөр болоод аваачиж өгөх гэж байгаа юм гэж хэлээд гуйгаад байхаар нь “хаана байгаа юм гэхэд Формула авто угаалга дээр байна гэхээр нь өөрийн хашаанд байсан Хонда Сивик маркийн машинаас жоохон атга хэрийг аваад очиж явтал цагдаа нар шалгаад баригдсан,” гэх мэдүүлэг /хх-ийн 210/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.А-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт ыхэрэг үйлдсэн хүний хувийн байдал, буюу хүнд өвчтэй ээж, дүүгийн хамтаар амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан энэ хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл баривчлагдсан байна. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ТШГ/2022 874, СБД-2 14 гэсэн бичиглэл бүхий улаан гялгар ууттай, түүн дотор №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, цэвэр жин нь 85.9 гр, №2 гэж дугаарласан “Улаанбаатар гурил” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн шуудайтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутаар тагласан төмөр сав, түүний дотор 2 ширхэг хайлсан хуванцар сав, өвс мэт зүйлтэй, цэвэр жин 337,4 гр зэрэг эд зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Honda Civic буюу үнэ 4.199.000 төгрөгийг шүүгдэгч Т.А-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Т.А хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           5. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ТШГ/2022 874, СБД-2 14 гэсэн бичиглэл бүхий улаан гялгар ууттай, түүн дотор №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл, цэвэр жин нь 85.9 гр, №2 гэж дугаарласан “Улаанбаатар гурил” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн шуудайтай өвс, ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутаар тагласан төөр сав, түүний дотор 2 ширхэг хайлсан хуванцар сав, өвс мэт зүйлтэй, цэвэр жин 337,4 гр зэрэг эд зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Honda Civic буюу үнэ 4.199.000 төгрөгийг шүүгдэгч Т.А-аас гаргуулж улсын орлого болгосугай.

               7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ын баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

              8.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

               9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА