| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/02848/и |
| Дугаар | 102/ШШ2018/02997 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2018/02997
| 2018 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2018/02997 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, дилав хутагт жамсранжав гудамж, 5 дугаар байр, 26 тоотод оршин суух, Шунхлай овогт Ш.Х /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 5б байр, 41 тоотод оршин суух, Боржигин овогт Б.М /РД:/-д
3,237,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Халиунаа нь “Экүалвиртүэ” ХХК-ийн 55-70 УНЛ улсын дугаартай, “Тоёота саксид” /Тoyota Succed/ маркын автомашиныг унаж байсан. Тэрээр уг автомашиныг өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу унаж, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан болно. Энэ өдөр тэрээр найзуудтайгаа Төв аймгийн Баян-Чандмань сум явсан. Тэрээр автомашинаа үлдээгээд 00 ороод гарч ирэхэд тэдэнтэй хамт явсан Б.Мөнхзул нь машинд түрүүлж ороод суучихсан “...би машин барина” гээд автомашиныг барьж явсан. Гэвч ингэж явж байгаад автомашиныг онхолдуулсан. Ш.Халиуаа нь уг машиныг өөрийн мөнгөөр засуулан автомашины өмчлөгч “Экүалвиртүэ” ХХК-ийг хохиролгүй болгосон. Иймд уг машины засвар, сэлбэгийн зардал болон мастер үнэлгээгээр тогтоосон 3,237,000 төгрөгийг Б.Мөнхзулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлд дурдсан “Экүалвиртүэ” ХХК-ийн автомашиныг хариуцагч Б.Мөнхзул нь нэхэмжлэгчээс хүлээн аваагүй бөгөөд тухайн автомашинд учирсан хохирлыг Б.Мөнхзулаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Б.Мөнхзул нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Хар хошуу гэх газар 55-70 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхийн өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, ослын улмаас автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Халиунаа хариуцагч Б.Мөнхзулаас 3,237,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Тэрээр шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн унаж яваад осолд оруулж эвдэлсэн автомашины засварын үнийг би төлсөн тул уг мөнгөө түүнээс буцаан гаргуулна” гэж тайлбарлав.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдэд заасан.
“Экүалвиртүэ” ХХК-ийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг Ш.Халиунаа нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу нэхэмжлэлийг шаардах эрхгүй этгээд гаргасан гэсэн агуулгаар хариуцагч Б.Мөнхзул өөрийн татгалзлыг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл талууд осол гарсан эсэх болон автомашинд учирсан хохирлын үнэлгээ, уг хохирлыг хэн төлж барагдуулсан эсэх талаар маргаагүй, харин “Экүалвиртүэ” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Ш.Халиунаа шаардах эрхтэй эсэх талаар маргасан гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэлтэст “Экүалвиртүэ” ХХК-иас осол болсны дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж өгсөн “...тээврийн хэрэгсэл нь манай компани дээр бүртгэлтэй боловч Ш.Халиунаагийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн” гэсэн тодорхойлолт, мөн “Экүалвиртүэ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн “...Ш.Халиунаа 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 55-70 УНЛ улсын дугаартай, “Тоёота саксид” /Тoyota Succed/ маркын тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаад бүрэн бүтэн ...буцааж өгсөн” гэсэн тодорхойлолт, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ш.Халиунаагийн захиалгын дагуу осолд орсон автомашинд хийгдсэн “Мастер үнэлгээ” ХХК-ийн №3613 тоот “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ” зэрэг бичгийн баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлахад зам тээврийн осол гарах үед 55-70 УНЛ улсын дугаартай, “Тоёота саксид” /Тoyota Succed/ маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Экүалвиртүэ” ХХК байсан бөгөөд өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу Ш.Халиунаа уг автомашиныг эзэмшилдээ байлгаж байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэйгээр оролцох ба 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 55-70 УНЛ улсын дугаартай, “Тоёота саксид” /Тoyota Succed/ маркын тээврийн хэрэгслийг 3,237,000 төгрөгөөр “Нимонс” ХХК-иар засварлуулсан тухай баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүйгээс гадна энэ талаар маргаагүй /хх 7 хуудас/.
Иймд Б.Мөнхзулын гаргасан зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлсөн зардлаа нэхэмжлэгч Ш.Халиунаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 3,237,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Х-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 66,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 66,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА