| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/02881/и |
| Дугаар | 102/ШШ2018/02970 |
| Огноо | 2018-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2018/02970
| 2018 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2018/02970 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Сайхан булган” хотхоны 34 дүгээр байр, 1 дүгээр орц, 3 давхарт байрлах, “Б” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, замчид гудамж, 46 дугаар байр, 77 тоотод оршин суух, Олхонууд овогт С.Д /РД:/-т холбогдох,
1,081,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган” СӨХ нь “Сайхан булган” хотхоны оршин суугчдын үүсгэл санаачилгаар 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын №266 тоот гэрчилгээтэй. Тус СӨХ “Сайхан булган” хотхоны 169 өрхийг хариуцан ажиллаж байна. “Булган” СӨХ нь “Сайхан булган” хотхоны орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, элэгдэн хуучирсан даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гражийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээг тогтмол хийж суугчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг явуулан ажиллаж байна.
Бид анх иргэн С.Ганбатыг 34/А байрны 58 тоотын өмчлөгч гэж үзэн хариуцагчаар татсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцны өмчлөгч нь С.Дэлгэр болох нь тогтоогдсон. Ингээд бид С.Дэлгэрийг хариуцагчаар татсан. Хариуцагч нь СӨХ-ны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацааны 257,500 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 309,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 342,950 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл 172,500 төгрөг, нийт 1,081,950 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 2.3, 148.3 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16,1, 16.2 дахь заалтуудыг хариуцагч зөрчиж байгаа тул 34/А байрны 58 тоотын өмчлөгч С.Дэлгэрээс СӨХ-ны төлбөрт 1,081,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Дэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Дэлгэр нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Сайхан булган” хотхоны 34/А байр, 58 тоот орон сууцны өмчлөгч юм. Энэхүү байрыг худалдан авсан өдрөөс хойш өөрийн төрсөн ах С.Ганбат, түүний эхнэр Д.Одонгуа нарыг байрандаа амьдруулж байсан. 2014 оны сүүлчээр ах С.Ганбат эхнэр Д.Одонгуагаас салж, байр түрээслэн гарч 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр С.Ганбат, Д.Одонгуа нарын гэрлэлтийг албан ёсоор цуцалсан. Энэхүү байранд Д.Одонгуа 2017 оны 7 дугаар сар хүртэл амьдарсан. 2015 оны эхнээс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Д.Одонгуа нь байрны өмчлөгч мөн гэж шүүхээр явж, энэхүү байранд амьдарч байсан. Улсын дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлж Д.Одонгуаг уг орон сууцнаас албадан гаргуулсан. 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш миний байранд ямар нэг түрээслэгч болон би огт амьдраагүй зарах хүсэлтэйгээр өнөөдрийг хүрсэн. “Булган” СӨХ-ны нэхэмжилж буй төлбөрийг С.Дэлгэр миний бие төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний өмчлөлийн энэ байранд одоог хүртэл хэн ч амьдраагүй, СӨХ-ны үйлчилгээ огт аваагүй болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Булган” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч С.Ганбатад холбогдуулан СӨХ-ны 2015 оны 3-12 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 257,500 төгрөг, 2016 оны 01-12 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 309,000 төгрөг, 2017 оны 01-12 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 342,950 төгрөг, 2018 оны 01-6 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт 172,500 төгрөг, нийт 1,081,950 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийг С.Дэлгэрээр сольсон /хх 19, 20 хуудас/.
Хариуцагч С.Дэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...уг байранд би оршин суудаггүй учир СӨХ-ны төлбөрийг хариуцах учиргүй” гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Сайхан булган” хотхоны 34/А байр, 58 тоот орон сууцны өмчлөгч мөн талаараа хариуцагч С.Дэлгэр маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь “Булган” СӨХ-д харьяалагддаг болох нь “Булган” СӨХ-г 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №266 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагчийг “Булган” СӨХ-ны гишүүн гэж үзнэ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой. Иймд хариуцагч С.Дэлгэрээс СӨХ-ны төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 978,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульчилсан тул дурдсан хугацааны төлбөрт 103,000 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.
Сууц өмчлөгч өөрийн сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй болохыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь хэсэгт заасан тул хариуцагчийн “...бусад этгээдийн эзэмшиж байх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д-ээс 978,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,516.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 28,045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ