Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

            Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д,

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний хариуцагч С.Ж,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж-д холбогдох эрүүгийн 2213000000177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, Өлгий сумын ерөнхий боловсролын .... дүгээр бүрэн дунд сургуулийн .... дүгээр ангид суралцдаг, ам бүл-7, эцэг, эх, 2 эгч, 2 дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ...... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ж-ы Ж-, регистрийн дугаар БВ..............

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Содон” нэртэй авто угаалгын газраас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч М.С-ы “Redmi note 11” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 605,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.1 Улсын яллагч Я.Дина шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэв.

1.3. Шүүгдэгч Ж.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

            Хоёр: Эрүүгийн 2213000000177 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            2.1. Иргэн М.С-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад гаргасан “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Содон авто угаалгаас “Redmi note 11” маркийн гар утсаа алдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

            2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

            2.3. Насанд хүрээгүй хохирогч М.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

            2.4. Гэрч Е.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            2.5. Иргэний   хариуцагч С.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

            2.6. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-22-0200 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

            2.7. Эд зүйл буюу “Redmi note 11” маркийн гар утсыг хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-51 дэх тал/,

            2.8. Шүүгдэгч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/ зэргийг,

2.9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс: Хавтаст хэргийн 61 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, 62 дахь талд авагдсан мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, 65 дахь талд авагдсан Ж.Ж-гийн зан байдалд хийсэн мөрдөгчийн тодорхойлолт, 71 дэх талд авагдсан сургалтын менежер С.К-гийн тодорхойлолт, 72-73 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 83 дахь талд авагдсан сурлагын үнэлгээ, 84 дэх талд авагдсан суурь боловсролын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Ж- болон түүний хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний хариуцагч С.Ж- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4 Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

4.1. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Содон” нэртэй авто угаалгын газраас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч М.С-ы “Redmi note 11” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 605,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

            4.1.1. Иргэн М.С-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад гаргасан “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Содон авто угаалгаас “Redmi note 11” маркийн гар утсаа алдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

            4.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

            4.1.3. Насанд хүрээгүй хохирогч М.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Содон” авто угаалгын газарт машин угаадаг. 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа, улмаар цалингаа цуглуулж байгаад 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Redmi note 11” маркийн гар утас 610,000 төгрөгөөр худалдан авсан юм. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр авто угаалга дээрээ ажилласан бөгөөд 16 цаг 40 минутын орчимд гар утсаа угаалгын газрын амралтын өрөөний ширээн дээр тавиад машин угаагаад явчихсан. Машин угаахдаа гар утсаа халааснаасаа авч тавихгүй бол норчих аюултай учраас гар утсаа амралтын өрөөнд үлдээчихдэг юм. Машинаа угааж дуусаад амралтын өрөөнд орж утсаа авах гэтэл ширээн дээр тавьсан гар утас алга болсон байсан юм..., ...Амралтын өрөөнд зөвхөн угаалгын газрын ажилчид л орж гардаг. Гадны хүн орж гардаггүй юм. Манай авто угаалганд урьд нь ажиллаж байсан /2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа гарсан гэх/ Ж.Ж- гэх эмэгтэй манай ажил дээр угаалгын газрын захирал З-аас мөнгө асууж ирсэн. Ж.Ж- 15 цаг 30 минутын орчимд ирсэн бөгөөд 17 цаг өнгөрч байх үед явсан. Тэрээр манайд ажиллаж байсан учраас ажилчдын амралтын өрөөнд орж гараад явж байсан, амралтын өрөөнд байж байхдаа миний ширээн дээр тавьсан гар утсыг бариад оролдож байсан талаар манайд хамт ажилладаг Күмис гэх охин харсан байна лээ, мөн Ш- гэх хүүхэд бас харсан байна лээ. Магадгүй Ж.Ж- миний утсыг аваад явсан байх гэж бодож байна. Амралтын өрөөнд өөр гаднаас орж гарсан хэн ч байхгүй..., ... “Redmi note 11” маркийн, хар өнгийн, саарал өнгийн гэртэй, IМЕI1 866127053136820, IМЕI2 866127053136838 гэх сериал дугаартай гар утас байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

            4.1.4. Гэрч Е.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд манай угаалгын газарт 1 машин угаалгуулахаар орж ирсэн бөгөөд тус машиныг М.С- угааж эхэлсэн. Энэ үед З- бид хоёр амралтын өрөөнд цайгаа ууж байсан юм. Энэ үед урьд нь тус угаалгын газар ажиллаж байгаад урьд өдөр нь ажлаасаа гарсан Ж.Ж- гэх охин орж ирж бид нартай ярилцаад сууж байсан. Ж.Ж- ирэхдээ угаалгын газарт ажиллаж байгаад цалингаа дутуу авсан байсан тул үлдэгдэл мөнгөө авахаар ирсэн байсан юм. Улмаар 15 цаг өнгөрч байх үед 3 машин угаалгуулахаар орж ирсэн бөгөөд дээрх машиныг угаахаар З- бид хоёр нэг нэг машин авч Сапарбек нөгөө үлдсэн машиныг нь авч угаасан. Дээрх машиныг угааж эхэлж байх үедээ угаалгын газрын амралтын өрөөнд угаасан машинаа тэмдэглэх гээд орох үед Ж.Ж- тус өрөөнд ганцаараа сууж байсан, энэ үедээ М.С-ы ширээн дээр байсан гар утсыг бариад оролдоод сууж байсан. би угааж байсан машинаа тэмдэглээд гараад явсан. Улмаар бид гурав машинаа угааж дуусгаад амралтын өрөө ороход М.С- ширээн тавьсан байсан миний утас алга болсон байна, хэн авсан бэ гэж асуусан, бид аваагүй тул тэр хавиас хайхад олдоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            4.1.5. Иргэний хариуцагч С.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хохирогчийн гар утсыг охин маань буцаагаад өгсөн байна лээ. Одоогоор манайхаас нэхэмжилсэн зүйлгүй ба хэрэв мар нэгэн мөнгө, төгрөгийн асуудал яригдаж нэхэмжилбэл тэрийг нь барагдуулж өгөх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

            4.1.6. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-22-0200 дугаартай “2022 оны 7 дугаар сарын байдлаар “Redmi note 11” маркийн гар утас нь 605,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

            4.1.7. Эд зүйл буюу “Redmi note 11” маркийн гар утсыг хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-51 дэх тал/,

4.1.8. Шүүгдэгч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

5.3. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-гийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын “Redmi note 11” загварын гар утсыг хулгайлж, М.С-д 605.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.С-д учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  “6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэх дүгнэлтийг,

2.2. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-гийн ар гэр байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газарт хүмүүжүүлэхээр даалгаж, эцэг, эхийн хяналтанд байлгаж өгнө үү” гэх дүгнэлтийг гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

2.5. Эрүүгийн хуулийн 8.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.7. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

2.8. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх өдөр 17 нас, 5 сар, 12 хоногтой, өнөөдрийн байдлаар 17 нас 11 сар 8 хоногтой болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-гийн насыг тоолсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

2.9. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/-аар тогтоогдож байна.

2.10. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, насанд хүрээгүй шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан yасанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтоов.

2.12. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 3 /гурав/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

2.13. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

2.14. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-гийн ар гэр байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газарт хүмүүжүүлэхээр даалгаж, эцэг, эхийн хяналтанд байлгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- урд нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байсан бөгөөд гэмт хэрэгт холбогдох үед Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд сурч байх явцад буюу өөрийн оршин суудаг газраасаа өөр газарт уг гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзлээ.

2.15. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

2.16. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Х овогт Ж-ы Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д оногдуулсан 3 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

5. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК