Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/02968

 

2018 оны 10 сарын 08 өдөр

    Дугаар 102/ШШ2018/02968

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35 А, Г байр, 0 тоотод оршин байх, “З” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35 Г байр, 29 тоотод оршин суух, Хөх хошуу овогт С.О /РД:/-д холбогдох,

 

236,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оролмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Залуу гэр бүл” СӨХ нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 г байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Хариуцагч С.Отгон нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан лифт, цэвэрлэгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2011 оны 11, 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сар, 2015 оны 2-8 дугаар сар, 2018 оны 6, 7 дугаар саруудын төлбөрийг төлөхөөс санаатай зайлсхийж байна. Бид анх дээрх хугацааны төлбөрт нийт 286,194 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Гэвч хариуцагчийн зүгээс 2018 оны 6, 7 дугаар саруудын төлбөрийг төлсөн байгаа.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.23-т заасан үүргээ биелүүлээгүй, СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлж байгаа оршин суугчдыг хохироож байгаа тул С.Отгоноос 2011 оны 11, 12 дугаар сарын СӨХ-ны төлбөрт 47,365.60 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын төлбөр 23,682.80 төгрөг, 2015 оны 02 дугаар сараас мөн оны 8 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөр 165,779.60 төгрөг, нийт 236,828 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн хэлээд байгаа автомашины хучлага, хөлний гишгүүр зэргийг бид хариуцахгүй, үнэхээр хулгайд алдсан эсэх нь ч тодорхой бус. Бид хийх ёстой ажлаас хийдэг, гэвч зарим нэг оршин суугчдаас шалтгаалан төлбөр төлөх, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг гэжээ.

 

Хариуцагчийн С.Отгон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 35г байрны 29 тоотод оршин суудаг. Манай байрыг хариуцан ажилладаг СӨХ нь үйл ажиллагаагаа хангалтгүй явуулдаг. Орц болон гаднах талбайг бохир, заваан байлгадаг. Тэдний буруугаас болж би 240,000 төгрөгийн үнэтэй машины хучлаг, мөн 60,000 төгрөгийн гаднах хөлийн гишгүүр зэргийг хулгайд алдаж байсан. Нийт 236,828 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. 2018 оны 6, 7 дугаар саруудын төлбөрийг бол төлсөн байгаа. Нэхэмжлэгч одоо ийм удаан хугацааны дараа төлбөрөө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд анх шүүхэд нэхэмжилсэн мөнгөний 30 хувийг л төлөх боломжтой гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Залуу гэр бүл” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч С.Отгонд холбогдуулан 2011 оны 11, 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сар, 2015 оны 02-8 дугаар сар, 2018 оны 6, 7 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 286,194төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн шаардлагын хэмжээг “...хариуцагч С.Отгон 2018 оны 6, 7 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг төлсөн” гэсэн үндэслэлээр 236,828 төгрөг болгон багасгасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх ба  татгалзлын үндэслэлээ “...манай СӨХ хангалттай сайн үйл ажиллагаа явуулдаггүй тул би анх нэхэмжилсэн мөнгөний 30 хувийг л төлнө” гэж тайлбарлав.  

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Хариуцагч С.Отгон нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35 Г байр, 29 тоотод оршин суугч мөн эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь “Залуу гэр бүл” СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №149 тоот гэрчилгээгээр  тогтоогдож байна. Иймд хариуцагч нь “Залуу гэр бүл” СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч тал хариуцагч С.Отгоноос СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь 2011 оны 11, 12 дугаар сар, 2012 оны 01 дүгээр сар, 2015 оны 02-8 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 236,828 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар хуульчилсан тул дээр дурдсан хугацааны төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчийн хувьд дуусгавар болжээ. 

 

Гэвч хариуцагчийн “...би анх шаардсан нийт төлбөрийн 30 хувийг төлөх боломжтой” гэсэн тайлбарыг үндэслэн анх шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага болох 286,194 төгрөгийн 30 хувь буюу 71,048 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч С.О-оос 71,048 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 165,780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,235.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-оос улсын тэмдэгтийн хураамжинд 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

              

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ХАНГАЛ