| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/02946/и |
| Дугаар | 102/ШШ2018/02793 |
| Огноо | 2018-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2018/02793
| 2018 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/02793 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, өнөр хороолол, 11 дүгээр байр, 113 тоотод оршин суух, Дайртан овогт Д.Г /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Цоглог хотхон, 203 дугаар байр, 60 тоотод оршин суух, Боржигон овогт Г.Б /РД:/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр байр, 57 тоотод оршин суух, Боржигон овогт Д.Г/РД:/ нарт холбогдох,
3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах бид гурав Улаанбаатар төмөр замд ажилладаг, харин Г.Бадрахтай нь би нэг дор ажилладаг юм. Хариуцагч Г.Бадрах надад “...миний ахад яаралтай мөнгө хэрэг болоод байгаа, та мөнгө зээлээч” гэж гуйгаад байсан учир хамгийн анх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний бие хариуцагч Д.Ганчулуун болон Г.Бадрах нартай зээлийн гэрээ байгуулаад 1,000,000 төгрөг өгсөн. Гэрээг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байгуулсан. Энэ гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй байсан учир 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ганчулуунтай 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Ганчулуунд би 1,500,000 төгрөг биш харин 500,000 төгрөг бодитоор өгсөн. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуу төлөх ёстой хүү болон алданги нь нийлээд 1,000,000 төгрөг гаран болоод байсан. Уг мөнгийг оруулж тооцоод, мөн 500,000 төгрөг нэмж хийгээд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ганчулуун бид хоёр зээлийн гэрээ байгуулсан болно. 2017 оны 11 дүгээр сард Д.Ганчулуун нэг удаа 150,000 төгрөг буцаан төлсөн. Өөр ямар ч төлөлт хийгээгүй. Ингээд хариуцагч нар надтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу надад дараах төлбөрийг төлөх ёстой болоод байгаа. Үүнд:
1/ Хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, 3 сарын хүү 300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийтдээ 1,950,000 төгрөг болно.
2/ Хариуцагч Д.Ганчулуун нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний надаас бодитойгоор 500,000 төгрөг авсан. Бид нэг сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирсон. Ийм учраас би түүнээс үндсэн зээл 1,500,000 төгрөг, гэрээний хугацаа 12 сар учир 12 сарын хүү 1,800,000 төгрөг, хүү болон үндсэн зээлийн нийт төлбөр 3,300,000 төгрөгийн тал хувь болох 1,650,000 төгрөгийг алдангид тооцон нийтдээ 4,950,000 төгрөг авах ёстой. Үүнээс хариуцагч Д.Ганчулуун надад 150,000 төгрөгийг 11 дүгээр сард нь төлснийг хасаад 4,800,000 төгрөг болсон. Ингээд миний хувьд хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нараас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,950,000 төгрөг, хариуцагч Д.Ганчулуунаас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4,800,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй болоод байгаа.
Гэвч би гэрээний үүргийг хариуцагч нараас шаардан шүүхэд хандахдаа тооцооллын алдаа гаргасан байна. Иймд би нэхэмжлэгчид байдаг эрхийнхээ дагуу хоёр гэрээний дагуу заавал 6,750,000 төгрөгийг шаардахгүй, өөрийн шаардлагын хэмжээг багасгана. Иймд хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нараас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,650,000 төгрөгийг, харин хариуцагч Д.Ганчулуунаас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,650,000 төгрөгийг, нийт 3,300,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Гэрэлчимэгтэй Г.Бадрахаар дамжуулж танилцсан. Ингээд надад яаралтай мөнгөний хэрэг гараад байсан тул Д.Гэрэлчимэгтэй Г.Бадрах бид хоёр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч Д.Гэрэлчимэг уг 1,000,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг шууд хүүгийн урьдчилгаа гэж хэлээд авсан ба надад бодитоор 900,000 төгрөг ирсэн. Үүний дараа би зээлийн гэрээний хугацаанд ахин 200,000 төгрөгийг 2 сарын зээлийн хүүнд тооцон төлсөн. Үүнээс хойш надад үнэндээ төлбөрийн боломж олдохгүй байсан учир ахин мөнгө төлөөгүй.
Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Гэрэлчимэг бид хоёр уулзсан. Тэрээр надад “...2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хүү болон алданги нь нийлээд 1,500,000 төгрөг болсон тул шинээр гэрээ хийхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Ингээд энэ өдрөө 1,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэх тухай гэрээг хийсэн. Миний бие гарын үсгээ зурсан. Угаасаа Д.Гэрэлчимэгт таньдаг нотариат байдаг, түүн дээр нь очиж энэ гэрээг байгуулсан. Гэрээний ар талд би “...бэлэн мөнгө хүлээн авлаа” гэж бичсэн. Намайг Д.Гэрэлчимэг “...хүлээн авсан гэж заавал бич” гэж шаардаад байсан учир ингэж бичсэн. Түүнээс биш яг бодит байдал дээр би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг эсхүл нэхэмжлэгчийн яриад байгаа шиг 500,000 төгрөгийг огт аваагүй. Нэхэмжлэгч надад 500,000 төгрөг дахин зээлдүүлсэн мэтээр худлаа ярьж байгаад гомдолтой байна. Би 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчид ахин 150,000 төгрөг төлсөн. Одоо анхны 1,000,000 төгрөгийн хүү болон алдангийг хуульд заасан хэмжээгээр нь төлнө. Түүнээс биш аваагүй огт мөнгөө хүү, алдангийн хамт төлөхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрийн 3,300,000 төгрөгийн шаардлага, түүний үндэслэлээ тодруулж байна. Уг тодруулж байгааг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нараас 2017 оны 3 дугаар сарын 13 болон 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 3,300,000 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ.
1/ 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:
2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг болон хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нар зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү зээлийн гэрээгээр Д.Гэрэлчимэг нь Д.Ганчулуун, Г.Бадрах нарт 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг “...энэхүү гэрээний дагуу хариуцагч Д.Ганчулуун, Г.Бадрах нараас үндсэн зээл 1,000,000 төгрөг, 3 сарын хүү 300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг гаргуулах ёстой. Гэхдээ би анхнаасаа тооцооллоо буруу гаргасан тул хариуцагч нараас 1,650,000 төгрөг авна” гэж өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...бодит байдал дээр 900,000 төгрөг өгсөн, үүнээс гэрээний хугацаанд 2 сарын хүү болох 200,000 төгрөгийг буцаан төлсөн” гэх хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нар үндсэн зээл 1,000,000 төгрөг, 3 сарын хугацааны зээлийн хүү 300,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг төлөх үүргийг хүлээжээ. Харин гэрээний хугацаа дуусаагүй байхад 2 сарын хүүнд 200,000 төгрөгийг буцаан төлсөн гэх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул 2 сарын зээлийн хүүг хариуцагч нар төлсөн гэж үзнэ.
Нэгэнт бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог тул нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 1,000,000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар зээлийг ашигласны хариу үүрэг буюу дутуу төлөгдсөн хүү болох 100,000 төгрөгийг тус тус хариуцагч нараас шаардах эрхтэй.
Түүнчлэн зохигчийн байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь зээлж авсан 1,000,000 төгрөгийг хүүгийн хамт гэрээний хугацаа дуусахад төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал гэрээний хугацаа дууссан 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд үндсэн зээл 1,000,000 төгрөг, гэрээний хугацаанд дутуу төлөгдсөн зээлийн хүү 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзээд алдангийг тооцоход 550,000 төгрөг болж байна. Уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь мэтгэлцэхдээ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан.
Хэдийгээр хариуцагч “...бодит байдал дээр 900,000 төгрөгийг гар дээрээ хүлээн авсан” гэж өөрийн татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлах боловч тэрээр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний ар талд “...2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Гэрэлчимэгээс 1,000,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа” гэж гарын үсгээ зурсан эсэх талаараа маргахгүй байгаа нь түүний татгалзлыг үгүйсгэж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хувьд хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.
2/ 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хувьд:
2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг болон хариуцагч Д.Ганчулуун нар “Зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Д.Гэрэлчимэг нь Д.Ганчулуунд 1,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус харилцан хүлээх ба зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдэд зохицуулжээ.
Нэхэмжлэгч “...энэ гэрээний дагуу би 1,500,000 биш харин 500,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн. Үлдэх 1,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний төлөгдөөгүй хүү, алдангид тооцон гэрээ хийсэн” гэж, харин хариуцагч “...нэхэмжлэгч надад 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хүү болон алданги нь нийлээд 1,500,000 төгрөг болсон тул шинээр гэрээ хийхгүй бол болохгүй гэж хэлсэн учраас энэ гэрээг хийсэн, түүнээс биш энэ гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй” тус тус маргаж байна.
Хариуцагч Д.Ганчулуун 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний ар талд “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Гэрэлчимэгээс 1,500,000 төгрөг бэлнээр авав” гэж бичсэн эсэх талаараа маргаагүй байгаа нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн “...би 1,500,000 биш харин 500,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн” гэх тайлбарыг харьцуулан судлаад шүүхээс нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Ганчулуунд 500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэлээ.
Харин 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангид нийт 1,650,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй.
Учир нь зохигчид 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 1,500,000 төгрөгийг олгосон тохиолдолд хүү болон алдангитай байхаар тохирсон байх бөгөөд хариуцагч бодитоор 500,000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэгч уг мөнгийг л Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл талууд 500,000 төгрөг дээр хүү болон алданги тооцох талаар харилцан тохироогүй гэж үзнэ.
Харин хариуцагчийн “...2017 оны 11 дүгээр сард 150,000 төгрөгийг буцаан төлсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул 500,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Б-аас 825,000 төгрөгийг, хариуцагч Д.Г-аас 1,175,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 32,750 төгрөг, хариуцагч Г.Б-аас 24,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ