Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/699

 

 

 

 

 

 

 

 

     2022        09         05                                     2022/ШЦТ/699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Л.Галбадар, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр

иргэдийн төлөөлөгч А.Батбаяр,

улсын яллагч П.Итгэл,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

шинжээч эмч Я.Ганхүү,

гэрч Б.А,

гэрч Л.Б,

гэрч Г.З,

гэрч Б.Т,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Гантулга,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан эрүүгийн 2211000000922 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овогт Л.Т

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн слесарь мэргэжилтэй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Л.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19А байрны орцны үүдэнд амь хохирогч Н.Дтай “Л.Б, Б.А нарыг өмөөрч” хоорондоо маргалдаж, түүний зүүн чихний доод хэсэгт 2 удаа хутгалж, хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

А. Шүүгдэгч Л.Т нь амь хохирогч болон нийт 4 гэрчтэй нийлж  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шөнийн 03 цагийн үед  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19А байрны  орцны үүдэнд амь хохирогч Н.Дтай / гэрч Л.Б, Б.А нарыг өмөөрч/ гэрч Б.АзЗгийн дэргэд хоорондоо маргалдаж, түүний зүүн чихний доод хэсэгт 2 удаа хутгалсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

           - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Өнөөдөр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 30 минутын үед манай бэр А миний 99211790 дугаарын утас руу Э дугаараас залгахад манай эхнэр Н.н миний утсыг аваад ярихад “Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хүрээд ирээ, бие нь муу, үхчихлээ” гэж хэлээд уйлаад орилоод байсан гэсэн. Тэгээд эхнэр манай хүргэн Энх-Амар бид гурав Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд би хүүгээ нас барсан гэдгийг мэдсэн. Миний хүү 1996.08.26-ны өдөр Улаанбаатар хотод Эх нялхсын эмнэлэгт төрсөн ба 10 жилийн сургуулиа 61 дүгээр сургуулийг төгсөөд түүнээс хойш хувиараа Нарантуул зах дээр бараа бүтээгдэхүүн худалдаж аваад эргээд зарж борлуулдаг ажил хийдэг байсан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 19а байрны 1 дүгээр давхарт байрлах цайны газрыг 2 сарын өмнөөс Агийн эгч Бийн түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд тэр цайны газарт А ажиллаад манай хүү хүүхдүүдээ гэртээ харж байсан. Манай хүү Атай гэр бүл болоод 5 жил болж байгаа дундаасаа том охин 4 настай, дунд охин 3 настай, бага хүү 10 сартай гээд 3 хүүхэдтэй бөгөөд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 12-996 Б тоот хашаанд зэрэгцэн амьдардаг. Уг нь хүү маань Ттай их л найз нөхдийн харьцаатай байдаг яагаад ийм болсныг мэдэхгүй байна. Хоорондоо ямар нэгэн зүйл болсныг огт мэдэхгүй байна. Т нь манай бэр Агийн ээжийнхэн төрсөн дүү байхаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Амьдын зол үхсэний гай гэдэг боллоо энэ ард нь үлдсэн 3 хүүхэд нь үнэхээр хэцүү боллоо. Хамгийн сүүлд би хүүтэйгээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх цайны газар дээр уулзсан. Хүү маань айлын ганц хүү байсан юмаа....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар тал/,

            - гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Зоос гоёлын автобусны буудлын ойролцоо зогсож байхад нүүр гар нь цус болчихсон ногоон өнгийн үстэй эмэгтэй над дээр гүйж ирээд манай нөхөр хутгалуулчихлаа, туслаач ээ гэж хэлэхээр нь би хаана вэ гэж хэлэхэд зоос гоёлоос ертөнцийн зүгээр хойшоо яваад аркийн хажууд хэвтэж байгаа гэж хэлэхээр нь би яваад очъё гэж хэлээд тухайн эмэгтэйтэй хамт Зоос гоёлын ертөнцийн зүгээр ард талд байрлах аркийн ойролцоо очиход байрны гадна талын шат дээр нүүр ам нь цус болчихсон цус алдсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд түүний хажууд миний танихгүй 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан ба...,...би машинаасаа буугаад гүйж очоод тухайн шат дээр хэвтэж байсан эрэгтэйг хамт байсан нэг эрэгтэй хүнтэй хамт өргөөд миний машины хойд талын суудал дээр суулгатал нэг цагдаа гүйж ирээд миний машиныг бариад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал/,

            - гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газартаа Этэй хамт ажлаа хийгээд сууж байхад оройны 20 цагийн үед Э рүү, Д залгаад уулзъя би эхнэртэйгээ цуг байна чи Насанжаргалыг дагуулаад ир гэж хэлээд дуудаад байсан бөгөөд би тухайн үед явахгүй гэж хэлсэн бөгөөд  надад А, Бо, Д нартай уулзъя гэж хэлээд надтай хамт 22 цагийн үед гараад хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Rich” гэх нэртэй караоке, буудлын газарт 22 цагийн үед ирээд “Rich” гэх нэртэй газрын караокены 04 номерын өрөөнд Э бид 2 ороод сууж байтал гаднаас Д, А. Б, Бийн төрсөн дүү гэх нэрийг нь мэдэхгүй нэг залуу нар орж ирээд бид 6 нийлээд хамтдаа 1 цаг караокед дуулсан бөгөөд караокед байх хугацаандаа 0,75 литрийн хэмжээтэй “Еlix” гэх нэртэй архи хувааж уугаад 00 цаг өнгөрч байхад караокеноос гарч Д, Э 2 хамт дэлгүүр орж дэлгүүрээс 075 литрийн хэмжээттэй “Ехport” гэх нэртэй архи аваад бид 6 хамтдаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Зоос гоёлын ойролцоо байрлах Бгийн цайны газарт орж эхлээд хоол идсэн бөгөөд хоолоо идэж дуусаад дэлгүүрээс авч ирсэн 2 шил 075 литрийн хэмжээтэй “Ехрогt” гэх нэртэй архи хувааж уусан бөгөөд 2 дахь шил архи дуусаж байхад Д Бтой гар утасны тоглоомоос болж хоорондоо бага зэрэг маргалдсан бөгөөд би тухайн үед Атай хамт гадагш гарч бид 2 хамт тамхи татаад зогсож байхад ардаас Д гарч ирээд би явлаа гэж хэлээд Агаас тамхи аваад зогсож байтал ардаас нь Бгийн дүү гэх нэрийг нь мэдэхгүй нэг залуу гарч ирээд Дт хандаж “...За хөгшөөн тайвшир” гэж хэлсэн бөгөөд тухайн үед нь би нөхцөл байдал нь зүгээр байсан учраас эргээд цайны газарлуу ороход дотор Б, Э 2 сууж байхаар нь би Э, Б 2-той юм яриад сууж байтал А гаднаас хаалгаар шагайгаад хутгатай байна штээ гэж орилохоор нь Б, Э бид 3 гүйгээд гартал Д шатан дээр хүзүүнээс нь цус гараад хэвтчихсэн А хажууд суугаад цус нь тогтоох гээд уйлж байсан бөгөөд А, Д хоёрын хажууд Бгийн төрсөн дүү гэх залуу хараад зогсож байсан бөгөөд Б дээд талын хувцсаа тайлаад Дын хүзүүн дээр тавьж цусыг нь тогтоосон бөгөөд би цайны газарлуу буцаж гүйж ороод Майонезын цагаан өнгийн саванд ус хийж гаргаж ирээд Бд өгөхөд Б, А нар Дт ус уулгах гээд амруу нь миний авч ирсэн усыг өгөх гээд бага багаар хийж байгаад А такси дуудах гээд ганцаараа гүйгээд явсан. Тухайн үед би цус хараад бага зэрэг шоконд орчихсон бөгөөд А яваад нэг их удалгүй саарал өнгийн приус-30 маркийн такси авч ирээд таксинаас нэг танихгүй залуу бууж ирээд Этэй хамт шатан дээр хэвтэж байсан Дыг өргөөд таксины ард талд суулгатал цаад талаас нь нэг цагдаа гүйж ирээд машин дотор суугаад Дыг эмнэлэгрүү авч явсан бөгөөд удалгүй Цагдаагийн алаг тэрэг ирж бид нарийг бүгдийг нь авч явсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

            - гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 09 цаг 00 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тэс-116 чиглэлд цагдаагийн дэд ахлагч Б.Сын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 17-43 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Тэс-10с 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 01 минутад “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19А байрны гадаа гүрээний судсаа ханасан цус алдаад" гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Орцны үүдэнд авто зогсоол дээр цайвар өнгийн 51-68 УНМ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн дөрвөн хаалга нь онгорхой, тойроод 4,5 хүн зогсож байсан. Тухайн 4, 5 хүн цус алдаад байна. Эмнэлгээ дуудаач эмнэлэг яачихваа гээд орилохоор нь би тухайн хүмүүст 103 дуудсан юм уу гэж асуусан чинь аль түрүүн дуудсан одоо хүртэл ирээгүй байна. Уг машины зүүн тал, орцны үүд хэсгээр маш их хэмжээний цус асгарсан байдалтай байсан. Уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр нэг эрэгтэй доошоо харчихсан хэвтэж байсан..., ...би өөрөө тухайн тээврийн хэрэгслийг бариад хамгийн ойрхон ЧДЭМ-ийн төврүү явсан..., ...Т хутгаар зүссэн гээд уйлаад орилоод байсан. Араас хамт үүрэг гүйцэтгэж байсан С үлдсэн хүмүүсийг авч ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,

            - гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 09 цаг 00 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 1, 4 хорооны нутаг дэвсгэрт Тэс-116 чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Э.Тын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 17-43 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Тэс-10с 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 03 цаг 01 минутад “Чингэлтэй дүүргийн 4 хороо 19А байрны гадаа гүрээний судсаа ханасан цус алдаад” гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход амь хохирогч их хэмжээний цус алдсан тэнд хамт байсан хүмүүс туслаарай, эмч дуудаарай гээд орилоод байсан. Тэгээд манай хамтрагч Төмөрбаатар ах талийгаачийн сууж байсан Приус 30 загварын тээврийн хэрэгсэлд талийгаачийн эхнэр гэх эмэгтэйг суулгаад өөрөө машиныг бариад хэргийн газарт хамгийн ойр байсан. Чингэлтэй дүүргийн Эрүүл Мэндийн Төврүү явсан. Харин би араас нь өөрийн Тэс 116 чиглэлийн тээврийн хэрэгслээр үлдсэн 5 иргэний аваад араас нь явсан. Очиход тухайн эмнэлгийн эмч нь надад хандан цус алдсан хүн нас барсан байна ар гэрийг нь битгий эмнэлэгрүү оруулаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Мийн удирдсан бүрэлдэхүүн ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

            - гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхээр нь би найз охинтойгоо хамт ажлаасаа 23 цаг 30 минутын орчим гараад Рич нэртэй караокены 4 дугаартай өрөөнд орсон. Тэгэхэд талийгаач ирээгүй байсан. Түүнээс хойш 10-15 минутын дараа талийгаач эхнэртэйгээ, талийгаачийн хадам ээжийнхэн төрсөн дүү гэх Б, Болор- Эрдэнийн төрсөн дүү Т 4 ирээд 2 цагаар караокены цагийг хийж 1 шил 0,75 литрийн Еlix нэртэй архи, ундаа зэргийг авч уусан. Түүнийгээ ууж эхлээд удалгүй талийгаач бид 2 Баянбүрдийн ойролцоо нэрийг нь мэдэхгүй байна дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн Экс нэртэй архи, 2 ундаа авч эргэж караоке орж түүнийгээ гарахдаа авна гээд ресефшн дээр нь үлдээсэн. Тэгээд караокед 1 цаг дуулж 1 цагийг нь үлдээгээд бөөнөөрөө гарч талийгаачийн эхнэрийнхэн Бтэй хамт ажиллуулдаг дээрх цайны газар ирсэн. Уг газартаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 01 цагийн орчим ирсэн байх. Ирээд авсан архиа задлаад хоол хийж бөөнөөрөө сууцгаасан ба 2 дахь архи дуусаж байхад Б талийгаач 2 юунаас гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан хоорондоо маргалдаад барьцалдаж авах гээд байсан тэр үед нь манай найз охин болон талийгаачийн эхнэр 2 тамхи татахаар гадаа гарчихсан байсан. Тэгээд би Бийг нь салгаад талийгаачаас холдуулсан. Тэгтэл талийгаач манай найз охин болон эхнэрлүүгээ тамхи татахаар араас нь гарсан. Тэр үед Т текний дэргэд ганцаараа нэлээн согтчихсон зогсож байсан ба Болор-Эрдэнийг та одоо тайвшир битгий хэрүүл хий гэж хэлээд эргээд хартал Т байхгүй байсан. Тэгээд би Бтэй ширээн дээр үргэлжлүүлэн юм яриад сууж байхад манай найз охин гаднаас орж ирсэн. Тэгээд бид 3 хамт юм яриад сууж байтал удалгүй талийгаачийн эхнэр А “Төрөө, Т хутгатай байна’’ гээд орилоод ороод ирсэн тэгэхээр нь би шууд зөрөөд гартал талийгаач шатан дээр дээшээ харчихсан ойр орчим нь маш их хэмжээний цус болчихсон хэвтэж байсан талийгаачийн эхнэр нь Т ах хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр үед Т талийгаачаас 50-100 метрийн зайтай зогсож байсан ба би Т дээр очиж чи яасан арчаагүй хар лалар бэ? энэ хүн үхчихвэл яах юм бэ гэж хэлээд түүний нүүрлүү нь гараараа 2 удаа цохисон, тэр үед Б цайны газраас гараад ирчихсэн “Манай дүү хүн алаагүй шүү, би хүн алсан шүү гээд уйлаад орилоод түргэн дуудсан уу” гэхээр нь би түргэн дуудсан гэж хэлээд найз охин билүү Бд дахин 103 руу залгаарай гээд утсаа өгсөн. Тэгээд би талийгаачийн хажууд яваад очсон ба Б талийгаачийн хүзүү хавьцаа нь гараараа дарж байсан харин талийгаачийн эхнэр А, Төрөө чих нь тасарчихсан юм шиг байна гээд орилсон. Мөн манай найз охин майонезын саваар ус зөөж өгсөн харин Б талийгаачийн дээрээс асгаад байсан. Тэр үед Т хаашаа ч юм мэдэхгүй явчихсан байсан. Тэгж байтал нэг Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл талийгаачийн эхнэр Агийн хамт ирсэн. Тэгээд таксины жолоочтой хамт талийгаачийг таксины ар талын суудалд хэвтүүлсэн. Гэтэл удалгүй цагдаа нар ирээд дээрх Приус машиныг унаад эмнэлэг явсан. Тэгээд би Б болон найз охинтойгоо хамт Чингэлтэй дүүргийн эмнэлэгрүү явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

            - гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Дээлий” /Б эгчийн хоолны газар/-нд байрлах ажил дээрээ 13 цагийн үед өөрийн хадам аав, хадам ээж, нөхөр/Д/ болон 3 хүүхдийн хамтаар ирж хоол идсэн, Бид 5 хамтдаа хоол идээд хадам аав, хадам ээж манай 3 хүүхдийг аваад 16 цагийн үед манай хоолны газраас явсан. Ажил дээр Б, Д бид 3 үлдэж ажлаа хийгээд сууж байхад 17 цагийн үед гаднаас манай нагац ах Т ирээд бид 4 хамтдаа ажил дээрээ цэвэрлэгээ хийж байгаад ажлаас 21 цаг өнгөрч байхад гараад гэртээ харьчхаад Э, Насанжаргал хоёртой уулзахаар болж 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rich” гэх нэртэй караокед уулзаж 1 цаг караокед дуулсан бөгөөд караоке дотор бид 6 нийлээд 075 литрийн хэмжээтэй “Еlix” гэх нэртэй архи 1 шилийг хувааж уугаад 1 цаг караокед дуулаад Б эгчийн цайны газар буюу миний ажилладаг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээлий” гэх нэртэй цайны газарт очиж суухаар болж Э, Д 2 гадагш дэлгүүр гарч дэлгүүрээс 075 литрийн хэмжээтэй “Ехрогt” гэх нэртэй 075 литрийн хэмжээтэй архи 2 шилийг авч ирээд бид нар караокеноос 00 цагийн үед гарсан. Ингээд Дээлий цайны газарт 00 цагийн үед бид 6 хамтдаа дэлгүүрээс авсан 075 литрийн хэмжээтэй архиа хувааж уугаад сууж байхад Д Б эгчтэй цахим орчноос болж маргалдаад байхаар нь би Насанжаргалтай хамт цайны газрын арын хаалгаар гарч хамт тамхи татаж байхад дотор талд Дын дуу нэлээн чанга гараад хүнтэй маргалдаад байх шиг болохоор нь би дотогш ороод хартал манай нөхөр Д манай нагац эгч Бтой маргалдаад нэг нэгэнлүүгээ нэлээн дайраад тэр хоёрын голоор Т, Э 2 ороод болиулчихсан байж байхаар нь би Д дээр очоод хамт гарья чи нэг тамхи татаад тайвширчих гэж хэлээд Дыг гадагш аваад гарсан.

            Ингээд цайны газрын ард талд Д, Н бид 3 хамтдаа тамхи татаад зогсож байхад бид 3-ын ардаас Т ах гарч ирсэн бөгөөд Насанжаргал дотор ороод байж байя гэж хэлээд орсны дараа би Дт хандаж “...Чи яах гэж Б эгчийг янхан гэж хэлээд доромжилж байгаа юм бэ?” гэж хэлэхэд Д надад “...Танайхан угаасаа ийм штээ танай Б эгч чинь янхан штээ” гэж хэлээд уурлаад миний цээжрүү нэг гараараа түлхэхэд би арагшаа ухархад Д дахиад надруу ойртоод уурлаад ирэхээр нь би чи зүгээр цаашаа зайлаа гэж хэлэхэд хажууд хараад зогсож байсан Т ах бид хоёрын голоор ороод Дыг цайны газрын шат хэсэгрүү түлхээд “...пизда минь чи ер нь юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн бөгөөд би ардаас нь хараад зогсож байхад Т Дын урд талаас нь баруун зүүн гараараа тус бүр 1 удаа ээлжлээд хүзүүн тус газарт нь дээрээс доош савж цохиход Д ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй яажинаа пиздаа гэж хэлээд 2 гараа алдлаад цайны газрын шатан дээр дээш хараад уначхаад нь би ардаас нь гүйж очоод Т ахыг ардаас нь татаад болиулахад Т ахын баруун гар нь цус болчихсон гарт нь хутга барьсан байдалтай байхаар нь би Тын гарт байсан хутгыг аваад хойшоо шидээд Д дээр очоод Дын хүзүүг гараараа барьж үзэхэд гайгүй юм шиг байхаар нь зүүн чихийг нь хартал чих нь бараг салчихсан зүүн чихнийх нь ард хэсгээс цус гарч байхаар нь би цайны газарлуу гүйж ороод Т ах Дыг хутгалаад хаячихсан байна штээ гэж орилоод буцаж гарч гүйгээд Дын хажууд суугаад тэврээд уйлсан бөгөөд Э ирээд Дыг харчхаад Т дээр очоод чи хүн алчихлаа штээ гэж хэлээд Э, Т ахыг цохих шиг болсон бөгөөд тухайн үед Насанжаргал цайны газар дотроо саванд ус хийж гаргаж ирсэн бөгөөд Б эгч бид 2 Дын зүүн чихний доороос гарч байсан цусыг арчаад тогтоож байхад Д нүдээ хагас аниж нээгээд амьсгаагаа их хүнд амьсгалсан байдалтай байхаар нь би замлуу гүйгээд замын цаанаас такси олоод таксины жолоочид манай нөхөр цус алдаад үхэх гээд байна гэж хэлээд тухайн таксинд суугаад таксины жолоочтой хамт хэрэг болсон газар буюу Дээлий цайны газрын ард талд ирэхэд Э, Насанжаргал, Б эгч 3 Дарханбаярын хажууд зогсож байсан бөгөөд би Э таксины жолоочтой хамт Дыг өргөөд машины ард талын суудал дээр суулгатал Цагдаа ирээд машиныг жолоодоод Д бид хоёртой хамт Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг орсон.

            Би эмнэлэг дээр очоод 1 давхарлуу нь ороод туслаарай гэж тэргэнцэр байвал өгөөрөй гэж хэлэхэд 2 минут орчмын дараа надад тэргэнцэр манаач ах гаргаж өгөөд би Цагдаа ахтай хамт машин дотор байсан Дыг тэргэнцэр дээр суулгаад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжпуу оруулж өгсөн....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

            - гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н, Э хоёртой би юм яриад сууж байтал А гаднаас Д цус алдаад байна ш дээ, Т хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь Э, Н бид гурав гараад очтол Д манай цайны газрын орцны шатан дээр зүүн талын чихнээс нь цус гараад хэвтэж байхаар нь би очоод цамцаа тайлаад цусыг нь тогтоохоор дарсан бөгөөд тухайн үед би маш их сандарч Насанжаргалыг түргэн дуудаач ээ гэж хэлээд утаснаас нь түргэн дуудаад Наар ус зөөлгөж Дын амруу хийж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

            - гэрч Г.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 10 минутын үед миний 86757686 дугаарын утас руу Т өөрийнхөө ашиглаж байгаа 80077245 дугаарын утаснаас залгахаар нь харчхаад аваагүй юм. Тэгтэл дахиад шууд манай нөхөр Бийн гар утас руу Т 2 удаа залгахаар нь манай нөхөр утсаа аваагүй юм. Тэгээд эргээд над руу дахиад залгахаар нь би дотроо шөнө залгаж байгаа болохоор настай ээж нь өнгөрчихлөө гэж бодоод утсаа аваад Ттай ярихад Т өөдөөс уйлаад “З эгчээ би хүн алчих шиг боллоо, хүн хутгалчихлаа" гэж хэлэхээр би эгчдээ үнэнээ хэл, түргэн дуудсан уу яасан ийсэн бэ гэхэд Т “Дархан Б аниатай хэрэлдээд Б аниаг эсэн шидээр янхан гичий гэж доромжлоод бас Зг зодохоор нь би ийм юм хийчих шиг боллоо" гээд уйлаад хэлээд байсан. Тэгснээ цагдаагийн машин ирчихсэн байна бас шүүхийн машин ирчихсэн байна гэж хэлэхээр нь Тт чи хаана байгаа юм бэ гэтэл замын нөгөө талд байна Төрөө намайг хөөсөн, би очиж чадахгүй байнаа З эгчээ гэхээр нь эргээд би наана чинь эрүүл саруул хүн байна уу, нэгнийхэн дугаарыг өг гэсэн. Тэгэхээр нь ах эгч хоёр нь одоо очлоо зугтаж болохгүй шүү гэхэд “за эгчээ хүлээж байя" гээд уйлаад байсан ба улмаар эгчээ над руу “цагдаа залгаад байна гэхээр нь цагдаагийн дугаарыг нь аваад ярь гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр цайны газрын ойролцоо Т луу залгахад би айгаад байран дунд гүйж байна, хаана байгаагаа мэдэхгүй байна гэхээр нь аниагийн дүү Тэнгис рүү гүйгээд ир эсхүл цайны газар луу хүрээд ир гэсэн. Тэгээд дүүг Тэнгисийн ойролцоо утас руу нь залгаад хүлээгээд байтал утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр шууд Тэнгисийн урдаас тойроод танай цагдаагийн хэлтэс орж иртэл үүдэнд З сууж байсан, ээжээ намайг уучлаарай гээд уйлаад ирсэн Тэгээд цагдаа дээр байж байхад төд удалгүй Тыг цагдаа нар гавлаад авч орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал/,

            - Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цаг 17 минутад №2685 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар тал/,

            - хэргийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн үзлэг “...Хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ертөнцийн зүгээр баруун тийш харсан саарал өнгийн төмөр вакум хаалгатай 6 давхар бүхий ногоон өнгийн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг байх бөгөөд уг эмнэлгийн 1 давхрын хаалгаар дотогш ороод орох хаалганы баруун талын хэсэгт 104 дугаартай “Насанд хүрэгчдийн яаралтай тусламж” гэсэн хаягжилтай ногоон өнгийн хаалгатай өрөө рүү ороход өрөөний зүүн талд байрлах орон дээшээгээ харсан байдалтай, толгойдоо ногоон өнгийн будаг орсон хар өнгийн үстэй, хоёр нүдний зовхи хагас аниастай, дээгүүрээ хар өнгийн гялгар өнгийн хүрэмтэй, дотуураа саарал өнгийн ноосон цамцтай, доогуураа цайвар өнгийн жинсэн өмдтэй, түүний дотуур улаан өнгийн өнгийн дотуур өмдтэй /дотоожтой/, хөлдөө хөх өнгийн оймс болон цагаан өнгийн пүүзтэй 26 настай, толгойд чихний зүүн хэсэгт чихийг нэвт зүсэж хуваасан гэмээр зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарч байгаа байдалтай эрэгтэй хүний цогцос байсан ба цогцсын уг өмсөж байсан бүх хувцас нь бүхэлдээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдож нойтон болсон байдалтай байсан. Улмаар уг өрөөнд байсан Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч Б.Б болсон асуудлын талаар амаар тодруулахад “өрөөнд орж ирэхэд амь хохирогч амьсгал хураасан байсан” гэж хэлсэн болохыг тэмдэглэлд тусгасан. Үзлэгийг үргэлжлүүлэн явуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтэст жижүүрийн 102-ын утсаар дамжуулан мэдэгдэхэд, шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор бүрэлдэхүүний хамт Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ирж, цогцсын гадна үзлэгийг Шүүхийн эмнэлгийн хэлтэст хийхээр болж, амь хохирогчийн цогцсыг албаны тээврийн хэрэгслээр зөөвөрлөж авч явсан. Мөн амь хохирогчийг Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэх тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийхээр тогтоход Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орох хаалганы баруун талын автомашины зогсоол дээр ертөнцийн зүгээр урд хэсэг нь зүүн тийш харсан байдалтай 51-68 УНМ улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн ард талын суудал дээр амь хохирогч Н.Д сууж байсан гэснээр тухайн орчимд үзлэгийг явуулахад зүүн ард талын суудлын саарал өнгийн суудлын бүрээс бүхэлдээ цус мэт улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдож норсон байдалтай, мөн уг суудлын хөл хэсгийн шалавч дээр цус мэт улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байсан ба уг хэсгээс зориулалтын хөвөнтэй бамбараар шингээж дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр тогтсон. Мөн уг тээврийн хэрэгслийн зүүн хойд /ард/ хаалганы бариулын доод хэсэгт бариулаас доош чиглэлтэй цус мэт улаан өнгийн зүйл урсаж бага зэрэг хатсан байдалтай байсан. Улмаар уг тээврийн хэрэгсэлд өөрөөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл тогтоогдоогүй болно. Үзлэгийг цааш хэрэг учрал болсон гэх газарт хийхийн тулд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээрээс хөдлөх үед хэрэгт ажиллаж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.А утсаар мэдэгдсэнээр амь хохирогч Н.Дын биед халдсан гэх этгээдийг барьсан гэснээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо ЗОА байрны ертөнцийн баруун талдаа байрлах хүүхдийн тоглоомын талбай дэргэдэх явган хүний зам дээр очиход дээгүүрээ хар өнгийн куртиктэй, дотуураа бор шар өнгийн ноосон цамцтай, доогуураа цэнхэр өнгийн өмдтэй, хөлдөө бор өнгийн гуталтай Лувсандагва овогтой Т гэх эрэгтэй нь ардаа гавлуулсан согтуу байдалтай байсныг тэмдэглэлд тусгаж, улмаар цагдаагийн дэслэгч Н.Ад Л.Тыг хүлээлгэн өгч, Цагдаагийн хэлтсийн төв байранд хүргүүлсэн. Улмаар үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэг учрал болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ертөнцийн зүгээр зүүн тийш харсан улаан хүрэн өнгийн төмөр хаалгатай 19А гэсэн зүүн урд буландаа хаягжилттай дундаа арктай шар өнгийн 6 давхар бүхий орон сууцны байр байв.Уг байрны улаан хүрэн өнгийн төмөр хаалга руу орох хэсэгт 7 алхам бүхий шат байх бөгөөд шатны зүүн талд цементэн гадаргуутай талбай дээр цус улаан хүрэн өнгийн шингэн зүйл асгарсан гэмээр талбайг бохирдуулсан байсныг 4 дугаараар тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан.Улмаар уг шатны урд хэсэг болон шатны алхмын хэсгийг тус тус 5 дугаараар тэмдэглэсэн ба шатан дээр цагаан өнгийн 3 литрийн хуванцар сав шатны 1-р алхамд, шатны 2-р алхамд ягаан өнгийн даавуу гэмээр зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Тэгээд тухайн хэсэг газраас зориулалтын хөвөнтэй бамбараар цус мэт улаан өнгийн шингэн зүйлээс дээж авсан. Мөн шатны урд хэсэгт 6 болон 8 дугаараар тамхины ишийг тэмдэглэж, 2 ширхэг тамхины ишийг хураан авч бэхжүүлсэн. Цааш үзлэгийг үргэлжлүүлэхэд уг шатнаас урагш байрны зүүн талын буланд 1 давхрын хэсэгт ногоон өнгийн хаалга байсан ба уг хаалга руу гарсан цементэн 5 алхам бүхий шат байх ба шатан дээр улаан өнгийн зүйлээр бохирлогдож тогтсон гутлын мөрнүүд байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Улмаар уг ногоон өнгийн төмөр хаалгыг татаж үзэхэд хаалга түгжээгүй онгорхой байсан ба хаалгаар дотогш ороход 5 алхамтай шатан дээр байсан улаан өнгийн гутлын мөр үргэлжлээд уг өрөөний плита шалан дээр гарсан байсан. Мөн уг өрөөний орсон хаалганы баруун талд байрлах төмөр саарал өнгийн угаалтуурын дээд хэсэгт ханан дээр ногоон өнгийн соронзон наалт хар өнгийн иштэй заазуур 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг тус тус байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд уг өрөөний төмөр угаалтуурын хэсгээс цааш баруун тийш чиглэж гарахад тухайн газар нь цайны газар /хоолны газар/ зориулалттай байр байсан ба нийтдээ 5 ширээтэй, текний ар хэсэгт газар дээр саарал өнгийн гялгар уутан дотор “АгкЫ” гэх нэртэй 0.75 литрийн архины хоосон шил 1 ширхэг, тухайн архины шилний таглаанаас 2 ширхэг. мөн “Гоё” гэх бичигтэй 1 литрийн ундааны хоосон сав 1 ширхэг тус тус байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч, хураан авсан.Цааш үзлэгийг тухайн цайны газраас гараад гадна хэсэгт явуулахад байрны зүүн талын үзүүр хэсэгт байрлах төмөр сараалжан хашааны цаана ертөнцийн зүгээр зүүн урд шороон зам дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож бага зэрэг хатсан байдалтай нийт 33 см урттай, шар өнгийн иштэй, иш хэсэг нь 10 см урттай, ажлын хэсэг нь 23 см урттай хутга байсныг 7 гэсэн дугаараар тэмдэглэж, хураан авч, эд мөрийн баримтаар тооцохоор болсон.Улмаар үзлэгийг цааш явуулахад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тухайн цайны газрын орох хаалга болон байр луу орох хаалганы хэсэг зэрэгт үзэгдэх орчинд туссан хяналтын камер байгаагүй болно...”гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-16 дугаар тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтас хэргийн 43-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

           

            Б. Шүүгдэгч Л.Тын дээрх гэмт үйлдлийн улмаас Н.Дын амь нас хохирсон болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...талийгаач Н.Д нь бүх бие нь цус болчихсон, бүх хувцас нь цус болчихсон байдалтай эргүүлийн цагдаа, сувилагч эмчийн хамт тэргэнцэр дээр түрүүлчихсэн орж ирсэн ба үзлэгийн орон дээр хэвтүүлээд үзэхэд амьсгал, зүрх судас бүрэн зогссон нас барчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1195” дугаартай “...Талийгаач Н.Дын цогцост хүзүүний зүүн хажуу хэсэгт нэвтэрч арьс, хүзүүний урт булчин, гүрээний ерөнхий тараагуур судасны зүүн салаа, гүрээний ерөнхий хураагуур судасны зүүн салаа, зүүн тэнэгч мэдрэлийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх, зүүн далны өнгөц зүсэгдсэн шарх, хүзүүний булчин, залгиурын булчинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн 2 удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр, цээжний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих, цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь 45 градусын өнцгөөр гаднаас дотогш, дээрээс доош ташуу чиглэлтэй үүссэн байх боломжтой. Хүзүүний булчин, судас, мэдрэл гэмтээсэн шархнууд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.8.1-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цээжний зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй. Талийгаач нь зүрхний судасны сорвижил өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд хүргэхгүй. Талийгаач нь дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг талийгаач өөрөө өөртөө учруулах боломжгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 91-96 дугаар тал/,

            - Биологийн шинжилгээний №3527 дугаартай амь хохирогч Н.Дын цусны бүлэг О (I) гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал/,

            - Биологийн шинжилгээний №3526 дугаартай Спиртийн зүйл хэрэглэсэн талаарх “цусанд 4,2%, Ходоодны шингэнд 7,0%, цөсөнд 3,7 %, нүдний алимны шингэнд 3,3% спиртийн агууламж илэрсэн.” Гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,

            - Шүүх эд судлалын шинжилгээний №1195 дугаартай дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №1501 дугаартай амь хохирогч Н.Дын хувцасны гэмтлийн талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 106-114 дүгээр тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №2309 дугаартай амь хохирогч Н.Дын хувцаснууд дээр илэрсэн цусны биологийн шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116- 119 дүгээр тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №2372 дугаартай яллагдагч Л.Тын хувцаснууд дээр илэрсэн цусны биологийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 137-139 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №5911 дугаартай яллагдагч Л.Тын биед хөнгөн гэмтэл тогтоогдсон талаарх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №2340 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Л.Тын гэх “Т” гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь биологийн шинжилгээнд тэнцэнэ. Уг хуруу шилтэй цус нь АВО системээр О (I) бүлгийн харьяалалтай байна.” шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр тал/,

- цогцост 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

В. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “... шүүгдэгч Л.Тыг хүнийг санаатай алах бус харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн...” гэх утга агуулга бүхий санал гаргаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар маргаж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.

Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №513 дугаартай “...Л.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна. Л.Тын удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт үгүй байна. Мэдүүлэг өгөх чадвартай, Хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон гэх баримт үгүй байна. Л.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Иймд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт.

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Я.Батхүүгийн өгсөн: “...Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдалт нь 2 янз байдаг. Тухайлбал энгийн сэтгэл цочрон давчдалт гэдэгт түрхэн зуурын богино хугацаанд сэтгэл санаа нь хэт хүчтэй сэтгэл хөдлөлд орсон хүнийг хэлнэ. Жишээлбэл, өөрийгөө хамгаалах, өндөр стресст өртсөн хүн түрхэн зуурд хариу урвал үзүүлэх гэх мэт. Энэ тохиолдолд болсон үйл явдлыг ерөнхийд нь санадаг. Харин эмгэг сэтгэл цочрон давчдалт гэдэгт тархины гэмтэл, архаг хууч өвчтэйн улмаас сэтгэл санаа цочрон давчидвал тухайн болсон үйл явдлыг бүгдийг санахгүй байдаг гэв. Мэдээллийн журмаар хэлэхэд, согтуурах, мансуурсан үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах гэсэн шинж илрэхгүй буюу уг ойлголт яригдахгүй гэж шүүх сэтгэц эмгэг судлалын шинжлэх ухаанд үздэг” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхэд: Л.Т нь хэрэг учрал болох үед архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн  байсан. Амь хохирогч Н.Д нь Л.Тыг өөрт нь болон ойр дотны хүнд нь санаа сэтгэлийн болон бие махбодын хувьд доромжилсон, хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан зэрэг хууль бус үйлдэл гаргаж Л.Тыг түрхэн зуурын хүчтэй сэтгэл хөдлөлд автуулан амь хохирогчийг хутгалах хэмжээний нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Амь хохирогч Н.Д нь Л.Тын эгч гэрч Л.Бтэй барилга дотор  маргасан үйл явдал болоод хэсэг хугацаа өнгөрсний дараа Л.Т нь хутга авч гадагш гарч амь хохирогчтой маргаж байгаад хутгалж байгаа нь түүнийг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаад түргэн зуур хариу үйлдэл үзүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчлүүлэх өмгөөллийн саналыг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзэв. 

 

Г. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар: “...Л.Тыг хүнийг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг хүнд согтолттой байхад буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алсан...” гэх утга агуулга бүхий санал гаргаж хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэх талаар маргаж үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.  

хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхэд: Л.Тын үйлдсэн гэмт үйлдэл нь амь хохирогч Н.Дын бие махбодод олон тооны шарх, гэмтэл үүсгээгүй амь хохирогч уг гэмтлийг аваад удаан хугацаанд эмчлэгдсэн, өвдсөн, зовж зүдрэхээр нөхцөл байдал үүсээгүй өөрөөр хэлбэл гэмтлийг аваад тэр дороо богино хугацаанд их хэмжээний цус алдаж амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Л.Тыг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзэх үндэслэлгүй байна. мөн амь хохирогчийн биеэс илэрсэн согтууруулах ундааны хэжээ нь өндөр хэдий ч тухайн үйл явдал болох үед Н.Д нь орчиндоо харьцаатай, идэвхтэй үйл хөдөлгөөн хийж байсан зэрэг нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба Л.Т, Н.Д нар нь тухайн үед адилхан согтуурсан байдалтай байсан тул Л.Тыг хохирогчийг бие хамгаалах чадваргүй байсныг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.     

 

Д. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Т нь гэм буруутай, хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн өөрийгөө удирдах чадвартай байсан гэж үзэж байна. Л.Т нь Дтай удаан хугацаанд дарамтлуулж байснаас өс хонзон үүссэн байдал харагдаж байна. Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн зэвсгээ санаатайгаар биедээ авч явсан гэж үзэж байна” гэв.

 

Е. Шүүгдэгч Л.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19А байрны орцны үүдэнд амь хохирогч Н.Дтай хоорондоо маргалдах явцдаа хүний биед хутга мэс хүргэхэд биед нь гэмтэл учруулах,  амь насыг нь хохироох боломжтой гэдгийг мэдсэн атлаа хоромхон зуур 2 удаа хохирогчийг хутгалах үйлдлээ хийж хохирогчийн амь насыг хохироох нөхцөл байдалд зориуд хүргэсэн санаатай гэмт үйлдэлд нь улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан, хэргийг зөв зүйлчилсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тиймээс Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

            Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй, зүйлчлэлийн хувьд маргаж байгаа талаар байр сууриа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Л.Тын үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэдэгт огт маргаагүй бөгөөд гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Т баримтаар авагдсан учруулсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид хохирлыг нөхөн төлнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж ялын доод хэмжээний гуравны хоёроос доошгүйгээр ял оногдуулж өгнө үү.” гэсэн утга агуулга бүхий өмгөөллийн саналыг гаргасан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад: “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээг гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж хуульчилжээ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ. Уг хуулийн заалтаас үзэхэд тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх ба хүний амь насыг нөхөн төлнө гэсэн ойлголт байх боломжгүй тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...шүүгдэгч Л.Тын үйлдлийн улмаас оршуулгын зардал 19,867,100 /арван есөн сая найман зуун жаран долоон мянга нэг зуун/ төгрөгийг /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудаснаас 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал/ баримтаар нэхэмжилсэн ба түүнээс 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг өчигдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Тиймээс үлдсэн оршуулгын зардал болох 4,867,100 /дөрвөн сая найман зуун жаран долоон мянга нэг зуун/ төгрөгийг нэхэмжилж байна. Миний хүү Б.Д бага насны буюу 1-5 насны 3 хүүхэдтэй. Хүүхдийг 18 нас хүртэл хугацаанд эрүүл аюулгүй орчинд амьдруулах зардал болох 102,000,000 /зуун хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Л.Таас гаргуулах саналтай байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь оршуулгын зардалд нэхэмжилсэн 19.867.100 төгрөгийг шүүгдэгч Л.Т нь шүүхээс хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч нийт 20.000.000 төгрөгийг барагдуулсан байх тул түүнийг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохиролд буюу 3 хүүхдийн 18 нас хүртэлх эрүүл аюулгүй орчинд амьдруулах зардалд 102.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хавтаст хэрэгт холбогдох баримт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаантай куртик 1, бор өнгийн ханцуйтай цамц 1, цэнхэр өнгийн даавуун өмд 1, хар өнгийн үдээстэй гутал /пүүз/ хос 1, хос оймс 1, цайвар өнгийн жинсэн өмд 1,  Calvin Klein гэсэн бичигтэй улаан өнгийн дотуур хувцас 1, хар өнгийн гялгар хүрэм 1, урдаа бамбаруушны дүрс бүхий саарал өнгийн цамц 1, хос оймс 1, цагаан өнгийн хос пүүз 1, хар өнгийн подволк 1 ширхэг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр шийтгэх тогтоол хүчин Т болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дт буцаан олгох,

харин бусад эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болох нь тогтоогдсон, мөн тамхины иш 2, Arkhi гэх нэртэй 0.75 литрийн архины хоосон шил 1, хөх өнгийн таглаа 2, Гоё гэсэн хуванцар сав 1 ширхэг зэрэг зүйлсийг тогтоол хүчин Т болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

 

Шүүгдэгч Л.Т нь нийт 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 140 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Лувсандагвын Тыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Л.Тын цагдан хоригдсон нийт 140 /нэг зуун дөч/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн нэхэмжилсэн 102.000.000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаантай куртик 1, бор өнгийн ханцуйтай цамц 1, цэнхэр өнгийн даавуун өмд 1, хар өнгийн үдээстэй гутал /пүүз/ хос 1, хос оймс 1, цайвар өнгийн жинсэн өмд 1,  Calvin Klein гэсэн бичигтэй улаан өнгийн дотуур хувцас 1, хар өнгийн гялгар хүрэм 1, урдаа бамбаруушны дүрс бүхий саарал өнгийн цамц 1, хос оймс 1, цагаан өнгийн хос пүүз 1, хар өнгийн подволк 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дт буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн модон иштэй хутга 1, тамхины иш 2, Arkhi гэх нэртэй 0.75 литрийн архины хоосон шил 1, хөх өнгийн таглаа 2, Гоё гэсэн хуванцар сав 1 ширхэг зүйлсийг тогтоол хүчин Т болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ

                                         

                                                      ШҮҮГЧИД                         

Л.ГАЛБАДАР

 

                                                                                                Д.СУВД-ЭРДЭНЭ