Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02803

 

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02803

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж 40/1 тоотод оршин байх, “Д” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Ч.Намсрай 45-28 тоотод оршин суух, Батхаан боржигон овогт Б.Н /РД:/-д  холбогдох,

 

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,312,778 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Бадарч овогтой Нарантуяатай 2016/431 тоот хийн түлш “Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч  нь хийн түлшийг захиалан манай компанийн борлуулагч хүргэн өгч төлбөрийг дансаар хийж хариуцсан нягтлан бодогч нь тооцоо нийлж акт үйлддэг байсан. Б.Нарантуяа нь “Шинэ дорно” олон үндэстний хоолны газарт хоолны кабин түрээслэн ажиллуулж байх хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийн түлш худалдан авч эхэлсэн. Гэвч Б.Нарантуяа нь 1,541,852  төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөлгүй тус газрыг түрээслэхээ больсон бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна. 2016/431 тоот гэрээний 5.3 дахь зүйлд “Худалдан авагч” нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги нэмж төлнө гэж заасан ч Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 770,926 төгрөгийн алданги нэмж тооцогдож байна. Иймд Б.Нарантуяагаас хийн түлшний үлдэгдэл төлбөр 1,541,852 төгрөг, 770,926 төгрөгийн алдангийн хамт нийт 2,312,778 төгрөгийг улсын хураамжийн хамт гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Нарантуяа нь “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжилсэн 2,312,778 төгрөгөөс үндсэн төлбөр болох 1,541,852 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч Б.Нарантуяагаас 2,312,778 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Нарантуяа нь үндсэн төлбөр болох 1,541,852 төгрөгийг төлсөн тул 770,926 төгрөгийн алдангиас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь Б.Нарантуяад холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,312,778 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагын 2,312,778 төгрөгийн алданги болох 770,926 төгрөгөөс татгалзсан ба хариуцагч Б.Нарантуяа нь “Дашваанжил” ХХК-д үлдэх 1,541,852 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 2,312,778 төгрөгийн 770,926 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Н нь үлдэх 1,541,852 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

             

                        ШҮҮГЧ                                                           Н.ХАНГАЛ