| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/01948/и |
| Дугаар | 102/ШШ2018/02752 |
| Огноо | 2018-09-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2018/02752
| 2018 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2018/02752 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар баг, ган зам гудамж, 125-6 тоотод оршин суух Зэс овогт З.Э /РД:/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд оршин байх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхон нь 2009 оноос эхлэн Улаанбаатар төмөр замын Сайншанд дахь цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албанд ямар нэг алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө тус байгууллагын спортын уралдаан, тэмцээн болсон байдаг. З.Эрдэнэ-Орхон тэмцээнд орчихоод гэртээ хариад унтаж байхад н.Болдбаатар дарга нь гэнэт түүнийг ажилд нь буюу ачаа хамгаалуулах гэж явуулахаар дуудсан байдаг. Ингээд нэхэмжлэгчийг ажилдаа ирэхэд нь дарга нь “...чамаас архи үнэртэж байна. Депо дээр очиж чамаас сорил авна” гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн өдөр, тэмцээний дараа бага зэрэг айраг уусан, энэ талаараа тайлбар хэлэхэд хүлээж аваагүй. Өмнө нь хэзээ ч уг байгууллага дээр архи уусан, мансуурсан эсэхийг тодруулах гэж сорил авч байгаагүй. Ийм тусгайлсан журам, зохицуулалт ч байхгүй. Зөвхөн нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхоныг бусдаас ялгаварлан үзэж тусад нь сорил авсан.
З.Эрдэнэ-Орхон нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр угаасаа ээлжинд гарах буюу ажилд явах хуваарьгүй байсан. Гэтэл тухайн өдөр ачаа хамгаалагчаар явах ёстой байсан хүмүүсийг дуудаагүй байж нэхэмжлэгчийг дуудан авчирч, ажилд явуулах гэж байсан нь өөрөө мөн л түүнийг гадуурхаж байгаагийн шинж юм.
2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр даргын өрөөнд З.Эрдэнэ-Орхоныг оролцуулан түүний гаргасан зөрчлийн талаар хурал хийсэн байдаг. Уг хурлаар нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн. Ингээд хуралд оролцсон 5 хүний 3 нь З.Эрдэнэ-Орхонд “...3 сарын хугацаанд цалинг 20 хувь бууруулах” санал өгсөн. Гэтэл энэ байдлыг харгалзан үзэлгүй З.Эрдэнэ-Орхоныг ажлаас нь халах шийдвэр гаргасан. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авсан уу, эсвэл ноцтой зөрчил байсан уу гэдгийг ялгаж салгаагүй. Мөн ноцтой зөрчлийнхөө аль нь вэ гэдгийг тодорхой заагаагүй байж, тушаал дээрээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаах нь гэж бичсэн.
Иймд нэхэмжлэгчийг Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалалтын ачаа хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Х.Энхсүх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. З.Эрдэнэ-Орхон нь ажлаас халагдахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 29, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хоёр ч удаа дарга нарын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ажиллах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, ажилд дуудахад байнга бэлэн байдалд байх талаар амлалт авч, энэ талаар бичгээр хүсэлт гаргаж байсан. Түүнийг залуу хүн, цаашид гаргасан алдаагаа ухаарч, ойлгох байх гэсэн үүднээс өмнө гаргасан алдаа, зөрчлийг нь байгууллагын зүгээс харж үзэн, ямар нэг арга хэмжээ авалгүй өнгөрүүлж байсан. Гэвч З.Эрдэнэ-Орхон 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажилд гарах ээлжээ мэдэж байсан атлаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажлын байранд ирсэн байдаг. Гаднаас харахад согтуурсан байдалтай байсан тул тус ангийн дарга А.Болдбаяр түүнийг эмчид үзүүлж, сорил тавиулсан байдаг. Сорилыг уусмалаар болон үлээгч аппаратаар тавихад хариу нь сөрөг буюу нэмэх /+/ гэж гарсан. Энэ байдлыг нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ангийн рапортын дэвтэрт бүртгэж авсан. Ингээд ачаа хамгаалагч маань өөрөө мансуурсан, согтуурсан байдалтай ажилд ирсэн учраас түүний дараагийн ээлжийн хүнийг ачаа хамгаалалтад явуулсан. Сорилыг тавихдаа хөндлөнгийн гэрч нарыг оролцуулж, гарсан үр дүнг нь нэхэмжлэгчид өөрт нь танилцуулсан. Энэ талаар хэрэгт хангалттай баримтууд байгаа. З.Эрдэнэ-Орхон нь өөрөө Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харуул, хамгаалалтын галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашигладаг хамгаалалтын ажилтан. Шаардлагатай бол ажилдаа ирсэн этгээдийг согтуурсан мансуурсан эсэхийг шалгахаар сорилыг бид авдаг. Энэ талаар зохицуулсан дүрэм, журам байгаагаа бид хэрэгт өгсөн.
Мөн ажилд гарах хуваарьгүй байхад нь ганцхан түүнийг ялгавар үзэж ажилд гэнэт дуудсан мэтээр нэхэмжлэгч тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ байгууллага нь өөрөө цэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэдэг ба ажилтан нь ажилд дуудсан үед бэлэн байх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч угаасаа хуваарийн дагуу ажилд гарах ээлжтэй байсан. Өмнө нь байсан ачаа хамгаалагч нар ээлжиндээ хуваарийн дагуу гараад явсан. З.Эрдэнэ-Орхон харин согтуу ажилдаа ирсэн учраас түүний оронд өөр хүн явуулсан байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн асуудлыг удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Энэ хуралд нэхэмжлэгч маань өөрөө “...2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр найз нартайгаа 1 шил архи хувааж уусан, ажилд явахаа мэдэж байсан” гэж хэлсэн. Ийм байдлаар З.Эрдэнэ-Орхон Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтны хувьд ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, сахилга бат алдсан нь нотлогдсон.
Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны эрх зүйн байдал нь “УБТЗ” ХНН-ийг байгуулах Олон улсын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан “УБТЗ” ХНН-ийн зэвсэгт хамгаалалтын нэгж бөгөөд энэ албаны эрх зүйн байдлыг Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрмээр зохицуулдаг. Цэргийн байгууллагатай адил насны хязгаартай тэтгэвэрт гарч, байлдааны зэвсгээр зэвсэглэсэн тусгай үүрэг бүхий нэгж мөн. Энэхүү дүрмийн 2.3-т заасны дагуу Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлаган дор тогтоосон дүрэм, журам, заавар зэргийг мөрдлөг болгон үйл ажиллагаагаа бие даан хариуцан явуулдаг. Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба нь З.Эрдэнэ-Орхонтой 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 5.3.4-т “Ажлын байранд архидан согтуурах, ажилдаа согтуу, мансуурсан ирсэн” гэж заасан ба хэрэв зөрчсөн тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. З.Эрдэнэ-Орхон уг хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т заасан заалт болон “УБТЗ”-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаарт тушаалаар баталсан Албаны хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т “Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтан нь ажлын болон ажлын бус цагаар гэмт хэрэгт холбогдсон, дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн”, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалаар батлагдсан “Галт тэрэг болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын 5.3.2-т “Ажпын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажилдаа согтуу буюу мансууран ирсэн”, Ажлын байрны тодорхойлолтын 7.2-т “ Ачаа хамгаалагч нь үүрэг гүйцэтгэхээр ирэхдээ дүрэмт хувцастай, бусад хувийн бэлтгэлээ сайтар хангасан байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд түүнийг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй.
Ажил олгогч болох тус ангийн удирдлагын зөвлөлийн хурлаар З.Эрдэнэ- Орхоны гаргасан зөрчлийг хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил” гаргасан гэж үзсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд уг ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар үр дагаварт тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн гэрээнд талууд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг “ноцтойд тооцох”-ыг харилцан тогтоодог тул уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа заавал удирдлагын зөвлөлийн хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд З.Эрдэнэ-Орхоны нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг төлөөлж Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албыг ажил олгогч гэж нэрлэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг “ажил олгогч” гэж тодорхойлсноос үзвэл хариуцагч Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба болон нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхон нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ /хх44, 45 хуудас/.
Нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхоныг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн салбар нэгж болох Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд ачаа хамгаалагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 84 тоот “З.Эрдэнэ-Орхонд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсан байна /хх 43 хуудас/.
Дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажилд гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь сорилоор тогтоогдсон тул Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн ачаа хамгаалагч З.Эрдэнэ-Орхонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.
Нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхон нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ /хх1, 63, 73-75 хуудас/.
Хариуцагчийн зүгээс “...З.Эрдэнэ-Орхон ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй...” гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох талаар заасан бөгөөд ноцтой зөрчил нь нэг удаа үйлдэгдсэнээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болдог.
Харин гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилан нэрлэн заасан байх ёстой бөгөөд З.Эрдэнэ-Орхонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.4-т “Ажлын байранд архидан согтуурах, ажилдаа согтуу, мансуурсан ирсэн” бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар зогсоох боломжийг зааж өгчээ.
Нэхэмжлэгч З.Эрдэнэ-Орхон нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...Би архи уугаагүй, уусан айраг л үнэртэж байгаа байлгүй гэж үнэнээ хэлэхэд хүлээж аваагүй” гэж дурдагдсан тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №6 тоот “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай протокол зэрэг баримтуудаар тогтоогдож байна /хх 1, 47, 49 хуудас/
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн “...манай байгууллагад сорьц авах журам байхгүй”, “...тухайн өдөр ажилд гарах ээлж болоогүй байхад намайг дотоод журмаа зөрчиж гэнэт ажилд дуудсан” гэх тайлбар нь Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-14 тоот “Журам батлах тухай” тушаал, уг тушаалын нэгдүгээр хавсралт буюу “Галт тэрэгний хөдөлгөөнд шууд хамааралтай ажиллагсдад ажлын өмнө ба дараах эмнэлгийн үзлэг хийх журам”, Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ачаа хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны хөдөлмөрийн дотоод журам зэрэг бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна /хх 46, 54-59, 80, 81-85/.
Ажил олгогчийн зүгээс З.Эрдэнэ-Орхоныг “...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгүүдийг зөрчөөгүй буюу ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, дэвтэрт нөхөн бичит хийлгэх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичүүлэх тухай З.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ