Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/678

 

 

   2022         08          24                                  2022/ШЦТ/678

 

                                                                                                                                                                                 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.Н,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211009931330 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Сартуул овгийн Б.Н,

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Н нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31 дүгээр гудамжны 389 тоотод хамтран амьдрагч Г.Эийн эрх, эрх чөлөөнд нь халдаж цохисны улмаас баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ажилдаа 10 цагийн үед явсан юм. Тухайн өдөр манай эхнэр Э гэртээ амарч байсан юм. Тэгээд би орой 20 цагийн үед гэртээ ирэх үед Э гэртээ байхгүй 2 охин гэрт байж байсан. Тэгээд гэрт байж байгаад найз дээрээ очоод буцаад 22 цагийн үед гэрт ирэх үед манай эхнэр гэрт ирсэн байсан. Гэрт орж ирээд гэрт юм хийж тоглож байгаад орондоо хэвтэхээр болоод байж байгаад эхнэрт би ганц өдөр амарч байж хоол унд хийдэггүй юм уу гэж хэлсэн чинь гадуур яваад чадсангүй гээд байсан. Тэгээд бид 2 тэр асуудлаас болж хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед орондоо ороод хэвтсэн байсан юм. Манай эхнэрийн ээж Г гэх хүн манай хашаанд байдаг юм. Эхнэр бид 2 тэр хүнээс болж хэрүүл маргаан хийгээд байдаг юм. Тухайн үед мөн адил тийм хэрүүл болсон. Тэгээд хэрүүл хийж байгаад би баруун гараараа арагшаа нэг удаа саваад цохих үед эхнэрийн нүд хэсэгт нь оноод нүд нь хавдаад эхэлсэн. Эхнэр орилоод эхэлтэл 2 охин орж ирээд уйлалдаад байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

- хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-нд хамтран амьдрагч Б.Н, охин Н.А /12 настай/, охин Н.А /6 настай/ нарын хамт гэртээ байж байтал шөнө 02 цагийн орчимд бид хоёр орондоо хэвтэж байтал шууд гарынхаа ар хэсгээр миний нүүр хэсэгт цохиод авсан. Тэгээд би ‘яаж байгаа юм’ гэтэл ‘ийм юм болно гэж бодоогүй’ гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Эийг зодсон үйл баримт нотлогдож байна.

                                     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8249 дугаартай “...Г.Эийн биед баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь  шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/ гэх дүгнэлтээр хохирогч Г.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 31 дүгээр гудамжны 389 тоотод  хамтран амьдрагч хохирогч Г.Этэй маргалдаж улмаар цохиж биед баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулан түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 31 дүгээр гудамжны 389 тоотод  хамтран амьдрагч хохирогч Г.Этэй маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Г.Эийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Ныг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Сартуул овогт Баяндоржийн Нт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нт 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Ныг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ