Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч О.Мөнхцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч С.Ганбат, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Сүхбаатарын Ганбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011803 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Сүхбаатарын Ганбат, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 53-14 тоотод байнгын, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 59-36 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЭ95082415.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Ганбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Давхар дэлгүүрийн зүүн талд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Алтангэрэлийг ах захаа хүндэлсэнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө жийж унаган хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Алтангэрэлийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хохирогч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 02 цаг өнгөрч байхад өөрийн найз Өсөхбаяр, Алтангэрэл, Өлзийсүх, Отгонхүү нарын хамт...Содон хорооллын арын сагсны талбайд сагс тоглож байгаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал руу явж байсан. Ингээд явж байх замд Ханын эцэс гэх газар зүс таних Мэндээ гэх ахтай таарсан...бид нарыг Хөөе дүү нар нааш ир гэж дуудсан. Бид нар согтуу хүн дуудсан болохоор нь очоогүй ба ингээд цааш явж байхад...араас хэдэн хүн хүрч ирсэн. Уг хүрч ирсэн хүмүүсийг Золбоо, Эрдэнэ, Отгоо, Ганаа гэдэг, заримыг нь зүс таних залуучууд байсан. ...Ганаа гэж өөрийгөө танилцуулсан махлаг, өндөр нуруутай залуу над руу хандаж чи ахтай яаж яриад байгаа юм бэ гэхэд би хариуд нь яаж ярьсан юм бэ, зүгээр ярьж байна шүү дээ гээд бид хоёр маргалдаж...зуралдсан ба энэ үед Ганаа гэх залуу намайг цохьсон. Би Ганаад цохиулаад согтуу хүмүүстэй маргалдаж, зодолдоод яах юм гэж бодоод зугтаасан. Ингээд зугтааж байтал араас нэг хүн өшиглөөд би газарт унасан...унасан газраасаа босоод дахиад зугтаасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

...Миний хувьд гомдол санал байхгүй. Би С.Ганбатаас хохирлын мөнгө болох 80.000 төгрөг бэлнээр, түүний гар утсыг 200.000 төгрөгөнд бодож авсан байгаа. Одоо миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. С.Ганбат надаас уучлалт гуйсан, би уучилсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Гэрч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 02-ны орой өөрийн найз Алтангэрэл, Өсөхбаяр, Өлзийсүх, Төгөлдөр нарын хамт Содон хорооллын баруун хойд хэсэгт байрлах сагсны талбайд сагс тоглож...харих гээд...Ханын материалын эцэст  шинэ баригдсан хоёр байрны гол хэсэгт явж байхад...Ганаа гэх залуу Алтангэрэлийг араас нь өшиглөөд унагаачихсан. Ингээд Алтангэрэл уначихаад босч ирээд мөр аймар өвдөөд байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 7 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед өөрийн найз Чинболдын хамт ээжийнхээ 28-33 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр таксинд явж байгаад Ханын материал дээр ирэхэд зүс таних таксины жолооч Мэндээ, Ганбат нар доор хүмүүстэй маргалдаж муудалцаад байна гэж хэлэхээр нь заасан газарт нь буюу 5 шараас хойшоо чиглэлтэй зам Ханын материал, Баянхошуу руу салдаг уулзварын орчимд явж очиход хохирогч Алтангэрэл найзуудын хамт нийт тавуулаа байцгааж...намайг ирсэн хойно бол ямар нэг зодоон болоогүй ба Ганбат Алтангэрэлтэй ярилцаад уучлалт гуйж байсан. ...Ганбатаас юу болсон талаар асуухад Мэндээ ахын таньдаг хүүхэд нь Мэндээ ах руу томроод байсан юм гэж тайлбарлаж байсан. Тэгээд Мэндээ ахыг өмөөрөөд Ганбат хохирогч Алтангэрэлийг өшиглөсөн байна билээ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 03-ны 04 цагийн үед талбайн урд талын ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын эцэст явж байтал манай найз нар болох Ганбат, Мэндээ ах, Бака ах, Алтангэрэл, Золбоо, Чинболд, Үүрцайх ...нар байсан. Би тэд нар дээр яваад очтол манай найз нар зүс мэдэх хохирогч Алтангэрэл болон түүний найз нартай хэрэлдээд байцгааж байсан. ...Алтангэрэл гээд байгаа хохирогч арагшаа хараад явах гэж байтал араас нь Ганбат жийгээд унагаачихсан юм. Хохирогч газар унаад босч ирээд гар утсаа гаргаж ирээд хүн дуудна гэхээр нь ...Ганбат Алтангэрэл хохирогчийн гар утсыг хүн дуудуулахгүй гээд булаагаад авчихсан юм. Тэгээд Ганбат хохирогчид хандаж бүгдээрээ больцгооё гэж хэлээд салцгаасан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9360 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: баруун өвдөгний гадна хэсэг 3*2 см, баруун гуяны гадна доод хэсэгт ташуу байрлалтай 8*0.3 см, 4*0.2 см, бүсэлхийн баруун талд 2*2 см, баруун тохойд 3*2 см, баруун мөрөнд 3*2 см, зүүн алганд 1.5*1 см улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун бугалганы баруун дээд хэсэгт 10*10 см талбайд олон тооны улаан ягаан өнгийн цус хуралттай. Баруун эгэм боолттой...

Дүгнэлт:

1. Алтангэрэлийн биед баруун эгэмний далд хугарал, баруун өвдөг, баруун гуя, бүсэлхий, баруун тохой, мөр, зүүн алганд зулгаралт, баруун бугалга, суганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Баруун эгэмний хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй (хавтаст хэргийн 25 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмтлүүд нь биеийн баруун хэсгээрээ унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд биеийн баруун хэсэгт үүссэн байгаа юм. Уг эгэмний хугарал нь шинэхэн буюу 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үүссэн хугарал... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

Шүүгдэгч С.Ганбатын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: Би 2016 оны 7 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчимд өөрийн хуурай ах Мэндээ, түүний найз Эрдэнээ нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс гэх газарт шинэ баригдсан хоёр байрны дунд зогсож байсан. Эрдэнээ ах Мэндээ ах бид хоёрыг буулгачихаад явах гэж байсан. Ингээд байж байтал зүс таних Өсөхөө гэх залуу найзуудын хамт явж байсан. ...Мэндээ ах уг залуучуудыг таньдаг байсан ба хоорондоо юм ярьцгаагаад зогсоод байсан. Ингээд ярилцаж байхдаа дуу нь чангарцгаагаад муудалцаад байсан ба хөндлөнгөөс харахад Мэндээ ахыг зодох гэж байгаа бололтой харагдсан юм. Тэгэхээр нь Мэндээ ах руу ойртоод цохих гэж байгаа юм шиг харагдсан залууг өшиглөсөн. Гэтэл уг залуу надад өшиглүүлэх үедээ эргээд цаашаагаа нүүрээрээ газарт унасан. Би уг залууг уначихна гэж бодоогүй ба босоод ирэхээр нь уучлалт гуйж эвлэрсэн. ...Мэндээ ах бид хоёр нэг нэг шил Нийслэл нэртэй шар айраг уусан байсан. Мэндээ ахын хувьд үүнээс өмнө уусан байсан. ...Алтангэрэл болон түүний найзууд гэх 5-6 залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх гэж бодож байна. ...Миний бие хохирогчид 80.000 төгрөг өгсөн. Мөн өөрийн барьж байсан Samsung Galaxy S-5 маркийн гар утсаа өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39 дэх тал),

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4),

-шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, (хавтаст хэргийн 42, 43, 40), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 46-51) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч С.Ганбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 03-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Давхар дэлгүүрийн зүүн талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Б.Алтангэрэлийг ах захаа хүндэлсэнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан, ар нуруу хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө жийж унаган хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Алтангэрэлийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Ганбатыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Ганбат нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44)-р тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 280.000 төгрөг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 39), хохирогч Б.Алтангэрэл нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 52) гэсэн тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүх шүүгдэгч С.Ганбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Мөн шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн 201626011803 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Ганбатыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ганбатыг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганбатад оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Алтангэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Ганбатад оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ