| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 185/2019/0392/Э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 729
О.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр О.Т-д холбогдох эрүүгийн 1809052120292 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн О-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........ аймгийн ............. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “........” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл .., эхийн хамт .......... аймгийн ........ сумын .. дугаар баг, .............. гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод түр оршин суух, /РД:МЗ..................../,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” бааранд иргэн Б.Эрдэнэжаргалыг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь үүдэн баруун доод 1 дүгээр шүдний булгарал, хэвлийд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн О-ийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч О.Т-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого, олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан бөгөөд доод хугацааг тогтоох эрхийг шүүхэд олгоогүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж доод хугацааг тогтоож өгсөн байхад хуульд зааснаас доогуур xyraцаа тогтоож, ялтны хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” бааранд иргэн Б.Эрдэнэжаргалыг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь үүдэн баруун доод 1 дүгээр шүдний булгарал, хэвлийд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Эрдэнэжаргалын “...2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн найз Одсүрэн, Болд, Даваажаргал, Санжаа бид нар “С” бааранд ороод 2 шил архи ууж дуусаад Одсүрэн, Болд бид гурав гарах гээд шатаар бууж байгаад би буцаад Даваажаргал, Санжаа хоёрыг авах гээд гарсан чинь “С” баарны хамгаалагч болон зөөгч нар Даваажаргал, Санжаа хоёрыг барьчихсан байсан. Тэгээд би “найзуудаа аваад явъя” гэсэн чинь өндөр туранхай зөөгч залуу нь намайг нэг удаа цохисон. Миний доод нэг шүд унасан. ...” /хх 7-8/,
гэрч Г.Санжаажавын “...Эрдэнэжаргал гаднаас орж ирээд бармен залууг “болиоч, чи яагаад далимдуулаад цохиод байгаа юм бэ” гээд бармен залуутай муудалцсан. Тэгтэл уг залуу “нааш ир” гээд хамт алхаж явсанаа 2 давхарын шатны орчимд Эрдэнэжаргалын үүдэн шүд, уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...” /хх 14-15/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14143 дугаартай дүгнэлт /хх 22/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Т-ын иргэн Б.Эрдэнэжаргалыг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь үүдэн баруун доод 1 дүгээр шүдний булгарал, хэвлийд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-ын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд үндэслэн 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Прокурор П.Ганбаатар “...О.Т-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулын ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж доод хугацааг тогтоож өгсөн байхад хуульд зааснаас доогуур xyraцаа тогтоож, ялтны хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 2 сар гэж багасгаж тогтоосон нь буруу байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ