Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0354

 

 

     “Э*******” ХХК, “Г*******” ХХК-ийн

          түншлэлийн нэхэмжлэлтэй захиргааны

                             хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, өмгөөлөгч М.М*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Э*******” ХХК, “Г*******” ХХК-ийн түншлэл

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/202310021 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам

Гуравдагч этгээд: И******* ХХК, Б******* ХХК-ийн түншлэл

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас "И*******" ХХК ба "Б*******" ХХК-иудын түншлэлтэй 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2024/0313 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О****, Г.Д*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М*******

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, О.Э, А.О,Ч.У*****

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ж.О

Гуравдагч этгээдийн төлөөлөгч И.Б****

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн Ч.Б*****

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0233/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар болон БХБЯ/202310021 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Барилга, хот байгуулалтын яаманд тус тус холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас "И*******" ХХК ба "Б*******" ХХК-иудын түншлэлтэй 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2024/0313 дугаар шийдвэрээр: 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.7, 39.8, 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн гаргасан, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/202310021 урилгын дугаартай Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас "И*******" ХХК ба "Б*******" ХХК-иудын түншлэлтэй 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г тус тус хүчингүй болгож, БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, өмгөөлөгч М.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр үндэслэлгүй дүгнэлт хийснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.8-д "... Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй" гэж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн гомдлыг хянаад гаргасан дээд шатны байгууллага болох Сангийн яамны албан бичгийг тусдаа бие даасан захиргааны акт гэж үзээд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэсэн маш ноцтой алдаатай дүгнэлт хийжээ.

Учир нь нэхэмжлэгчийн гомдлыг хянаад гаргасан Сангийн яамны хариу албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актад хамаарахгүй. Сангийн яам тендерийн маргааны гомдол хянах дээд шатны захиргааны байгууллага учраас тус байгууллагын гомдол хянаад өгсөн хариу албан бичгийг тусад нь захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ "Сангийн яамны хариу нь дараах байдлаар үндэслэлгүй" гээд маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч маргаагүй гэж шийдвэртээ бичсэн байгаа нь шүүх нэхэмжлэлийг бүрэн дүүрэн уншиж судлаагүй гэсэн ойлголт төрүүлж байна.

Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн гомдлыг хянаад гаргасан дээд шатны байгууллага болох Сангийн яамны албан бичигтэй холбогдуулан тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэж байгаа ерөнхий 5 үндэслэл, нийт 11 үндэслэл бичсэн байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.1-д нэхэмжлэгч ердөө 1-2 үндэслэлээр маргасан мэт маргааны агуулгын хүрээг хумисан дүгнэлт хийжээ. Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл нэг бүрийг нарийн тодорхой шалгаагүй гэсэн ойлголт төрүүлж байна.

3.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендерт өгөх зааварчилгааны 4.4.4-т төслийн удирдагч нэг л хүн байна гэж заасан байхад тендерт шалгарсан гэх түншлэл нь төслийн удирдагч албан тушаалд Д.О, Ч.Ц гэсэн 2 хүний нэрийг ирүүлж Тендерийн өгөгдлийн хүснэгтийг зөрчсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 1.5, 1.6-д зааснаас харахад ийнхүү 2 хүний нэрийг тендерт ирүүлж болно гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх дээрх зөрчлийг хэрхэн яаж хууль тогтоомж болон тендерийн баримт бичигт нийцэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

4.Сангийн яамнаас төслийн удирдагчийн шаардлага хангасан гэж үзэж байгаа Д.Оийг "К" ХХК, "Т" ХХК болон "5" ХХК-ийн түншлэлийн тендерийн саналд төслийн удирдагчийн ур чадвар, туршлага дээр үнэлж үнэлгээний хорооны тэмдэглэл буюу шийдвэрт тусгажээ.

Ийнхүү Д.О нь 2 өөр тендерт оролцогчийн төслийн удирдагчаар нэгэн зэрэг материалаа ирүүлсэн нь хувилбарт саналыг бий болгосон байдаг. Энэхүү тендер нь хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөөгүй тул энэ нь Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа-ны "4.4(5) “Нэг ажлын байранд нэг ажилтанг санал болгох бөгөөд хувилбарт саналыг зөвшөөрөхгүй" гэж заасныг зөрчсөн тул уг зааварчилгааны 1.11.10-д зааснаар “И*******" ХХК ба "Б" ХХК-ийн түншлэлийг эрх бүхий бус гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд үнэлэлт дүгнэлт хариулт өгөөгүй байна.

5.Шалгарсан гэх түншлэлийн Ч.Ц гэх хүнийг “И*******” ХХК ба  "Б" ХХК-ийн түншлэлийн удирдагчаар санал болгосон боловч үнэлгээний хороо нь шүүх хуралдаан дээр геодезийн инженер албан тушаал дээр үнэлгээ хийсэн гээд анх хийсэн үнэлгээнээсээ өөр зүйл ярьдаг. Гэтэл Ч.Ц гэх хүний мэдээллийг тендерийн цахим системд оруулаагүй байдаг. Энэ нь тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн Тендерт өгөх зааварчилгааны 4.4.4-д заасан "санал болгож буй инженер техникийн ажилтнуудын регистрийн дугаар, холбогдох мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийн холбогдох талбарт бичиж санал болгоно" заалтыг зөрчсөн.

Ингэснээр Тендерт өгөх зааварчилгааны 4.4.4-д заасан "Дээрх бүртгэл хийгдээгүй тохиолдолд үнэлгээнд харгалзаж үзэхгүй" гэж заасныг мөн зөрчсөн. Хариуцагч нар ч мөн адил энэ хүний мэдээлэл нь цахим системд бүртгэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тендерийн үнэлгээнд харгалзан үзэх ёсгүй хүнийг үнэлгээний хороо үнэлээд оноо өгсөн байхад анхан шатны шүүх тендерийн баримт бичгийг зөрчсөн энэ үйлдлийг үнэлж дүгнээгүй нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчиж байна.

6.Геодезийн инженерээр үнэлсэн гэх Б.Өын мэдээлэл нь мөн адил цахим системд бүртгэгдээгүй байхад үнэлгээний хороо үнэлж оноо өгсөн нь Тендерт өгөх зааварчилгааны 4.4.4-ийг зөрчсөн байна. Шүүх энэ хууль бус үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулжээ.

7."И*******" ХХК-ийн геодезийн инженерээр мөн үнэлсэн гэх Э.С нь 2021-2023 онд геодезийн инженерээр их сургуулиа төгссөн бөгөөд 5 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа тул энэ нь Тендерт өгөх зааварчилгааны 4.4.4-д заасан шаардлагыг хангаагүй байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн энэхүү хууль бус үйл ажиллагаанд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдсэн байна. Үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа бол яагаад ингэж үзсэн талаараа шүүхийн шийдвэрт бичээгүй байна.

Иймээс шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 1.11-д Б.Өын мэдээллийг цахим системд оруулаагүй байхад шаардлага хангасан гэж, Э.Сумьяабазар нь 5 жил ажилласан байх шаардлага хангаагүй байхад хангасан гэж тус тус шүүх алдаатай дүгнэлт хийжээ.

8.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.6-д "...гадаад улсад их дээд сургууль төгссөн тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны яамны сайтаас харах боломжгүй байдаг гэх тайлбар гаргасныг талууд үгүйсгээгүй" гэж худал зүйл бичжээ.

1 дүгээрт, гадаадад сургууль төгссөн хүний дипломыг сайтад оруулах боломжтой. Тухайлбал шалгарсан түншлэлийн Д.О, нэхэмжлэгчийн түншлэлээс гадаадад сургууль төгссөн Д.П, Б.Ж, Ц.Д нарын диплом нь цахим системд бүртгэгдсэн байна.

2 дугаарт, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт дээр гадаад улсад их дээд сургууль төгссөн тохиолдолд мэдээлэл буюу дипломыг нь цахим системд оруулж болохгүй гэсэн заалт байхгүй.

3 дугаарт, хариуцагчийн энэ тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн асуулт хариултын хэсэгт байдаг. Гэтэл анхан шатны шүүх "талууд үгүйсгээгүй" гэж худал зүйл бичжээ.

9.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.7, 1.8-д хариуцагчийн гаргасан алдаануудыг анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гэжээ. Гэтэл эдгээр алдаа нь техникийн шинжтэй биш маш ноцтой алдаанууд байсан. Хариуцагч дараах алдаануудыг гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн:

а.Үнэлгээний хорооны тэмдэглэлд "И*******" ХХК ба "Б" ХХК- ийн түншлэлийн төслийн удирдагчаар Ч.Цыг үнэлсэн мөртлөө шүүх хуралдаан дээр Д.Оийг үнэлсэн болж өөрчлөгдсөн. Алдаа гаргасан гэдгээ үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн.

b.Тендерийн цахим системд мэдээлэл ороогүй хүмүүсийг голлох мэргэжилтнүүдээр үнэлсэн.

с.Нэхэмжлэгчийн түншлэлийн сүүлийн 3 жилийн түншлэгчийн борлуулалтын орлого 3,688,372,266 төгрөг байсныг 3.7 сая гэж алдаатай бичсэн.

Эдгээр алдаанууд нь тендер шалгаруулалт хууль бус явагдсан болохыг илтгэж нотлоод байхад анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь маш ноцтой зөрчил болсон. Шүүх хуралдаан дээр хуралдаан даргалагч өөрөө үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас "... Танай байгууллага хүлээн зөвшөөрсөн хэдэн алдаа гаргасан бэ?" гэж асуусан мөртлөө эдгээр алдааг огт үл ойшоож үнэлж дүгнээгүй байгаа нь шүүхийн алдаа болж байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д "Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй" гэж зааснаар хариуцагч нараас өөрсдийн гаргасан илэрхий алдаагаа засаж залруулсан зүйл байхгүй байдаг тул маргаан бүхий захиргааны актууд хууль бус болохыг нотлон харуулж байна.

10.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.17-д “... үнэлгээний хороо үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийсэн болох нь тогтоогдож байх тул..." гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь үнэлгээний хороо "Э*******” ХХК ба "Г*******" ХХК-ийн түншлэлийн сүүлийн 3 жилийн түншлэгчийн борлуулалтын орлого 3,688,372,266 төгрөг байсныг 3.7 сая гэж алдаатай бичсэнээс болж нэхэмжлэгчид бага оноо тавигдсан болох нь нотлогддог. Энэ алдааг гаргаснаа хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрөөд байхад анхан шатны шүүх тендерийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу үнэлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

11.Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.9-т Сангийн яамны гомдол хянасан тухай 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 03/887 дугаар албан бичгийн 8, 9, 11 дэх хэсгийг шууд хуулж бичиж, мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна гэжээ. Сангийн яамны уг хариуд дурдсан эдгээр үйл баримтууд тогтоогдохгүй байхад шүүх ямар нотлох баримтаар, хэрхэн яаж тогтоогдсон талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Сангийн яамны хариуг шууд хуулж бичсэн. Иймээс анхан шатны шүүх хэргийн бүх баримтыг бүрэн дүүрэн шалгаж ажиллаагүй гэж үзэж байна.

12.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.13-т хууль зөрчсөн гэх үндэслэл хэрхэн яаж тогтоогдохгүй байгаа талаар үнэлгээ дүгнэлт байхгүй, тайлбар бичээгүй байна. Тендерт шалгарсан гэх түншлэл нь Маягт 3.2 Зөвлөхийн танилцуулгын Байгууллагын чадварыг харуулж чадах сүүлийн 5 жилд үзүүлсэн ижил, төстэй үйлчилгээний мэдээллийг ТББ-т заасан Маягт 3.2-ын агуулгын дагуу ирүүлээгүй байдаг.

Энэ нь ТББ-ийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендерт өгөх зааварчилгааны 4.5-д заасан “Бүрэн хэмжээний техникийн санал байна” гэсэн заалтыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9 дэх заалтыг зөрчсөн байхад шүүх зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн түүнчлэн шүүх яагаад хууль зөрчөөгүй гэж үзсэн талаараа үнэлэлт дүгнэлт  өгөөгүй байна.

13.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.16-д үнэлгээ хийсэн нь захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарна гэжээ. Тендерийн үнэлгээний хороо сонгох боломжоо хэрэглэхдээ өөрсдийнхөө боловсруулж баталсан тендерийн баримт бичгээ дагаж мөрдөөгүй байгаа тул үнэлгээний хороо Захиргааны ерөнхий хуулийн 42.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ" гэж заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн энэхүү хууль зөрчсөн алдааг сонгох боломж руу хамаатуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

14.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.2-т хариуцагч "...уг мэдэгдэл нь үр дагавар үүсгэхгүй захиргааны акт биш зөвхөн тендерт шалгараагүйг мэдэгдсэн агуулгатай" гэж тайлбарлан маргав гэжээ. Гэтэл хариуцагчийн бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа “үр дагавар үүсгэхгүй захиргааны акт биш" гэсэн зүйлийг огт дурдаагүй байдаг. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийн дурдаагүй тайлбарыг өөрөө зохиож шийдвэртээ бичсэн гэж үзэхээр байна.

15.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.4-т нэхэмжлэгчийн маргаж буй захиалагчийн шийдвэрийг мэдэгдлийн шинжтэй захирамжилсан шинж агуулаагүй гэжээ. Энэхүү захиалагчийн шийдвэр нь тендерт “И*******" ХХК ба "Б" ХХК-ийн түншлэл шалгарсан ба нэхэмжлэгчийн түншлэлийг шалгаруулаагүй захиалагчийн шийдвэр гэж нэхэмжлэгч үзсэн. Тендерийн ялагчийг шалгарсан, шалгараагүйтэй холбоотой захиалагчийн өөр шийдвэр байхгүй тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдэл нь захиалагчийн шийдвэр буюу захиргааны акт мөн болно. Хэрэв анхан шатны шүүх уг мэдэгдлийг захиалагчийн шийдвэр биш гэж үзэж байгаа бол захиалагчийн өөр ямар шийдвэрийг захиалагчийн шийдвэр гэж үзээд байгааг ойлгохгүй байна.

16.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.5-д анхан шатны шүүх мөн л үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/193 дугаар мэдэгдэл нь захирамжилсан шинж агуулсан, нэхэмжлэгчийг шалгаруулахгүй гэж шийдсэн, үр дагавар үүсгэсэн, нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

17.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.5-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хуульчилсан байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны гэрээтэй холбоотой заавал илт хууль бус болгуулах шаардлага гаргах ёстой байсан мэт буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

18.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.6-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь үнэлгээний хорооны хууль бус шийдвэр болон захиалагчийн хууль бус шийдвэрт үндэслэн Барилга, хот байгуулалтын яамнаас шалгарсан гэх түншлэлтэй 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2024/56 дугаар “Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г байгуулсан тул уг захиргааны гэрээг хууль бус гэж үзнэ. Энэхүү гэрээ нь мөн нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчиж байхад "... уг гэрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй" гэж шүүх буруу дүгнэсэн.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх уг гэрээ яагаад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

19.БХБЯ/202310021 урилгын дугаартай тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлагын тухайд тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.01.22, 2024.01.30-ны өдрийн шийдвэр /үнэлгээний дүгнэлт/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024.01.30-ны өдрийн А-1/193 тоот мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яамнаас "И*******" ХХК ба "Б*******" ХХК-уудын түншлэлтэй 2024.3.04-ний өдөр байгуулсан 2024/56 дугаар "Шинэ хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ"-г тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байх тул уг тендер шалгаруулалтыг хууль тогтоомж, тендерийн баримт бичигт заасных нь дагуу дахин үнэлснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх боломжтой болох юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2024/0313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох эхний ээлжийн ажил /Архангай, Өвөрхангай/ зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг техникийн санал болон санхүүгийн үнэлгээгээр нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн түншлэлийг 90.51 оноо, гуравдагч этгээд “И*******” ХХК-ийн түншлэлийг 91.66 оноогоор буюу хоорондоо маш бага 1.15 онооны зөрүүтэй үнэлсэнд шүүх дүгнэлт өгөх боломжгүй, харин нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд тендерийн баримт бичиг, хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байгаа талаар, мөн үнэлгээний дээрх оноог үндэслэн “Инженер геодизи” ХХК, “Бейспойнт” ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр холбогдох хуульд нийцсэн талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Тухайлбал гуравдагч этгээдээс төслийн удирдагчид Д.Оийг санал болгосон байхад геодезийн мэргэшсэн инженерт санал болгосон Ч.Цыг төслийн удирдагчаар буюу 2 хүнийг зэрэг санал болгосон мэт нөхцлийг бий болгосон нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Эын гаргасан техникийн алдаанаас шалтгаалсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдолд дурдсанчилан “…2 хүний нэрийг төслийн удирдагчид санал болгож болно…” гэж огт дүгнээгүй, Үндэслэл хэсгийн 1.5, 1.6-д зөвхөн төслийн удирдагчид санал болгосон Д.О, геодезийн мэргэшсэн инженерт санал болгосон Ч.Ц нарын төгссөн сургууль, дипломын хуулбар, зөвлөх инженерийн гэрчилгээ, түүнийг сунгасан талаарх нотлох баримтуудыг тендерт ирүүлсэн талаар л дурдсан байна.

Мөн уг тендерт оролцсон “К” ХХК-ийн түншлэлд төслийн удирдагчаар Д.Оийг санал болгосныг “хувилбарт санал”-ыг бий болгосон гэж үзэхгүй, зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.4.(5)-д “Нэг ажлын байранд 1 ажилтныг санал болгох бөгөөд хувилбарт саналыг зөвшөөрөхгүй” гэдэг нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

Учир нь Д.Оийг ТӨХ-ийн 4.4.4-т заасан голлох мэргэжилтэн болох төслийн удирдагч, геодезийн мэргэшсэн инженер, геодезийн инженерын аль алинд нь гуравдагч этгээдээс зэрэг санал болгосон байвал энэ нь дээрх шаардлагад нийцэхгүй болохоос бус түүнийг уг тендерт оролцож буй бусад оролцогчдоос эдгээр мэргэжилтний аль нэгэнд санал болгохыг хориглоогүй, Үнэлгээний хороо маргаан бүхий тендерт нэг л оролцогчийг шалгаруулах болно.

2.Геодезийн мэргэшсэн инженерт санал болгосон Ч.Цын, геодезийн инженерт санал болгосон Б.Ө, Ж.С нарын гадаадын их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар, орчуулгын хамт, мэргэшсэн инженерийн гэрчилгээг тус тус тендерийн баримт бичигт цаасаар хавсаргаж ирүүлсэн, мөн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-д геодезийн инженер Б.Ө, Ж.С нарын холбогдох мэдээлэл тусгагдсан төдийгүй эдгээр инженер, техникийн ажилтнууд ТӨХ-ийн 4.4.4-т заасан “5 болон түүнээс дээш жил ажилласан байх” шаардлагыг хангасан, энэ талаар ч Сангийн яамны 2014 оны “Гомдол хянасан тухай” 03/887 дугаар албан бичигт тодорхой дүгнэжээ.

Тухайлбал Ж.С нь 2023 онд Үндэсний техникийн их сургуулийг Геодезийн инженерээр /D202303676/ төгсөхөөс өмнө 2018 онд МУИС-ийг Газар зохион байгуулалт, кадастрын инженерээр /Б201820058/ бакалаврын зэрэгтэй төгссөн, мөн оноос эхлэн “И*******” ХХК-д геодезийн инженерээр ажиллаж байгаа болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогддог, харин Ч.Цын холбогдох мэдээлэл тухайн үед цахим системд бүргэгдээгүй байсан ч энэ нь тендерийн баримтад цаасан хэлбэрээр ирүүлсэн баримтыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

3.Сүүлийн 5 жилд үзүүлсэн ижил, төстэй үйлчилгээний мэдээллийг гуравдагч этгээдээс тендерийн баримт бичгийн Маягт 3-т заасны дагуу 2018-2023 оны хооронд хийгдсэн нийт 14 ажлын талаар гэрээний нэр, захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас, төсөвт өртөг, гүйцэтгэсэн хугацаа гэсэн үзүүлэлтээр, мөн эдгээрийн дэлгэрэнгүй мэдээллийг Маягт 4-т заасны дагуу тус тус гаргасан байх тул бүрэн хэмжээний техникийн санал ирүүлээгүй гэж үзэхгүй.

4.Техникийн саналыг үнэлэх Үнэлгээний хорооны 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн 2020-2022 оны борлуулалтын орлогын дундажийг 855.7 сая, харин түншлэгч “Г*******” ХХК-ийн тухайд 3.7 тэрбум байхыг “…“3.7 сая”…” гэж ташаа бичигдсэн ч, гуравдагч этгээд “И*******” ХХК-ийн мөн оны борлуулалтын орлогын дундаж 3.9 тэрбум, түншлэгч “Бейспойнт” ХХК-ийнх 195.3 сая байх бөгөөд үнэлгээ энэхүү тэмдэглэлд тусгагдсанаар бус харин системээс буюу цахим хэлбэрээрх баримтад үндэслэгдсэн байх ёстой.

5.Шийдвэрт Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А-193 тоот мэдэгдлийг “…захиргааны акт биш, захирамжилсан шинж агуулаагүй, зөвхөн шалгараагүй болохыг мэдэгдсэн шинжтэй…” гэж дүгнэж буй тохиолдолд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах учиртай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 4 дүгээр зүйлийн 4.1.16-д "тендер шалгаруулалт" гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг” ойлгоно, 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн “мэдэгдэл” нь давж заалдах гомдолд дурдсанчлан тендер шалгаруулсан захиалагчийн шийдвэр биш харин шалгаруулалтын үр дүнг тендерт оролцогчдод танилцуулж буй баримт.

6.2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 2024/56 тоот зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсанаас хойш гуравдагч этгээдээс гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт бодит байдалд 40 орчим хувьтай хэрэгжиж байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд танилцуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.

Түүнчлэн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2896 дугаар захирамжаар маргаан бүхий актуудын биелэлтийг түдгэлзүүлэх хүртэлх хугацаанд бэлтгэл ажлууд, тухайлбал дээрх гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хайгуул судалгаа, "Шинэ Хархорум" хотын геодези, байр зүйн зураглалын объектод шинээр байгуулах байрлалын сүлжээний болон өндрийн сүлжээний цэг тэмдэгтүүдийг нэгдсэн журмаар бэлтгэх, тоног төхөөрөмж, машин механизмуудыг ажилд бэлдэх, хээрийн ажил ба суурин боловсруулалт шат, геодезийн сүлжээ байгуулах ажил, өндрийн сүлжээний хайгуул, судалгаа, шинээр байгуулах геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийг төслийн талбайд байгуулах, цэгийн бэлдэц бусад материалуудын хамт өрмийн машинаар өрөмдлөг хийж, газарт байгуулах зэргээр зохих ажиллагаанууд хийгдсэн болохыг тэмдэглэв.

7.Харин Сангийн яамны 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/887 дугаар албан бичиг нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангалгүйгээр тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл захиргааны актын шинжийг агуулахгүй энэхүү албан бичигтэй холбогдуулж маргах боломжгүй байхад шийдвэрт “…гомдол хянасан албан бичгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй…” гэсэн нь ойлгомжгүй байгаагаас гадна хэргийн шийдэлд огт хамааралгүй энэхүү дүгнэлт нь давж заалдах гомдлыг хангах, шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2024/0313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, өмгөөлөгч М.М******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН