| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 129/2017/00601/и |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 02
Т.Згийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч М.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэртэй
Т.Згийн нэхэмжлэлтэй
Ж.Гт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1 838 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний
хэргийг
хариуцагч Ж.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Д.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ж.Г, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Ж.Г нь 2016.02.25-ны өдөр Т.Згээс 1 186 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар тутам 0,5 хувийн хүүтэй зээлж авсан. Иймд Ж.Гээс зээлсэн мөнгө 1 186 000 төгрөг, 2 сарын хүү 118 600 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 652 300 төгрөг, нийт 1 838 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би Т.Згээс зээл авч байсан нь үнэн. Т.З зээлийн төлбөрт миний хүү Б.Эын тэжээгчээ алдсны тэтгэмжийн мөнгийг 2009-2015 он хүртэл авахаар итгэмжлэл хийлгэж авсан. Надад болон миний хүүд нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд сар бүр, жил тутам мөнгө нэмж авдаг байсан. Харин ч би Т.Згээс мөнгө нэхэмжлэх ёстой. Би 2016.02.25-нд Т.Згээс 1 186 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж аваагүй. Харин Т.З “гэрээний хугацаа дууссан тул сунгана” гээд сунгалт хийлгэж гарын үсэг зуруулсан. Намайг гарын үсэг зурах үед огноо болон мөнгө хүлээн авсан гэсэн бичиг гэрээнд байгаагүй. Т. Зээс 1 186 000 төгрөгийг аваагүй гэдгийг нотлох гэхээр надад нотлох баримт байхгүй байна. Иймд Т.Згийн нэхэмжилсэн 1 838 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Гээс 1 186 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 652 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 358 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Ж.Гээс 33 014 төгрөг гаргуулан Т.Зд олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчлөө. Тухайлбал:
1. Ж.Г миний бие Т.Згээс 2016.02.25-ны өдөр 1 186 000 төгрөг зээлж аваагүй. Мөн зээлийн гэрээ байгуулаагүй. Харин 2009.06 сард 200 000 төгрөг зээлж, хүү Т.Эын тэжээгчээ алдсны тэтгэмжийн дэвтрийг барьцаанд нь тавьсан болно. Мөн 2010 онд 300 000 төгрөг, 2013 онд 300 000 төгрөг тус тус зээлсэн. Т.З “өмнөх зээлийн гэрээний сунгалт, та гарын үсэг зур” гээд гэрээний хоосон маягтан дээр гарын үсэг зуруулж байсан. Ингэхдээ нэг удаа биш олон удаа сунгалт гэж гэрээний маягтан дээр гарын үсэг зуруулж байсан. Гэтэл миний гарын үсэг зурсан гэрээний эхний хэсгийг хувилж, 2016.02.25-ны өдөр 1 186 000 төгрөг зээлсэн гэж өөрөө бичсэн байна. Мөн гэрээний сунгалтыг зөвхөн нэг цаасан дээр бичүүлдэг байсан. Би Т.Згээс ердөө 800 000 төгрөг зээлээд 11 сая төгрөг өгсөн байна. Иймд Т.З намайг залилан мэхлэж байгаа талаар аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ба цагдаагийн газар уг гомдлыг шалгаж байгаа. Т.З ер нь хүмүүсийн гарын үсгийг ашиглаж мөнгө аваад сурсан юм байна.
2. Миний бие өмгөөлөгч авах гэхэд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг минь боогдуулж шүүх хуралдаан хийсэнд маш их гомдолтой байна.
3. Т.Згийн нэхэмжлэлтэй холбогдуулан би сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх миний сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Энэ нь 2016 оны зээлийн гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэл. Би Т.Згээс 800 000 төгрөг зээлсэн. Зээлээ 11 сая төгрөг болгож төлсөн. Иймд би хүү Б.Эын тэжээгчээ алдсны тэтгэмжийн мөнгийг Т.Згээс нэхэмжлэх эрхтэй. Энэ нэхэмжлэл нь Т.Згийн нэхэмжлэлтэй салшгүй холбоотой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлд 1 186 000 төгрөг, хүүд 118 600 төгрөг, алдангид 652 300 төгрөг, нийт 1 838 300 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Зохигчид 2016.02.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Т.З нь 1 186 000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч Ж.Г нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх, хугацаа хожимдуулсан тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Анхан шатны шүүх зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч Ж.Г нь “Т.Згээс 1 186 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж аваагүй. Харин Т.З “өмнөх гэрээний хугацаа дууссан тул сунгана” гээд сунгалт хийлгэж гарын үсэг зуруулсан. Намайг гарын үсэг зурах үед огноо болон мөнгө хүлээн авсан гэсэн бичиг гэрээнд байгаагүй” гэж шүүхэд хариу тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.
Хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх хуралдааныг 2017.11.08, 2017.11.16-ны өдрүүдэд тус тус хойшлуулсан боловч тэрээр өмгөөлөгч аваагүй тул шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
Д.БЯМБАСҮРЭН