Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 120/ШШ2021/0008

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Ууганчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АНЗАОТ ХХК,

Хариуцагч:,,

Гуравдагч этгээд: ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн ХХК-д холбогдох хэсгийн АНЗАОТ ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээд бие даасан шаардлага: Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч АНЗАОТ ХХК-ийн захирал Г.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, З.Мөнхцэцэг, гуравдагч этгээд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзориг, иргэдийн төлөөлөгч В.Мөнхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АНЗАОТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон АНЗАОТ ХХК-ийн захирал Г.Батжаргал, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...АНЗАОТ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын шийдвэрээр 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон. Ийнхүү 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 0203090 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Нүүрс ачиж буулгах, гаалийн хяналтын талбай төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайлан хийж, газраа ашиглаад явж байтал Н.Наранбаатар 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/1311 дүгээр захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хэмээн үзэж байна.

Газраа эзэмшиж, ашиглаж байх үед манай газар дээр ХХК үйл ажиллагаа явуулж, барилга барьж эхлэхээр нь мэдсэн. Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны актыг мэдэгдсэн өдрөөс хүчинтэй болдог. Гэтэл АНЗАОТ ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгочихоод мэдэгдэхгүйгээр, уг газрыг гуравдагч этгээд ХХК-д шинээр эзэмших эрх олгосон. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хамгаална. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг удирдлага болгож ярихаас өмнө Захиргааны ерөнхий хуулийг ярих ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь хөрөнгө оруулалт хийснийг хамгаална гэсэн үг биш. Ямар нэгэн газрыг хууль ёсны дагуу авчихаад бүтээн байгуулалт явагдсан бол хууль ёсны итгэлийг хамгаална.

Манай компани газраа авснаас хойш хашаалж, ашигласан гэж үзэж байгаа. Энэ газар нь энгийн нэг газар биш гаалийн хяналтын талбайн зориулалттай газар учраас Байгаль орчны яамнаас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Ийм учраас ашиглаж байсан гэж үзэж байгаа. Мөн аймгийн Засаг дарга А/1311 дугаар захирамж гарахдаа "хүндэтгэн үзэх шалтгаангүй газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй" гэх үндэслэлээр гаргаагүй.

Ийнхүү хууль бус захирамжийг үндэслэн Өмнөговь аймгийн Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А/24 дүгээр захирамжаар ХХК-д шинээр газар олгосон нь манай компанийн газар эзэмших эрхийг зөрчих үндэслэл болж байна. Энэхүү маргаан бүхий А/1311 дүгээр захирамжийн улмаас АНЗАОТ ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж, бид 2018 оны 01 дүгээр сараас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ захиргааны актын манай компанид холбогдох хэсэг хүчингүй болсноор бид газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах, үр өгөөжөө хүртэх эрх сэргэх юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь нүүрс ачиж буулгах Гаалийн хяналтын талбайгаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайлан гаргаж, АНЗАОТ ХХК-ийн хувьд зохих ёсоор хүрээлж, хашаалж ашиглаад явж байсан. Ингээд Н.Наранбаатарын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай захирамжаар манай компанийн эзэмшлийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Газрыг хүчингүй болгох А/1311 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Уг захирамж нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн субьектив эрхэд халдсан, хязгаарласан захиргааны акт гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчдын сонсох боломжийг хаасан. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад тайлбар, санал гаргах боломж олгох ёстой байдаг. Үүний дагуу захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг явуулаагүй, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаад этгээдэд сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй, үүнийг зөрчсөн. А/1311 дүгээр захирамж нь хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд журмын дагуу мэдэгдэх ёстой. АНЗАОТ ХХК-д мэдэгдээгүй, мэдэгдсэн гэдгээ нотлоогүй. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны актыг мэдэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл одоог хүртэл мэдэгдээгүй явж байгаа. Мөн Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын албатай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа хэлбэр юм. АНЗАОТ ХХК нь гэрээ, гэрчилгээгээ хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзэж байна. Гэтэл А/1311 дүгээр захирамжаар газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй, мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг удирдлага болгоод байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулиар эрх нь зөрчигдсөн байгууллагад мэдэгдэх ёстой байсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр заалтыг удирдлага болгосон хэдий ч 21 дүгээр зүйл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан байдаг. 21.3-т Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.3.1 сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх, 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Гэтэл А/1311 дүгээр захирамжаар дээрх заалтын алийг нь үндэслэл болгож хүчингүй болгосон нь тодорхойгүй байна. Мөн төрийн байгууллагаас гарсан эрх зүйн баримт нь хууль зүйн үндэслэлтэй, ойлгомжтой байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж хуульчилсан. Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болгох, гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Мөн энэ газар энгийн нэг газар биш юм. Гаалийн хяналтын талбайн зориулалттай газар учраас Байгаль орчны яамнаас Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж байж энэ газар дээрээ үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байдаг. Манай компани нарийвчилсан үнэлгээг 2013 онд хийлгэсэн байгаа. 2 дахь шаардлагын тухайд бол хууль бус захирамжийг үндэслэн Өмнөговь аймгийн Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 23-нд А/24 дүгээр захирамжаар ХХК-д газар олгосон нь манай компанийн газар эзэмших эрхийг зөрчих үндэслэл болж нэхэмжлэл гаргасан. А/24 дүгээр захирамж гарсныг 2019 оны 01 дүгээр сард мэдсэн. Мэдсэнээрээ Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дээд албан тушаалтан болох Н.Наранбаатарт гомдол гаргасан. Тухайн газар нь гүнзгий жалгатай байсан. Хажууд нь клонк байгуулагдаад тэр клонк хагасыг нь тэгшилсэн байсан. 2012 онд авсныхаа дараа нэг хашсан. Сүүлдээ энэ тэндээсээ ойчоод алга болсон юм. Ер нь тодорхой хэмжээний янзлахаар, газрын 3-ний 2 нь тэгшхэн газар байсан. Нэг тийм гүнзгий жалга байсан. Гэхдээ тэр жалгыг шороогоор бараг дүүргэчихсэн байсан. Дээр нь шороогоор тэгшилсэн гэдэг бол тэгшилсэн, тэгшилсэн байна лээ. Эдний компани юм байгуулах гэж байгаа гээд юм аваачаад тавьсан байхад нь газрын гэрчилгээг ийм ийм юм шүү надад хүчингүй болгосон юм ирээгүй шүү гэж би барьж очсон. Нэг хүн ирсэн гэж яриад байгаа нь би мөн. Хариуцаж мэдэх хүн байхгүй гээд намайг буцаасан. Би бүх юмаа бариад очсон.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн ХХК-д холбогдох хэсгийн АНЗАОТ ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж хэлье. Аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг хариуцагч буруу хэлээд байна. Хариуцагчийн зүгээс гомдол гаргасан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь "Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул" гээд байгаа юм. Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 "үйл ажиллагаа 2 жил явуулаагүй, эзэмшиж ашиглаагүй, газар эзэмших эрхээ ноцтой зөрчсөн" гээд маргаан бүхий захиргааны актаасаа өөр хуулийн үндэслэл яриад байна. Мөн маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хариуцагч тал нь төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгох ёстой. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн гэж байгаа боловч захиргааны акт тухайн хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн бэ гээд материаллаг талаас нь буруу тодорхойлсон гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт эрх ашиг нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Газар эзэмших эрх нь хэний эрх ашгийг зөрчих гээд байгаа юм, хэнд холбогдуулаад мэдэгдэх сонсох ажиллагаа явагдсан, гуравдагч этгээд газраа эзэмшээгүй, ашиглаагүй гээд яриад байна. Гуравдагч этгээд газар эзэмшсэн, ашигласан, газар дээр үйл ажиллагаа явуулаагүй гэж ярих эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ харилцаа бол тусдаа дараагийн асуудал. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь хууль тогтоомжийн хүрээнд гарсан уу гараагүй юу гэдэг талаас нь харах ёстой юм. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар Их хурд хүч ХХК-д газар олгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хууль зөрчсөн, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргах журмыг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд газар эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана. Ийнхүү гаргахдаа тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын гэрчилгээ, кадастр, ямар үйл ажиллагаа явуулах чиглэлтэй компани юм тэр талаар компанийнхаа танилцуулга болон холбогдох бүх бичиг баримтыг гаргах ёстой байдаг. Гэтэл энэ нь 2020 оны шүүх хуралдаанаар Их хурд хүч ХХК нь Газрын тухай хууль зөрчөөд төрийн захиргааны байгууллагадаа, газрын албандаа өгөлгүйгээр зөвхөн ганц хүсэлт өгсөн байдаг. Энэ хүсэлтээр А/24 дүгээр захирамжаар Их хурд хүч ХХК-д газар олгосон байдаг. Мөн энэ газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад Их хурд хүч ХХК нь манайх хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Хөрөнгө оруулалт хийсэн, барилга барьсан үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хамгийн түрүүнд хамгийн анхны компанийн эзэмшил газрын эрхийг яагаад зөрчиж байгаа юм бэ. Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоод цуцлах байсан юм бол хууль тогтоомжийн хүрээнд цуцлахгүй яасан юм бэ. Тэгэхээр анхнаасаа Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн аймгйн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамж нь хууль бус захиргааны акт байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, З.Мөнхцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АНЗАОТ ХХК-д анх Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байсан бөгөөд тус захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно" гэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д ззасан "энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шийдвэр байсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т "аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна" гэсэн заалтын дагуу аймгийн Засаг дарга нь аймгийн төвийн сумын Засаг даргын саналыг авснаар зөвхөн аймгийн төвийн сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхтэй. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжаар АНЗАОТ ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2017 он хүртэлх хугацаанд эзэмшиж буй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зэрэг үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх заалт, мөн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байсан. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжийг хууль бусаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хуульд нийцүүлэхээр аймгийн Засаг даргын 2017 оны А/1311 дүгээр захирамжийг гаргуулсан. Энэ захирамжийн хавсралтад дурдсан 1 иргэн, 19 хуулийн этгээдийн эзэмшлийн газрыг тус бүр Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д "сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэж сумын Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрхэд халдсан үйлдэл байсан юм. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны А/1311 дүгээр захирамж нь түүний хавсралтад дурдсан 1 иргэн, 19 хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байсан газрыг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасны дагуу шийдвэрлэхийгд үүрэг болгосон. нь дээрх иргэн, хуулийн этгээдүүдийн газрын эзэмших, ашиглах эрхийг сумын Засаг даргын захирамжаар хуульд нийцүүлэн үргэлжлүүлэн олгосноор Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж улмаар Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эзэмшил, ашиглалтын газар нь Монгол улсын хэмжээнд 2017 онд нэвтрүүлсэн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, эрх нь бүрэн баталгаажих байсан тул тэдний газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг АНЗАОТ ХХК-д мэдэгдэх, гардуулах ажиллагаа явагдаагүй болно. АНЗАОТ ХХК-д Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Хайрхан баг, Цагаан хадад 10 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийг үргэлжлүүлэн олгосон байна. Иймд аймгийн Засаг даргын 2017 оны А/1311 дүгээр захирамж нь АНЗАОТ ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд хуулийн хүрээнд асуудлыг зөв шийдвэрлэхээр гаргасан захиргааны акт юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Газрын тухай хуульд 90 хоногт багтаан хийлгэж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг байгуулах ёстой байсан. АНЗАОТ ХХК нь уг үнэлгээг 90 хоногт гаргаж өгөөгүй боловч газар эзэмших гэрээгээ байгуулаад гэрчилгээгээ аваад явсан байдаг" гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дээрх газруудыг сумын Засаг дарга болон сумын газрын даамал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн олгох эрх нь шилжин ирсэн бөгөөд тус газруудыг Газрын тухай хуульд зааснаар бусдад олгох асуудлыг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар АНЗАОТ ХХК нь Сумын газрын алба буюу Засаг даргад тухайн хүчингүй болсон газраа дахин авах тухай хүсэлт, холбогдох материалын хамт хавсарган ирүүлэх боломжтой байсан боловч энэ талаарх баримт сумын Засаг даргын Тамгын газрын архивд байхгүй тул хүсэлтээ дахин ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын архив шүүж үзэхэд ХХК-ийн сумын Засаг даргад Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан байх бөгөөд Засаг дарга нь хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр сумын газрын даамалд өгсөн байдаг. Газрын даамал нь босоо удирдлагатай хэдий ч Засаг даргыг мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн дагуу зөвлөх үүрэгтэйн хувьд хуулийн хүрээнд Цагаан хаданд дахин төлөвлөлт хийх, олгогдож байгаа газруудын байршил, нөхөн олгох зэргийг ерөнхий төлөвлөгөөний дагуу олгож байршуулан Засаг даргад захирамжийн төслийг оруулж батлуулах эрхтэй байдаг.

Тиймээс хүчингүй болсон газар дээр сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар ХХК-д шинээр газар олгосон байна. Иймд АНЗАОТ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ХХК шүүхэд ирүүлсэн болон гүйцэтгэх захирал Б.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2012 онд үүсгэн байгуулагдаж 2017 оноос эхлэн улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулаад тасралтгүй 3 жил болж байна. Энэхүү хугацаанд төрөөс барьж буй бодлого шийдвэрийг ажил хэрэг болгох үүднээс өөрийн эзэмшлийн газар, ажилчдын кемптэй болох зорилго тавин ажиллаж Өмнөговь аймгийнд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичгээр Гаалийн хяналтын бүсийн зориулалтаар газар эзэмших хүсэлт өгсний дагуу зохих хууль, журмыг үндэслэн сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар нэгж талбарын 4601008725 дугаартай, 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд албан ёсоор газрын кадастрын зураг 2019 онд бүрэн баталгаажиж орсон байна.

Бид өөрийн санхүү нөөц боломжоо ашиглан хамтран ажилладаг компаниудтай нийлж техник, тоног төхөөрөмж, хүн хүчээр тухайн газрыг үйл ажиллагаа явуулах боломжтой болгон сэргээн засварлаж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ХХК нь тухайн газрыг эзэмшсэнээс хойш уг газарт бүтээн байгуулалтын ажил хийх, хашаалж, объект барьж, ногоон байгууламж бий болгосон. Өнөөдрийн байдлаар тухайн газарт хоёр давхар оффис, ажилчдын байр, цайны газар, халуун ус, угаалга, засварын газартай цогц жишиг кемп зэрэг нийт 3 тэрбум 100 сая төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалт, 180 гаруй ажлын байр бий болгон үйл ажиллагаа тогтвортой хэвийн явагдаж байна.

Аймгийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/1311 дугаар захирамжаар АНЗАОТ ХХК-д олгосон газрыг хүчингүй болгосон бөгөөд АНЗАОТ ХХК-ийн эрх ашгийг зөрчихгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч АНЗАОТ ХХК нь 2012-2017 оныг хүртэл тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй.

Аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамж нь илт хууль бус байсан учраас Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон үйлдэл нь зөв гэж үзэж байна ХХК ньд хүсэлтээ гаргаж хуульд заасан журмын дагуу газар эзэмшсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байгаа. Хууль бусаар энэ газрыг авчихаад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яриагүй.

Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамж гарахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/1311 дугаар захирамжаар АНЗАОТ ХХК-д олгосон газрын эзэмших эрхийг дуусгавар болгочихсон байсан учраас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзэж байна. Иймд АНЗАОТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн итгэсжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр худлаа ярьж байна. 2018 оны 01 дүгээр сарын 23-нд гарсан А/24 дүгээр захирамж байгаа. Би 2018 оны 07 дугаар сараас хойш энэ газрыг авсан цагаас нь хойш өөрөө хариуцан гардаж ажилласан. 07 сард мэргэжлийн байгууллагаар кадастрын зургаа батлуулаад үүний дагуу хашаа татаж байхад АНЗАОТ ХХК-ийн захирал нь байна гээд хоёр хүн ирсэн. Одоо бодоход Г.Батжаргал гуай л байсан юм шиг байгаа юм. "Манай газар дээр танайх яагаад юм яриад байгаа юм бэ" гэж хэлчихээд л яваад өгсөн. Уг газарт ямар ч хашаа байгаагүй, хүн ашиглахад үнэхээр хэцүү, хогийн цэг шахуу газар байсан. Ямар газар байсныг Г.Батжаргал гуай мэдэж л байгаа байх. Тэр газрыг манайх аваад хамтран ажилладаг компаниудтайгаа хамтран техник хэрэгслүүдээр тэгшилж амьдрах кемп зэргийг барьж нэлээд хөрөнгө зарсан. Нэхэмжлэгч нь 2012-2018 онд яагаад газраа ашиглаагүй юм бэ. Уг газраа ашиглаад хашаа татсан байсан бол бид хүний хашааг буулгаад хашаа барихгүй нь ойлгомжтой. Ямар ч тийм давхцал гарсан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлагаа дэмжиж байгаа" гэв.

Гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжаар өмнө гарсан аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамж буюу хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон. Уг захирамжаар Ханбогд сумын Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар АНЗАОТ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж зааснаас үзэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрших газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээд олгогдсон байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах" талаар зохицуулсан байх бөгөөд нь 2012 онд а/42 дугаар захирамж гаргаж өөрийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй асуудлыг шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т зааснаар өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан захиргааны акт буюу Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамж нь илт хууль бус бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй юм.

Өмнөговь аймгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар" ХХК-д Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд 4601008725 нэгж талбарын дугаартай 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу тус компани газар эзэмших эрхийн 00031224 дүгээр гэрчилгээгээр уг газрыг эзэмшиж байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжаар АНЗОАТ ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газар нь манай компанийн эзэмшлийн газартай давхацдаг гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг бөгөөд энэ нь эрх зүйн маргаануудыг дагуулж манай компанийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгөд халдаж, цаашлаад компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байх нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна.

Шүүх АНЗАОТ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж аваад аймгийн Засаг дарга болон нарт холбогдуулан хэрэг үүсгээд явж байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь хариуцагч Засаг дарга нарт холбогдсон байх ёстой. Маргаан бүхий газрын анхдагч эрх зүйн акт нь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаартай захирамж учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор гуравдагч этгээд эрх хэмжээнийхээ хүрээнд бие даасан шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/24 дүгээр захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн цагаас хойш ХХК-ийн газар эзэмших эрх нь зөрчигдөж байна. Шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч ХХК-ийн газар эзэмших эрхэнд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч АНЗАОТ ХХК-иас бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Гуравдагч этгээд болох ХХК-ийн гаргаж байгаа бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үүссэн маргаантай холбогдуулж бие даасан шаардлага гаргах эрхтэй. Үндсэн нэхэмжлэл нь Н.Наранбаатарын гаргасан А/1311 дүгээр захирамж болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Б.Дэндэвсамбын гаргасан А/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэх гаргасан.

Мөн бие даасан шаардлагын хариуцагч нь тодорхойгүй гэж үзэж байна. Б.Бадраагийн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/42 захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан гэж үзэж байна. Гэтэл хариуцагч Н.Наранбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар өгөөд байгаа нь ойлгомжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, З.Мөнхцэцэг нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Гуравдагч этгээдээс аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд аймгийн Засаг дарга нь газрыг хэрхэн олгох талаар хуульчилсан байдаг. Аймгийн Засаг дарга 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамж гаргаж өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн. Иймээс сумын Засаг даргын эрх хэмжээний асуудлыг аймгийн Засаг дарга хэрэгжүүлсэн нь тодорхой байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д зааснаар захиргааны байгууллага өөрт үл хамаарах захиргааны актыг гаргасан. Аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд 2012 оны а/42 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Ийм учраас илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг зөвшөөрсөн.

Иххурд хүч ХХК-д олгосон газар өмнө нь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжаар АНЗАОТ ХХК-ийн эзэмшиж байсан газрын байршилтай давхацсан. Гэхдээ ХХК-д шинээр газар эзэмших эрх олгох үед бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газрыг олгосон. АНЗАОТ ХХК нь газар дээрээ бүтээн байгуулалтын ажил хийж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан.

Иххурд хүч ХХК-д олгосон газар нь хуулийн дагуу олгогдсон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөв гэж үзэж байна. Иймд аймгийн Засаг дарга 2012 оны а/42 дугаар захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус шийдвэр гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч В.Мөнхнаран дүгнэлтдээ: Хэргийн талаар бол 2 компанийн газрын маргаан юм байна. АНЗАОТ ХХК нь газар эзэмших эрхээ 15 жилээр авсан байна. 5 жилийн дараа өөр компанид тухайн газрыг олгосноор 2 компанийн газрын маргаан үүссэн байна. Миний хувьд аль нэг компанийг буруутай гэж хэлж сайн мэдэхгүй байна. Газрын тухай хуулийн зүйл заалтыг нь би мэдэхгүй учраас компаниудыг сонсохоор нэг компанийн ярихыг сонсохоор зөв ч юм шиг, нөгөө компанийн талаар ярихаар бас зөв ч юм шиг, мөн газрын мэргэжилтэн хариуцагч ярихаар бас зөв ч юм шиг болоод байна. Хуулийнхаа дагуу л шийдэгдэх асуудал байна. Миний хувьд хуулийг сайн мэдэхгүй учраас энэ компанийн зөв юм байна гэж дүгнэлт гаргаж чадахгүй байна. Хамгийн анх 15 жилийн хугацаатай 10 га газрыг олгочихоод дундаас нь өөр компанид шилжүүлж олгоод байгаа нь буруу гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр АНЗАОТ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1/ Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн ХХК-д холбогдох хэсгийн АНЗАОТ ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэ нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг хүрээнд нэхэмжлэгчээс А/1311 дүгээр захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 48 дугаар зүйлийг аймгийн Засаг дарга зөрчсөн, хууль ёсны итгэлийг хамгаалаагүй, тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа ашиглахаар хүлээж байтал эзэмших эрхийг хүчингүй болгож, уг газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус, бидний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж, хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2012 онд газар эзэмшүүлсэн а/42 дугаар захирамж нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэсэн байсан тул хууль бус шийдвэрийг цуцалсан, уг шийдвэр АНЗАОТ ХХК-д хаяглагдаагүй тул Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй гэж, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн хувьд газрыг хууль бусаар эзэмшсэн тул хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй, манайх хуулийн дагуу хүсэлт гаргаж, сумын Засаг даргын захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргана.

Энэ тохиолдолд (1) аймгийн Засаг даргын 2017 оны А/1311 дүгээр захирамж /АНЗАОТ ХХК-д холбогдох хэсэг/ болон Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/24 дүгээр захирамж /Иххурд хүч ХХК-д холбогдох хэсэг/ нь нэхэмжлэлийн өргөдөлд тодоорхойлсон хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, (2) тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай бөгөөд хүчингүй болгуулах-аар маргаж буй захиргааны акт нь хуульд заасан хууль бус захиргааны актын шинжийг хангасан байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд шүүх уг захирамжийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох журамтай.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ... /-ыг/ ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж зааснаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгааг болон зөрчигдөж болзошгүйг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой заах шаардлагатай бөгөөд шүүхээс түүний үндэслэлт байдлыг магадлах замаар шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөл юм.

Мөн хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс гадна гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэзээ, ямар журмаар үүссэн болох, тэр нь хуульд заасан газар эзэмшүүлэх журамд нийцсэн эсэх талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байна.

Анх Өмнөговь аймгийн Засаг дарга 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай а/42 дугаар захирамжаар Ханбогд сумын нутаг дэвсгэр, Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай АНЗАОТ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр[1] Газар эзэмших эрхийн 0203090 дугаар гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Маргаан бүхий Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/1311 дүгээр захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримталж, 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэлээр АНЗАОТ ХХК-ийн газар эзэмших эрх /гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг илэрхийлсэн/-ийг хүчингүй болгож, 3 дахь заалтаар ...төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу шийдвэрлэхийгд үүрэг болгосон байна.

Уг байршилд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/24 дүгээр[2] захирамжаар Хайрхан баг, Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай ХХК-д шинээр эзэмших эрх олгож, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр[3] Газар эзэмших эрхийн 000312224 дугаар гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжаар АНЗАОТ ХХК-д, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/24 дүгээр захирамжаар ХХК-д тус тус эзэмшүүлсэн Ханбогд сумын Цагаан хаданд байрших 10 га газар нь нэг байршилд буюу 8 га газар хэсэгчлэн давхцалтай болох нь нэхэмжлэгч АНЗАОТ ХХК болон гуравдагч этгээд Иххурд хүч ХХК-ийн газрын байршлын кадастрын зураг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын давхцуулж олгосон газрын байрлал харуулсан зураглал зэрэг баримтуудаар[4] нотлогдож байх ба хэргийн оролцогчид энэ тухайд маргаагүй болно.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /хэлнэ/, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д /сумын Засаг дарга/ энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ... гэж тус тус зааснаас гадна аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмшихээр төрийн байгууллагад хүсэлт гаргахдаа хавсаргах шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д нэгбүрчлэн заасан.

АНЗАОТ ХХК болон ХХК-иудын хувьд, анх газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан шаардлагад нийцээгүй[5]; эдгээр хуулийн этгээдүүдэд газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулах зарчмын дагуу олгоогүй; Ханбогд сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргаж, АНЗАОТ ХХК-д газар эзэмшүүлсэн; зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч АНЗАОТ ХХК-д Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжаар, гуравдагч этгээд ХХК-д Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/24 дүгээр захирамжаар тус тус Ханбогд сумын Цагаан хадны байршилд, гаалийн хяналтын талбайн зориулалтаар, 10 га газрыг, 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрх-ийг олгосон нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах зарчим, журам, нөхцөл шаардлагад үл нийцнэ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг АНЗАОТ ХХК, ХХК-иудад газар эзэмшүүлсэн үйл баримттай харьцуулан тайлбарлавал, (а) аж ахуйн нэгжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар, (б) Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-29.3-д зааснаас илүү хэмжээний газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаа, эсхүл төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар шийдвэрлэж, түүний үндсэн дээр гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгох замаар газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүсэх журамтай байхад, нь 2012 оны а/42 дугаар захирамжаар АНЗАОТ ХХК-д, нь 2018 оны А/24 дүгээр захирамжаар тус тус газар эзэмших эрхийг шууд олгож[6], Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн байна.

Мөн аймгийн Засаг даргаас 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжаар, Ханбогд сумын Цагаан хад хэмээх байршилд, нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасныг зөрчиж, хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн үйлдэл болжээ.

Шүүх хуралдаанд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал анх газар эзэмшихдээ төсөл сонгон шалгаруулах материалаа аймгийн Газрын албанд өгсөн, гуравдагч этгээд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг манайх хүсэлтээ гаргаж, газрыг хуулийн дагуу эзэмшсэн гэж тайлбарлах боловч АНЗАОТ ХХК нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт төсөл сонгон шалгаруулахтай холбоотой материал гэж гаргаж өгөөгүй, газрын хувийн хэрэг гэж байхгүй, ХХК нь албан бичгээс өөр баримт ирүүлээгүй, эдгээр хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлэхэд захиргааны байгууллагын зүгээс газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож, дээрх тайлбарууд үгүйсгэгдэнэ.

Аймгийн Засаг дарга нь оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй, хаяглагдсан этгээдэд гаргасан шийдвэрээ хуулийн дагуу мэдэгдээгүй зэргээр 2017 оны А/1311 дүгээр захирамжийг гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлээгүй буруутай боловч энэ нь хууль бус шийдвэрийг цуцалсан уг захирамжийн үндэслэлийг үгүйсгэх буюу захиргааны байгууллагын анх газрыг хууль бусаар олгосон үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь хуулийн дагуу үүсээгүй газар эзэмших эрхэд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч ...маргаан бүхий газар дээр анх газар эзэмших хүсэлт гаргаж, нүүрс ачиж буулгах зориулалттай төсөл сонгон шалгаруулалтаар уг газрыг эзэмшсэн... гэж тайлбарлан маргах боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан авсан газрын хувийн хэрэгт[7] газар эзэмших хүсэлт болон төсөл сонгон шалгаруулалттай холбогдох баримт байхгүй, нэхэмжлэгч өөрөө энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхцэцэг тухайн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар бус шууд захирамж гарган олгосон гэдэг тайлбар гаргасан болно.

Харин гуравдагч этгээд ХХК нь маргаан бүхий газарт гаалийн хяналтын бүс дэх 3800 м.кв барилга байгууламж барин, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ зэргийг хийлгэж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь шүүхийн үзлэг[8], бичиг баримт[9] зэрэг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч АНЗАОТ ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах заасан газар эзэмшигчийн үүргээ 2012 оноос хойших хугацаанд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашигласан, ашиглаагүй талаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд аймгийн Засаг дарга ... газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх зөрчлийг 2017 оны А/1311 дүгээр захирамжийн үндэслэл болгоогүй, анх хууль зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэрээ л цуцалсан гэж тайлбарласан тул маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтын талаар тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшээгүй, газар дээр үйл ажиллагаа явуулж байгаагүй тул маргаан бүхий захирамжуудыг хууль бус болохыг тогтоосноор хамгаалагдаж, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй буюу ... манай компанид хуулийн дагуу олгосон газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын захирамж болон гуравдагч этгээд ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг хууль бус болохыг тогтоосноор тухайн маргаан бүхий газрыг ашиглах замаар үйл ажиллагаа эрхлэх эрх сэргэх... гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх  байдлаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны А/1311 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд нийцэхээс гадна хуулийн дагуу үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан хамгийн анх нэхэмжлэгчид 15 жилийн хугацаатай 10 га газрыг олгочихоод дундаас нь өөр компанид шилжүүлж олгоод байгаа нь буруу гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

2/ Гуравдагч этгээд ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд гуравдагч этгээдийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан.

Гуравдагч этгээд Иххурд хүч ХХК-ийн гаргасан аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримттай холбоотой байх ба нэхэмжлэгчийн гаргасан ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй шаардлага гаргасан, мөн цаг хугацааны хувьд ч, субъектийн хувьд ч өөр байна... гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин гуравдагч этгээд ХХК-ийн хувьд Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар дээрх маргаж буй газрыг эзэмших эрх шинээр үүссэн байх бөгөөд уг газарт хамаарах захиргааны шийдвэр, үйл ажиллагааны улмаас тухайн газрыг эзэмших эрх хөндөгдсөн гэж үзвэл бие даасан шаардлага гаргах эрхийг хуулиар олгосон байх ба захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байхаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагын хувьд гомдол гаргах хугацаа дууссан гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй.

АНЗАОТ ХХК-д газар эзэмших эрх олгосон Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр мөн аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон анхны акт болох аймгийн Засаг даргын 2012 оны а/42 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болжээ.

Маргаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу хандсан этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар /эерэг болон сөрөг/ үүсгэж байх нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөл байдаг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үйлчлэлгүй /эрх бүхий этгээдээс цуцалсан, хүчингүй болгосон, эсхүл тухайн акт өөр бусад байдлаар хэрэгжиж дууссан/ болсон актыг шүүхээс дахин илт хууль бус гэж тогтоох хууль зүйн боломжгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчим-ын дагуу ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг тус тус баримтлан АНЗАОТ ХХК-иас, тус аймгийнд тус тус холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсэг, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн ХХК-д холбогдох хэсгийн АНЗАОТ ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд ХХК-иасд холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 захирамжийн АНЗАОТ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч "АНЗАОТ" ХХК, гуравдагч этгээд ХХК-иас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.БАЯРМАА

                       ШҮҮГЧИД               С.ОТГОНЦЭЦЭГ

                                                 З.ГАНЗОРИГ 


[1] Хэрэг 1-р хавтас 10-12 дахь хуудас

[2] Хэрэг 1-р хавтас 84-85 дахь хуудас

[3]Хэрэг 2-р хавтас 71-76 дахь хуудас

[4] Хэрэг 1-р хавтас 13, 2-р хавтас 95, 143 дахь хуудас

[5] Хэрэг 1-р хавтас 112-114 дэх хуудсанд АНЗАОТ ХХК-ийн газар эзэмших хүсэлт, 206 дахь хуудсанд ХХК-ийн газар эзэмшихээр гаргасан 2018.01.04-ний өдрийн №05 дугаар бичиг авагдсан ба уг хүсэлт нь байгууллагын ирсэн бичгийн бүртгэл-д бүртгэгдээгүй, өөр баримт бичиг хавсаргаагүй байдаг.

[6] Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй

[7] Хэрэг 1 дүгээр хавтас 111-115 дугаар хуудас

[8] Хэрэг 2 дугаар хавтас, 71-90 дүгээр хуудас,

[9] Хэрэг 1 дүгээр хавтас 221-250 дугаар хуудас, хэрэг 2 дугаар хавтас 1-32 дугаар хуудас, 3 дугаар хавтас 5-20 дугаар хуудас