| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/03419/И |
| Дугаар | 102/ШШ2018/03003 |
| Огноо | 2018-10-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2018/03003
| 2018 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2018/03003 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Мг-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: РТҮСУТҮГ-т холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би анх тус байгууллагад 2014 онд хүний нөөцийн мэргэжилтэнгийн албан тушаал дээр ажилд орсон бөгөөд үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр М.Даваабаатар хүүгээ төрүүлсэн.Ингээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа ороод ажиллаж байтал намайг миний зөвшөөрөлгүйгээр ажил олгогчийн шийдвэрээр бүтэц зохион байгуулалт хийж байна гээд Телевизийн төв станцийн бичиг хэргийн мэргэжилтэнгээр 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр намайг томилсон боловч дахин бүтэц зохион байгуулалт хийж байна гэсэн мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгснийг би хүлээн зөвшөөрөхгүй гээд захиралд би 3 нас хүрээгүй хүүхэдтэй бөгөөд ахиад сар гарантай жирэмсэн учир байгууллагын захиргаанд өргөдөл өгсөн.Өргөдөл өгөөд би ээлжийн амралтаа 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эдэлж байхад хуулийн зөвлөх утасдаад хүүхэд чинь 3 нас хүрээгүй юм байна, иймд хуулийн дагуу ажлаа хийнэ гэсэн учраас миний сэтгэл амраад ээлжийн амралтаа үргэжлүүлэн эдлээд 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ажилдаа ороход мэдэгдэх хуудсаа буцаагаад өгчихөөрэй гэснээс өөр юм хэлээгүй.Гэтэл мэдэгдэх хуудсыг нь өгч амжаагүй байхад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бүтэц хийлээ гээд А/47 тоот ажлаас чөлөөлөх тушаал гарснаас үзэхэд намайг ажлаас чөлөөлсөн боловч эргээд томилох тушаал дээрээ буюу А/48 тоот тушаалаар эргээд томилохдоо намайг ажилд томилоогүй байсан.Ингэхээр нь миний нэр байхгүй байна гээд захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хуулийн зөвлөх нараас асуухад маргааш төв дээр ирээд хуулийн зөвлөхтэй уулзаарай гээд намайг өөр ажилд томилохоор болсон гэсэн.Ингээд очиход Хонхорын Радио Телевизийн төв станцын ХАБ-ын инженерээр 3 сарын хугацаанд түр томилохоор болсон гэсэн тул би түр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй мөн би энэ албан тушаалын мэргэжилгүй, экологийн анги төгссөн гэдгээ хэлэхэд тэгвэл ажлаас чөлөөлөгд гэсэн.Гэтэл манай байгууллага үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 200 орчим ажилтантай, тэгээд ч төв дээр миний өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох хүний нөөцийн мэргэжилтэн, хангамжийн албанд мэргэжилтний орон тоо байхад намайг авалгүйгээр гаднаас шинэ өөрсдийн хүмүүсийг авсанд гомдолтой байна.Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.2 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчиж Ч.Мг ажлаас халсан.Өмнө нь бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан учраас урьд эрхэлж байсан ажилдаа томилуулахыг хүссэн.Ажлын түр орон тоог зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Ч.Мгийн мэргэжил таарахгүй, 3 сар хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн сургалтанд сууж мэргэшүүлнэ гэж ярьлаа.Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр томилогдлоо гэхэд тухайн хүний цалин хөлсийг хэрхэн олгох вэ, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заасан байдаг.Ч.М нь хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр тохирохгүй бөгөөд Монгол улсын их сургуулийн экологи байгаль хамгааллын ангийг төгссөн.Мөн хүний нөөц, нягтлангийн хавсарсан мэргэжилтэй. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр томилсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Урьд нь эрхэлж байсан ажлын байр орон тооны цомхотголд орсон учраас ажил олгогчийн санал болгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсэж байна.Тиймээс үндэслэлгүй ажлаас халсан, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, зөвхөн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийлгүүлэхийг хүсэж байна гэв.
Хариуцагч РТҮСУТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлд дурдсанаар ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ч.М-д гардуулсан. Мэдэгдэх хуудсыг Ч.М үл зөвшөөрч тус газарт өргөдөл гаргаж, өргөдөлдөө 3 хүртэлх насны хүүхэдтэй гэснийг нь хүлээн авч түүний дагуу мэдэгдэх хуудсыг хүчингүй гэж өөрт нь мэдэгдэж өргөдлийнх нь дагуу шийдвэрлэсэн.Тус газрын захирлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай” А/46 дугаар тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтаар тус газрын Телевизийн төв станц, Хотын шугамын радиогийн алба, Радио нэвтрүүлэх төв станцын орон тоо, албан тушаалд өөрчлөлт оруулсан.Дээрх тушаалаар Телевизийн төв станц, Хотын шугамын радиогийн алба, Радио нэвтрүүлэх төв станцын бичиг хэргийн мэргэжилтэн нарын орон тоо цомхотгогдсон.Ч.М нь тус газрын Телевизийн төв станцад бичиг хэргийн мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн.Удирдлагын зүгээс Ч.Мд ажлын байр санал болгож түүний зөвшөөрсний дагуу захирлын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Ч.Мг ажилд түр томилох тухай” Б/120 дугаар тушаалаар Радио нэвтрүүлэх төв станцын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр түр томилсон.Захиргааны зүгээс Ч.М-г өөрийнх нь эзэмшсэн мэргэжил боловсролд нь аль болох тохируулан ажилд томилсон бөгөөд албан тушаалынхаа дагуу хөдөлмөр аюулгүй байдлын сургалтанд хамруулж 3 сарын хугацаанд ажлын байранд нь дадлагжуулан үргэлжлүүлэн томилон ажиллуулахыг чиглэл болгосон. Гэвч Ч.М нь захирлын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 дугаар тушаалыг гардан авсан мөртлөө хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил тасалж, ажлаа хийхгүй байгаа болно.Иймд Ч.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн эхний шаардлага хамааралгүй байна.Хоёр дах шаардлага болох 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас өгсөн гэдэг нь жирэмсэн, 3 хүртэл насны хүүхэдтэй эхээс асуух боломж байхгүй.Манай байгууллага энэ асуудлаар Ч.М-гийн гаргасан өргөдлийг хүлээж аваад мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. Үүний дагуу 2018 онд “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГазрын захирлын А/47 тоот тушаалаар тус газрын Радио нэвтрүүлэх төв станц, Хотын шугамын радиогийн алба, телевизийн төв станцийн бичиг хэргийн мэргэжилтэн, мэдээллийн технологийн ажилтны мэргэжилтний орон тоог цомхотгон цөөрсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүтэц орон тоог цомхтгосны дараа бололцооны ажил олгож өгнө гэж заасны дагуу Ч.М-тай уулзаад хотын шугамын Радиогийн албанд засварын техникчийн орон тоо байна.Радио нэвтрүүлгийн төв станцид Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийн орон тоон дээр ажиллуулъя, Хөдөлмөрийн дотоод журманд заасны дагуу 3 сарын сургалтанд хамруулаад түр томилъя гэхэд нь өөрөө зөвшөөрөөд явсан.Тушаалаа гардаж авахдаа намайг түр томилсон байна гэж хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй. Урьд эрхэлж байсан албан тушаал бүтэц зохион байгуулалтаар байхгүй болсон.Урьд эрхэлж байгаа ажлын байранд томилуулна гэснийг зөвшөөрөхгүй байна.Байгууллагын захирлын А/47 дугаар тушаалаар ганцхан Ч.Мг чөлөөлөөгүй, 3 салбарын бүх албан хаагчдыг чөлөөлсөн байгаа. Мэдэгдэх хуудас өгөх үед Ч.Мг бага насны хүүхэдтэй жирэмсэн гэдгийг мэдээгүй.Өөрийнх нь өгсөн өргөдлийн дагуу дээрх нөхцөл байдлыг мэдсэнээр тухайн үед мэдэгдэл хүчингүй гэдгийг албан ёсоор хэлсэн.Манай байгууллагын зүгээс өөр ажилд томилж, хотын шугамын Радиогийн шугамын албанд засварын техникчийн ажлын байр санал болгосон.Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т заасны дагуу ажилд томилоод энэ хугацаанд сургаад ажиллуулах санал тавьсан.Хуульд заасны дагуу Ч.М-г ажлын байраар хангасан, урьд нь 670,000 төгрөгийг цалин авдаг байсан.Ч.М тушаалаа гардаж авчихаад хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй явсан, Ч.М-гийн цалинг 678 000 төгрөгөөр тогтоож өгнө гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М РТҮСУТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээр Ч.Мгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагуудаас татгалзаж, Ч.М-гийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай шаардлагыг дэмжиж оролцсон болно.
РТҮСУТҮГ-ын захирлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/47 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан бичиг хэргийн мэргэжилтэн Ч.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасны дагуу РТҮСУТҮГ-ын захирлын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Ч.М-г ажилд түр томилох тухай” Б/120 дугаар тушаалаар тус газрын Телевезийн төв станцын орон тоо хасагдсантай холбогдуулан бичиг хэргийн мэргэжилтэнээр ажиллаж байсан Ч.М-г 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн радио нэвтрүүлэх төв станцын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр түр томилж, туршилтын хугацааг 3 сараар тогтоож, Ч.М-гийн үндсэн цалинг 569 360 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байна.
Ч.М урьд нь бичиг хэргийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 678 000 төгрөгийн үндсэн цалинтай байсан болох нь талуудын тайлбар болон Ч.М-гийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд РТҮСУТҮГ бүтэц, орон тооны зохион байгуулалт хийж Ч.М-г адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахдаа түүний үндсэн цалинг бууруулан тогтоосон байгаа нь буруу байна.
Ч.М нь энэхүү цалингийн өөрчлөлтийг зөвшөөрөөгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс шаардаж байгаа нь үндэстэй байх бөгөөд түүний 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 932 613 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг РТҮСУТҮГ-т даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газраас 932 613 /есөн зуун гучин хоёр мянга зургаан зуун арван гурван/ төгрөгийг гаргуулан Ч.М-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ч.М-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг РТҮСУТҮГ-т даалгасугай.
3.Ч.М шүүхэд гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.5-т зааснаар Ч.М улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН