| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2018/00374/и |
| Дугаар | 133/ШШ2018/00429 |
| Огноо | 2018-08-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 133/ШШ2018/00429
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй
хариуцагч: Ө.Н, Ц.Б нарт холбогдох
зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн нийт төлбөр 7.507.681,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Ө.Н, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ө.Н нь Х банкны Говь-Алтай салбараас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ14/11/07-01 тоот зээлийн гэрээ байгуулан 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн хэрэгцээнд зориулах зорилгоор авсан. Зээлдэгч Ө.Н нь өрхийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор анх авсан зээлийн үлдэгдэл дээрээ нэмж дараах зээлүүдийг авсан. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ЗГ15/336 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. 2015 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр ЗГ/201542282873 тоот зээлийн гэрээ байгуулан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 42 сарын хугацаатай авсан. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ16/01/13-09 тоот зээлийн гэрээ байгуулан 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлүүдийг тус тус авч тухай өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 9.429.986.79 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3.721.785.05 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.2-д заасан нөхцөлийг зөрчин банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Нэхэмжлэл дээр хоёр хүүг тусад нь задлаад бодсон. Зээлийн төлбөр төлөөгүй нийт 516 хоносон байна. Удаа дараа төлөхийг шаардаж байсан. Үүнийг Ө.Н, Ц.Б нар бол өөрсдөө мэдэж байгаа, төлнө гэж бичиг хийж өгч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сард төлнө тохиролцоод төлөөд явна гэж байсан. Шүүхэд өгөөгүй нийт 516 хоносон. 4 сард Өмнөговьд ажил хийж байгаа төлөөд явна гэж тайлбар өгсөн. Түүнээс хойш байж байгаад 6 сард нэхэмжлэл өгсөн. Иймд банк зээлийн гэрээний 7.1.1 дах хэсгийг үндэслэн 2018 оны 06 сарын 20 ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 5.708.201,74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.678.428,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 121.050,69 төгрөг, бүгд 7.507.681,19 төгрөг гаргуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Ө.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 4 сард Хаан банк дээр очиж өргөдөл гаргаж хуваарь хийсэн. Энэ хувиараар төлнө гэсэн. Өмнөговь аймагт нэг сар ажиллаад ажлаасаа буусан. 11 сар хүртэл бүх ажилтнаа буулгаад түр үйл ажиллагаагаа зогсоосон. Түүнээс хойш ажилгүй болоод ийм байдалтай болсон, цаашид бага багаар боломжоороо төлөх бодолтой байгаа гэв.
Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр хоёулаа ажилгүй, орлогогүй болохоор төлөх боломжгүй өдий хүрсэн. Татвараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл Ө.Н-ын цалин орж байсан. Тэр бүх цалинг нь Хаан банк Ө.Н-ын бүх дансыг нь хаагаад авсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард Ө.Н-ын 04 дүгээр сарын цалин гээд зургаан зуун хэдэн мянган төгрөг орж ирэхэд тэрийг мөн татаж авсан. Би ажилгүй, орлогогүй болохоор ямар ч арга байхгүй байна. Жирэмсний тэтгэмжид 07 дугаар сард хамрагдсан тэрийгээ авах гээд Төрийн банк дээр очиход халамжийн тэтгэмж хувь хүний данс руу ордог болсон, данс шүүгчийн захирамжийн дагуу хаагдсан байгаа учраас жирэмсэн хэрнээ уух ёстой эм, витаминаа авч чадахгүй ийм байдалтай байна. Маргааш хичээл сургууль эхлэх гэж байхад хүүхдүүддээ дэвтэр номыг нь ч авч чадаагүй байж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь үндсэн зээлийн үлдэгдэл 5.708.201,74, зээлийн хүүгийн төлбөр 1.678.428,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 121.050,69 төгрөг, нийт зээлийн төлбөрт 7.507.681,19 төгрөгийг Ө.Н, Ц.Б нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
Талуудын хоорондоо 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ15/336 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 8.348.144 /найман сая гурван зуун дөчин найман мянга нэг зуун дөчин дөрвөн/ төгрөгийг өгч авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч Ө.Н, Ц.Б нарт мэдэгдсэн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.4.3.2-т “...зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлээ төлүүлнэ...” гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснээр хариуцагч Ө.Н, Ц.Б нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ө.Н, Ц.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5.708.201,74, зээлийн хүүгийн төлбөр 1.678.428,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 121.050,69 төгрөг, нийт зээлийн төлбөрт 7.507.681,19 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банкинд олгох үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.644,9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Н, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 135.644,9 төгрөгийг гаргуулан Х банкинд олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ15/336 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ө.Н, Ц.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5.708.201,74, зээлийн хүүгийн төлбөр 1.678.428,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 121.050,69 төгрөг, нийт зээлийн төлбөрт 7.507.681,19 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банкинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.644,9 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Н, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 135.644,9 төгрөгийг гаргуулан Х банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН