Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/692

 

 

 

    2022         08         29                                  2022/ШЦТ/692

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Л.Бод холбогдох эрүүгийн 2011011630210 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Тугчин овогт Л.Б

            Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, Халх, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь 7 удаагийн ял шийтгэлтэй буюу Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

-мөн Шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар,

-мөн Шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгуулийн ялаар,

 -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Л.Б нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б нь: 1. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 09 дүгээр гудамжны 2416 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Самсунг 32” инчийн телевизор, мөнгөн аяга, цагаан торгон дээл, ширэн бүс, телевизийн хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 542,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед Л.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 07 цагт ажилдаа явахдаа гэрээ түгжээд явсан тухайн үед ганцаараа байсан гэрт хүн үлдээгүй. Ажил дээрээ 2 хоног хонож ажиллаад 2021 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 10 цагт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд, манай гадна хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож эвдсэн, мөн авдрын цоож эвдээд дотроос эд зүйлсийг маань авсан байдалтай байсан, би тэгээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Манай гэрээс 32 инчийн зурагт, мөнгөн аяга, цагаан торгон дээл, суран бүс зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж хулгайд алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-192/ дугаар тал/,

- гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буянаа гээд таньдаг хүнтэйгээ тааралдсан, надаас зурагт ломбардад тавимаар байна, чиний бичиг баримт байна уу гэж асуусан, би надад бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгээд Буянаа 84-н автобусны буудлын хажууд байх автомашины зогсоолоос такси бариад гудамжаар яваад нэг айлын гадаа зогссон, яг хаана ямар айлын гадаа зогссон талаар би санахгүй байна, ямар ч байсан намайг машинд суугаад үлдэхэд Буянаа хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй хайрцагтай зурагт авчирч машинд хийсэн өөр эд зүйл байсан эсэхийг мэдээгүй. Тэндээс хөдлөөд 7-н буудлаар Дамбаруу эргээд явж байгаад нэг ломбардад машины жолоочийг гуйгаад тавихаар орсон, энэ үед би машинд нь үлдсэн, удалгүй 160,000-аад мянган төгрөг боллоо гээд гарч ирээд би гэртээ хүргүүлээд буусан санагдаж байна. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. ...тухайн үед нэг танихгүй согтуу эмэгтэй бас хамт явсан санагдаад байна, ямартаа ч байсан Буянаа, тэр согтуу эмэгтэй бид гурав нэг шил архи уусан. Тэр эмэгтэйг би танихгүй...” гэх мэдүүлэг,

- гэрч Г.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ломбардад миний бичиг баримтаар 32 инчийн зурагт, мөнгөн аяга гэх эд зүйлсийг нийт 170,000 төгрөгөөр тавьсан. ...тэндээсээ хөдлөөд Хайлаастын усан сангийн доор байрлах Жаргалантын 30-054 тоот хашаанд ирж хойно сууж байсан ах манай гэр гээд тэр эмэгтэй хүнтэй хамт буусан. Тэгээд нөгөө урд суусан хүнтэй хамт доошоо 84-н автобусны буудал дээр очиж тэр хүн тэнд буугаад үлдсэн, надад 15,000 төгрөг өгсөн. Би гэрлүүгээ явсан. Замдаа явж байхдаа урд суусан хүнийг Буянаа гэж нэрлэж байсан, хойно суусан хүнийг мастер үсчин гэж хоорондоо ярьж надад танилцуулаад байсан, ...тэр ломбардыг зааж өгч чадна, Сүхбаатар дүүргийн Дамбажараагийн тэнд Халиун төвийн хоёр давхарт байдаг..., ...Буянаад хайрцагтай зурагт, мөн МНВС-ийн кабелийн төхөөрөмж, мөнгөн аяга, торгон дээл, суран өргөн бүс байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...06 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 50 минутын орчимд үл таних 2 залуу 1 эмэгтэйн хамт манай ломбардад зурагт, мөнгөн аяга тавья гэж хэлээд гарч яваад зурагт, мөнгөн аяга хоёр аваад ирсэн. Тэгээд нэг танихгүй залуугийнхаа нэр дээр иргэний үнэмлэхээр нь барьцаанд тавиад явсан. Надад зурагтыг 110,000 төгрөгөөр, мөнгөн аягыг 60,000 төгрөгөөр тавьсан. ...надад одоо 170,000 төгрөгийн хохирол барагдуулах болох гээд байна” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн: “...дотогш ороход, хашааны ертөнцийн зүгээр баруун хойд талд 5 ханатай монгол гэр байх ба уг гэрт хэрэгт болсон гэх тул үзлэгийг хийхээр тогтов. Уг гэрт үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад, гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай байх ба ...гэрийн баруун хойд талд шаргал өнгийн гэрийн модон 2 ширхэг авдар байх ба уг авдарнуудаас эд зүйл алдагдсан гэх тл мэргэжилтэн 11, 12 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хар өнгийн нунтаг бодис ашиглан үслэг багсаар гарын мөр илрүүлэх ажиллагааг явуулж 5 ширхэг гарын мөрийг илрүүлж бэхжүүлэн авав. ...өөр хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй болно. ...хураан авсан эд зүйл байхгүй болно...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 168-172, 225 дугаар тал/,

- хөрөнгийн Үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД2-21-363 дугаартай “...хөдлөх эд зүйлс болох 32 инчийн 1_СБ зурагт 1 ширхэг, цагаан торгон дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, ширэн бүс нийт 542,000 төгрөг” гэх тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 235-238 дугаар тал/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тухай: “...хариулт, А хувилбараас 2 дугаартай Л.Б гэх зургийг энэ зураг дээрх эрэгтэй мөн гэж заав, Б хувилбараас 4 дугаартай Л.Б гэх зургийг энэ зураг дээрх эрэгтэй мөн гэж заав ” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 239-240 дугаар тал/,

-гэрч Ө.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ажлаа тараад гэртээ ирэхэд, манай хашааны гадна хаалганы хажууд байрлах өвсөн дотор тортой эд зүйл байсан тэгээд би очоод үзсэн чинь цагаан торгон дээл, суран өргөн бүс, зурагтын төхөөрөмж байсан. Би хашааруугаа авч ороод гадаа амбаартаа хийсэн. ..., тэр өдөр намайг гэртээ ирэхэд Л.Б согтуу унтаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 23-1004 тоотод оршин суух хохирогч Б.Оын гэрийн цонхыг хагалан нэвтэрч, ЛСД зурагт, MNBC төхөөрөмж, зурагтын удирдлага зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 255.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед Л.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн цонхыг нь хагалж, хулгай ороод манай зурагт, МНВС төхөөрөмж, удирдлагатайгаа алдагдсан байсан бөгөөд би цагдаагийн байгууллагад хандсан..., ...Буянтогтох гэх хүнийг би харж байгаагүй  хулгай орсны дараа цагдаагаас Насантогтох бид хоёрыг дуудаад, гарын мөрний шинжилгээгээр Б гэх хүний зургийг үзүүлсэн чинь Насантогтох уг хүнийг таньж байсан ба Нарантуул-2 дээр грушик, хийдэг хүн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-19 дүгээр тал, 31 дүгээр тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн: “...1 давхар цагийн өнгийн байшин байв. Уг байшингийн зүүн талын цонхны зүүн доод хэсгийг хулгайч хагалж орсон байна гэх тул шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Цааш ороход, хаалга, цоож хэсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. ...өрөөний зүүн урд талд байсан гэх хавтастай доороо шүүгээтэй толин дээр 32 инчийн ЛСД загварын зурагт байсан алдагдсан байна гэснийг шинжээч гэрэл зургийн аргаар 2 гэж дугаарлан бэхжүүлэн авав. Гарын мөр илрүүлэх зорилгоор ...тольтой шүүгээний баруун талын хаалганы бариул орчмоос 1 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. ...зүүн урд талын буланд байх 2 хаалгатай бор өнгийн шүүгээн доторхыг хулгайч ухсан гэх тул шинжээч гарын мөр илрүүлэх зорилгоор хөөн нунтаг түрхэж үзэхэд, баруун талын хаалганы бариулаас 4 см зайд 1 ширхэг гарын мөр илрүүлэн бэхжүүлэв. Цонхны хөшиг тюль хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул цонх хагалах үедээ гараа зүссэн байж болзошгүй тул цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон гэх хэсгийг шинжилгээнд зориулж бага хэмжээтэйг хайчлан авсан. ...цонхыг хагалсан гэх хэсэгт жижиг төмөр металл мэт сүх байх тул №5 гэсэн дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-19 дугаар тал/

- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2828 дугаартай “1 .Шинжилгээнд ирүүлсэн №3 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ, ...3. шинжилгээнд тэнцсэн №3 дугаарын 2 дахь гарын мөр санд М1М005410000546 дугаарт Лхасүрэнгийн Б нэрээр 1 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын долоовор хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-46 дугаар тал/,

- хөрөнгийн Үнэлгээний “Дамно” ХХК-ийн ЧД2-20-432 дугаартай “...хөдлөх эд зүйлс болох 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, МНВС төхөөрөмж1 ширхэг, удирдлага 1 ширхэг нийт 255,800 төгрөг” гэх тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дугаар тал/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Л.Быг согтуурсан үедээ шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.Бямбадорж, Б.Отгонжаргал нарын байнга амьдрах орон байрны цонхыг хагалах, хаалганы цоожийг нь эвдэх зэргээр нэвтрэн орж, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хулгайлан авч өмчлөх эрхэд нь халдаж нийт 798.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан урьд 6 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Мөн түүний урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар Л.Б нь шийтгүүлсэн байх ба үүнээс нийт 659 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 2 сар 22 хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоов.

             

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ. Л.Бын үйлдсэн залилах болон, хулгайлах гэмт хэргүүд нь дээрх өршөөлийн хуулийн хамрах цаг хугацаанд үйлдэгдсэн байх ба тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Б өмнө нь нийт 6 удаа шүүхээс ял шийтгэгдэж байсан  бөгөөд дээр дурдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг 2021 оны Өршөөлийн хуулийн зохих зүйл заалтад заасанд хамруулан шүүхээс оногдуулсан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

2021 оны Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,  мөн хуулийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт: “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...”  гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс Л.Бод шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагаас эдлээгүй үлдсэн 659 цагийг 8 цагийг 1 өдрөөр тооцон 82 хоногийн хорих ялд шилжүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 2 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүхээс оногдуулсан 2 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг мөн хугацааны зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Л.Бын цагдан хоригдсон нийт 5 сар 19 хоног, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн 5 сар 08 хоног нийт 10 сар 27 хоногийг  түүний биечлэн эдлэх Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас хасаж тооцож, нийт биечлэх эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...Ялтан нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял...”-аар солихыг сануулж, ялтан Л.Быг эрх бүхий байгууллагын хяналт дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох болон Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3 дугаар гудамжны 2-72В тоотоос зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьд хүчингүй болсон шүүхийн шийдвэрээр 5 сар 08 хоног зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн, мөн 1 сар 21 хоног хорих ял эдэлсэн, энэ хэрэгт 3 сар 28 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тугчин овогт Л.Быг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Быг 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Л.Бын энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялд, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үйлдсэн 659 /зургаан зуун тавин ес/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногт шилжүүлэн нийт 82 /наян хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /жил/ 02 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Бод оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг, 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Л.Бын цагдан хоригдсон 5 /тав/ сар 19 /арван ес/ хоног, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн 5 /тав/ сар 08 /найм/ хоног нийт 10 /арав/ сар 27 /хорин долоо/ хоногийг, түүний биечлэн эдлэх Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оруулан тооцож, нийт биечлэх эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Быг эрх бүхий байгууллагын хяналт дор өөрийн оршин суух газар болох тоотоос зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Шүүгдэгч Л.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Л.Быг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          10. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ