| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2018/00364/и |
| Дугаар | 133/ШШ2018/00430 |
| Огноо | 2018-08-31 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 133/ШШ2018/00430
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 1.207.635 төгрөг, мөн төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөг, нийт 1.507.635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бминий бие 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөөд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр магадлалаар ажилдаа тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан шийдвэр гарсан. Уг шийдвэрийг үндэслээд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажилд авсан юм. Иймд миний бие 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан 33 хоногийн цалин 1.207.635 төгрөг, мөн төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөг, нийт 1.507.635 төгрөгийг ГАА ***-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн агрофермер мэргэжлийн багш С.Б нь ажлын ачаалалгүй /мэргэжлийн хичээлийн заах цаггүй/ байсан тул 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1.207.635 төгрөг, мөн “төрийн албан хаагч”-д нэг удаа олгох 300.000 төгрөгийг олгоход багш С.Б нь ажлаас чөлөөлөгдсөн байсан тул буцаан татагдсан. Иймд багш С.Б-ийн нэхэмжилсэн 1.507.635 төгрөгийг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ***-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 1.207.635 төгрөг, төрийн албан хаагчид олгох нэг удаагийн мөнгөн урамшуулал 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Б нь***-д агрофермерийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, улмаар С.Б нь ***-ийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/42 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болох үйл баримт ***-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/14 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай магадлалын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай магадлалыг хариуцагч *** 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч С.Б-ийг Б/14 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн авсан байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг бодитойгоор биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Б-ийн 2017 оны 8, 9, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 905.761 + 717.653 + 736.973 = 2.360.387 : 3 сар = 786.795 төгрөг, нэг өдрийн цалин 786.795:21.5=36.595 төгрөг байх тул 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажлын 33 өдрөөр тооцож 1.207.635 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.
Мөн Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нарт нэгдсэн журмаар олгосон 300.000 төгрөгийн урамшуулалыг гаргуулах шаардлагын тухайд Монгол Улсын Их Хурлаас төсвийн шууд захирагч нарт хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлд: Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаар тогтоолын дагуу ...300.000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцээд сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авахыг төсвийн шууд захирагч нарт даалгав гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд С.Б нь дээрх хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн болох нь тогтоогдохгүй байх тул төрийн албан хаагч нарт олгосон 300.000 төгрөгийн урамшууллыг олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч С.Б-д 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 33 өдрөөр тооцож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.207.635 төгрөгийг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдад олгосон мөнгөн урамшуулал 300.000 төгрөг, нийт 1.507.635 төгрөгийг ***-өөс гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ***-д даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 1.507.635 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39.072 төгрөгийг хариуцагч ***-өөс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч ***-өөс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 33 өдрөөр тооцож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.207.635 төгрөгийг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдад олгосон мөнгөн урамшуулал 300.000 төгрөг, нийт 1.507.635 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ***-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 1.507.635 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39.072 төгрөгийг хариуцагч ***-с гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН