Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1310

 

2022          09            07                                      2022/ЦТ/1310

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Хохирогч О.Э, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Батнасан,

Гэрч Н.Уламбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2106 01982 1246 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Аргалан овогт Ганзулын Г.Г,

 

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Г нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн О.Эд аялалын чиргүүл зарах зорилгогүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон чиргүүлийн үнэ гэж Г.Номин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5779014273 тоот дансаар 6.000.000 төгрөг, Төрийн банкны 108100129033 тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Анх 2019 онд Уламбаттай наймаа хийсэн. 2 машин нэг аяны сууц өгөөд бартераар Land cruiser200 маркийн машин авсан. 2019 онд намайг авч байх үед энэ машин нь банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаанд байсан. Үүнийг яах вэ? гэхэд 14 хоногийн дотор суллаад өгнө гэж Уламбат надад хэлээд миний 2 машиныг аяны сууцтай хамт аваад явсан. Сар гарангийн хугацаанд 2 машинаа надаас нэр шилжүүлээд аваад явсан. Энэ үед банк бус дээр байсан Ланд крузер200 маркийн машины төлбөрийг төлөөгүй байсан. Үүнээс хойш 1 жил 7 сар орчмын дараа Банк бус санхүүгийн байгууллага тухайн машиныг хурааж авсан. Би аяны сууцаа нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан тул би эргүүлээд авсан. Би Уламбатад машинаа авмаар байна гэж хэлэхэд надад асуудалгүй, удахгүй суллаж өгнө гэж хэлсэн. Банк бусын төлбөр нь 70.000.000 төгрөг байсан нь 90.000.000 төгрөг болж өссөн байсан. Банк бус санхүүгийн байгууллагатай дахин 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Уламбатыг би 3 сарын хугацаанд хүлээхэд машин суллаж өгөөгүй. Би аяын сууц буюу чиргүүл шинийг өгсөн байсан. Би аяны сууцыг буцаагаад авахад хаалгыг нь эвдсэн, цонх эвдэрсэн, ус халаагч нь эвдэрсэн байсан. Би энэ чиргүүлийг хүн 50.000.000 төгрөгөөр авъя гэж байна гэж Уламбатад хэлэхэд 60.000.000 төгрөгөөр зараад өг тэгээд банк бус санхүүгийн байгууллагын өрөнд өгье гэж ярилцсан. Би чиргүүлийг 50.000.000 төгрөгөөр зарсан. Нэг сарын дараа Уламбат над руу яриад би чиргүүлээ авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би нөгөө зарсан хүн чинь буцаахгүй гэж байна. Хөдөө аваад явчихсан юм байна. Худалдаж авсан хүн рүү нь өөрөө ярь гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Уламбат над руу яриад би чиргүүлийг өөр хүнд зарахаар болчихлоо гээд ярьсан. Би би бэлэн мөнгө аваад зарсан хүн дээрээ очоод уулзаад үзье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг өгөхөд хаан банкны дансны дугаар өг гэж хэлсэн. Тэгээд би дүүгийнхээ хаан банкны дансны дугаарыг өгсөн. Би мөнгийг нь авч очоод чиргүүл худалдаж авсан хүнтэй уулзахад буцаагаад зарахгүй гэж надад хэлсэн. Ингээд би Уламбатад банк бус санхүүгийн байгууллагын машины зээл рүү хийлээ гэж Уламбатад хэлсэн.  2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Уламбат бид хоёр банк бус санхүүгийн байгууллага дээр очиж Г.Г луу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн. 5 дугаар сарын 13-ны өдөр би 98.600.000 төгрөгийг төлж Ланд крузер200 машиныг барьцаанаас суллаж авсан. Би Уламбаттай наймаа хийгээд 2 жил болж байна. Машинаа авч чадалгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Би 50.000.000 төгрөгөөр зарчих уу гэж асуухад Уламбат өөрөө зарчих гэж хэлж байсан. Би өөрөө хүнд 95.000.000 төгрөгөөр чиргүүл зарчхаад эргүүлээд чиргүүлийг нь өөрөө дур мэдэж 50.000.000 төгрөгөөр зарна гэж байхгүй шүү дээ. Эвдэрсэн чиргүүлийг үнэтэй зарчхаад нууж байна гэж яриад байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад Уламбатад шинэ чиргүүл аваад  наад хүнээ хохиролгүй болгох юм уу? гэж хэлж байсан. О.Эд чиргүүл байна гэж хэлсэн чинь О.Э би чиргүүл авахгүй гэж мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Уламбат өөрөө зөвшөөрч чиргүүлийг нь зарсан шүү дээ. Хаалга цонхийг нь эвдэж ямар ч ашиглах боломжгүй болгосон чиргүүлийг Отгонжаргал хил нээгдэхээр өөрөө янзлуулна гээд наймаа хийсэн. Би өөрөө асуудалд орохоо мэдэж байж хүнээс 50.000.000 төгрөг аваад залилаад, хүн луйвардаад явна гэж байхгүй шүү дээ. Би энэ хүнийг залилаагүй.” гэв.

Хохирогч О.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 11-ний өглөө Уламбат манай ажил дээр ирээд аялалын чиргүүл зарна гэж хэлсэн. Би энэ чиргүүлийг Мойлтын тохой гэх газарт байхад нь харж байсан, урьд нь мэдэх юм. Надад 110.000.000 төгрөгөөр зарна, 50.000.000 төгрөгийг надад яаралтай шилжүүлбэл Буянт-Ухаа спорт цогцолбор дээр чирч ирнэ гэж хэлсэн. Нэрээ шилжүүлэхдээ үлдсэн төлбөрийг төлөхөөр болсон. Би Налайх дүүргийн хаан банк дээр очиход дараалал их байсан. Тийм учраас би Хонхорын төрийн  банк дээр очсон. Мөнгийг бүгдийг нь нэг дор шилжүүлбэл 14 цагаас хойш орно гэж хэлсэн. Би Уламбатын утаснаас Г.Г луу залгахад 11 цагаас өмнө шилжүүл гэж хэлсэн. Тэгээд 12 цагт чирэх унаагаа авч ирээд Буянт-Ухаа цогцолбор дээр хүлээж бай. Төв аймагт айлын хашаанд тавьсан байгаа очоод аваад ирье гэж хэлсэн тухайн үед Улбамбат миний хажууд байсан. Би 3.000.000 төгрөгөөр хувааж 44.000.000 төгрөг шилжүүлээд, өөрийн эзэмшлийн данснаас 6.000.000 төгрөг ХААН банкны данснаас шилжүүлсэн. Би спорт цогцолбор очиж хүлээхэд одоо очлоо гээд 17 цаг болгосон. Би маргааш өглөө нь 08 цагаас ажилтай байсан боловч чиргүүлээ авах гээд хүлээсэн. Тэгээд залгахад модны 2-ийн авто угаалгын газрын гадаа хүрээд ир гэж хэлсэн. Яваад очиход унаж байсан машин нь өөр номертой байсан. Энэ машинаа оронд нь өгөөд чиргүүлээ аваад ирье гэж  хэлсэн. Дараа нь болохгүй юм байна энэ машин Хадгаламж зээлийн хоршоо дээр байгаа болохгүй юм байна. 4 дугуйтаа гаргаж өгөөд үүнийг чиргүүлийг аваад өгье гэж хэлж байсан. Дараа нь цирк дээр дуудахад нь очиход Ланд крузер200 машиных нь улсын дугаар 9411 гэж өөрчлөгдсөн байсан. Энэ хүн цагдаагийн мэдүүлэг дээр надад шинэ чиргүүл өгье гэж хэлж байсан. Тэр чиргүүл нь дотроо душ байхгүй хямдхан чиргүүл юм байна лээ. Г.Г Уламбат нарын удаан хугацааны маргаанаас болоод би хохирсон. Би Г.Гыг миний мөнгийг шилжүүлчих байх гэж их хүлээсэн. Г.Г өөрөөс нь 100.000.000 төгрөгийн чиргүүл ав би 50.000.000 төгрөгийн хохирлыг чинь барагдуулъя гэж хэлж байсан. Би хоёр хуний маргаан дээрээс хохирсондоо гомдолтой байна” гэв.

Гэрч Н.Уламбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Г.Г, О.Э нарыг танина. Налайхын хүмүүс учраас бие биеэ мэднэ. Г.Гаас авсан 2 машиныг өөр наймаанд өгсөн. Миний Г.Гт өгсөн Ланд крузер200 маркийн машин Баялаг Мөндөөхэй банк бус санхүүгийн байгууллагад 70.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Ажил төрлийн холбоотой, мөн мөнгө төгрөгийн асуудал байсан учир зээлийг чөлөөлж өгөхгүй хугацаа алдсан нь үнэн. Зээлийг хаах талаар Г.Г бид хоёр байнга ярилцаж байсан. Г.Г банк бус санхүүгийн байгууллагад 97.600.000 төгрөг төлж миний машиныг чөлөөлснийг би мэдэхгүй. Би Г.Гын нэр дээр шилжүүл өгнө үү гэх бичиг хийж өгч байсан. Гэхдээ Г.Г надад чиргүүл өгсний дараа машиных нь бичгийг өгнө шүү гэж  банк бус санхүүгийн байгууллагын хүнд хэлж байсан. Г.Г бид хоёр чиргүүлийг зарна гэж 2018 оны хавар ярилцаад намар нь Г.Г банк бусын наймааны зээлийг хаана гэж хэлээд чиргүүлийг надаас авч яваад тэр Улиастай хашаанд тавьсан байсан. Энэ хооронд би машины мөнгийг графикийн дагуу сар болгон 3.500.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлж байсан. О.Эгийн шилжүүлсэн мөнгийг өмнө нь Налайх дүүрэгт шилжүүлэх гэхэд банкны дараалал ихтэй байсан. Г.Г яаруулаад байсан учир Хонхорын төрийн банканд шилжүүлэх гэж байхад О.Э миний утсаар Г.Гтай ярьсан. Г.Г мөнгөө шилжүүлсний дараа би яармагийн спорт цогцолборын гадаа чиргүүлийг авч ирүүлнэ гэж хэлсэн. Тэгээд Г.Гын дүүгийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Яармагийн спорт цогцолбор дээр чиргүүлийг аваад ирнэ гэж хэлсэн болохоор тэнд очоод хүлээсэн. Тухайн үед Г.Г ирээгүй. Утсаа авахгүй байсан. Г.Г бид хоёр наймаа хийсэн. Банк бус санхүүгийн байгууллагад Ланд крузер200 маркийн машин нь зээлийн барьцаанд байсан. Би үүнийг чөлөөлж өгөх ёстой байсан бөгөөд  тухайн үед ажил төрөл болохгүй байсан. Чиргүүл над дээр байсан. Г.Г бид хоёр байнгын утсаар ярьж байсан. Г.Г надаас чиргүүлийг авч явахад банк бусын өр 70.000.000 төгрөг байсан. Тэрнээс хойш хүү нь өсөөд 90 сая гаруй төгрөг болсон. О.Э Г.Г луу 50.000.000 төгрөг шилжүүлснээс нэлээд хэд хоногийн дараа би Отгонбаяр гэх хүнд зарсан гэдгийг мэдсэн. Надад 9911-тэй дугаар өгөөд чи өөрөө учраа ол гэж хэлж байсан. Би тухайн хүн рүү ярьсан чинь би мөнгөө төлөөд авсан. Асуудал байгаа бол Г.Гтай шийдвэрлээрэй гэж Отгонжаргал хэлсэн. Би Отгонжаргал гэх хүнийг танихгүй. Чиргүүл дээр гэрчилгээ аваагүй. Нотариат хийгээд авсан. Г.Г гаалийн бичиг дээр манай ахын нэр дээр нотариат хийгээд авсан. Г.Г надад гаалийн бичгийг нь өгчих хүнд үзүүлнэ гэж хэлээд авсан. Гаалийн бичгээр нь хүнд зарсан байсан. Бид хоёрын ярьж тохирсноор Улиастайн хашаанд байхад нь заръя гэж 2 удаа хүн авч очсон. Ганц нэг удаа очиход Г.Г байгаагүй учраас үзүүлж чадаагүй асуудал болсон. Би Г.Гт чиргүүлийг хүн авахаар боллоо гэж хэлж байсан. Би өөрийнхөө чиргүүлийг зараад Г.Гын машиныг банк бусаас чөлөөлж, О.Эд чиргүүлийг нь өгөх асуудал байсан. 2018 оны намар Г.Г надаас чиргүүлийг авч явахдаа одоо зарахад 120.000.000-125.000.000 төгрөгт зарна. Авч ирж байснаасаа илүү үнэтэй болно гэж хэлж байсан. Надаас авсан ланд крузер200 маркийн машинтайгаа ирээд чирээд аваад явсан. Номер дугаар аваагүй. Хэрэглээгүй байсан учир 50.000.000 төгрөгөөр зарагдах боломжгүй. Ашигласан байсан бол тэгж болох байсан. Би Г.Гаас яаж авсан яг тэр чигээр нь өгсөн. Манай лагер дээр ирж үзээд хэрэглээгүй бол евро өссөн байгаа учир үнэ нь өснө гэж хэлээд авч явсан юм. Банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлж байгаад 70.000.000 төгрөг үлдэгдэлтэй байж байгаад гэрээний хугацаа дууссан байж байгаад 90.000.000 төгрөгийн зээлтэй болоод зээлийн гэрээгээ шинэчилсэн. 80.000.000 төгрөгийн барьцаанд ланд крузер200 маркийн машиныг тавьсан бөгөөд мөнгийг нь би авч хэрэглэсэн. Би албан ёсоор өмчлөх эрхийг Г.Гт шилжүүлээгүй байсан. Би анх гэрээ хийж байхдаа Г.Гт учир байдлаа хэлж байсан. Чиргүүлийг зараад ланд крузер200 маркийн машиныг чөлөөлж ав гэх яриа Г.Г бид хоёрын хооронд болсон. Аяллын чиргүүлийг зараад зээлээ төлье гэж ярьсан яриа нь сүүлд хийгдсэн зээлийн гэрээнээс 1 жилийн өмнө болсон явдал бөгөөд тэр үед чиргүүлийг надаас авч явсан. Евро өссөн тул энэ чиргүүл 120 сая төгрөгт зарагдана. Надад чиргүүл зардаг холбоотой хүмүүс  байгаа. Тэр холбоогоор зарвал хурдан зарагдана гэж хэлж байсан. Г.Г чиргүүл авч явах үе хүртэл банк бус санхүүгийн байгууллагад зээлийн төлөлт асуудалгүй байсан. Авч явснаас хойш мөнгө төгрөгийн асуудал үүсэж төлөлт нь хойшилсон асуудал бий. Г.Г руу мөнгө шилжүүлэхэд О.Э миний утсаар ярьж чанга яригч дээр нь тавьж байгаа Г.Гтай ярьсан. Мөнгөө Ганзул гэх данс руу 3.000.000 төгрөгөөр тасалж хийсэн. Нисэхийн цаад талын зүчээтэй хашаанаас чирч авч ирнэ гэж хэлж байсан. Би Ланд крузер200 маркийн машиныг Г.Гын нэр дээр шилжүүлж өгнө үү гэх бичгийг Баялаг мөндөөхөйд  бичиж өгчхөөд Г.Г над руу чиргүүлээ өгөхөөр нь би утсаар яръя гэж хэлсэн байсан. Тэрнээс наана битгий шилжүүлж өгөөрэй гэж хэлж байсан. Намайг гараад явсны ардаас Г.Г ирээд бичгийг нь аваад шилжүүлсэн. Г.Г чиргүүлийг зараагүй байсан бол би О.Эд чиргүүлийг зарах байсан. Зарсан мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хаагаад тал талдаа ямар ч асуудалгүй байх байсан” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст хохирогч О.Эы гаргасан гомдол /хх-ийн 10/,

Хохирогч О.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 11-ний өглөө зүс таних Уламбат над руу залгаад аялалын цагаан өнгийн чиргүүлийг Г.Г гээд миний таньдаг хүн 110,000,000 төгрөгөөр зарах гэж байна авах уу гэж асуусан. Би хариуд нь гэтэл урьдчилгаа гээд 50,000,000 төгрөгийг тус өдрийнхөө 11 цагаас өмнө шилжүүлчих үлдэгдлийг нь чиргүүлээ авахдаа буюу нэрээ шилжүүлэх үедээ өгч болно гэж байсан. Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас 50,000,000 төгрөгийг гурван саяар 14 удаагийн гүйлгээгээр хийсэн. Тус өдрөө буюу 2021 оны 05 дугаар сарын 11-ний 12 цагт Хан-Уул дүүргийн Спорт комфлексийн үүдэнд уулзаад чиргүүлээ авахаар тохиролцсон. Тэгээд би 12 цагт товлосон газраа очтол ирээгүй. Тухайн үед надтай чиргүүл зарна гээд Г.Г гэдэг хүн холбогдож байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Г.Гын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Номадс Еволюшин ХХК гэх Герман улсаас аялалын чиргүүл оруулж ирж худалдан борлуулдаг компанид захирал ажилтай. 2019 онд үл таних Улмаа гэх нэртэй залууд /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ 95,000,000 төгрөгийн үнэлгээтэй аялалын чиргүүл 1 ширхэгийг худалдан борлуулахаар тохиролцсон. Би Улмаа гэх залууд аялалын чиргүүлээ зарахдаа түүний Ланд 200 маркийн 7019 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр солихоор болж тохиролцож Улмаа өөрийнхөө Ланд 200 маркийн автомашиныг 145,000,000 төгрөгөөр үнэлж, би чиргүүлийн үнийн зөрүүд нь 1 ширхэг Ланд 100 маркийн 9575 УБЗ, 1 ширхэг 210 кровон маркийн /улмын дугаарыг нь мэдэхгүй байна гэх/ машинуудаа өгөхөөр болж Ланд 100 маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр 210 кровен маркийн машинаа 30,000,000 төгрөгөөр үнэлж чиргүүлээ түүнд зарахаар  болсон. Тэгтэл миний зөрүүнд нь өгсөн машинуудын үнэ нь чиргүүлийн үнээс давж байсан учраас Улмаа надад буцаад 20,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед миний Улмаагаас авч байсан Ланд 200 маркийн автомашин нь “Баялаг мөндөөхөй” гэх банк бус санхүүгийн байгууллагад 70,000,000 төгрөгийн барьцаанд байсан. Улмаа гэх залуу надад хэлэхдээ удахгүй банк бусаас машиныг чөлөөлөөд өгнө гэж хэлэхээр нь би чиргүүлээ машинаар нь солихоор зөвшөөрсөн. Гэхдээ аялалын чиргүүлийнхээ эзэмшигчийнх нь нэрийг би солиулаагүй, өөрийнхөө нэр дээр байлгаж байсан юм. түүнээс хойш Улмаа гэх залуу машинаа банк бусаас чөлөөлж өгөхгүй, банк бус над руу яриад машиныг чинь хурааж авлаа гээд байхаар нь би Улмаа гэх залуу руу залгаж чиргүүлийг нь зарж мөнгөөр нь банк бусаас  машинаа чөлөөлж авлаа гэж хэлэхэд Улмаа зөвшөөрч би өнөөх чиргүүлийг 2021 оны 05 дугаар сард Отгонжаргал гэх хамаатны залуудаа /утас 99114163/ 50,000,000 төгрөгөөр зараад мөнгийг нь банк бус руу шилжүүлээд байж байтал үүнээс хойш удалгүй Улмаа надад чиргүүл зарах хүн олчихлоо та дансаа өгөөч гэж хэлэхээр нь би Улмаад дүү Номи-Эрдэнийн Хаан банкны 5750434889 тоот дансыг өгч, О.Э гэх хүнээс /яг хэзээ шилжүүлсэн цаг хугацааг нь санахгүй байна гэх/ дүү Номин-Эрдэнийн данс руу 50,000,000 төгрөг орж ирэхээр нь би тэр мөнгийг өнөөх банк бус байгууллага руу шилжүүлж машинаа тэндээс чөлөөлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч Н.Уламбатын мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн: “Би Г.Гаас 2018 оны намар 95,000,000 төгрөгийн үнэлгээтэй аялалын чиргүүлийг худалдаж авсан. Би аялалын чиргүүлийн мөнгөн төлбөрт 2015 оны Ланд 200 маркийн машиныг 145,000,000 төгрөгөөр бодож өгсөн. Г.Г нь надад зөрүү гэж Ланд 100 болон кровен 210 хоёрыг нийтэд 70,000,000 төгрөгөөр бодож өгсөн. Надад Г.Г нь нийтдээ 165,000,000 төгрөг өгсөн. Миний өгсөн Ланд 200 нь 145,000,000 төгрөгөөр бодогдсон тул зөрүү 20,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5749810076 дансаар Г.Г болон Номин-Эрдэнэ гэсэн данс руу шилжүүлсэн юм. Би тэгээд аялалын чиргүүлийг өөрийнхөө эзэмшилд худалдаж авсан гаалийн бичгийг нь тухайн надад өгсөн чиргүүлийг би Налайх дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохой лагер дээрээ аваачсан юм. Г.Г бид хоёрын хоорондын наймаа дууссан буюу нэг нэгэндээ өр авлагагүй болсон. Би Г.Гаас худалдаж авсан аялалын чиргүүлийг 2020 оны Хавар нь би зарах гээд фейсбүүкт зар тавьсан. Тэгтэл миний тавьсан зарыг Г.Г хараад над руу чиргүүлээ зарах гэж байгаа юм уу гэж холбоо барьсан юм. Би хариуд  зарах гэж байгаа гэж хэлсэн юм. Тэгтэл Г.Г би зараад өгье хурдан зарна гэхээр нь Г.Г аялалын чиргүүлийг 2020 оны хавар санагдаж байна банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан юм. банк бсу санхүүгийн байгууллагад одоо санаж байгаагаар 80 орчим сая төгрөгний үлдэгдэлтэй байсан. Энэ мөнгийг би барагдуулж дуусна хэмээн Ганбаятртай тохиролцсон. О.Эаас шилжүүлэн авсан 50,000,000 төгрөгийг Г.Г нь Ланд 200 маркийн машиныг банк бусаас шилжүүлж авсан. Энэний өмнө Г.Г нь Ланд 200 маркийн машиныг банк бусаас шилжүүлж миний өгөөч ээ гээд байхаар нь би хариуд нь аялалын чиргүүлээ зарж байж банк бусаас машинаа чөлөөлөн чиний нэр дээр болгож өгнө гэдэг зүйлийг ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

Г.Номин-Эрдэнийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74-75/,

 

Эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, мессежний хуулбар /хх-ийн 113-115/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, хохирогчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурийг тус тус илэрхийлж оролцсон болно.

 

Прокуророос шүүгдэгч Г.Гыг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн О.Эд аялалын чиргүүл зарах зорилгогүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулж, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон чиргүүлийн үнэ гэж Г.Номин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5779014273 тоот дансаар 6.000.000 төгрөг, Төрийн банкны 108100129033 тоот дансаар 15 удаагийн гүйлгээгээр 44.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

 

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар

- Г.Г нь 2018 онд гэрч Н.Уламбатад аялалын чиргүүлийг 95,000,000 төгрөгөөр зарсан,

- Н.Уламбат нь 95,000,000 төгрөгийн үнийн дүнд “Баялаг Мөндөөхөө” ХХК-д зээлийн барьцаанд байгаа Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг зээлээс чөлөөлж өгнө гэж хэлэн уг тээврийн хэрэгслийг 145,000,000 төгрөгөөр тооцон Г.Гт өгсөн,

- Дээрх үнийн дүнгийн зөрүү болох 50,000,000 төгрөгөнд Г.Г нь Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөг, Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөг буюу нийт 70,000,000 төгрөгөөр тооцон өгсөн байх бөгөөд Н.Уламбат зөрүүнд гарсан 20,000,000 төгрөгийг Г.Гт өгсөн байна.

- Улмаар Н.Уламбат нь банк бусаас Ланд крузер200 маркийн тээврийн хэрэгслийн зээлийг чөлөөлж Г.Гт өгөөгүйн улмаас тус тээврийн хэрэгсэл хураагдах байдалд хүрэхэд аялалын чиргүүлээ зарж байж банк бусаас уг машиныг чөлөөлөн нэр дээр чинь болгож өгнө гэж Г.Гт хэлж, О.Эд аялалын чиргүүлийг зарахаар тохиролцож урьдчилгаа 50,000,000 төгрөгийг Г.Гтай хамаарал бүхий Г.Номин-Эрдэнийн 5750434889 дугаартай Хаан банкны данс руу “Уламбатаас чиргүүлийн үнэ” гэх утгаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн дараа нь өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.Уламбат нь “зээлээ бүрэн төлж барагдуулсан тул Г.Г нэр дээр 7019 УБМ шилжүүлэх бичгийг хийж өгнө үү” гэх Баялаг Мөндөөхөө ХХК-нд хүсэлтийг гарган зээлийг хаасан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Н.Уламбат нь Г.Гт “аялалын чиргүүлээ зарж байж зээлийг чөлөөлж, тээврийн хэрэгслийг нэр дээр болгож өгнө” гэж хэлэн улмаар үнийн дүнд өгсөн Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг банк бусаас чөлөөлж, зээлээ хаах зорилгоор 50,000,000 төгрөгийг Г.Гын хамаарал бүхий Г.Номин-Эрдэнийн данс руу “Уламбатаас чиргүүлийн үнэ” гэх утгаар шилжүүлж, Г.Гт чиргүүлийн үнэ гэсэн ойлголтоор мөнгө шилжүүлж улмаар банк бус санхүүгийн байгууллагад нэр шилжүүлэх хүсэлт гаргаж зээл хаагдсан байна.

Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг гэтэл Г.Г нь О.Эыг хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Харин өөрийн өмчлөлд зүй ёсоор ирэх тээврийн хэрэгслэлийг зээлийн барьцаанаас чөлөөлж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд прокуророос Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 720 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй байх тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар О.Эы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Г.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Гт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Гыг цагаатгасугай.

          2. Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР