| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00349/И/ |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 418
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** аймгийн Засаг дарга,
********** аймгийн ********** сумын **********сургуульд холбогдох,
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ********** нь **********12 жилийн бүрэн дунд сургуульд захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгохоор шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/Ма2017/0853 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/Ма2017/0853 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т ... гэснийг ...Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ... гэж өөрчилж, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь шүүхэд гаргасан тайлбартаа: ********** нь ********* аймгийн ********** сумын Баянтоорой дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. 3 шатны шүүхээр яваад шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелээгүй байгаатай холбоотой ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн байгаа. Өнөөдрийг хүртэл ажилд нь томилоогүй. Иймээс өнөөдрийг хүртэл 248 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Иймээс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ********** сумын ************багийн иргэн ********** нь ******** багийн 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 35 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, **********-т ажилгүй байсан хугацааны олговор 5.285.088 төгрөгийг ********** сумын *********** багийн сургуулиас гаргуулж шийдвэрлэжээ. Харин хариуцагч аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, ********** сумын ******** багийн сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гараагүй байна. Иймд нэхэмжлэгч ********** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ********** аймгийн Засаг дарга, ******* аймгийн ********** сумын **********сургуульд холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ********** нь *********** аймгийн ********** сумын **********сургуулийн захирлаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжийг нэхэмжлэгч ********** нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 853 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай тогтоол гарч, нэхэмжлэгч **********-г ********** аймгийн ********** сумын **********сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, **********-н 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговорт 5.285.088 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.
********* аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч **********-н хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Иймд ********** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу **********-н 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 7 сар 19 хоногийн олговор 8.600.618 /найман сая зургаан зуун мянга зургаан арван найман/ төгрөгийг хариуцагч ********* аймгийн ********** сумын **********сургуулиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Харин хэрэгт авагдсан нэхэмжлэгч **********-н *********** дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн бичилт хийгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Амралтын мөнгө орсон, тэр нь бичигдээд тэрнээс хойш шүүхийн шийдвэрийн мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн...” гэж тайлбарлаж байх бөгөөд цалин амралтын мөнгийг давхардуулан олгохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч **********-н ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 10, 11,12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ******** аймгийн ********** сумын **********сургуульд даалгах нь зүйтэй байна.
Төсвийн тухай хуулийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Ажилчны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зардал нь тухайн байгууллагын төсөвт суугдаж, төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул хариуцагч ********* аймгийн **********сургуулиас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн болно.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ********** аймгийн ********** сумын **********сургуулийн захирал ******** нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8.600.618 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 152.560 төгрөгийг хариуцагч *********** аймгийн ********** сумын **********сургуулиас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар **********-н 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 8.600.618 төгрөгийг хариуцагч *********** аймгийн ********** сумын **********сургуулиас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар **********-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ********* аймгийн ********** сумын **********сургуульд үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8.600.618 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 152.560 төгрөгийг хариуцагч *********** аймгийн ********** сумын **********сургуулиас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ