Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 116/ШШ2021/0015

 

                  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                  Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчин 6б-00 тоотод оршин суух, Ж.Оийн нэхэмжлэлтэй,

                  Хариуцагч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан,

           Нэхэмжлэлийн шаардлага: “Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж авах эрх нээхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  Нэхэмжлэгч Ж.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Бтай 2005 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2011.11.30-ны өдөр мэндэлсэн О.Н гэх хүүхдийг 2011.12.14-ний өдөр үрчлэн авч үрчлэлтийн гэрчилгээ хийлгүүлсэн, бидний дундаас хүүхэд төрөөгүй. Миний нөхөр Б.Б нь 2021.02.22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нөхөр бид 2 гэрлэлтээ цуцлуулаагүй боловч Бямбаа 2012 оноос Улаанбаатар хотын Налайх дүүрэгт дүүгийндээ очиж амьдарсан. Ингээд нөхөр маань нас барж би насанд хүрээгүй 10 настай хүү Б.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Нийгмийн даатгалын тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан материалыг бүрдүүлээд Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 3-р сард хандсан, ...удалгүй Нийгмийн даатгалын байцаагч залгаад танд олгогдох боломжгүй юм байна, та нас барсны ногоон гэрчилгээг аваад ир гэсэн. Би нас барсны гэрчилгээг зөвхөн нэг удаа олгодог болохоор надад олдох боломжгүй тул Иргэний бүртгэлийн газраас нас барсны лавлагаа үнэт цаасыг гаргуулан өгсөн. Гэтэл энэ баримтаар өгөх боломжгүй, нас барсны гэрчилгээг ...Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хураалган оршуулгын тэтгэмжийг авсан байх гэсэн.  ...Би ойлгохдоо:

  1. Нас барсны гэрчилгээг ганцхан удаа олгодог дахин олгох боломжгүй

     2. Нас барсны лавлагааг би Улсын үнэт цаасаар гаргуулан авсан. Энэ лавлагаа, гэрчилгээ 2 нэг агуулгатай зүйл. Тэгэхээр би хуульд заасан нас барсны гэрчилгээ хавсаргах шаардлагыг хангасан буюу бүрдүүлсэн гэж ойлгож тэтгэмж тогтоолгох боломжтой гэж үзэж байна. ...Аав нь амьд сэрүүндээ тэжээн тэтгэж, өөрөөрөө овоглож байсан атал тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Иймд хүү Б.Нын тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсгэхгүй байгаа Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тогтоож, хүү Б.Нд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхийг нээхийг даалгаж өгнө үү гэв.

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.О нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын хэлтсээс нас барсны гэрчилгээг шаардсан байдаг. Ж.О тухайн гэрчилгээг авах гэсэн боловч өгөхгүй байгаад байна гэдгээ илэрхийлсэн. Уг нь өөрийн боломжоор лавлагааг гаргаж өгсөн. Энэ бол хуулийн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэж байгаа. Хууль журманд заасны дагуу нас барсны гэрчилгээг шаардсан гэдгээ хэлж байна. Үнэхээр тодорхой нөхцөл байдал үүсээд олж авч чадахгүй байна. Тиймээс яагаад лавлагааг үнэлэхгүй байгааг нь гайхаж байна. Шүүх хүртэл үндсэн нотлох баримтаар авч үнэлдэг гэдгийг хэлэхийг хүсч байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьд түргэн шуурхай ажиллах хэрэгтэй. Бид энэ талаарх хүсэлтийг 2021 оны 03 дугаар сард өгсөн байдаг. Гэтэл одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй явж байна. Нийгмийн даатгалын газраас өөрсдөө цааш холбогдож энэ нотлох баримтыг шалгах, лавлах бүрэн боломжтой байсан. Тиймээс хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

                Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О, Б.Б нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 2012 оноос хойш Б.Б нь Налайх дүүрэгт шилжин амьдарч байгаад 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс оршуулгын тэтгэмж авсан байна.

               Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хувааж олгоно” гэж заасан байдаг. Иймд нийгмийн даатгалын байцаагч иргэн Ж.Оээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно”, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/30 дугаар тушаал “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын Зургаа-д “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг”, 6.1.3-д “Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ” гэж журамд заасны дагуу нас барсны гэрчилгээг эх хувиар нь шаардсан бөгөөд тэрнээс биш бид “олгохгүй” гэж хэлсэн зүйл байхгүй гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ж.О нь тус шүүхэд хандан “Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж авах эрх нээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

            Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 126-р дугаарт Б.Б, Ж.О нар гэрлэлтийн бүртгэл хийлгэсэн бөгөөд гэрлэлтээ цуцлаагүй, албан ёсны эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.[1]

              Б.Б, Ж.О нар нь О.Ныг 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үрчлэн авсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.[2]

              Гэр бүлийн тухай хуулийн 59-р зүйлийн 59.1-д ”Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 59.2-д “Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

              Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барж, улсын бүртгэлийн байгууллагад нас барсны бүртгэлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.[3]

                Улмаар Ж.О нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, насанд хүрээгүй хүү Б.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгох тухай хүсэлтийг холбогдох материалын хамт гаргасан.

              Аймгийн Нийгмийн даатгалын хэтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хувааж олгоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно”, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/30 дугаар тушаалын хавсралтаар “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын Зургаа: “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг”-ийг тусгасан байх ба энэхүү журмын 6.1.3-д  “Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ” гэж журамд заасны дагуу нас барсны гэрчилгээг эх хувиар нь авчирахыг шаардсан нь хууль зөрчөөгүй.

                 Харин нэхэмжлэгч Ж.Оийн нөхөр Б.Б нь нас барсан ч гэрлэлтээ цуцлуулаагүй, хүү Б.Н нь одоог хүртэл Б.Бгаар овоглож байгаа нь нотлогдож байна.

              Гэвч холбогдох хууль болон дээрхи журамд заасны дагуу нас барсны гэрчилгээ нь эх хувиараа нэхэмжлэгчид нэгэнт олдохгүй тул нэхэмжлэгч Ж.Оийн “Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүсгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж авах эрх нээхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 25 дугаар зүйлийн 25.3 заасныг тус тус баримтлан, Ж.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохоос татгалзсан Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.От олгосугай. 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                   

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 4-р хуудас