Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0453

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0453

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                                         “х*** Х*** Б***” ХХК-ийн

                                        гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч улсын байцаагч Б.Э***,

Гомдлын шаардлага: Хадгаламжийн даатгалын корпорацын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 тоот шийтгэлийн хуудас, улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хадгаламжийн даатгалын корпорацад мэдээлэл ирүүлээгүй тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0281 дүгээр шийдвэр,

Гомдол гаргагч: “х*** Х*** Б***” ХХК,

Хариуцагч: Хадгаламжийн даатгалын корпорацын хянан шалгагч, улсын байцаагч Б.Э***,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***, Т.Э***, хариуцагч улсын байцаагч Б.Э***, хариуцагчийн итгэмлэгдсэн Д.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***,

Хэргийн индекс: 128/2024/0119/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “х*** Х*** Б***” ХХК нь Хадгаламжийн даатгалын корпорацын хянан шалгагч, улсын байцаагч Б.Э***гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 тоот шийтгэлийн хуудас, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хадгаламжийн даатгалын корпорацад мэдээлэл ирүүлээгүй тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар маргасан.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0281 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “х*** Х*** Б***” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хадгаламжийн даатгалын корпорацын хянан шалгагч, улсын байцаагч Б.Э***гийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 дугаартай шийтгэлийн хуудас, Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хадгаламжийн даатгалын корпорацад мэдээлэл ирүүлээгүй тухай даалгавар”-ыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.9, 1.10, 1.14 дэх хэсгүүдэд нэг харилцагчийн зарим буюу SCV загвараар банкнаас мэдээлэл шаардаж, уг загварын дагуу мэдээлэл ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчид шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь буруу,

3.2 Учир нь “х*** Х*** Б***” ХХК нь Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны баталсан “Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам” зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан болохоос Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны баталсан нэг харилцагчийн зарчим буюу SCV загварт заасан мэдээллийг ирүүлэх үүрэгтэй, түүнийгээ зөрчсөн гэсэн агуулгаар шийтгэл оногдуулаагүй тул шүүх тухайн 2 нөхцөлийг ялгаж дүгнэлт өгөх ёстой байсан,

3.3 Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар нь Банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын 2.2 дахь заалтын хүрээнд түүнд уялдуулан гаргасан хүснэгтэн загвар бүхий нэмэлт мэдээлэл болохоос тусдаа бие даасан захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын 1, 2 дугаар хавсралтаар гарган ирүүлдэг тайлангаас тусдаа нэмэлт мэдээлэл болно,

3.4 Гэтэл анхан шатны шүүх нэмэлт мэдээлэл гэдгийг зөвхөн даатгалын хураамж тооцох тайлан, харилцах, хадгаламж эзэмшигчдийн тайлантай холбоотой мэдээлэл хэмээн хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэхгүй дүгнэлт хийсэн нь буруу,

3.5 Анхан шатны шүүх Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцүүлэн дүгнэлт хийгээгүй, түүнчлэн Хадгаламжийн даатгалын корпорацын хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлыг хязгаарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

     ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

3.1. Хадгаламжийн даатгалын корпорациас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-1/185, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-1/86, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А-1/274, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/101, мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/258 дугаар албан бичгээр “х*** Х*** Б***” ХХК-д “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар тайлан мэдээ ирүүлэхийг тухайлан мэдэгдэж байсан.

3.2. “х*** Х*** Б***” ХХК-иас 2023 онд 1 удаа Хадгаламжийн даатгалын корпорациас шаардсан “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар тайлан мэдээг хүргүүлж байсан ч корпорацийн шаардаж буй нэмэлт мэдээлэл болох “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар гарган хүргүүлэх мэдээлэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно”, 7.2.9-д “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан” гэж заасан мэдээлэлд хамаарч байх тул дурдсан загвараар мэдээлэл хүргүүлэх үүрэггүй” хэмээх тухайн загвараар мэдээлэл хүргүүлэхээс татгалзах болсон.

3.3. Энэхүү үйл баримттай холбогдуулан хариуцагчаас “нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар нь Банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын 2.2 дахь заалтын хүрээнд түүнд уялдуулан гаргасан хүснэгтэн загвар бүхий нэмэлт мэдээлэл болохоос тусдаа бие даасан захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын 1, 2 дугаар хавсралтаар гарган ирүүлдэг тайлангаас тусдаа нэмэлт мэдээлэл” хэмээн үзэж, маргаан бүхий Хадгаламжийн даатгалын корпорацын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хадгаламжийн даатгалын корпорацад мэдээлэл ирүүлээгүй тухай” улсын байцаагчийн 12/05 дугаар актыг үйлдэн, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0056514 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д “Банк нь Үндэсний хорооноос баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар “х*** Х*** Б***” ХХК-ийг 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтална хэмээн,

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно”, 7.2.9-д “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан” хэмээн,

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3.1.1-т “Хадгаламжийн даатгалын корпораци" гэж энэ хуульд заасан банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг” ойлгох бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр,

мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ”, 29.2-т “Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө” 29.3-т “Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Үндэсний хороо батална” хэмээн заасанчлан Банк нь Үндэсний хорооны баталсан журмын дагуу корпорацийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь хүргүүлэх үүрэгтэй хэмээн,

Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д “Банк нь Үндэсний хорооноос баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн,

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2019 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Банкны тайлан болон мэдээ ирүүлэх журам[1]”-ын 2.1-т “Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь тайланг нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтын дагуу бэлтгэн, сар бүр энэхүү журамд заасан хугацаанд Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлнэ”, 2.2-т “Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу банк нь нэмэлт мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацийн хүсэлтээр тогтоосон хугацаа, загварын дагуу бэлтгэн хүргүүлнэ”, Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө” хэмээн тус тус зааж, журмын 1 дүгээр хавсралтаар “Даатгалын хураамж тооцох тайлан”, 2 дугаар хавсралтаар “Харилцах, хадгаламж эзэмшигчийн тайлан”, 3 дугаар хавсралтаар Тайлан болон мэдээ, мэдээллийг хүлээн авсан бүртгэл”-ийн загварыг баталсан.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан бөгөөд тус хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн агуулга нь Үндэсний хорооноос баталсан Банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн тохиолдолд зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэх агуулгатай.

6. Маргаан бүхий үйл баримтын тухайд, хариуцагч Хадгаламжийн даатгалын корпорациас Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-г баталсан ч тухайн тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй.

Хариуцагчаас Үндэсний хорооны 2019 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Банкны тайлан болон мэдээ ирүүлэх журам”-д тусгагдаагүй, хавсралтаар батлагдаагүй “Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар”-аар нэмэлт мэдээлэл гарган ирүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9-т заасанчлан хянан шалгагчаас тухайн мэдээллийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан ямар тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардаж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэхтэй холбоотой ажиллагааг хийгээгүй атлаа Хадгаламжийн даатгалын корпорациас шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр “х*** Х*** Б***” ХХК-д маргаан бүхий улсын байцаагчийн актыг тавьж,  2023 оны 0056514 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0281 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3”  гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

                                   ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 

                                   ШҮҮГЧ                                              О.ОЮУНГЭРЭЛ

                                    ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=15049