Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0646/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/677 |
Огноо | 2022-08-24 |
Зүйл хэсэг | 18.3.1., |
Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/677
2022 08 24 2022/ШЦТ/677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.БатГ даргалж,
шүүгдэгч С.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Ц.Батбямба нарыг оролцуулан эрүүгийн 2202000000280 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Олхунууд овгийн С.Г
Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын нягтлан бодох, эдийн засагч мэргэжилтэй, “Адхими Селис Клен Ферпект” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч С.Г нь “Адхими Селис Клен Ферпект" ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Буурал трейд” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 982,369,053 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Буурал трейд” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 18 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 9,10,11,12 дугаар сард 64,547,132.09 төгрөг, 2020 оны 1, 3, 5, 7, 11 дүгээр сард 24,759,145.45 төгрөг, нийт 89,306,277.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай компани нь 2019-2020 оны хугацаанд Ковид цар тахлын улмаас орлого буурч, татвараа төлж чадахгүй байдалд хүрсэн, тэгээд дараа дараагийн тендерт орж ажил олж хийхийн тулд заавал татварт өргүй байх гэсэн шаардлагыг тавьж байсан, мөн манай компани нь 2019-2020 оны хугацаанд хувь хүн болон зах дээрээс худалдан авалт хийж байсан учраас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт олддоггүй байсан, ингээд эргээд татварт тайлангаа гаргах гэхээр хасагдах зардлын баримт байхгүйгээс төлөх татварын хэмжээ өсөж байсан, ингээд тухайн худалдан авалт хийсэн хувь хүн, газруудаас өөрийн компанийн талаар хэлж эргээд ямар ч хамаагүй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримт олж өгөх шаардлага тавьж эхэлсэн тэгэхэд одоо энэ "Буурал трейд" гэдэг компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шивэлтүүд орж ирж байсан ингээд 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд манайх руу нийт 982 сая төгрөгийн дүнтэй 18 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивэгдсэнийг миний зүгээс компанийн худалдан авалтаар татварын цахим системд шивэлт хийн тайлагнасан...." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар тал/,
- хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Адхими Селис Клен Ферпект” ХХК нь 2019 оны 9,10,11,12 дугаар саруудад 710,018,453 төгрөгийн дүн бүхий 10 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийснээр, 2020 оны 1,3,5,7,11 дүгээр саруудад 272,350,600 төгрөгийн дүн бүхий 8 ширхэг падаан худалдан авалт хийснээр нийт 18 ширхэг 982,369,053 төгрөгийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийснээр татварт тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 89,306,277.58 төгрөгөөр бууруулсан. ...шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан байгаа, шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн нь манай татварын байгууллагаас шалгаж гаргасан “Буурал Трейд” ХХК-д хийгдсэн хяналт шалгалтын танилцуулгад тусгасан дүнтэй тус бүр таарч байна. ...татвараас зайлсхийсэн албан татварын төлбөр дүнг төсөвт эргүүлэн төлөх нэхэмжлэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар тал/,
- гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн: “...Би “Буурал Трейд” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13,516,688,658.64 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнийн дүнгийн 0,8-1,5% хүртэлх хувиар борлуулж байсан. Энэ нь компани харилцах данснууд болон А.Анхтуяагийн Хаан банкны 5030539212 тоот дансаар авсан нь хуулгаар харагдана...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар тал/,
- Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Буурал трейд” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 16-23 дугаар тал/,
- “Их Наяд” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчийн нарын 2022.06.23-ны Ш/22-15 дугаартай “...Дээрх худалдан авалтаар тайлагнасан 982,369,053 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 034/2022 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна..., ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “Адхими Селис Клен Ферпект” ХХК-ийн тайлагнасан “Буурал трейд” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2019 онд 64,547,132.09 төгрөг, 2020 онд 24,759,145.45 төгрөг, нийт 89,306,277.55 төгрөгөөр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тайлагнасан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- "Адхими Селис Клен Ферпект” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
- Татварын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/12.28 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь 89,306,277.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Г нь “Адхими Селис Клен Ферпект" ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа, 2019-2020 онд “Буурал трейд” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох буюу нийт 982,369,053 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг “Буурал трейд” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 18 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан баримтыг худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан, улсын төсөвт төлөгдөх 2019 оны 9,10,11,12 дугаар сард 64,547,132.09 төгрөг, 2020 оны 1, 3, 5, 7, 11 дүгээр сард 24,759,145.45 төгрөг, нийт 89,306,277.55 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан С.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас учирсан хохирол 89.306.277.55 төгрөгөөс шүүгдэгч С.Г нь 37.390.132.96 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 51.916.144.59 төгрөгийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч С.Гээс нийт 51.916.144.59 төгрөгийг гаргуулж, хохирогч Татварын Ерөнхий газарт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Үлдэх хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлөхөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн тул түүний санал, орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонууд овогт С.Гийг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Гийг 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Гийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гээс нийт 51.916.144.59 /тавин нэгэн сая есөн зуун арван зургаан мянга нэг зуун дөчин дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан, хохирогч Татварын Ерөнхий газарт олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ