Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 420

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******** банкны нэхэмжлэлтэй
хариуцагч: ******, ********нарт холбогдох
Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү нийт 11.738.503,68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч ********* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******** ********** нар нь 2017 оны 03 сарын 29-ний өдөр ******* тооцооны төвөөс **********-н цалингийн зээл 13.304.538,36 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авсан байна. Зээлийн барьцаанд цалин, akira TV, 4 ханатай гэр барьцаалсан. Иймд 2018 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.583.314,66 төгрөг, зээлийн хүү 1.155.189,02 төгрөг, нийт 11.738.503,68 төгрөгийг төлүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү. Жич: нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шийдвэр гүйцэтгэлийн газрын хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********* нь 2018 оны 1 дүгээр улирлаас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлээ төлөх талаар мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч одоог хүртэл төлөөгүй. Иймээс 11.738.503,68 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан. ******** нь тухайн зээлийг авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар хавтаст хэрэгт байгаа. *******-н тухайд миний гарын үсэг биш гэсэн, мөн шинжээчийн дүгнэлт гарсан учир **********-с гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хүүг нэмж нэхэмжилнэ гэсэн байгаа. Одоогоор ямар нэгэн баримт бүрдүүлээгүй учир үндсэн нэхэмжилж байгаа 11.738.503,68 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 03 дугаар сард ******** банкнаас цалингийн зээл авсан. ****** банкны нэхэмжилсэн 11.738.503,68 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иргэн ********* нь тус зээлэнд ямар ч хамааралгүй нь үнэн болно. Зээлийн гэрээнд иргэн ******* нь гарын үсэг зураагүй болно. Дээрх зээлийг 1 жилийн хугацаанд төлж дуусгах саналтай байна гэжээ.
Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******** миний бие ******** банкны нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гардан аваад дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний бие ********* банкнаас нэхэмжилсэн 11.738.503 төгрөгийн зээлийг авахыг мэдээгүй, миний бие хамтран хариуцагчаар гарын үсэг зураагүй, энэ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй юм. Иймд миний бие энэ хэрэгт ямар хамааралгүй тул энэ хэргийн хариуцагч биш гэж бодож байна. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********* банк нь *********, ********* нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 10.583.314,66 төгрөг, зээлийн хүү 1.155.189,02 төгрөг, нийт 11.738.503,68 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд “...шинжээчийн дүгнэлтээр ******** зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон тул ******-с зээлийн үлдэгдэл, хүү гаргуулах шаардлагаас татгалзаж хариуцагч *******-с үндсэн зээлийн үлдэгдэл 10.583.314,66 төгрөг, зээлийн хүү 1.155.189,02 төгрөг, нийт 11.738.503,68 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн /Цалингийн зээл/ гэрээгээр зээлдэгч *******, хамтран зээлдэгч ********* нар нь ********* банкны ********* аймгийн ********* тооцооны төвөөс 8.804.538,36 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 4.500.000 төгрөгийн зээлийг авч нийт 13.304.538,36 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй байхаар гэрээ байгуулан зээл авчээ.
2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ********* дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2.2.1-д “...зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба энэхүү гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, 6.2.1-д “...зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно...” гэж тус тус заажээ. 
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...2018 оны 06 сарын 03-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 10.583.314,66 төгрөг, зээлийн хүү 1.155.189,02 төгрөгийг гаргуулна...” хэмээн шаардаж байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд зээлдэгч зээлээ хугацаандаа төлж байсан тохиолдолд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8.648.257,93 төгрөг байх байжээ.
Иймд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа хэтрүүлж гэрээг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч ******** банк нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Миний бие *********банкнаас нэхэмжилсэн 11.738.503 төгрөгийн зээлийг авахыг мэдээгүй, миний бие хамтран хариуцагчаар гарын үсэг зураагүй, энэ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй...” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд зурагдсан ******* гэх гарын үсэгт гарын үсгийн адилтгалын шинжилгээ хийлгэхээр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШЗ2018/01247 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4782 дугаартай шинжээчийн дүгнэлт гарчээ. 
Уг дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн ******** дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн *******-н гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэжээ. 
Мөн хариуцагч ********* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2017 оны 03 дугаар сард ********банкнаас цалингийн зээл авсан. Иргэн ******** нь тус зээлэнд ямар ч хамааралгүй нь үнэн болно. Зээлийн гэрээнд иргэн ********нь гарын үсэг зураагүй...” гэж тайлбарлаж байх тул *********-с зээлийн төлбөр гаргуулах нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *********-с үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. 
Харин хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд ирүүлсэн “...2017 оны 03 дугаар сард ********* банкнаас цалингийн зээл авсан. Төрийн банкны нэхэмжилсэн 11.738.503,68 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иргэн ********* нь тус зээлэнд ямар ч хамааралгүй нь үнэн болно. Зээлийн гэрээнд иргэн ********* нь гарын үсэг зураагүй болно. Дээрх зээлийг 1 жилийн хугацаанд төлж дуусгах саналтай байна...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 10.583.314,66 төгрөг, зээлийн хүү 1.155.189,02 төгрөг, нийт 11.738.503,68 төгрөгийг хариуцагч ********-с гаргуулж нэхэмжлэгч ********* банкинд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч *******, ********* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********-с 202.766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********* банкинд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 10.583.314,66 төгрөг, зээлийн хүү 1.155.189,02 төгрөг, нийт 11.738.503,68 төгрөгийг хариуцагч **********-с гаргуулж нэхэмжлэгч ********** банкинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-с 202.766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ