Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1327

 

 

 

   2022        09         12                                       2022/ШЦТ/1327

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч О.О., түүний өмгөөлөгч А.Кадирбек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт О.ийн О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203 00184 0261 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, ээжийн хамт түр оршин суух, Х. овогт О.ийн О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О. нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 20 минут орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ганцын буудал, 95 дугаар худгийн баруун замд КТМ-250 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Тоёота Королла маркийн ...... УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, өөрийн жолоодож явсан мотоциклийн зорчигч Г.Г.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О. мэдүүлэхдээ: “Урд талын Тоёота Королла машиныг баруун тийш дохио өгөхөөр нь автобусны буудал дээр зогсох гэж байна гэж бодоод зүүн талаар нь гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн боловч өнөөх машин шууд зүүн тийш эргэсэн. Ингээд тэр машины зүүн урд тал руу нь мөргөсөн. Би бусдад төлөх төлбөргүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/,

- Хохирогч Г.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн өдөр найз О.тай Нарны хороололд уулзсан. Тухайн үед 15 цаг өнгөрч байсан байх. Намайг найз О. дээр очиход О. Ford маркийн ачааны машин дээрээс мотоцикл буулгаж байсан. Тухайн машины ачаан дээр 3 ширхэг мотоцикл байсан. О. мотоциклуудыг буулгаж дуусаад Дарь-Эх явахаар болсон. Тэгэхээр нь би хамт явъя гээд хамт явахаар болсон. 18 цагийн орчимд О. машинаас буулгасан мотоциклийн нэгийг нь жолоодоод би ар талд нь сундалдаад хөдөлсөн. Тэгээд Дарь-Эхийн замаар явж байгаад Ганцын автобусны буудлын харалдаа О. мотоциклтойгоо машинтай мөргөлдсөн. Бид хоёр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын голын цагаан зураасны дотор талаар буюу ертөнцийн зүгээр зүүн талаар нь явж байсан. Урсгал сөрж бол яваагүй. Бид хоёрын баруун гар талд машин байгаагүй. Хойд талд машин явж байсан. Урд талд машин явж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна, гэнэтхэн л машинтай мөргөлдчихсөн. Мөргөлдсөн машин зүүн гар тийшээ эргэж байсан. Тэр машин замын голын тасархай цагаан шугамаар эргэж байсан. Тухайн үед манай найз О. 30-40 км/цагийн хурдтай явж байсан байх. Тэр зүүн гар тийш эргэж байсан тээврийн хэрэгслийг манай найз О. хараад тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөлдсөн. О. мотоциклоороо тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү нь мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Батжаргалын өгсөн: “Тухайн өдөр О. манай ажил дээр ирсэн ба би мотоциклийг бүхээгээс буулгаад гараж руу оруулчих гээд О.ыг явуулсан. О. мотоциклыг буулгачихаад уг мотоциклийг жолоодож Дарь-Эхэд байдаг найзтайгаа уулзчихаад ирье гэж надад хэлсэн ба би зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Тоёота Королла маркийн 64-28 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хамт ажилладаг Мөнхзулыг гэрт нь хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй Дарь-Эхийн Ганцын автобусны буудлын харалдаа зам дээр явж байсан. Миний өөдөөс буюу эсрэг хөдөлгөөнд явж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь би ертөнцийн зүгээр баруун чиглэлд буюу зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд толиндоо хараад эргэх гэтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийн эвдрэлийн асуудлыг өөрөө хариуцна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

- Гэрч Д.Мөнхзулын өгсөн: “Цоггэрэл ах тээврийн хэрэгслээ жолоодоод, би жолоочийн зүүн гар талд буюу тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж явсан. Тэгээд Дарь-Эхийн зам руу ороод Ганцын автобусны буудал дээр ирээд намайг буулгах гээд Цоггэрэл ах тээврийн хэрэгслээ зүүн гар тийш эргүүлсэн. Тухайн үед жолооч Цоггэрэл ах намайг зүүн гар тийш эргэж, гудамжны үзүүрт буулгаад буцаад явна гэж байсан. Би хойноос буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан мотоциклийг хараагүй. Гэнэтхэн л ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5405 тоот: “Г.Г.ийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт дэх: “Уг КТМ-250 маркийн улсын дугааргүй мотоцикл нь үйлдвэрлэгчээс 2 тактын хөдөлгүүртэй хянах самбар, гэрэл, гэрэл дохио болон дуут дохио байхгүй, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, тусгай зассан зам талбайд спортын зориулалтаар ашигладаг supercross ангиллын мотоцикль байна.” гэх дүгнэлт /хх-ийн 67-71/,

- “Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 4097 тоот: “Тоёота Королла маркийн 64-28 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.030.000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 94/,

- “Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 4098 тоот: “Улсын дугааргүй мотоцикльд 755.000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 104/,

- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 110-111/,

- О.О.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/,

- Шинжээч томилох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 210-213/,

- “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт /221-223/,

- М.Нэргүйн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт,

- М.Нэргүй болон О.О. нарын оршин суух газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.О. нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг 20 минут орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ганцын буудал, 95 дугаар худгийн баруун замд КТМ-250 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Тоёота Королла маркийн 64-28 УНП улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, өөрийн жолоодож явсан мотоциклийн зорчигч Г.Г.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/,

- Хохирогч Г.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн өдөр найз О.тай Нарны хороололд уулзсан. Тухайн үед 15 цаг өнгөрч байсан байх. Намайг найз О. дээр очиход О. Ford маркийн ачааны машин дээрээс мотоцикл буулгаж байсан. Тухайн машины ачаан дээр 3 ширхэг мотоцикл байсан. О. мотоциклуудыг буулгаж дуусаад Дарь-Эх явахаар болсон. Тэгэхээр нь би хамт явъя гээд хамт явахаар болсон. 18 цагийн орчимд О. машинаас буулгасан мотоциклийн нэгийг нь жолоодоод би ар талд нь сундалдаад хөдөлсөн. Тэгээд Дарь-Эхийн замаар явж байгаад Ганцын автобусны буудлын харалдаа О. мотоциклтойгоо машинтай мөргөлдсөн. Бид хоёр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй замын голын цагаан зураасны дотор талаар буюу ертөнцийн зүгээр зүүн талаар нь явж байсан. Урсгал сөрж бол яваагүй. Бид хоёрын баруун гар талд машин байгаагүй. Хойд талд машин явж байсан. Урд талд машин явж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна, гэнэтхэн л машинтай мөргөлдчихсөн. Мөргөлдсөн машин зүүн гар тийшээ эргэж байсан. Тэр машин замын голын тасархай цагаан шугамаар эргэж байсан. Тухайн үед манай найз О. 30-40 км/цагийн хурдтай явж байсан байх. Тэр зүүн гар тийш эргэж байсан тээврийн хэрэгслийг манай найз О. хараад тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөлдсөн. О. мотоциклоороо тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү нь мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Батжаргалын өгсөн: “Тухайн өдөр О. манай ажил дээр ирсэн ба би мотоциклийг бүхээгээс буулгаад гараж руу оруулчих гээд О.ыг явуулсан. О. мотоциклийг буулгачихаад уг мотоциклийг жолоодож Дарь-Эхэд байдаг найзтайгаа уулзчихаад ирье гэж надад хэлсэн ба би зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Тоёота Королла маркийн 64-28 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хамт ажилладаг Мөнхзулыг гэрт нь хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй Дарь-Эхийн Ганцын автобусны буудлын харалдаа зам дээр явж байсан. Миний өөдөөс буюу эсрэг хөдөлгөөнд явж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь би ертөнцийн зүгээр баруун чиглэлд буюу зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд толиндоо хараад эргэх гэтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийн эвдрэлийн асуудлыг өөрөө хариуцна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

- Гэрч Д.Мөнхзулын өгсөн: “Цоггэрэл ах тээврийн хэрэгслээ жолоодоод, би жолоочийн зүүн гар талд буюу тээврийн хэрэгслийн урд талын суудалд сууж явсан. Тэгээд Дарь-Эхийн зам руу ороод Ганцын автобусны буудал дээр ирээд намайг буулгах гээд Цоггэрэл ах тээврийн хэрэгслээ зүүн гар тийш эргүүлсэн. Тухайн үед жолооч Цоггэрэл ах намайг зүүн гар тийш эргэж, гудамжны үзүүрт буулгаад буцаад явна гэж байсан. Би хойноос буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан мотоциклийг хараагүй. Гэнэтхэн л ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5405 тоот: “Г.Г.ийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт дэх: “Уг КТМ-250 маркийн улсын дугааргүй мотоцикл нь үйлдвэрлэгчээс 2 тактын хөдөлгүүртэй хянах самбар, гэрэл, гэрэл дохио болон дуут дохио байхгүй, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, тусгай зассан зам талбайд спортын зориулалтаар ашигладаг supercross ангиллын мотоцикл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 67-71/,

- “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт /221-223/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан О.О.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...О.О.ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна, урд явсан Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл нь зогсох, эсхүл хурдаа хасах үйлдэл хийгээгүй, харин баруун тийш эргэх үйлдэл хиймэгцээ зүүн тийш буцаж эргэх үед энэ осол болсон тул Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчөөгүй, мотоцикл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэлд хамаарахгүй, харин механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарч байна, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэх үйлдэл хийсэн, мөн буцаж эргэхдээ зэрэгцээ эгнээнд ард яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй Тоёота Королла маркийн автомашины буруутай үйлдлээс тухайн осол гарах шалтгаан, нөхцөл болсон, Тоёота Королла маркийн автомашин зүүн гар тийш эргэх дохио өгсөн эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргаж байна.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.1 дэх заалтад “ "тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг.”, 3.1.2 дахь заалтад “ "механикжсан тээврийн хэрэгсэл" гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.2 дахь заалтад “ автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг.”, 1.2.25 дахь заалтад           “ “мотоцикл” гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж буюу чадал, эсхүл техникийн дээд хурд нь мопедынхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг.” ойлгоно гэж тус тус заажээ.

            Дээрхээс үзвэл механикжсан тээврийн хэрэгсэл гэх нэр томъёогоор тээврийн хэрэгслийг гагцхүү хөдөлгүүрээр тоноглогдсоныг тодотгож байх бөгөөд мотоцикл нь автомашины нэгэн адил механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарч байхаас гадна эдгээр нь “тээврийн хэрэгсэл” гэх ерөнхий ойлголтод цөм багтаж байна.

            Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол ...” гэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж заасан.

            Эдгээр хуулийн хэм хэмжээнүүд нь объект болон объектив шинжээрээ буюу зөрчигдөж буй эрх ашиг, үйлдлийн шинжээрээ тус тус ялгагдаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож явахдаа хууль, хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөний улмаас тодорхой эрх ашигт хуульд заасан хохирол учирсныг зөрчил бус, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх тул шүүгдэгчийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг зөрчлийн шинжтэй гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Цэвээндоржийн өгсөн “...Тухайн зам нь эгнээгээрээ явж байгаа тээврийн хэрэгсэл буцаж эргэхэд багтахааргүй нарийн зам...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа урд нь яваа тээврийн хэрэгсэл хурдаа хассан, эсхүл аль нэг тийш дохио өгснөөс үл хамааран замын хөдөлгөөний нөхцөлд тохируулан хурд, хоорондын зайн зохист хэмжээг барих үүрэгтэй байтал урд нь яваа тээврийн хэрэгсэл тодорхой үйлдлээ гүйцэд хийж дуусаагүй, эсхүл тодорхой үйлдлийг гарцаагүй хийж төгсгөх нь тодорхойгүй байхад “...тухайн автомашиныг автобусны буудал руу орж зогсох гэж байна гэж бодсон” гэх шүүгдэгчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй. Нөгөөтээгүүр, Тоёота Королла маркийн автомашин нь автобусны буудлын харалдаа баруун талд тодорхой зай гармагц баруун тийш эргэмэгцээ зүүн тийш эргэх буюу даялах хөдөлгөөн хийсэн нь тодорхойлогдож байх бөгөөд тухайн төрлийн замд хурдыг хасалгүйгээр эргэх хөдөлгөөн хийх боломжгүй нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байна.

            Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт “Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заажээ.

            Дээрх хэм хэмжээний актын зохицуулалт нь нэг чиглэлдээ зэрэгцээ хоёр эгнээ бүхий авто замын тухайд зүүн тийш эргэх бол араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх талаар зохицуулсан байх тул Тоёота Королла автомашин нь ардаа яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            Харин Тоёота Королла маркийн автомашин нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэх хөдөлгөөн хийж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, тухайн осол болсон газарт гарц байгаагүй зэрэг нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх хуульд заасан үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

            О.О. нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу О.О. нь эхийн хамт оршин суудаг, эх М.Нэргүй нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, шүүгдэгчээс өөр асарч, тэтгэх хүнгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт О.О.ын 1244782 дугаартай жолоочийн үнэмлэх хавсаргагдан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт О.ийн О.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.О.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.О.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, О.О.ын 1244782 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД