Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/700

 

 

 

 

 

 

 

 

   2022         09          05                                  2022/ШЦТ/700

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбатын Гад холбогдох эрүүгийн 2111015000963 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо Арьс ширний 120-16 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулсан,

- 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

 - 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.Г нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлахыг завдсан болон хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

А. Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч С.Гын нийт 6 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын орон байранд  хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан хохирол учруулсан гэмт хэрэг, хулгайлахыг завдсан гэмт хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийж дараах байдлаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

1. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Майхан толгойн задгай тоотод байрлах хохирогч  С.Эын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Сони” брэндийн 32 инчийн зурагт хулгайлан авч нийт 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт болсон нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг.

- хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай зуслангийн байшин болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зусланд байрлах байшинд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хулгай орсон байдалтай байна гэж Чингэлтэй дүүргийн цагдаагаас хэлсэн учир тухайн байшин дээр ирж үзэхэд гал тогооны вакум цонхыг хагалан орж 32 инчийн зурагтыг хулгайлан авсан байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- гэрч Л.Бны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд намайг хүлээж бай гэсэн ба удалгүй хайрцагтай 32 инчийн “Сони” загварын зурагт бариад гараад ирсэн. Тэгээд доошоо уруудаж явж байтал ахын дүү битгий ай. Ах нь хулгай хийгээгүй болохоор санаа зоволтгүй гэж хэлсэн. Ах нь барилгын ажилд явах гээд ах дүү нараасаа багаж гуйж авч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд хот руу ороод Есөн-Эрдэнийг гэрт нь буулгасан ба Ганбаа ахыг Баянхошууны эцэс орчимд зочид буудлын гадаа зуслангаас авчирсан эд зүйлстэй нь буулгаж үлдээгээд явсан. Маргааш нь тухайн барилгын багажуудаа Жанцанд ломбардад тавьсан ба 32 инчийн “Сони” загварын зурагтаа хороололд ломбардад Г ах өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Тухайн эд зүйлсийг өөрийнхөө л эд зүйл гэж хэлж ойлгуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/,

- гэрч Г.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэд хоногийн өмнө Ганбаа ах зусланд амьдардаг найзаасаа юм авах гэсэн юм. Машин олоод яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь найз Боржигоныг эгчийнхээ машинаар яваад өгөөч гэж гуйгаад хамт явж өгсөн. Г ах Майхан толгойн зусланд очоод найзынх нь гэж байшингийн орчим буугаад явсан. Би Боржигоны машинд пиво уугаад сууж байсан ба Г ах найзаасаа барилгын ажил хийхдээ хэрэглэх гэж байгаа гээд хэдэн багаж барьж гарч ирсэн. Маргааш нь ломбард мэдэх үү гэж асуухаар нь ломбард зааж өгсөн. Г ах барилгын багаж авсан найзынхаасаа хойд зүгт байрлах өөрийнхөө ахын гэрээс 32 инчийн зурагт авсан талаар маргааш нь Боржигоноос сонссон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 21-794 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

-  “Тайк” ХХК-ийн цонхны төмөр засварласан гэх нэхэмжлэл/ 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

2. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн задгай тоотод байрлах хохирогч Б.Хийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Кен” брэндийн цахилгаан хөрөө 1 ширхэг, “Кен” брэндийн цахилгаан харуул 1 ширхэг, “Кен” брэндийн гар дрилл 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн гар дрилл 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт болсон нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн 1-н задгай тоотод зуслангийн лагерьд байдаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл эзэнгүй байсан бөгөөд манай Л.Б луу цагдаагийн байгууллагаас залгаад танай зуслангийн байшинд хулгай орсон байж болзошгүй байна гэхээр нь зуслангийн байшин дээрээ очоод харсан чинь манай байшингийн цонхоор хулгай ороод дотор нь байсан “Кен” загварын цахилгаан хөрөө, “Кен” загварын харуул, “Кен” загварын дрилл, хятад улсанд үйлдвэрлэсэн нэр нь үл мэдэх гар дрилл зэрэг эд зүйлүүд алдагдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар тал/,

- гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 сарын 22-ны өдөр цагдаагаас залгаад 91111730 дугаараас залгаад та майхан толгойд амьдардаг уу, эд зүйл алдсан уу гэж асуусан. Хүргэний гэрт очтол гэрийн цонх нээлттэй байсан. Ингээд гэрт ороод үзтэл байсан цахилгаан хөрөө, дрилл, цахилгаан харуул нар байхгүй байсан. Манай хөрш айл 7 хоногийн өмнө очиход зүгээр байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар тал/,

- гэрч Л.Бны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед гэртээ байж байтал найз Есөн-Эрдэнэ над руу гар утсаар холбогдоод Ганбаа ах машин байвал бензин хийгээд найзынхаа зуслангаас юм авах гэсэн юм гэнээ гээд нэлээн согтуу ярьсан. Намайг чи эгчийнхээ машиныг гуйгаад гараад ирээч гээд байхаар нь эгч Л.Бадамхандын эзэмшлийн 33-29 УНН улсын дугаартай “Приус-41” загварын автомашинтайгаар Есөн-Эрдэнэ, Ганбаа ах хоёртой гар утсаар нь холбогдож байгаад байгаа газруудаас нь очиж аваад зуслан руу Ганбаа ахын зааснаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Майхан толгойн зуслан гэдэг газар луу явсан. Тухайн үед Г ах Есөн-Эрдэнэ хоёр хоёр сав пиво хувааж уусан санагдаж байна. Г ахын найзынх нь байшин гэх хоёр давхар байшингийн гадаа намайг зогсоогоод Г ах машинаас бууж яваад хэсэг хугацааны дараа баттерейтэй дрилл, цахилгаан дрилл, хөрөө, цахилгаан харуул бар нэг дрилл зэргийг аваад гарч ирсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар тал/,

- гэрч Г.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед очиж улмаар С.Г нь бид 2-г машиндаа сууж бай “би найзтайгаа уулзаад гараад ирье” гэж хэлээд орсон ингээд 30 минутын дараа гарж ирсэн. Бөгөөд Боржигоны машинд тухай байшингаас барьж гарч ирсэн “Кен” брэндийн хөрөө, “Кен” брэндийн харуул, “Кен” брэндийн дрилл, нэр мэдэхгүй хар хайрцагтай дрилл зэргийг хийсэн энэ үед би Боржигоны машинд үлдсэн 1 пивыг уугаад сууж байсан. Ингээд Г ах орж ирээд ах нь “барилгын ажил хийх гэж байгаа найзаасаа хэдэн багаж авчихлаа, одоо гэртээ харьж унтъя” гээд бид 3 хөдөлсөн бөгөөд түрээсэлж байсан би нийтийн байранд дээр бууж үлдээд цаашаа Боржигон, Г нар явсан. Ингээд 11 дүгээр сарын 18-ны өдөр ах С.Г дахин над руу залгаж “барилгын ажил хийх гэсэн бүтэхгүй болчихлоо барилгын багад хэрэгсэл авдаг ломбард мэдэх үү? гэж асуухад нь би Баянхошууны Жанцан дээр ломбард байдаг” гэж хэлсэн чинь “Боржигоныг дагуулаад хүрээд ир, ахдаа ломбардаа заагаад өг” гэж хэлэхэд би зөвшөөрч зааж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал/,

- гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.Г гэх иргэнээс “Кен” брэндийн түрдэг хөрөө, жижиг гар дрилл, жижиг харуул, саарал өнгийн градустай хөрөө зэргийг барьцаанд авсан. Тухайн иргэн ганцаараа явж байсан одоо харвал танина. С.Г “Кен” брэндийн багаж тавихдаа өөрийн бичиг баримтаар тавьсан тул гэрээний хуулбар хадгалагдсан байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр тал/,

- 2022 оны 03 сарын 25-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, “Макита 1” барьцаат зээлийн гэрээний хуулбар, /1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар тал/,

- 2022 оны 03 сарын 28-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийн 21-737, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22-339 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 202, 205 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

З. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Х.А эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж “Самсунг” брэндийн 42 инчийн зурагтыг хулгайлан авч нийт 408.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт болсон нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 сарын 14-ний өглөө манаач Бүдрагчаа 11 цагийн үед утсаар яриад танай байшинд хулгай орсон юм шиг байна гэхээр нь 102-т дуудлага өгөөд байшин дээрээ ирээд байшинд цагдаагийн хамт орсон чинь орон дээр байсан 42 инчийн "Самсунг” загварын хар өнгийн зурагт байхгүй болсон байсан. Би 9 сард ирсэн тэгэхэд зүгээр байсан тэрнээс хойш ирээгүй. Би зурагтаа 5 жилийн өмнө 1,500,000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар тал/,

- ”Супер” Барьцаат зээлийн гэрээ тайлан/2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн ЧД2-21-700 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

4. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Э.Уийн эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж хөргөгч 1 ширхэг, камин зуух 1 ширхэг, ханын цаг 1 ширхэг, гэрлийн бүрхүүл 4 ширхэг, тоос сорогч 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 1.223.610 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт болсон нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 - хохирогч Э.Уийн “Би 2021 оны 09 дүгээр сараас хойш зуслангийн байшиндаа очоогүй ба 2021 оны 11 дүгээр сарын 14-нд манай эгч Э.Сумьяа цэвэрлэгээ хийх гэтэл манай хаалгыг эвдээд дотор байсан хөргөгч, камин зуух, цаг, обжур, тоос сорогч зэрэг эд зүйлс алдагдсан байсан тэгээд манай эгч Сумъяа цагдаагийн байгууллагад хандсан байсан. Хөргөгч, камин зуух, цаг, обжур 4 ширхэг, тоос сорогч зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар тал/,

- гэрч Э.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн байшинд очоод дүү Уранзаяагийн байшинд цэвэрлэхээр очсон чинь хашааны хаалга онгорхой тэгээд байшинд орох гэсэн чинь гэрлийг асаах гэсэн чинь гэрэл нь байхгүй, хулгайч орсон юм шиг байхаар нь дүүтэй яриад цагдаа дуудсан тэгээд байшинд байгаа юмыг үзсэн чинь марк нь мэдэхгүй 4 хаалгатай хөргөгч, камин зуух, эд зүйлс байхгүй байсан, тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дугаар сарын 24- ний өдрийн 22-265 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар тал, мөн 86 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал/

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 12 дугаар хавтаст хэргийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

5. 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 21-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн 1-14 тоотод байрлах хохирогч Н.Гын эзэмшлийн зуслангийн байшингийн гражийн хаалгаар нэвтрэн орж хромон гутал 1 ширхэг, монгол гутал 1 ширхэг, өвлийн мөрөвчтэй өмд 2 ширхэг, хар цүнх 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, зэс аяга 3 ширхэг, газан плитик 1 ширхэг, хар цүнх 2 ширхэг, шар өнгин цахилгаан залгуур 1 ширхэг, хар өнгийн өсгөгч 1 ширхэг, дроны удирдлага 1 ширхэг, сэнс 1 ширхэг, цахилгаан хадуур 1 ширхэг, нэвлэр 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 2.040.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт болсон нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Гхын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 1-14 тоотод байх байшиндаа өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 21-ний өдөр ирэхэд гражийн хаалга онгорхой, байшинд хулгайч орсон байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Овоо хадагч, градустай хөрөө, 30 метрийн урттай уртасгагч, годон гутал, хромон гутал, зэс сав зэрэг эд зүйл алдагдсан байна" гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 198 дугаар тал/,

- гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2021 оны 11 сарын 18-нд С.Г гэх хүн цахилгаан хадуур, нэвлэр зэргийг 150,000 төгрөгт тавьсан байна. 2021 оны 12 сарын 02-ны өдөр хулгайн эд зүйл тавигдсан байна, цагдаа руу авч явах гэсэн гээд 2021 оны 12 сарын 02-ны өдөр хаалгачхаад 2021 оны 12 сарын 03-ны өдөр ирж авсан. Өөрийн биеэрээ үнэмлэхийн хамт байхыг шаарддаг. 2021 оны 11 сарын 18-ны өдөр С.Г гэх хүн өөрийн биеэрээ ирж эд зүйлийг тавьсан" гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205 дугаар тал/,

- гэрч М.Бийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 207 дугаар тал/,

- гэрч Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2021 оны 10 сарын үед би өдрийг нь сайн санахгүй байна Тухайн өдөр Сүхбатын Г гэд хүн над руу миний 85550075 дугаар бүхий утсаар холбогдоод уулзъя гээд бид 2 зурагтын шинэ эцэс дээр уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд юм ярьж байгаад Г надад машин олж чадах уу би айлаас юм авах гэсэн юм гэх үед өөрийн утсаар Бы утас руу холбогодоод зурагтын шинэ эцэст дуудсан. Б ирээд бид гурав Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар улаан өнгийн нэг байшинтай айлын гадна зогсоод Г тухайн айл руу ороод 30 гаран минут болоод над руу утасдаад “ахынхаа юмыг зөөгөөд өгөөч ах нь даахгүй байна” гэж ярьсан. Тэр үед би машинаас буугаад тухайн орсон хашааны гадна очих үед Г цахилгаан хадуур суурин хөрөө, гитар монгол гутал зэрэг эд зүйлсийг авч гар ирчихсэн байсан. Тэгээд би тухайн зүйлүүдийг нь Гтай хамт Боржигоны тээврийн хэрэгсэлд зөөж оруулаад миний амьдарч байсан нийтийн байранд аваачсан. Г тэр үед эхнэрээсээ салчихсан байсан болохоор “энэ эд зүйлийг манайд үлдээчихье” гэж хэлээд манайд үлдээсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210 дугаар тал/,

- гэрч Л.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Г гэгч надыг ахынхаас юм авах ёстой юм гээд ..хөгжим гитар зэрэг эд зүйлс байсан байсан. ...он сарыг сайн санахгүй байна. би хулгай эд зүйлс байсныг мэдэхгүй машин тэрэгт бензин тос, хөлс мөнгийг нь өгий гэсэн би мөнгө төгрөг авч чадаагүй, хулгай хийхдээ миний машин тэргийг ашигласан байна. Тэгээд өчигдөр Есөн-Эрдэнэ утсаар яриад цагдаад ломбардад тавьсан зүйлээ “чи аваачаад өгчих” гэж ярьсан тэгээд хадуур, нэвлэр хоёрыг авч ирсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 213 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 21-794 дугаартай дүгнэлт, үнэлгээний нэхэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 236, 240 дүгээр тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 185 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 187 дугаар тал/,

- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 244, 250 дугаар тал, 3 дугаар хавтасны 2 дугаар тал/,

- Эд зүйл хураан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 246 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

6. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Ж.Нийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтрэн хулгайлах гэмт үйлдлийг хийхийг завдсан үйл баримт болсон нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 - хохирогч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай хөрш миний 99108357 дугаарын утас руу залгаж танай гэрт хулгай орсон байж магадгүй байна гэж хэлсэн учир тухайн өдөр өөрийн лагерийн байшинд ирж үзэхэд том өрөөний цонх хагарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг, /2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч тогтоосон тогтоол /хавтаст хэргийн 110 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК-“ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 403 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 133 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 105 дүгээр тал/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч С.Гыг 5 удаагийн төгссөн гэмт үйлдэл, 1 удаагийн завдалтын гэмт үйлдэл нийт 6 удаагийн  үргэлжилсэн үйлдлээр, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, санайтайгаар хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болон хулгайлан авч нийт 4.792.060 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын өмчлөх эрхэнд санайгаар нууц далд аргаар халдаж бусдад хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх үзэв.

Иймд С.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

             Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шүүгдэгч С.Гын урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож уг хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлын заримыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн бөгөөд одоо  хохирогч С.Э 490.000 төгрөг, Б.Х 360.000 төгрөг, Х.А 408.000 төгрөг, Э.У 1.223.610 төгрөг, Ж.Н 270.000 төгрөг, Н.Галбадрах 18.000 төгрөгийн хохирол тус тус үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Гаас нийт 2.769.610 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2022 оны 5 дугаар сарын 20 өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 108 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбатын Гыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болон хулгайлан авч нийт 4.792.060 төгрөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Гад 2 /хоёр/ жил  11 /арван нэгэн/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан С.Гын урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан С.Гын цагдан хоригдсон нийт 108 /зуун найм/ хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Гаас нийт 2.769.610 /хоёр сая долоон зуун жаран есөн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Эд 490.000 /дөрвөн зуун ерөн мянган/ төгрөг, Б.Х 360.000 /гурван зуун жаран мянган/ төгрөг, Х.А 408.000 /дөрвөн зуун найман мянган/ төгрөг, Э.У 1.223.610 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун арван/ төгрөг, Ж.Нд 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөг, Н.Г 18.000 /арван найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ