| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00402/И/ |
| Дугаар | 426 |
| Огноо | 2018-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 426
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: *************-т холбогдох
хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид 5 жилд 1 удаа олгодог тэтгэмжийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ********* миний бие нь 1970 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******** аймагт төрсөн. 2008 оноос боловсролын байгууллагад ажиллаж байна. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд сүүлийн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Би 2014 онд анхны тэтгэмжээ авсан. 2018 онд 2 дахь тэтгэмжиндээ орох байсан боловч өөрийн том хүү ******* нь булчирхайн хорт хавдар өвчин тусаж химийн эмчилгээнд орсны дараа чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох болсон тул 1 дүгээр сард 3 сарын цалингүй чөлөө авсан. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлөөд явсан учир тухайн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулж өгнө үү гээд шүүхэд хандсан гэв.
Хариуцагч ********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.7-д заасан 5 жилийн тэтгэмж олгох журмын дагуу ******* нь алслагдмал орон нутагт ажилласан 5 жилийн тэтгэлэгт нь хамруулж өгөхөд байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй ********* нь багш ажилтай 2018 онд 5 жилийн тэтгэмжээ авахад 3 сараар хүүхдээ асран халамжлахаар явсан. Энэ 3 сарын хугацаанд нийгмийн даатгалаа хувиараа төлсөн байсан тул шүүхэд хандаж тэтгэлгээ гаргуулж авах шаардлага гарсан. Иргэн ********-н шаардлагыг хүлээн авч байгууллагын захиргаа хүлээн зөвшөөрсөн тул энэ ажилтны тэтгэмжээ нөхөн авах шийдвэр гаргах бүрэн боломжтой гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сарын үндсэн цалин нь 608.245 төгрөг, 6 сарын үндсэн цалин нь 3.649.470 төгрөг болж байгаа. Одоо тэтгэмж олгохгүй гэхээр энэ хүнийх 2020 оноос бодогдож эхлэхээр байгаа. Тэгэхээр энэ хүн 5 жилээр хохирох гээд байгаа учир 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг олгохыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********* нь *********-т холбогдуулан хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид 5 жилд 1 удаа олгодог тэтгэмжийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч нь хүүхдээ хараад 3 сарын цалингүй чөлөө авсан. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай учир тухайн тэтгэмжийг олгохыг зөвшөөрч байна...” гэж тайлбарлаж байна.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно гээд 43.1.7.б-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш”, мөн хуулийн 43.1.7.а-д “...сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч…” гэж заажээ.
Нэхэмжлэгч ******** нь 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ***********-т туслах багшаар ажилд орж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ***********-т багшаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан *********-н эрхлэгчийн 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаар тушаал, ********-н *******, ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ********* нь 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөг хүртэл сумын цэцэрлэгт туслах багш, багшаар ажиллаж байгаа тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар 5 жил тутамд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ******** нь 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс анх цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж эхэлсэн байх тул 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхны тэтгэмжээ авах эрх нь үүсчээ. Үүний дагуу **********-н эрхлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар багш ********-т 2.793.000 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.
Улмаар 2 дахь тэтгэмж авах эрх нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байна. Харин энэ 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч ******** нь 2018 оны 03 дугаар сараас 05 дугаар сарыг дуустал буюу 3 сарын хугацаанд өвчтэй хүүхдээ асрахаар цалингүй чөлөө авч, дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлж байсан болох нь **********-н эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар тушаал, ********** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү *******-н эмчилгээнд хандив цуглуулсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
**********-н эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар тушаалын 2 дахь заалтад “...2. ******-н хүү ****** нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орсны улмаас цаашид асрах халамжлах шаардлагатай тул 3 сарын цалингүй чөлөө олгосугай...” гэж заасан бөгөөд улмаар уг тушаалын 1 дэх заалтад “...2018 оны 03 сарын 09-ний өдрөөс ********-г багшийн ажлаас түр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай...” гэж заасан нь хуульд нийцээгүй тушаал болохыг дурдах нь зүйтэй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны ба ажил олгогчийн санаачлагаар цуцална. Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч *********-г ажлаас нь халах асуудал яригдаагүй, 3 сарын хугацаанд цалингүй чөлөө олгосон, 2018 оны 06 сард чөлөөний хугацаа нь дууссанаар үргэлжлүүлэн ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн тушаал болсон байгааг дурдах нь зүйтэй.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмж олгох тухай заалт нь хуульд нэр дурдан заасан боловсролын байгууллагад ажиллагсдыг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахыг урамшуулах зорилготой бөгөөд нэхэмжлэгч ********** нь өвчтэй байгаа үр хүүхдээ асран халамжлах зайлшгүй шаардлагаар чөлөө авч, улмаар чөлөөний хугацаа дуусмагц байгууллагадаа үргэлжлүүлэн ажилласан байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********** нь 608.457 төгрөгийн үндсэн цалинтай болох нь *************-н эрхлэгчийн 2017 оны Б/02 дугаартай тушаал, тушаалын хавсралт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд тооцож үзэхэд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж нь 3.650.742 төгрөг болж байна.
Иймд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.б дэх хэсэгт зааснаар ********-н 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 3.650.742 төгрөгийг ***********-с гаргуулж нэхэмжлэгч ********-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-с 3.650.742 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.362 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.б дэх хэсэгт зааснаар ********-н 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 3.650.742 төгрөгийг **********-с гаргуулж нэхэмжлэгч *******-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-с 3.650.742 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.362 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ