| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00397/И/ |
| Дугаар | 442 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 442
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: **********-т холбогдох
ажилгүй байсан хугацааны цалин 5.577.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ******** аймагт зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтад ****** аймгийн ******** сумын *******-н захиалгын дагуу ирүүлсэн сумын төсөв төрийн сангийн мэргэжилтний орон тоон дээр шалгалт өгч тэнцсэн. Энэхүү албан тушаалд томилох талаар******* аймаг төрийн албаны салбар зөвлөлөөс нийт 4 удаа албан тоот ирүүлсэн боловч тухайн албан бичгүүдэд *******аймгийн ****** сумын *******-с ямар ч хариу ирүүлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/03 дугаар тушаалаар уг албан тушаалд томилсон боловч уг тушаалаа хэрэгжүүлэхгүй байсаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б/04 тушаалаар миний биед мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэрийг ******** аймгийн ******* сумын ********** биелүүлэхгүй явсаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон шийдвэр гаргасан. Би ***** сумд 4 удаа очсон. Ажлаа ав гэж хэлээд дууддаг боловч ажлаа хүлээлгэж өгөхгүй байлгаад байдаг. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сард очсон. Өмнөх ажлаа хийж байсан хүн нь ажлаа хаяад явсан учир ирж ажлаа хүлээж ав гэж хэлээд дуудсан. Намайг очиход ******** дарга нь тушаал гаргасан боловч ажил хүлээлгэж өгөөгүй. Ажлын байр, ажиллах орчин нөхцөл байхгүй, өрөө нь цоожтой, сарын сүүл болсон байсан учир гүйлгээ тулсан байсан. Би санхүү албаны даргын өрөөнд 7 хоног суугаад бүх гүйлгээг хийсэн. Тэгээд намайг ажлаар шахсан, аймгаас тайлан мэдээг өг гэж шахсан, надад ямар ч компьютер, тамга тэмдэг байхгүй учраас энэ тухай******* даргад албан бичгээр мэдэгдээд ирсэн. Миний тушаалыг албан ёсоор гаргаагүй, ажлаа хүлээлгэж өгдөггүй, цалин аваагүй. Иймд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 сарын цалин болох 5.577.396 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч *********нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 онд *******-н даргын Б/02 тоот тушаалаар иргэн *******-г үүрэгт ажлаас чөлөөлж, Б/03 тоот тушаалаар ******-г Санхүү албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилсон *********-н дарга ******-н тушаал гарсан. Харамсалтай нь иргэн ****** нь ажлаа хүлээлгэж өгөлгүй явсаар нөхцөл байдал хүндэрч, цагаан сарын өмнө төрийн албан хаагчдын санал гомдлыг шийдвэрлэх үүднээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар өмнөх Б/02, Б/03 тоот тушаалуудыг хүчингүй болгон иргэн ****** төсөв төрийн сангийн мэргэжилтний хуучин ажлаа үргэлжлүүлэн хийсэн байдаг. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр *****-г ажилд нь эргүүлэн томилох, *******-г дүйцэхүйц ажил албан тушаалд нь томилсон шийдвэр гарсан. Оны эцсээр санхүүгийн ажилд хүн солихгүй нэг гараар дуусгана гэсэн шалтгаанаар ********-г он дуустал чөлөөлөхгүй явсаар 2018 оны 01 дүгээр сарын 12-нд тушаал гарган чөлөөлсөн. Иргэн ******-н нэхэмжлэлд 2017 оны 02 сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилсэн байна. ******* сумын ******** дээр дурдсан хугацаанд иргэн ****** төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж, түүний цалин, хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажилласан байх тул бид иргэн *******-н нэхэмжилсэн мөнгийг давхардуулан олгох боломжгүй байна. Нэг ажил үүрэг гүйцэтгэсний төлөө хоёр хүнд давхардуулан цалин хөлс олгох боломжгүй бөгөөд иргэн ******** нь 1. Ажлаа авч чадаагүй, 2. Нэг ч өдөр ажил үүргээ гүйцэтгэж цагийн бүртгэлд хамрагдаагүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг манай байгууллага өгөх үндэслэлгүй. ****** нь удаа дараа ажлаа авах гэж ирсэн боловч иргэн ********* болон түүний нөхрийн шахалт дарамтаас болж ажил хийх боломжгүй байна гэж хэлээд өөрөө хүсэлтээ өгөөд явсан учир ажлаас нь чөлөөлсөн. 2017 оны 01 дүгээр сар болон 2018 оны 02 дугаар сард тус тус 2 удаа ажилд томилсон тушаал гарсан. Тухайн тушаал гарсан боловч ******* ажилаа хүлээж авч чадаагүй байдаг. ********* гэдэг хүн нь ажлаа хүлээлгэж өгөхгүй компьютерээ аваад явсан учир ажил хүлээлгэж өгөх боломжгүй. Би 2018 оны 05 дугаар сард ажил хүлээж аваад ******* руу яриад ирж ажлаа хүлээж ав гэж удаа дараа мэдэгдсэн тэгээд энэ хүн өөрөө хүсэлтээ өгөөд явсан учир ажилтаны санаачлагаар гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. ********-н цалин нэхэмжилсэн хугацаанд иргэн ********** нь төрийн сангийн ажлыг гүйцэтгээд цалингаа аваад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явсан учир нэг ажил үүргийг хоёр хүнээр гүйцэтгээд явах боломжгүй. Иймээс дахин цалин гаргуулах боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь ********** аймгийн******* сумын *********-т холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 сарын цалин болох 5.577.396 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч **********нь ********* сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний орон тоон дээр Аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд 67.5 оноогоор тэнцэж, улмаар ********** аймгийн ********сумын ***********-н даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 тушаалаар ********-г ************ сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэг жилийн хугацаагаар томилжээ.
Хэдийгээр ажилд томилсон шийдвэр гаргасан боловч уг тушаалаа хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар *********-г ******** сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна.
Улмаар ********* аймгийн ******* сумын ********-н даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар ********-г ******** сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд томилсон байна.
Энэ тушаал гарснаас хойш ******* нь ажлаа хүлээн авч чадаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...Би ******* сумд 4 удаа очсон. Ажлаа ав гэж хэлээд дууддаг боловч ажлаа хүлээлгэж өгөхгүй байлгаад байдаг. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сард очсон. Өмнөх ажлаа хийж байсан хүн нь ажлаа хаяад явсан учир ирж ажлаа хүлээж ав гэж хэлээд дуудсан. Намайг очиход **********-н дарга нь тушаал гаргасан боловч ажил хүлээлгэж өгөөгүй. Ажлын байр, ажиллах орчин нөхцөл байхгүй, өрөө нь цоожтой, сарын сүүл болсон байсан учир гүйлгээ тулсан байсан. Би санхүү албаны даргын өрөөнд 7 хоног суугаад бүх гүйлгээг хийсэн. Тэгээд намайг ажлаар шахсан, аймгаас тайлан мэдээг өг гэж шахсан, надад ямар ч компьютер, тамга тэмдэг байхгүй учраас энэ тухай тамгын даргад албан бичгээр мэдэгдээд ирсэн. Миний тушаалыг албан ёсоор гаргаагүй, ажлаа хүлээлгэж өгдөггүй, цалин аваагүй...” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********-н “....*********-н нэхэмжлэлд 2017 оны 02 сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 сарын 01-ний өдөр хүртэлх цалингаа нэхэмжилсэн байна. ******* сумын ******** дээр дурдсан хугацаанд иргэн ******* төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж, түүний цалин, хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажилласан байх тул бид иргэн ********-н нэхэмжилсэн мөнгийг давхардуулан олгох боломжгүй. Иргэн ******** нь 1. Ажлаа авч чадаагүй, 2. Нэг ч өдөр ажил үүргээ гүйцэтгэж цагийн бүртгэлд хамрагдаагүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг манай байгууллага өгөх үндэслэлгүй. У нь удаа дараа ажлаа авах гэж ирсэн боловч иргэн ******* болон түүний нөхрийн шахалт дарамтаас болж ажил хийх боломжгүй байна гэж хэлээд өөрөө хүсэлтээ өгөөд явсан учир ажлаас нь чөлөөлсөн...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааг ойлгоно.
Хуулийн уг заалт нь урьд нь тухайн ажлыг эрхэлж байгаад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон этгээдэд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох тухай зохицуулалт юм. Тухайлбал өмнө нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, ажилтны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлж байсан байхыг ойлгоно.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ********* нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин гаргуулна гэж шаардаж байх боловч энэ хугацаанд болон үүнээс өмнө ч тухайн ажил албан тушаалыг эрхэлж байгаагүй, ажил олгогчтой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох зохицуулалт нь *********-т хамаарахгүй тул 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин гаргуулна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******-н нэхэмжлэлтэй **********-т холбогдох 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 сарын цалин болох 5.577.396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *********-н нэхэмжлэлтэй, ***********-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 5.577.369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ