| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/119 |
| Огноо | 2022-08-26 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Ц
Улсын яллагч Л.Г
Хохирогчийн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Б.Ц түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ц холбогдох эрүүгийн 1922001590004 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн ........... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн ................... сумын .............. дугаар баг, .............. тоотод оршин суух, улсаас “санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Ц РД:/..................../
Шүүгдэгч Б.Ц нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймаг дахь “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд, албан тушаалын байдлаа ашиглаж нийт 43 зээлийн данс үүсгэж, гэрээ гарган зээл олголт хийснээс, 14 хүний нэр дээрх 24 зээлийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр, зээл гаргуулан авч өөрөө завшсан, мөн өөрийн хариуцсан хадгаламж зээлийн хоршооноос зээл аваад өгөөч гэж хүмүүсээс гуйж, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй бичиг баримтаар өндөр дүнгээр зээл авахуулж, өөрөө авсан, зээл хаагдсан мэт баримт гаргаж өгсөн зэрэг үйлдлүүдээр тус хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөнөөс нийт 210,450,000 төгрөгийн зээлийг гаргуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс, их хэмжээний хохирол учруулж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Дундговь аймгийн Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны салбарын захирлаар ажиллах хугацаандаа дээрх үйлдлийг гаргаж хувийн бизнесээ явуулах зорилгоор ийм зүйл хийсэн. Дундговь аймгийн Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны салбарын захирлаар 2017 оны 09 сараас 2019 оны 09 сар хүртэл хугацаанд ажилласан. Хувийн бизнесдээ албаны мөнгөө зарцуулж ёс зүйгүй үйлдэл гаргаснаа анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа” гэв.
- Хохирогчийн төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ .......... хадгаламж зээлийн хоршоо нь 2014 оны 12 сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Салбараа байгуулаад тухайн орон нутагт банкны ажил хийж байсан, туршлагатай хүн ажиллуулах зорилготой Б.Ц санал тавьж ажилласан. Б.Ц нь туршлагатай учраас 2017-2018 онд тодорхой хэмжээний үр дүн гаргаж байсан. Хувийн бизнес хийхдээ үр ашиггүй тооцоолол муутай зүйлсийг төлөвлөж, өндөр хүүтэй зээл авч, тодорхой хэмжээний өрөнд орсон гэж дүгнэж байгаа. 2018 оны 10 сарын 31-ний өдөр хувийн бизнес хийх гэж компаниас зээл авсныг мэдсэн. 2019 оны 09 сар хүртэл тодорхой хэмжээний хугацаа өгч, ямар боломж гаргалгаа байна гээд харилцан ярилцаж байсан. Тэгээд тодорхой үр дүн ахиц гараагүй учраас 2019 оны 09 сард ажлаас халсан. Манай байгууллагад 2 автомашин өгсөн. Нэгийг нь зарсан, нөгөө нь байгаа. Одоо 60.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Б.Ц уг 60.000.000 төгрөгийг 2022 оны 12 сарын 31-ний дотор төлнө гэсэн санал гаргасныг зөвшөөрсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан” гэв.
- Хохирогчийн төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Анх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Дундговь аймаг дахь “..............” ХЗХ-нд камерын хяналтаар шалгалт хийсэн. Төв салбар дээр камерын хяналт нь байдаг юм. Анх тус салбарт ажлын цагаас хойш бэлэн мөнгөний гүйлгээ хийгдэж, зээл олгосон байсан. Үүний дагуу камер үзэхэд Б.Ц нь зээл олгох шийдвэр гаргаж, нягтлан М гүйлгээ хийлгэж байсан нь харагдсан. Өөр зээлдэгч гэх хүн харагдаагүй. Тэгээд үүний дагуу гүйцэтгэх захирал Н, дэд захирал О нартай хамт Дундговь аймгийн салбарт 2018 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдөр гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар зээлдэгч нарын өмнөөс нэр дээр нь гэрээ байгуулахгүйгээр өмнөөс нь зээл гаргаж Б.Ц өөрөө авсан, мөн зээл аваад өгөөч гэх хүмүүсээс гуйж зээл авхуулаад өөрөө тэр хүнээсээ зээлээр авсан мөнгийг нь зээлсэн асуудал гаргасан байсан. Б.Ц өөрөө авсныг нь дансны хуулгаар тогтоосон. Мөн мөнгө бэлнээр авсан байсан нь ажилтан М, Б нарын тайлбараар тогтоогдсон. Мөн зээл гаргасан зээлийнхээ жагсаалттай Б.Ц нь тухайн шалгалт хийх үед танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус шалгалтаар 43 зээлийг олгосон байсан. Олгосон зээлийн дүн нь 210,450,000 төгрөг, үүнээс зээлийн үлдэгдэл 187,328,874 төгрөг байсан. Тэгээд манай компаний зүгээс захирал Б.Ц боломж олгоод 3 сарын дотор уг зээлүүдээ төлөхийг мэдэгдсэн. Тэгэхэд Б.Ц “Өөрийн тээврийн хэрэгслүүдээ барьцаалаад “...............” эсвэл “..................”-аас зээл аваад, уг зээлүүдийг хааж төлж барагдуулъя гэсэн санал гаргаж байсан. Тэгээд “Хас банк”, “Төрийн банк”-ны зээл нь бүтээгүй байсан. Тэрнээс хойш манай компанийн зүгээс хүлээсэн, Б.Ц тухайн хугацаанд ажлаа хийж байсан” гэжээ. /3-р хх-ийн 209-210/,
- Гэрч О.Б “.................” ХЗХ-ны Дундговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан Б.Ц холбоотой гомдол гаргаж байна. Уг хүн нь 2017 оны 10 дугаар сараас, 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд зээлдэгчийг өөрийн биеэр ирээгүй байхад нэр дээр нь зээл гаргаж, хувьдаа авч ашигласан. Зээлдэгчийн нэр дээр гэрээ байгуулсан боловч, өөрийн дансаар дамжуулан ашигласан. Барьцаа хөрөнгөгүй байхад нь өндөр дүнгээр зээл гаргасан үйлдэл хийсэн. Өөрийн биеэр ирээгүй байхад нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгогдсон 7 хүний 8 зээл байна. Ш, Ц, С, Э, С, Ц /2 зээлтэй/, .................. гэж хүмүүс ирээгүй байхад нь зээл олгосон, зээлийн гэрээ байхгүй, зээл олгосон баримт дээр гарын үсэг байхгүй байсан. Зөвхөн программ дээр нэр нь орсон байсан. Өөрийн дансаар зээлийг авсан хүмүүсийн баримтыг харж байж хэлье. Гомдол мэдээлэл дурдсан хүмүүс бүгд барьцаагүй, хоосон газар барьцаалж зээл авсан байсан. Хоосон газар барьцаанд тооцогддоггүй. Мөн нэг хөөрөг барьцаанд авч зээл олгосон үйлдэл байгаа, уг хөөргийн үнэлгээ нь тодорхойгүй байсан ба Ц захирал уг хөөргийг өөрөө авч явж хүнд зарсан гэж хэлсэн. Одоо уг хөөрөг хаана байгаа нь тодорхойгүй байгаа... Нийт 26 зээл байгаа. Гэрээн дээр зээлдэгч нар гарын үсэг зурсан боловч Б.Ц дансанд олгогдсон. Нийт олгосон зээлийг гэрээ байхгүй, гэрээ байгаа боловч барьцаа байхгүй гэж хоёр ангилсан байгаа. Нийт 117,585,000 төгрөгний зээл олгосон. Одоо үлдэгдэл зээл нь 113,221,741.55 байна. Зээлийн хүү нь 102.101.000.70 төгрөг, торгуулийн хүү нь 39,087,596.70 төгрөг байна гэх мэдүүлэг /3 дахь хх-ийн 211-212/,
Гэрч О.Б 2 дахь удаагаа өгсөн “...Дундговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд одоогоор А, Г, Г, М, Н, О, С, С, Э гэх 10 хүнтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Дээрх зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжилсэн. Эдгээр хүмүүс өөрийн дансаар зээлийн мөнгө авсан байсан учраас шүүх рүү өгсөн. Энэ хүмүүсийн зээлийн эргэн төлөлтийн эхний хуваарьт төлөлтийг Б.Ц өөрөө бэлнээр төлдөг байсан, мөн Б.Ц өөрөө уг хүмүүсийн нэр дээр зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирлыг Б.Ц гаргуулж барагдуулах, нэр дээр нь зээл авсан хүмүүсийг хохиролгүй болгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн 26 зээлдэгчтэй хэрэг шүүх рүү шилжүүлсэн. 10 зээлдэгчийн нэр давхацсан асуудал бол байгаа. Г, С, Э, С нар давхацсан. Г гэх хүн дээр 5 зээл байсан, үүнээс 2 зээлийг нь шүүх рүү, 3 зээлийг нь цагдаа руу өгсөн. С дээр 2 зээл байсан, үүнээс 1 нь шүүх рүү нөгөөг нь цагдаад өгсөн. Эрдэнэцэцэг дээр 3 зээл байснаас 2 нь шүүх рүү, нөгөөг нь цагдаад өгсөн. С гэж хүн дээр 4 зээл байснаас 3 зээлийг нь цагдаад, 1 зээлийг шүүх рүү шилжүүлсэн. Шүүх рүү шилжүүлсэн нэхэмжлэлүүд дээр иргэний хэрэг үүссэн байгаа. Цагдаагийн байгууллага, шүүх рүү өгсөн эдгээр бүх зээлүүдийг Б.Ц захирлаар ажиллаж байхдаа “Би энэ зээлүүдийг эргүүлэн төлнө, бизнесийн нөхцөл байдал сайжрахаар эргүүлэн төлнө” гэдэг байсан. Манай дотоод шалгалтын дараа ч гэсэн өөрөө хүлээн зөвшөөрч төлнө гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 223/,
-Гэрч Н.Ц “... Б.Ц талаар мэдүүлэг өгөхгүй. Учир нь Б.Ц нь манай төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Зээлтэй холбоотой мэдүүлэг өгнө. Би зээл аваагүй, энэ талаар мэдээгүй, ямар нэг зээлийн гэрээд гарын үсэг зураагүй. Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 2019 оны 02 сарын үед 5,000,000 төгрөгийн зээл аваад хүүхэддээ машин авахад нь нэмэрлээд 2019 оны 05 сард буцаагаад төлж байсан. Өөр үйлчлүүлж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 214/,
- Гэрч О.М “...Анх Б.Ц захирал 2018 оны 01 дүгээр сард найз, ах, дүү, төрөл садангийн хүмүүсийн нэр дээр зээл авсан. Тэгэхэд уг хүмүүс нь өөрийн биеэр ирж гэрээ байгуулж, гарын үсэг зурж зээл авсан байсан. Энэ талаар манай ажилтнууд зээл төлөлт хийх явцад мэдсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн ажилтнууд харилцагчтай холбогдох үед зарим харилцагч нар “Ц захирал төлнө” гэж хэлж байсан. Тэгээд бид нар мэдсэн. Мөн 2018 оны 08 дугаар сард эхнэр болон дүү нарынхаа нэр дээр 5 зээл гарсан байсан. Уг 5 зээлийн гэрээнд зээлдэгч нар гарын үсэг зурсан, өөрсдөө гэрээ байгуулсан байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар 31-ний өдөр дээрх зээлдэгч нарын зарим нь хугацаа дууссан болон төлөлтийн хугацаа нь болчихсон байсан. Тэгээд захирал Б.Ц шинээр нэр бүхий харилцагч нарын буюу ах, дүү, найз нарынхаа нэр дээр зээлийн данс үүсгэж, гэрээ гаргаж зээл олгосон. Уг гэрээнүүдийн дагуу Б.Ц захирлын хэлснээр би зээл олголтын гүйлгээг хийсэн. Хийхдээ бэлэн мөнгө огт гаргаагүй, шинээр олгосон зээлүүдийн мөнгөөр хугацаа нь дууссан байсан зээлүүдийг хааж, төлөлтийн хугацаа нь болсон зээлүүдийн сарын төлөлтийг төлсөн. Баримтууд дээр бэлэн мөнгө гарсан мэт харагдаж байгаа боловч, бэлэн мөнгө гаргалгүй өмнөх зээлүүдийг хаасан. Тухайн үед сарын сүүл болоод ажил дээрээ бүгд ажиллаж байсан. Тэгэхэд Б.Ц захирлын хэлснээр олголт хийсэн. Тухайн үед 13 зээл олгосон, О.С 1 зээл, Э.Б дээр 2 зээл, Н.Ц дээр 2 зээл, Т.М дээр 1 зээл, У.Э дээр 1 зээл, Н.Ц дээр 1 зээл, Б.Ш дээр 1 зээл, Б.С дээр 1 зээл, А.Д дээр 1 зээл, Б.Г дээр 1, Х дээр 1 зээл олгосон. Үүнээс Ц захирал М зээлийн 4,950,000 төгрөгийн олголтыг өөрийнх нь 5375051496 данс руу гүйлгээ хийлгүүлсэн байсан. Э зээлийн 5,000,000 төгрөгнөөс 650,000 төгрөгийг өөр данс руу гүйлгээ хийсэн байна. Нийт 64,000,000 төгрөгийн олголт хийгээд буцаагаад Б.Г 7195 дугаартай зээлийг 3,000,749 төгрөгөөр, 7277 дугаартай зээлийг 999,915 төгрөгөөр тус тус хаасан. Н.Ц 6003 дугаартай зээлийг 6,517,253 төгрөгөөр хаасан, Бат-Амьдралын 7005 дугаартай зээлийг 6,098,082 төгрөгөөр, 7006 дугаартай зээлийг 6.092.082 төгрөгөөр тус тус хаасан. Д 7384 дугаартай зээлийг 5,808,767 төгрөгөөр хаасан. Х 5241 дугаартай зээлийг 5,481,190 төгрөгөөр хаасан, Ц 5738 дугаартай зээлийг 6,980,230 төгрөгөөр хаасан. С 6559 дугаартай зээлийг 5,848,150 төгрөгөөр хаасан. Эдгээр хаагдсан зээлүүдийг дээрх хүмүүсийн дансанд шинээр олголт хийгээд зөрүүлж дансаар хаасан. Мөн 5 нэр бүхий буюу Ц, Г, Ш, С, Э, харилцагч нарын зээлийг бэлэн зарлагдаж буцаагдаад бэлнээр 24 зээлийн сарын төлөлтийг хийсэн. Энэ нь кассын гүйлгээний мэдээнээс харагдана. Бэлнээр гаргаж авсан мэт харагдаж байгаа боловч, буцаагаад зээлийн төлөлт хийсэн юм. Бэлнээр төлөлт хийсэн, дансаар хааснаар гадна данснаас төлөлт хийсэн, дараах хүүний төлөлтүүд байна. Үүнд Г 7195 дугаартай зээлийн төлөлтийг 276,000 төгрөгөөр, 7277 дугаартай зээлийн төлөлтийг 85,300 төгрөгөөр төлсөн. С 8100 дугаартай зээлийн төлөлтийг 500,000 төгрөгөөр, Ш 2455 дугаартай зээлийн төлөлтийг 385,900 төгрөгөөр, Г 3549 дугаартай зээлийн төлөлтийг 389,000 төгрөгөөр, О 4026 дугаартай зээлийн төлөлтийг 416,000 төгрөгөөр, Н 3564 дугаартай зээлийн төлөлтийг 389,000 төгрөгөөр, А 4030 дугаартай зээлийн төлөлтийг 458,000 төгрөгөөр, Г 4089 дугаартай зээлийн төлөлтийг 1,475,800 төгрөгөөр, 4043 дугаартай зээлийн төлөлтийг 721,400 төгрөгөөр, Н 4057 дугаартай зээлийн төлөлтийг 416,000 төгрөгөөр, Э 4059 дугаартай зээлийн төлөлтийг 416,000 төгрөгөөр, Г 4068 дугаартай зээлийн төлөлтийг 457000 төгрөгөөр, Б 4074 дугаартай зээлийн төлөлтийг 407500 төгрөгөөр, М 4088 дугаартай зээлийн төлөлтийн 894,600 төгрөгөөр, Ч 4229 дугаартай зээлийн төлөлтийг 456,300 төгрөгөөр, М 6939 дугаартай зээлийн төлөлтийг 700,000 төгрөгөөр, Б.Ц 1400001747 дугаартай зээлийн төлөлтийг 763,000 төгрөгөөр хийсэн. Дээр дурдсан 13 хүн өөрийн биеэр ирсэн хүн байхгүй. Б.Ц захирал гэрээнүүд болон олголтын баримт дээр би өөрөө гарын үсэг зуруулж өгнө гэж хэлээд баримтуудыг өөрөө авсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 226-227/,
- Гэрч А.Н "... Тэр үед надад мөнгөний хэрэг гараад “Гялс төгрөг” ХЗХ-ны салбарын захиралд хүсэлт гаргасны дагуу эд хөрөнгө барьцаалж зээл авсан юм. Тухайн үед захирлаар нь Б.Ц ажиллаж байсан ба би тэр хүнийг таньдаг учраас уулзаж хүсэлт гаргаж зээл авсан юм. 2,135,000 төгрөгийн зээл авсан санагдаж байна. Хугацааг нь сайн санахгүй байна. Цаанаас өгч байсан хугацаагаар нь авсан байх. Тухайн зээлийг би өөрөө авч хэрэглэсэн. Б.Ц танилын холбоотой. Хамаатан садны холбоо байхгүй. Би тухайн үед өөрийнхөө ширмэн хаш хөөргийг барьцаанд тавьсан. Манай аав, ээжээс уламжилж ирсэн, бага гарын хөөрөг байсан. Тухайн зээлийн төлөлтийг манай худ болох Бумдарь төлөхөөр тохирсон байсан бөгөөд эхний 1-2 удаагийн төлөлтийг манай худ хийсэн бөгөөд тэрнээс хойш төлсөн үгүйг нь би мэдэхгүй байна. Би одоо болтол төлөөд явж байгаа гэж ойлгож байсан юм. Миний хөөрөг “.........” ХЗХ- нд барьцаанд тавигдсан газраа байх ёстой. Гэрээн дээр зарж борлуулах талаар заалт байсан. Гэхдээ тухайн хоршооноос над руу “Та зээлийн төлөлтөө хийгээгүй тул таны барьцаалсан хөөргийг зарах гэж байна” гэж огт хэлээгүй. Тийм учраас миний хөөрөг байгаа гэж бодож байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 230/,
- Хохирогч нараас гаргаж өгсөн баримтууд
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар Б.Ц нь Дундговь аймаг дахь “....... .....” хадгаламж зээлийн хоршооны салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд, албан тушаалын байдлаа ашиглаж нийт 43 зээлийн данс үүсгэж, гэрээ гарган зээл олголт хийснээс, 14 хүний нэр дээр 24 зээлийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр, зээл гаргуулан авч өөрөө завшсан, мөн өөрийн хариуцсан хадгаламж зээлийн хоршооноос зээл аваад өгөөч гэж хүмүүсээс гуйж, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй бичиг баримтаар өндөр дүнгээр зээл авахуулж, өөрөө авсан, зээл хаагдсан мэт баримт гаргаж өгсөн зэрэг үйлдлүүдээр тус хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөнөөс нийт 210,450,000 төгрөгийн зээлийг гаргуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс, их хэмжээний хохирол учруулж хувьдаа завшсан нь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц Дундговь аймаг дахь “................... ...........” хадгаламж зээлийн хоршооны салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд, албан тушаалын байдлаа ашиглаж 14 хүний нэр дээр 24 зээлийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр гаргуулан авч өөрөө завшсан, мөн өөрийн хариуцсан хадгаламж зээлийн хоршооноос бусдыг гуйж зээл авахуулах, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй бичиг баримтаар өндөр дүнгээр зээл авахуулж өөрөө авсан, зээл хаагдсан мэт баримт гарган өгч тус хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөнөөс нийт 210,450,000 төгрөгийг завшсан үйлдлүүд нь албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь “............ .............” хадгаламж зээлийн хоршооны Дундговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглан 14 харилцагчийн зөвшөөрлийг авахгүйгээр тэдний нэр дээр 24 зээл гаргаж, өөрөө авч байгаа үйлдэл болон бусдыг гуйж өөрийн ажиллаж байгаа хадгаламж зээлийн хоршооноос зээл авахуулахдаа барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй баримтыг өндрөөр үнэлж зээл гаргуулсан, зээл хаагдсан гэх баримтыг бусдад гаргаж өгч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл бүрэн тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ц албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд 150.450.000 төлсөн, үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоох санал гарган, шүүгдэгч Б.Ц холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь ................. хадгаламж зээлийн хоршоонд 150450000 төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь ............... ...... хадгаламж зээлийн хоршоонд учруулсан 210,450,000 төгрөгийн хохирлоос 150.450.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 60.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж ............ хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг оролцогч нарт гардуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, гомдол гаргах хугацаа дуусаагүй талаар өмгөөлөгч Ж.Ч хүсэлт ирүүлжээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон залилах гэмт хэргийн талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Ц албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б овгийн Б.Ц 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч ........... хадгаламж зээлийн хоршоонд 150.450.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 60.000.000 /жаран сая/ төгрөгийг гаргуулан ........... хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ